Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2023/03438

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 30 өдөр                         Дугаар 183/ШШ2023/03438                                        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах Д ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хаягт байрлах Ю ХХК/РД: /-д холбогдох,

Гэрээний үүрэгт 30 707 160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярчимэг, гэрч Ж.Г, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“... Нэхэмжлэгч "Д" ХХК-ийн хувьд барилгын зураг төсөв, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2022 онд "Т" ХХК-ийн контор, агуулахын барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан бөгөөд тухайн барилгыг 2022 оны 12 дугаар сард багтаан хүлээлгэн нөхцөлтэйгээр ажлаа эхлүүлсэн. Ажил гүйцэтгэх явцдаа тухайн баригдаж буй барилгад суурилуулах шаардлагатай зохих техникийн нөхцөлийг хангасан тоног төхөөрөмжийг "Ю" ХХК-аас худалдан авахаар талууд харилцан тохиролцсон бөгөөд тухайн бүтээгдэхүүн бэлэн бус байсан тул 16-18 долоо хоногийн хугацааны дотор нийлүүлэхээр тохиролцож, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №22/078 дугаартай "Худалдах, Худалдан авах гэрээ"-г байгуулсан. Худалдан авагчийн хувьд гэрээний 2.6 дахь хэсэгт зааснаар урьдчилгаа төлбөрт 28 380 000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Гэрээнд зааснаар нийлүүлэгч тал буюу хариуцагч компани 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дотор зохих тоног төхөөрөмжийг хүлээн өгөх үүрэгтэй хүлээсэн байсан.  Худалдан авагчийн хувьд өөрийн гүйцэтгэж буй барилгын ажлыг 2023 оны 04 дүгээр сард дуусган захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй байгаа талаар нийлүүлэгч талд анхнаас нь танилцуулж байсан бөгөөд тухайн барилгыг хүлээлгэн өгөх өдрийг хүртэл хугацаанд худалдан авсан бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг байнга шаардаж байсан боловч үүргээ биелүүлээгүй тул энэ талаар Нийлүүлэгч талд мэдэгдэн улмаар өөр нийлүүлэгч байгууллагаас тухайн тоног төхөөрөмжийг худалдан авч суурилуулсан. "Ю" ХХК нь

тоног төхөөрөмжийг гэрээнд заасан хугацаанд нийлүүлээгүй тул урьдчилгаа төлбөрт төлсөн 28 380 000 төгрөгийг гэрээний 6.3 дахь хэсэгт заасны дагуу (2023 оны 03-р сарын 06 өдрөөс 2023 оны 08-р сарын 17 өдрийг хүртэл нийт 164 хоногийн алданги 2 327 160 төгрөгийн хамт нийт 30 707 160 төгрөгийг  нэхэмжилж байна...” гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “..."Д" ХХК болон "Ю" ХХК нь Герман улсад үйлдвэрлэгддэг DEMAG брэндийн цахилгааны тайлыг худалдахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хавсралт №1-т зааснаар цахилгааны тайлыг 16-18 долоо хоногийн дотор нийлүүлэх ёстой байсан. Гэтэл цахилгааны тайлыг үйлдвэрлэх явцад давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал буюу ковид цар тахалтай холбоотой тухайн цахилгаан тайлыг хийхэд хэрэгтэй түүхий эдийн хомдсол бий болж үйлдвэрлэх явц удааширсан. Үүнээс шалтгаанлан "Ю" ХХК нь гэрээнд заасан хугацаанд цахилгаан тайлыг нийлүүлэх боломжгүй болсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.3-т "Давагдашгүй хүчин зүйлийн улмаас Гэрээний хэрэгжилт нэг (1)-оос дээш сарын хугацаагаар бүхэлдээ буюу хэсэгчлэн саатсан тохиолдолд Талууд харилцан тохиролцож асуудлыг шийдвэрлэнэ" гэж заасны дагуу цахилгаан тайлыг гэрээнд заасан хугацаанд нийлүүлэх боломжгүй болсон талаар худалдан авагчид мэдэгдэхэд "Бид өөр компанитай гэрээ байгуулсан бөгөөд цахилгааны тайлыг өөр компанид хүлээлгэх өгөх ёстой. Та нар эцсийн хэрэглэгч буюу "Э" ХХК-тай шууд холбогдон бараа хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэх гэж байгаа талаар ярилцаарай. Зөвшилцөлд хүрвэл бидний зүгээс татгалзах зүйл байхгүй" гэж хэлсэн. Гэрээнд талууд харилцан тохиролцохдоо заавал бичгээр үйлдэх хэлбэрийн шаардлага тавигдаагүй тул тухайн үед хариуцсан ажилтнууд хоорондоо амаар харилцан тохиролцоод шийдвэрлэсэн. Худалдан авагч "Д" ХХК-ийн зөвлөсний дагуу "Ю" ХХК нь "Э" ХХК-тай холбогдоход "хугацааны хувьд асуудалгүй. Бид хүлээж байгаад Герман улсад үйлдвэрлэсэн чанартай цахилгаан тайлыг авна" гэсэн хариуг хэлсэн. Цахилгаан тайл Монголд ирэх хүртэл бид "Д” ХХК болон "Э" ХХК нарт бараа нийлүүлэх явцын талаар байнга мэдээлэл хүргэж ажиллаж байсан бөгөөд цахилгаан тайл Монголд ирсэн талаар "Д" ХХК болон "Э" ХХК нарт мэдэгдэхэд эцсийн хэрэглэгч болох "Э" ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр №111 дүгээр албан тоотоор цахилгаан тайлыг хүлээн авах хүсэлтээ ирүүлсэн. "Ю" ХХК-иас худалдан авагч "Д" ХХК-д 2023 ны 09 дүгээр сарын 14-ны өдөр 23/642 дугаар албан тоотоор "Цахилгаан тайлыг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн "Э" ХХК-ийн үзэсгэлэнгийн танхимийн байршилд "Э" ХХК-д хүлээлгэж өгөх гэж байгаа тул бараа материал хүлээлцэхэд холбогдох ажилтнаа байлцуулж өгнө үү" гэсэн агуулга бүхий албан тоотыг хүргүүлсэн. Ингээд "Ю" ХХК нь 2023 оны 09 сарын 15-ны өдөр Герман улсад үйлдвэрлэгдсэн DEMAG цахилгаан тайлыг эцсийн хэрэглэгч болох "Э" ХХК-д хүлээлгэн өгсөн болно. Өөрөөр хэлвэл "Ю" ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг хүлээлгэн өгсөн учир гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №22/078 дугаартай "Худалдах, Худалдан авах гэрээ" Төлбөр шилжүүлсэн баримт, 2023 оны 08 дугаар сарын 11 өдрийн №23/22 дугаартай албан бичиг  Итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 23/642 дугаар албан тоот, "Э" ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичиг, бараа хүлээлцэх акт, гаалийн татварын мэдүүлэгийн баримт, хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Шүүх хариуцагчийн хүсэлтээр гэрч асуух ажиллагааг гүйцэтгэсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...хариуцагч худалдах, худалдан авах гэрээний дагуу тоног төхөөрөмж нийлүүлэх үүргээ биелүүлээгүй тул гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн төлбөр 23 380 000 төгрөг, алданги 2 327 160 төгрөг, нийт 30 707 160 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй...” гэж тайлбарлаж байна.

 

            3. Хариуцагч “...худалдан авагч буюу нэхэмжлэгчийн зөвлөснөөр эцсийн хэрэглэгч "Э" ХХК-д гэрээний зүйл болох цахилгаан талийг хүлээлгэн өгсөн...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

            4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

            4.1. Талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 22/078 дугаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр худалдагч Ю ХХКнь хавсралт №1-д заасан үзүүлэлт бүхий цахилгаан талийг худалдан авагч Д ХХК-д нийлүүлэх, худалдан авагч нь барааны үнэ 47 300 000 төгрөгийг худалдагчид  төлөх үүргийг тус тус хүлээсэн.

 

4.2. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

4.3. Гэрээний 2.6-д “барааны урьдчилгаа төлбөр 60 хувийг нийлүүлэгчийн данс рүү шилжүүлснээр захиалга баталгаажна.” гэж заасны дагуу  нэхэмжлэгч Д ХХКнь урьдчилгаа төлбөрт 28 380 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар тогтоогдоно. Талууд энэ талаар маргаагүй.

 

4.4. Хариуцагч Ю ХХКнь “гэрээний зүйл болох цахилгаан талийг нэхэмжлэгчийн зөвлөснөөр эцсийн хэрэглэгч  "Э" ХХК-д хүлээлгэн өгсөн” гэж тайлбарлан, "Э" ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 111 тоот Багаж техник хүргүүлэн авах тухай албан бичиг, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Demeg DC-Pro15 3200 загварын гинжит таль хүлээлцсэн акт,  Д ХХК-д хаягласан 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 23/642 тоот “..бидний захиалгаар нийлүүлэх цахилгаан тайлыг давагдашгүй хүчин зүйлийн улмаас нийлүүлэх хугацаа хэтэрч байгаа талаар танай байгууллагад анх мэдэгдэхэд та бүхний зүгээс эцсийн хэрэглэгчтэй шууд холбогдож мэдэгдэхийг хүссэн. Монголд ирсэн цахилгаан тайлыг хүлээн авах талаар эцсийн хэрэглэгчээс албан тоот ирсэн. Цахилгаан тайлыг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Э ХХК-д хүлээлгэн өгөх гэж байгаа тул бараа материал хүлээлцэхэд холбогдох ажилтаа байлцуулна уу...” гэх агуулгатай албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

4.5. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгнө гэж заасан.

 

4.6. Нэхэмжлэгч Д ХХК-иас хариуцагч Ю ХХК-д гэрээний зүйлийг гуравдагч этгээдэд хүлээлгэн өгөх зөвшөөрөл олгосон гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.

 

4.7. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь  Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасантай нийцнэ.

 

4.8. Гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үр дагавар үүсэх тул  нэхэмжлэгч Д ХХКнь гэрээний урьдчилгаанд төлсөн 28 380 000 төгрөгийг хариуцагч Ю ХХК-иас шаардах эрхтэй байна.

 

4.9. Гэрээний 6.3-т “нийлүүлэгч барааг гэрээгээр тогтоосон хугацаанд нийлүүлээгүй бол нийлүүлээгүй хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0,03 хувьтай тэнцэх алдангийг худалдан авагчид төлнө.” гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасантай нийцэхгүй нь дээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул нэхэмжлэгч гэрээний үүрэг болох алданги шаардах эрхгүй юм.

 

4.10. Дээрх үндэслэлээр хариуцагч Ю ХХК-иас 28 380 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 327 160 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю ХХК-иас 28 380 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 327 160 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 311 486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ю ХХК-иас улсын тэмдгийн хураамжид 299 850  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХЦЭЦЭГ