| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/02108/И |
| Дугаар | 183/ШШ2023/03235 |
| Огноо | 2023-10-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 183/ШШ2023/03235
2023 оны 10 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2023/03235 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, овогт Н.Б /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, овогт, И.П /РД: /-д холбогдох
5 105 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б, хариуцагч И.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...И.Птай хамт тавилгын үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд И.П 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 500 000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн зээлж авсан. Мөн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дахин мөнгөний яаралтай хэрэг болчихлоо чи гар утсаа түр ломбардад тавиад өгөөч гэж гуйсан тул хамт ажилдаг болохоор нь итгээд ipone 13 pro max гар утсаа өгч хамтдаа “Сүпер 4” ломбардад утсаа барьцаалан 2 100 000 төгрөгийг авч өгсөн. Ломбардад И.Пын нэрээр барьцаалсан. П дахин ломбардаас 500 000 төгрөгийг нэмж авсан байсан. И.П зээлсэн мөнгөө төлөөгүйгээс миний гар утас зарагдсан. Уг утсыг би лизингээр авсан бөгөөд одоо ч зээлийн төлөлтийг төлөөд авдаг. Иймд гар утасны үнэ 4 749 000 төгрөг, дансаар шилжүүлэн авсан 500 000 төгрөг, нийт 5 105 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Бтай 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр уулзаад 500 000 төгрөгийг бооцоонд тавьж алдсан. Хэд хоногийн дараа Н.Б алдсан 500 000 олж хамт бет буюу бооцоо тавья гэж санал тавьсан. Түүний утсыг 2 600 000 төгрөгт ломбардад барьцаанд тавьж мөн л бооцоо тавиад алдсан. Хамт мөрийтэй тоглоомын бооцоонд тавьж алдсан атлаа надаас гаргуулахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй...”гэв.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, мемориалын баримт, барьцаат зээлийн гэрээ, хэрэглээний зээлийн гэрээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2263 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, хариу тайлбарыг шүүхэд тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...хариуцагчийн хүсэлтээр 500 000 төгрөгийг дансаар, 4 749 000 төгрөгийн үнэ бүхий гар утсаа 2 600 000 төгрөгийн барьцаанд тавьж хариуцагч И.Пад зээлсэн. Гар утсыг хугацаандаа авч өгөөгүйгээс гар утас худалдагдсан тул зээлсэн 500 000 төгрөг болон гар утасны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.
3. Хариуцагч дансаар шилжүүлсэн 500 000 төгрөг болон гар утсыг ломбардад тавьж авсан 2 600 000 төгрөгөөр нэхэмжлэгч Н.Бтай хамт мөрийтэй тоглоом тоглож алдсан...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргав.
4. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.Баас 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч И.Пын ... тоот дансанд 500 000 төгрөг шилжүүлсэн болох нь Голомт банкны мемориалын баримтаар тогтоогдож байна.
Түүнчлэн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Сүпер 4” Чин ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ гэх баримтаар И.П нь ipone 13 pro max маркийн гар утсыг барьцаалан 2 600 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлсэн байх ба мөнгө хүлээн авсан талаар баталгаажуулан гарын үсэг зурсан байна.
Дээрх барьцаалсан гар утас нь нэхэмжлэгч Н.Бын өмчлөлийн эд хөрөнгө болох талаар хариуцагч маргаагүй нь дээр нэхэмжлэгч Н.Б, Худалдаа хөгжлийн банк нарын хооронд байгуулсан хэрэглээний зээлийн гэрээ гэх баримтаар 4 749 000 төгрөгийн үнэ бүхий ipone 13 pro max маркийн гар утсыг 30 сарын хугацаатай, жилийн 20,40 хувийн хүүтэй, зээлийн санхүүжилтээр нэхэмжлэгч худалдан авсан болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хамт мөрийтэй тоглоомд бооцоо тавьж мөнгийг алдсан, буцаан төлөх үүрэггүй гэх агуулгаар татгалзлаа тайлбарласан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй үүргээ хэрэгжүүлээгүй.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан бөгөөд дансаар шилжүүлсэн 500 000 төгрөг, гар утасны үнэ 4 749 0000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч хариуцагчаас буцаан шаардах эрхтэй гэж дүгнэв.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч И.Паас 5 105 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 96 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Паас улсын тэмдэгтийн хураамжид 96 630 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ