Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2023/03457

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 31 өдөр                            Дугаар 183/ШШ2023/03457                                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах Н ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: тоот хаягт оршин суух Ө ХХК/РД: /-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 24 300 000 төгрөг, алданги 12 150 000 төгрөг, нийт 36 450 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар:“...Н ХХКболон Ө ХХКнар 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон. Манай компани зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрээнд заасан урьдчилгаа санхүүжилт 30% болох                             24 300 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч тал болох “Ө” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж гэрээт ажлыг огт хийлгүй урьдчилгаа санхүүжилтээ аван алга болсон. Дээрх байдлаас шалтгаалан манай компанийн зүгээс шүүхэд хандсан бөгөөд шүүхээс хариуцагч Ө ХХК-ийг хаяг дээрээ байхгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг буцаасан байдаг ба манай компаний зүгээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж эрэн сурвалжлуулах захирамж гаргуулсан бөгөөд Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Ө ХХК-ийг эрэн сурвалжилж 2023 оны 05 дугаар сарын 31-ний едрийн 282.3/2190 тоот албан бичгээр хаягийг тогтоож өгсөн болно. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хариуцагч “Ө” ХХК-д алданги тооцоход 2023 оны 06 дугаар  сарын 05-ны өдрийн байдлаар 12 150 000 төгрөгийн алданги тооцогдсон байна. Гүйцэтгэгч талаас гэрээт ажлын урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн даруй гэрээний дагуу 3 хоногийн хугацаанд ажлаа хийж гүйцэтгэх байсан боловч одоог хүртэл гэрээт ажлаа хийгээгүй, удаа дараа шаардлага хүргүүлж төлбөрөө төлөхийг шаардсан байхад үл хүндэтгэн төлбөрөө төлөөгүй. Иймд хариуцагч “Ө” ХХК-иас Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа санхүүжилтэд шилжүүлсэн 24 300 000 төгрөг, гэрээний дагуу тооцсон алданги 12 150 000 төгрөг, нийт 36 450 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340 200 төгрөгийн хамт гаргуулж манай компанид учирсан хохирлыг барагдуулж өгнө үү..." гэжээ

 

2. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, ажил гүйцэтгэх гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт, Н ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн алданги тооцоолсон тооцоолол, Ө ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 22/450 дугаартай шаардлага хүргүүлэх тухай албан тоот, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн  22/465 дугаартай шаардлага хүргүүлэх тухай албан тоот, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2022/15043 дугаартай  шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2022/02265 дугаартай шүүхийн шийдвэр, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 28ё/2190 дугаартай албан тоот зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар, баримт гаргаж өгөөгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “Н ” ХХК болон “Ө” ХХК нар 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон. Манай компани зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрээнд заасан урьдчилгаа санхүүжилт болох 24 300 000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй ба нэхэмжлэгчээс удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул урьдчилан төлсөн 24 300 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 12 150 000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй...” гэж тайлбарлаж байна.   

 

3. Хариуцагч “Ө” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар, талууд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолбор Зочид буудлын барилгын В1 хэсгийн 3 давхрын А В С айл/өрөөний/ дотор заслын ажлыг талбайн хэмжилтээр чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн биет байдлын доголдолгүй стандартын дагуу хийж гүйцэтгэн захиалагчид актаар хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч буюу захиалагч нь               81 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

5.  Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

6. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан. Гүйцэтгэгч буюу хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.

 

7. Гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үр дагавар үүсэх бөгөөд нэхэмжлэгчээс гэрээний 3.3.1-т заасны дагуу хариуцагчид 24 300 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Голомт банкны гүйлгээний баримт, нэхэмжлэгч  талын тайлбараар тогтоогдож байх тул “Ө” ХХК-иас 24 300 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н ” ХХК-д олгох нь зүйтэй.

 

8. Гэрээний 5.1-т “гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд захиалагч талд гэрээт ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй, графикт хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гэрээт ажлын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө” гэх тохиролцоог хийсэн байна.

 

9. Дээрх дүгнэсэнчлэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул нэхэмжлэгч гэрээний үүрэг болох алданги шаардах эрхгүй юм.

 

10. Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн төлбөр болон гэрээний үүргээс татгалзсан үйл баримттай маргаагүй. Мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2023.10.25-ны өдөр хариуцагчийн 88111290 дугаарын утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

11. Иймд хариуцагч “Ө” ХХК-иас 24 300 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 150 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан “Ө” ХХК-иас 24 300 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 150 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 340 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ө” ХХК-иас улсын тэмдгийн хураамжид 340 200  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНХЦЭЦЭГ