| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/03236/И |
| Дугаар | 183/ШШ2023/03251 |
| Огноо | 2023-10-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2023/03251
2023 оны 10 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2023/03251 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: байранд байрлах, Э ХХК/РД: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, А ХХК/РД: /-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 83 811 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ербахыт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Эмнэлгийн тоног төхөөрөмж хэрэгсэл худалдан авах 2021/11/03-01 дугаар гэрээ байгуулсан. Манай байгууллага энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 117 000 000 төгрөгийн үнэ бүхий ExiPrep TM96 Lite/ПСР ДНХ, РНХ ялгах бүрэн автомат анализатор тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Харин хариуцагч нь гэрээний үлдэгдэл 44 500 000 төгрөгийг одоог хүртэл төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Түүнчлэн худалдан авсан дагалдах урвалж оношлуурын төлбөрийг барагдуулаагүй бөгөөд үүнд 14 507 500 төгрөгийн авлага үүссэн. Дээрх 2021/11/03-01 дугаар гэрээний 5.2-т “худалдан авагч нь энэхүү гэрээнд заасан хугацаанд төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд ийнхүү хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгчид төлнө.” гэж заасан. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих алданги 24 804 000 төгрөг болно. Иймд гэрээний үлдэгдэл 44 500 000 төгрөг, мөн худалдан авсан урвалж оношлуурын үнэ 14 507 500 төгрөг, гэрээний алданги 24 804 000 төгрөг, нийт 83 811 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэв.
2. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай зүгээс гэрээ байгуулсан, гэрээний дагуу тоног төхөөрөмжийг хүлээн авсан, гэрээний үлдэгдэл 59 007 500 төгрөг төлөх талаар ямар нэгэн маргаан байхгүй. Харин алданги 24 804 000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан төлбөрийг хугацаандаа төлөх боломжгүйд хүрсэн. Иймд гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Эмнэлгийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тоног төхөөрөмж, хэрэгсэл хүлээлгэн өгсөн акт, Хас банк дах дансны хуулга, эдгээр баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэх, хариуцагч хуулийн этгээдэд хүргүүлсэн мэдэгдэл, хариуцагчаас хариу хүргүүлсэн албан бичиг гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбарыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...хариуцагч эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авсан гэрээний үлдэгдэл төлбөр 59 007 500 төгрөгийг хугацаандаа төлөөгүй тул алданги 24 804 000 төгрөгийн хамт нийт 83 811 500 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй...” гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөр 59 007 500 төгрөг төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй үйл баримтын талаар маргаагүй. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
4. Талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эмнэлгийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Э ХХКнь шинжилгээний бүрэн автомат анализаторыг худалдан авагч А ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тоног төхөөрөмжийн үнэ 117 000 000 худалдагчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Түүнчлэн уг гэрээнд тусгагдаагүй 14 507 500 төгрөгийн үнэ бүхий урвалж оношлуурыг А ХХКхудалдан авахаар амаар тохиролцсон талаар талууд маргаагүй.
5. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээ, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож, амаар буюу бичгээр хийнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний төрөлд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр байна.
6. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй байхаар зохицуулсан.
7. Худалдагч Э ХХКнь гэрээний зүйл болох шинжилгээний бүрэн автомат анализатор, урвалж оношлуурыг тус тус худалдан авагч А ХХК-д хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар зохигчд маргаагүй тул нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
8. Харин хариуцагч нь шинжилгээний бүрэн автомат анализаторын үнэ 44 500 000 төгрөг, урвалж оношлуурын үнэд 14 507 500 төгрөгийг тус тус төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хариуцагч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
9. Гэрээг талууд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч талуудын тохиролцоо хуульд нийцсэн байх учиртай. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан.
10. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2-т “худалдан авагч нь энэхүү гэрээнд заасан хугацаанд төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд ийнхүү хэтэрсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгчид төлнө.” гэх тохиролцоо нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй гэж дүгнэлээ.
11. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч А ХХК-иас 59 007 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 804 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А ХХК-иас 59 007 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24 804 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 578 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдгийн хураамжид 452 988 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ