| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/04256/И |
| Дугаар | 183/ШШ2023/03353 |
| Огноо | 2023-10-24 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2023/03353
2023 оны 10 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2023/03353 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, Д.Т /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух Б ХХК/РД: /-д холбогдох,
Гэрээний үүрэгт 168 964 132 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мандуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мягмарсүрэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“... Д.Тнь "Б" ХХК-ийн өдөр дутмын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зориулж 600 000 000 төгрөгийн хөрөнгө оруулахаар "Б" ХХК-тай харилцан тохиролцож, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр №22/33 хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Д.Таас 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 245 000 000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 300 000 000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 17-ны 55 000 000 төгрөгийг тус тус нийт 600 000 000 төгрөгийг тус компанийн нягтлан бодогч гэх Г.Мын Хаан банкны ... дугаар дансанд шилжүүлсэн боловч "Б" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хөрөнгө оруулалтын гэрээг дуусгавар болгож 600 000 000 төгрөгийг буцаан төлөхөөр талууд 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр №01 төлбөр барагдуулах гэрээг байгуулсан байдаг. Энэхүү төлбөр барагдуулах гэрээгээр "Б" ХХК нь шилжүүлэн авсан 600 000 000 төгрөгөөс 340 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, үлдэх 260 000 000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дотор Д.Тийн Хаан банкны ... дугаар дансанд шилжүүлэх үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл, "Б" ХХК нь 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 60 000 000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 50 000 000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 50 000 000 төгрөгийг тус тус нийт 160 000 000 төгрөгийг хугацаа хоцроон шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийг удаахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүртэл биднийг хохироосоор байна. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2-т "тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрх үүснэ", Төлбөр барагдуулах гэрээний 3-т "үүрэг гүйцэтгэгч нь 260 000 000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үүрэг гүйцэтгүүлэгчид төлнө, мөн гэрээний 4-т "төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алдангийг үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгч талд төлнө" гэж тус тус заасан. Ийнхүү, нэхэмжлэгчийн зүгээс "Б" ХХК-аас 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлэх ёстой байсан 260 000 000 төгрөгөөс хугацаа хоцроож гурван удаагийн гүйлгээгээр нийт 160 000 000 төгрөгийг шилжүүлсэн төлбөрөөс алдангид 12 642 755 төгрөгийг, үндсэн төлбөрт 147 357 245 төгрөгийг тус тус суутгасан бөгөөд "Б" ХХК нь гэрээний дагуу 112 642 755 төгрөгийн үлдэгдэлтэй ба өнөөдрийг хүртэл төлөөгүй тул уг төлбөрөөс 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх нийт 103 хоногийн, хоногт 0.5 хувийн алданги тооцож нийт 58 011 019 төгрөгийн алданги үүссэн байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т "...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасан тул үлдэгдэл төлбөр 112 642 755 төгрөгийн 50 хувиар тооцож 56 321 378 төгрөгийн алданги болж байна. Иймд, "Б" ХХК-аас 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №01 төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл төлбөр 112 642 755 төгрөг, алданги 56 321 378 төгрөг нийт 168 964 132 төгрөгийг гаргуулж, Д.Тт олгож өгнө үү...” гэв.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани 2022 оны 07 сарын 25-ны өдөр "М" ХХК-тай ачааны хагас вагон түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр 100 ширхэг буюу 2 цуваа вагон түрээслэх, Чойр өртөөнөөс БНХАУ-ын Эрээн дэх боомтын өртөөнд хүргэх гэрээ байгуулан гэрээний нөхцөлийн дагуу түрээсийн төлбөрт 763 400 000 төгрөгийг урьдчилан төлсөн байсан бөгөөд 8 дугаар сарын сүүлчээр эхний 50 вагоноор нэг цуваа 3500 тонн нүүрс худалдан авагчид ачуулсан байсан. Харин эхний ачилтад их хэмжээний мөнгө зарцуулсан байсан тул дараагийн цуваа вагоныг ачуулахад мөнгөн хөрөнгийн эх үүсвэр дутагдаж байсан. Энэ үед Д.Ттай уулзаж энэ бүх байдлаа танилцуулж гэрээ бичиг баримтуудаа үзүүлэн ярилцсанаар харилцан тохиролцож, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Д.Тэнэ гэрээний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрүүдэд 3 удаагийн шилжүүлгээр нийт 600 000 000 төгрөгийг манай компанийн дансанд оруулсан. Энэ мөнгийг хүлээн авсны дараа манай компани өөрийн мөнгөө нэмж, дараагийн экспортдоо бэлтгэж нүүрсээ худалдан авах, нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас автомашинаар тээвэрлүүлж, татаж авчрах, нүүрс буулгах хадгалуулах компанитай харилцаж гэрээгээ сунгаж, нүүрсээ буулгаж хадгалуулах, вагон түрээслүүлэгч компаниас ачааны вагоны захиалга өгч вагоны хуваарьт оруулах УБТЗ-д хүсэлт гаргаж төмөр замаар ачаа тээвэрлүүлэх тушаал гаргуулах, Төмөр замын өртөөнд сэлгээний захиалга өгөх зэрэг ажиллагаануудыг хөөцөлдөж 1 сар гарангын хугацааг зарцуулж, холбогдох бүх төлбөрүүдийг хийж байсан. Энэ ажлыг хийхэд нэлээд цаг хугацаа, хөрөнгө зарцуулж хөөцөлддөг бөгөөд нийт зардал 1 230 000 000 төгрөг зарцуулагддаг. Гэтэл "М" ХХК-ийн вагоны хүрэлцээ муугаас вагон тавих хугацаа хойшилж, 2022 оны сүүлээр олгогдох хуваарь гарсан, түүнчлэн нүүрс экспортлох зах зээл дээр вагоны тээврийн хөлс, вагон ашиглалтын төлбөр 500 000 000 төгрөгөөс 700 000 000 төгрөг хүртэл өсөж манай нүүрсийг экспортлоход ашиггүй байх бодитойгоор хүндрэл учирсан. Энэ бол бодит үйл баримт юм. Гэтэл Д.Тэнэ бүх байдлыг ойлгохгүй экспорт хийхгүй удаасан гэх шалтгаанаар 2022 оны 10 дугаар сарын сүүлчээс гэрээгээ цуцалж мөнгөө буцааж төлөхийг шаардсан. Иймд манай компани өөрийн нүүрс экспортод зарцуулах байсан мөнгийг Д.Тт 2022 оны 11 дүгээр сарын дундаас эхлэн буцаан төлж эхэлсэн Д.Ттөлбөрийн үлдэгдлийг хурдан авахын тулд 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдөр нөхрийн хамт ирж “Төлбөр буцаан авах гэрээ “ байгуулахыг шаардаж, би тухайн өдөр согтуу байсны дээр баримтуудаа сайн санахгүй, бэлэн баримтууд гар дээр байгаагүй тул нарийн тооцоо хийлгүй Д.Тийн гаргасан тооцоогоор гэрээнд гарын үсэг зурсан юм. Нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор баримтуудаа бүрдүүлж тооцоход 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 410 000 000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 6-13-ны өдрүүдэд 160 000 000 төгрөг нийтдээ 570 000 000 төгрөг буцаан төлсөн бөгөөд төлөөгүй 30 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. 2023 оны 05 сарын 02-ны өдрийн үндсэн төлбөрийн үлдэгдлийг 260 000 000 төгрөгөөр тооцсон нь үгүйсгэгдэж байна. Үндсэн төлбөрийн үлдэгдлийг буруу тооцсон учраас 2023 оны 5 сард төлсөн төлбөр болон тооцсон алданги 12 612 775 төгрөгийг хасаж гаргасан үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Эцсийн үлдэгдлийн дүнг буруу тооцсон учир түүний 50%-иар тооцож алдангид 56 321 378 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Энэ бүгдээс дүгнэж үзэхэд нэхэмжлэлийн шаардлагад бичсэн үндсэн төлбөр болон алдангийг нэмсэн 168 964 132 тѳгрѳгийг манай компани зөвшөөрч төлөх үндэслэлгүй байна...” гэв.
3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01 Төлбөр барагдуулах гэрээ, хариуцагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Хаан банкны дансны хуулга, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №22/33 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээ, эдгээр баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар, Хөрөнгө оруулалтын гэрээ, төлбөр барагдуулах гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлиййн гэрчилгээ, компанийн дүрэм, хаан банкны дансны хуулга, Голомт банкны орлогын баримт, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Ачааны хагас вагон ашиглах гэрээ, "УБТЗ” ХНН-ийн тээвэр зохион байгуулалтын албанд экспортын нүүрс тээвэрлэх тушаал гаргуулах тухай албан бичиг, хаан банкны дансны хуулга, зардлын тооцоо, Итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Хариуцагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 600 000 000 төгрөгийг шилжүүлсэн ба уг гэрээ цуцлагдаж, хариуцагч 340 000 000 төгрөгийг буцаан төлсөн байх хугацаанд бид үлдэгдэл 260 000 000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дотор барагдуулах талаар харилцан тохиролцож, төлбөр барагдуулах гэрээг бичгээр байгуулсан. Хариуцагч төлбөр барагдуулах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөр 112 642 755 төгрөг, алданги 56 321 378 төгрөг, нийт 168 964 132 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.
3. Хариуцагч нь хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нэхэмжлэгчээс 600 000 000 төгрөгийг хүлээн авсан, уг гэрээ цуцлагдсан үйл баримтын талаар маргаагүй. Харин тооцоолол үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргав.
4. Хэрэгт авагдсан 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Г22/33 дугаар хөрөнгө оруулалтын гэрээ гэх нэртэй зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 600 000 000 төгрөгийг шилжүүлсэн, уг гэрээ цуцлагдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
5. Хүчин төгөлдөр гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах нь гэрээний талуудын эрхээр тодорхойлогдох бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсанаар өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үр дагавар үүсдэг.
6. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчаас 2022 оны 11 дүгээр 11-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 угаагийн шилжүүлгээр нийт 410 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй болно.
7. Талууд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 01 дугаартай төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Уг гэрээнд хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгч нь 260 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, төлбөрийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлж барагдуулах үүргийг хүлээсэн байна.
8. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь харилцан буцаах үүргийн хүрээнд нэхэмжлэгчид 190 000 000 төгрөг төлөх үүрэгтэй байхад төлбөр барагдуулах гэрээнд хариуцагчийн төлөх үүргийг 260 000 000 төгрөг гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна.
9. Нэхэмжлэгч нь дээрх үнийн үнийн зөрүү төлбөр 70 000 000 төгрөгийг хохирол, алдангид тооцсон гэж тайлбарлаж байгаа хэдий ч гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлоо баримтаар нотлоогүй, гэрээ цуцлагдсанаас гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх дуусгавар болдог тул гэрээний нэмэлт үүрэг болох алданги шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй юм.
10. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ байгуулагдах цаг хугацаанд хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг 190 000 000 төгрөг байсан. Хариуцагч нь дээрх төлбөр барагдуулах гэрээний дагуу 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл гурван удаагийн шилжүүлгээр нийт 160 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон ба хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь 30 000 000 төгрөг байна.
11. Талуудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн, уг гэрээний 4-т “төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алдангийг үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгч тал төлөх”-өөр тохиролцсон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцэх тул нэхэмжлэгч нь төлбөр барагдуулах гэрээний дагуу хариуцгагчаас алданги шаардах эрхтэй гэж шүүх дүгнэсэн.
12. Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 30 000 000 төгрөгөөс хугацаа хэтрүүлсэн 97 хоногт ногдох алданги 14 550 000 төгрөг, нийт 44 550 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч төлөх үүрэгтэй байна.
13. Дээрх үндэслэлээр хариуцагч Б ХХК/РД: /-иас 44 550 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч овогт Д.Т /РД: /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 124 414132 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК/РД: /-иас 44 550 000 /дөчин дөрвөн сая таван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч овогт Д.Т /РД: /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 124 414 132 /нэг зуун хорин дөрвөн сая дөрвөн зуу арван дөрвөн мянга нэг зуун гучин хоёр мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1 002 771 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК/РД: /-иас улсын тэмдгийн хураамжид 380.700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Тт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ