| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/01025/И |
| Дугаар | 183/ШШ2023/03455 |
| Огноо | 2023-10-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 183/ШШ2023/03455
2023 оны 10 сарын 31 өдөр Дугаар 183/ШШ2023/03455 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, овогт И.Н/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, овогт М.Н /РД: /-д холбогдох,
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 8 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дөлгөөн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар:“... Миний бие өөрийн эзэмшлийн BMW-X3 маркийн автомашиныг яаралтай худалдах шаардлагатай байсан М.Нид 8 500 000 төгрөгөөр худалдахаар болсон. М.Ннь төлбөрийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан ба гэрээ байгуулсныг дараа би өөрийн автомашиныг түүний нэр дээр шилжүүлж өгсөн. Гэтэл М.Ннь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 400 000 төгрөгөөр нэг удаа хийгээд, саяхан 2-3 сарын өмнө ярихад 400 000 төгрөгийг хийсэн. Өөр мөнгөн төлбөр хийгээгүй. Залгаж ярихад байнга маргааш хийнэ, нөгөөдөр хийнэ гэж тайлбар тавьж, аргалсан зүйл ярьдаг шийдтэй хариу өгдөггүй. Өмнөх долоо хоногт залгахад шүүхээс залгаад байна мөнгийг чинь дараа долоо хоногт өгнө гэж хэлээд утас нь холбогдохгүй болсон. Иймд хариуцагч М.Ноос худалдах худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 8 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа төлсөн 400 000 төгрөгийг алданги, хохиролд тооцсон тул нэхэмжлэлийн дүнг багасгахгүй..." гэв.
Нэхэмжлэгчээс худалдах худалдан авах гэрээ, хаан банкны дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар, баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...хариуцагч М.Нид өөрийн эзэмшлийн автомашиныг 8 500 000 төгрөгөөр худалдсан боловч төлбөрийг бүрэн төлөөгүй. Түүний төлсөн 800 000 төгрөгийн 400 000 төгрөгийг алданги, хохиролд тооцно. Үлдэгдэл 8 100 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.
4. Талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр худалдагч И.Ннь худалдан авагч М.Нийн өмчлөлд BMW-X3 маркийн автомашиныг хүлээлгэн өгөх, худалдан авагч 8 500 000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор худалдагчид төлөх үүргийг тус тус хүлээжээ.
5. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний төрөлд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр байна.
6. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй байхаар зохицуулсан.
7. Нэхэмжлэгч гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн гэж тайлбарлаж байх тул түүнийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
8. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар хариуцагч нь 800 000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн төлбөл зохих үүрэг 7 700 000 төгрөг байна. Талууд алданги төлөх тохиролцоог бичгээр хийгээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчаас төлсөн 400 000 төгрөгийг алдангид тооцно гэх тайлбар үндэслэлгүй.
9. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 7 700 000 төгрөгийг хангаж, үлдэх 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10. Шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2023.10.25-ны өдөр хариуцагчийн 85855331 дугаарын утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
15. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ноос 7 700 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 144 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ноос улсын тэмдгийн хураамжид 138 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ