| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/02041/И |
| Дугаар | 183/ШШ2023/02974 |
| Огноо | 2023-10-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2023/02974
2023 оны 10 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2023/02974 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, Э ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, овогт, Г.Г /РД: /-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 675 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Га нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Манай компани нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ахуйн цэвэрлэгээний Kirby төхөөрөмжийг худалдан борлуулдаг. Иргэн Г.Гнь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Г.Гнь 5 000 000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг худалдан авахдаа эхний төлөлт 300 000 төгрөгийг 3 хоногт, үлдсэн төлбөрийг 16 сарын туршид 300 000 төгрөгийг сар бүрийн 5-нд төлж дуусгах нөхцөлтэй тохиролцон гэрээ байгуулсан. Г.Гнь 2018 оны 05 дугаар сарын18-ны өдөр 300 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 250 000 төгрөг нийт 550 000 төгрөгийн төлөлт хийснээр өөрөөр төлөлт хийгээгүй. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 4 450 000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 2 225 000 төгрөг, нийт 6 675 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э ХХК-иас 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тоос сорогч худалдан авсан. Тухайн тоос сорогч нь монголын нөхцөлд ямар ч тохиромжгүй. Тоос соруулсан уутаа сольж хийдэг, тэр уутыг нь монголд зардаг газар байдаггүй. Мөн хуучин айлд хэрэглэж байсан хуучин тоос сорогч болохоор гацаад, дугараад байхаар нь үлдэгдэл мөнгийг нь төлөөгүй. Одоо хүртэл тэр хэвээрээ байгаа. Би энэ компанид төхөөрөмжөө буцаагаад ав гэхэд аваагүй байгаа. Миний хувьд тухайн тоос сорогчийг буцааж өгмөөр байна. 5 сая төгрөгийн тоос сорогч нь тоос олигтой сордоггүй, монголын нөхцөлд хэрэглэх боломжгүй юм билээ. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, итгэмжлэл, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, худалдах, худалдан авах гэрээний барааны хавсралт, бараа хүлээлгэн өгсөн акт, бэлэн мөнгөний орлогын баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2020/00021 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/00295 дугаар шийдвэр, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хаяг тогтоосон тухай албан бичиг, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч тоног төхөөрөмжийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөр 4 450 000 төгрөг, алданги 2 225 000 төгрөг, нийт 6 675 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй... гэж тайлбарлав.
3. Хариуцагч ...тоос сорогч нь хуучин, тоос олигтой сордоггүй, монголын нөхцөлд хэрэглэх боломжгүй. Тухайн тоос сорогчийг нэхэмжлэгчид буцаан өгөх хүсэлтэй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн агуулгаар шүүхэд хариу тайлбар ирүүлсэн.
4. Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 18-ний өдөр Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр худалдагч Э ХХКнь худалдан авагч Г.Гын өмчлөлд 5 000 000 төгрөгийн үнэ бүхий Kitby Sentria стандарт иж бүрдлийн хамт актаар хүлээлгэн өгөх, худалдан авагч 300 000 төгрөгийг урьдчилан төлж, үлдсэн төлбөрийг 16 сарын хугацаанд сар бүрийн 05-ны өдөр 300 000 төгрөгөөр хувааж төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.
5. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний төрөлд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр байна.
6. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй байхаар зохицуулсан.
7. Хэрэгт 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн бараа хүлээлгэн өгсөн акт нотлох баримтаар авагдсан ба уг баримтаас үзэхэд худалдан авагч Г.Гнь гэрээний зүйл болох ахуйн цэвэрлэгээний Kitby Sentria төхөөрөмжийн хүчин чадал, үйлдлүүдийг бүрэн хэмжээнд үзэж шалган, бараа чанар хангасан, бүрэн байгааг гарын үсгээрээ баталгаажуулан хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
8. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 254.6-д зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй.
9. Хариуцагч нь гэрээний зүйл болох төхөөрөмж доголдолтой гэх агуулгаар тайлбар гаргасан хэдий ч энэ талаар баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй нь дээр эд хөрөнгийн доголдлын талаар худалдагчид шаардлага гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн байна.
10. Хариуцагч гэрээний төлбөрт 550 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.
11. Иймд хариуцагч Г.Гнь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хэлэлцэн тохирсон үнэ 5 000 000 төгрөгөөс төлсөн 550 000 төгрөгийг хасч, үлдэх 4 450 000 төгрөгийг нэхэмжлэгч Э ХХК-д төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.
12. Гэрээний 4.5-д заасан төлбөр төлөлтийн үнийн дүнгээс алданги тооцох талуудын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасантай нийцэхгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхгүй гэж дүгнэв.
13. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2020/00021 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/***** дугаар шийдвэр, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хаяг тогтоосон тухай албан тоот, эдгээр баримтыг үндэслэн, шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлсэн гэж үзэв.
14. Шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2023.09.28-ны өдөр хариуцагчийн 80****** дугаарын утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
15. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Гаас 4 450 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 225 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 121 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гаас улсын тэмдгийн хураамжид 86 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ