Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/40

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 06 өдөр                                2021/ДШМ/40                          Хэрлэн сум

 

Б-, Г.Э- нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

 

226/2021/00040

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр

Прокурор Б.Ганзориг /цахимаар/,

Яллагдагч Г.Э-ын өмгөөлөгч Х.Биязхан /цахимаар/,

Яллагдагч Б-ын өмгөөлөгч Б.Жавхлан /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул нарыг оролцуулан,  

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЗ/491 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Ганзоригийн бичсэн эсэргүүцлээр Г.Э, Б- нарт холбогдох 2039000000164 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Ц-н Б-, 1970 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, урьд Хэнтий аймгийн шүүхийн 1988 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2, 155 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, Хэнтий аймгийн 6 дугаар хэсгийн ардын шүүхийн 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 6/43 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж, 4 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 54 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлсэн,

 

Х овгийн Г-н Г.Э-, 1990 оны 08 дугаар сарын 07-ны өдөр  Хэнтий аймгийн Баянхутаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн  тасгийн  эрчимт эмчилгээний эмч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, ял шийтгэлгүй,

 

Яллагдагч Б- нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймаг  Хэрлэн сум 2 дугаар баг Булаг 1-14а тоотод Э.Л-тэй “малгайн дээгүүр гарсан”  гэх шалтгааны  улмаас  маргалдаж түүний хоолойн тус газарт нь хөлөөрөө 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь төвөнхийн мөгөөрсний /бөгж мөгөөрсний ар өргөн  хэсгийн/ хугарал, бамбай мөгөөрс, таглаа мөгөөрсний үүдэвч хэсгийн 1.8х1.5 см цусан  хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

 

Яллагдагч Г.Э-  нь Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №б/223 дугаартай тушаалаар “мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний эмчээр” томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны  07 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн  яаралтай тусламжийн тасагт бусдад хоолой /төвөнх/ хэсэгт өшиглүүлсний улмаас  гэмтэл авч эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн Э.Л-нд яаралтай  тусламжийн үйлчилгээ үзүүлэхдээ “архины хурц хордлого, комын байдалтай...” гэж буруу онош тавьж, улмаар нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, цагаан мөгөөрсөн  хоолойг дурандах, оношлуулах эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ   хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар ирсэн Э.Л нь нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/45 дугаартай “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжид “...яллагдагчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна... Иймд яллагдагч Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгах шаардлагатай байна...” гэж даалгаж буцаасан байхад энэ талаар гүйцэд шалгалгүйгээр хохирогч нь яллагдагч Б-ын үйлдлийн улмаас нас бараагүй, түүний үйлдэл, хохирогчийн амь хохирсон үйл баримт хоёрын хоорондоо шалтгаант холбоогүй гэж дүгнэж хэргийг зүйлчилсэн нь учир дутагдалтай, түүнчлэн хохирогч нь яллагдагч Б-ын үйлдлийн улмаас шууд амь нас нь хохирсон уу эсвэл түүний учруулсан гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан уу гэдгийг ялган тогтоох, холбогдох шалгалтуудыг хийх шаардлагатай” гэж үзэн шүүгдэгч Б-, Г.Э-- нарт холбогдох 2039000000164 дугаартай эрүүгийн  хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.  

 

Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Ганзориг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/45 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүлээн авч, хохирогч нь яллагдагч Б-ын үйлдлийг улмаас шууд амь нас хохирсон уу, яллагдагч Г.Э-ын үйлдлийн улмаас нас барсан уу гэдгийг тогтоох тодорхой төрлийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж яллагдагч Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Хэргийн үйл баримтын хувьд: Яллагдагч Б- нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булаг 1-14а тоотод Э.Л-тэй “...малгайн дээгүүр гарсан...” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний хоолойн тус газарт нь хөлөөрөө 1 удаа өшиглөн, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, улмаар 11 цаг 55 минутад Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт талийгаач Э.Л-г хүргэж өгсөн.

Харин яллагдагч Г.Э- нь бусдад хоолой /төвөнх/ хэсэгт өшиглүүлсний улмаас гэмтэл авч эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар ирсэн талийгаач Э.Лх-нд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэхдээ “...архины хурц хордлого, комын байдал...” гэж буруу онош тавьж, улмаар нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, цагаан мөгөөрсөн хоолойг дурандуулах, оношлох зэрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс Э.Л нь 13 цаг 50 минутад нас барсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон.

Хэргийн зүйлчлэлийн хувьд: Яллагдагч Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас талийгаач Э.Л-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хэдийгээр талийгаач Э.Л нь тус гэмтлийн улмаас нас барсан байх боловч дээрх гэмтлийг яллагдагч Г.Э- зөв онош тавьж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, цагаан мөгөөрсөн хоолойг дурандуулах, оношлох зэрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бол талийгаач Э.Л амь аврагдах боломжтой талаар шинжээчийн дүгнэлт гарсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилжээ.

Яллагдагч Б- нь талийгаач Э.Л-н хоолойн тус газарт нь хөлөөрөө 1 удаа өшиглөхдөө түүнийг алах зорилго агуулсан, улмаар түүний үйлдлийн улмаас хохирогчийн биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болохыг ухамсарлаж ойлгосон, түүнчлэн хохирогч хүнд гэмтлийн улмаас үхэж болохыг мэдсэн атлаа түүнд тусламж үзүүлэхгүй зориуд орхиж явсан гэж үзэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй. Түүнчлэн яллагдагч Б-ын хүсэл зоригоос хамаарах хүчин зүйлийн улмаас хохирогчид учирсан гэмтэл хүндэрч нас барсан бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасны дагуу “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн” гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт “энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол” зааснаар хэргийг зүйлчлэх нь үндэслэлтэй.

Харин яллагдагч Г.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй бие даасан гэмт хэрэг юм. Дээрх гэмт хэргийн улмаас талийлгаач Э.Лхагвасүрэн нь нас барсан үйл баримт тогтоогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид зааснаар яллагдагч Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт “энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол” зааснаар зүйлчлэх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Яллагдагч нарын хэнийх нь үйлдлийн улмаас Э.Лхагвасүрэн нас барсан, үйлдэл, хохирогчийн амь хохирсон үйл баримт хоёрын хооронд шалтгаант холбоог нотлох баримтыг үнэлж хэргийг зүйлчилсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг зүйлчлэхийн тулд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчид учруулсан гэмтэл түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг тал бүрээс нь харгалзан үзэж, хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй. Дээрх байдлаас дүгнэлтэд яллагдагч Б-, Г.Э- нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд яллагдагч нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.

Мөн анхан шатны шүүх “...түүнчлэн хохирогч нь яллагдагч Б-ын үйлдлийн улмаас шууд амь нас хохирсон уу, эсхүл түүний учруулсан гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан уу гэдгийг ялган тогтоох, холбогдох шалгалтуудыг хийн шаардлагатай байгаа ба дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар төрлийн мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Мөрдөгч нь энэ хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрэн цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Яллагдагч Б-ын өмгөөлөгч Б.Жавхлан давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Яллагдагч Б-ын нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, хохирогч Э.Л-н амь нас хохирсон хор уршиг хоёрын хооронд дахь шалтгаант холбоог зайлшгүй тогтоох шаардлагатай. Үйлдэл, хор уршиг хоёрын хоорон дахь шалтгаан холбоог хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан авч үзэхэд “Б- нь хохирогч Э.Л-н биед хүнд хохирол учруулсан, ...Г.Э- нь  Э.Л-г зөв оношилж, эмчилгээ хийсэн бол амьд үлдэх боломжтой байсан...” гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

Г.Э- гэрчээр болон яллагдагчаар “...намайг 11 цаг 55 минутад яаралтай түргэн тусламжийн өрөөнд очиход шоконд орсон байдалтай эрэгтэй хүн байсан. ...амьсгалын замыг чөлөөлөх хүчил төрөгчийн эмчилгээ хийсэн. ....13 цаг 50 минутад нас барсан. ...эмчилгээ хийж байхад Уулаа гэх хүн хаалгаар шагайгаад байсан...” гэсэн мэдүүлгүүдийг тогтвортой өгдөг. Уг мэдүүлгээс амь хохирогч 11 цаг 50 минутаас эхлэн 13 цаг 50 минут хүртэл эмчийн хяналтад байж байгаад нас барсан болох нь харагддаг.

Гэрч Г.Т “...Э.Л-г би эмнэлэгт оруулж өгсөн. ...эмч нар дусал залгасан. ...би гарахдаа Э.Лхагвасүрэн ах нь явлаа шүү гэж хэлэхэд баярласан Уулаа ахаа гэж хэлсэн. ...би  Б-оо эмчид наад хүний чинь хоолойн төвөнх нь цаашаа орсон шүү гэж хэлсэн...” гэж мэдүүлдэг. Г.Э- эмч анхнаасаа хохирогчийн төвөнх цаашаа орсон гэдгийг,  мөн ямар онош тавихаа мэдэж байсан ба өвчтөнийг буруу оношилж зохих шатны эмчилгээ хийгээгүй. Иймд эмч Г.Э-ын буруутай үйлдлийн улмаас хохирогч нас барсан гэж үзэж байна.

Харин Б-ын талийгаачийн төвөнх рүү өшиглөсөн үйлдлийн хор уршиг нь хүнд хохирол учруулсан юм. Б- хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Иймд Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь зөв гэж үзэж байна.  

Хохирогч Э.Л нь “төвөнхийн мөгөөрсний хугарал, бамбай мөгөөрс, таглаа мөрөөсний үүдэвч хэсгийн цусан хураа гэмтлийн улмаас амьсгалын замд саад учирсан механик амьсгал бүтэлтэд орж нас барсан” болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Б Э.Лх-н хоолой руу өшиглөсний дараа шууд амьсгалын замын бөгөлрөл үүсээгүй, Э.Л нь эмнэлэгт очтолоо ярьж, ухаантай байсан нь гэрч нарын мэдүүлгүүдээс харагддаг. Яаралтай түргэн тусламжийн эмч зөв онош тавьж, анхан шатны тусламж үзүүлж, зохих түвшиний эмчилгээ хийсэн бол Э.Л амь аврагдах боломжтой байсан. Амьсгалын дутагдалд орж нүүр нь хөхөрсөн байдалтай байгаа хүнийг хараад, мөн У гэх хүний “наад хүний чинь хоолой төвөнх цаашаа орсон шүү” гэсэн өгүүлэмжийг сонссоор байтал наад захын амьсгалын зам чөлөөлөх анхан шатны тусламж үзүүлээгүй байсан.

Б-ын үйлдлийн улмаас Э.Л-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, Г.Э-ын буруутай үйлдлийн улмаас Э.Л нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, эдгээр нотлох баримтуудын хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.   

 

Яллагдагч Г.Э-ын өмгөөлөгч Х.Биязхан давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрч байна.

Хэргийн үйл баримтыг харахад хохирогч Э.Л ухаангүй байхад нь эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвд авчирч орон дээр хэвтүүлээд Г.Э-- эмчийг дуудаж үзүүлж, эмч архины гүн хордлого гэсэн онош тавьж эмчилгээ эхлүүлсэн байдаг. Санаатайгаар эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзсан зүйл байхгүй бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хэнтий аймгийн прокурорын газраас Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Г.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол тусдаа хэрэг үүсгэж шалгах ёстой байсан. Б-од холбогдох хэрэгт яллагдагчаар татан оролцуулсан нь Эрүүгийн хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Хэрэгт тогтоовол зохих нөхцөл байдлуудыг бүрэн тогтоогоогүй. Жишээлбэл талийгаачийн гэмтлийг тогтоох тоног, төхөөрөмж Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт байгаа эсэх, байгаа бол тухайн гэмтлийг тогтоох боломжтой эсэх нь эргэлзээтэй байдаг. Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийг тоног төхөөрөмжийн инженер “Талийгаачийн гэмтлийг тогтоох боломжгүй Хятад улсад үйлдвэрлэсэн компьютер томографик байдаг” гэж гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Мөн тухайн гэмтлийг зөвхөн компьютер томографикаар цагаан мөгөөрсөн хоолойг дурандах хэлбэрээр илрүүлэх боломжтой гэсэн шинжээч эмчийн дүгнэлт гарсан ба эмч гаднаас хараад мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан. Тухайн үед компьютер томографикийн дуран ажиллахгүй байсан гэсэн эмнэлгийн даргын албан бичиг хавтаст хэрэгт байдаг. Эдгээр нөхцөл байдлуудыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзэж байна.

Тухайн үед талийгаач ухаан алдсан ярих боломжгүй байсан учраас Г.Э- эмч харилцаа үүсгээгүй. Мөгөөрсөн хоолойн гэмтэл нь тогтоогдож байгаа учраас архины гүн хордлого гэсэн онош тавьж эмчилгээ хийж эхэлсэн ч талийгаач нас барсан.

Г.Э- эмч өөрийн мэдлэгийн хүрээнд бүх арга хэмжээг авсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Нарийн мэргэжлийн эмч Цэвээнд үзүүлсэн боловч тухайн гэмтлийг тогтоож чадаагүй. Ийм учраас Г.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн  яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай” тохиолдолд шүүх хэргийг прокурорт буцаахаар хуульчилжээ.

Анхан шатны шүүх “...хохирогч нь яллагдагч Б-ын үйлдлийн улмаас шууд амь нас нь хохирсон уу эсвэл түүний учруулсан гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан уу гэдгийг ялган тогтоох, холбогдох шалгалтуудыг хийх шаардлагатай” гэж үзэн Б-, Г.Э-- нарт холбогдох эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэхдээ шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар төрлийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай талаар захирамждаа тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Мөн шүүгчийн захирамжид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” гэж бичсэн нь ойлгомжгүй болжээ.

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Б-, Г.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЗ/491 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б-, Г.Э-- нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

 

2. Хэргийг шүүхэд очтол Б-, Г.Э-- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Я.АЛТАННАВЧ

 

                           ШҮҮГЧИД                                                  О.БААТАРСҮХ

                                                               

                                                                                              Б.ДЭНСМАА