Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2023/0559

 

 

    2023         06           26                                     128/ШШ2023/0559

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ц.Н******* /РД:*******/,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Д*******,

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Ц******* нарын хоорондын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д*******, хариуцагч Ш.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г******* хяналт шалгалт хийж, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 001******* дугаартай шийтгэлийн хуудсаар Ц.Н*******д Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т зааснаар 2,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан.

1.2. Ц.Н******* уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх хяналтын зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх хяналтын зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаартай албан бичгээр “... Гомдолд дурдсан эрх зүйн акт нь Хорооны шийдвэр биш бөгөөд Хорооны хянан шалгагч, улсын байцаагч бүрэн эрхийнхээ хүрээнд зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэж шийтгэл ногдуулсан байх ба Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтны шийдвэр үйл ажиллагааны талаарх гомдлыг харьяалах хууль хяналтын байгууллагад гарган шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн хариуг өгсөн байна.

1.3. Улмаар Ц.Н*******аас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г******* холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Улсын байцаагчийн 001******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргасан.

 

Хоёр.Гомдлын үндэслэл:

2.1. Гомдол гаргагчаас тус шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Ц.Н******* нь “Д*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр томилогдож 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тус албыг хашиж байна. Мөн “Т*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажилд авах тухай” 03 тушаалаар тус компанийн Санхүү хариуцсан захирлын албан тушаалд бүтэн бус цагаар ажиллах нөхцөлөөр томилогдон тус ажлыг үндсэн ажлаас гадуур давхар гүйцэтгэж байна.

Өөрөөр хэлбэл Ц.Н******* нь “Д*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг бүтэн цагаар буюу үндсэн ажилтнаар, “Т*******” ХХК-ийн Санхүү хариуцсан захирлын ажлыг ажлын бүтэн бус цагаар буюу үндсэн ажлаас гадуур давхар эрхэлж байгаа юм. Ийнхүү давхар ажил эрхэлснийг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г******* зөрчлийн хэрэг нээн шалгаж, Хорооны 2019 оны 04 тоот “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм батлах тухай” тогтоолын нэгдүгээр хавсралт “Үнэт цаасны зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 2.1.5.4-т “зохицуулалттай этгээдийн гүйцэтгэх захирал, ... нь өөр байгууллагад үндсэн ажилтнаар давхар ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, байх” гэж заасныг зөрчсөн нь “нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, банкны хуулгаар” нотлогдсон гэж үзэж 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №001******* шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 10.10.2, 10.10.3-т зааснаар торгууль ногдуулсан.

Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Санхүүгийн Зохицуулах Хорооны эрх зүйн байдлын /цаашид “Хяналтын зөвлөл” гэх/ ажиллана”, Монгол улсын Их хурлын 2006 оны 56 дугаар тогтоолоор тухай хуулийн 28.1-т "Хорооны дэргэд Хорооноос гаргасан аливаа шийдвэртэй холбогдсон гомдлыг урьдчилан хянах, Хорооны үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл батлагдсан “Санхүүгийн Зохицуулах Хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн ажиллах журам”-ын 4.1.-7 “Хорооноос гаргасан шийдвэр хууль тогтоомж зөрчсөн тухай гомдлыг иргэн, хуулийн этгээд Хяналтын зөвлөлд гаргана” гэж заасны дагуу Зөрчилд шийтгэл ногдуулах тухай №001******* шийтгэлийн хуудсыг хянуулж хүчингүй болгуулахаар Ц.Н*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д******* би Санхүүгийн Зохицуулах Хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлд 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргасан.

Хяналтын зөвлөлийн дарга Р.Рын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №4 тоот албан бичгээр “..., гомдлыг харьяалах хууль хяналтын байгууллагад гарган шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн хариу ирүүлсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангасан болно.

Иймд дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тухайд:

“Т*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажилд авах тухай” 03 тушаалаар Ц.Н******* нь тус компанийн Санхүү хариуцсан захирлын албан тушаалын дагуу бүтэн бус цагаар ажиллах тул Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан “Маягт батлах тухай” 2021 оны дугаар 49, А/39 тушаалын 2.26.9-д “Үндсэн ажлаас гадуур давхар ажил эрхэлж байгаа ажилтан /даатгуулагч/” даатгуулагчийн төрлөөр буюу 40 кодоор төлнө” гэж зааснаар ажил олгогч нь 2022 оны 1, 2 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн.

Тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Ажилчдын цалин нэмэгдүүлэх тухай” тушаалын хавсралтаар ажилтнуудын үндсэн цалингийн нэмэгдлийг баталж, нэмэгдүүлсэн цалинг тус оны 3 дугаар сараас эхэлж олгосон. Ц.Н*******ын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №01 “Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ” нь хугацаагүй байгуулагдсан тул 2022 оны 03 дугаар сараас нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 40 кодоор үргэлжлүүлэн төлөх байсныг компанийн Хүний нөөцийн менежер, Нягтлан бодогч нар ажлын хариуцлага алдсаны улмаас Ц.Н*******ын нийгмийн даатгалын шимтгэлийг энгийн /үндсэн/ ажилтны даатгуулагчийн төрлөөр буюу 1 кодоор 2022 оны 03 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалд тайлагнасан байна.

Уг алдааг мэдсэн даруйд “Т*******” ХХК-иас Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж дээрх алдаатай тайланд залруулга хийлгэсэн. Тус компанийн гүйцэтгэх захирлын 20... оны ... сарын ...- ны өдрийн .... тоот ....... тухай тушаалаар Нягтлан бодогч ......-д Сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Ц.Н*******ыг “Т*******” ХХК-д үндсэн ажил давхар эрхэлж зөрчил үлдсэн гэх зорилготой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь “нийгмийн даатгалын бичилт, дансны хуулгаар” тогтоогдсон гэх илт нэг талыг барьсан дүгнэлтээс илэрхий харагддаг. Тухайлбал Ц.Н “Т*******” ХХК-д үндсэн бус ажилтнаар ажилладаг нь “Ажилд авах тухай” тушаалын хууль зүйн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйл, “Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах Хөдөлмөрийн гэрээ”, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн бус ажилтны төлөлтийн 40 код бүхий тайлагнал зэрэг баримтаар илэрхий нотлогддог. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1.-т “1.Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна” гэж заасныг зөрчиж, бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор Ц.Н*******ын ажил олгогч, хамтран ажиллагсад бусад холбоотой этгээдээс гэрчээр асуух гэх мэт шаардлагатай ажиллагааг хийгээгүй.

Ажилтан, ажил олгогч харилцан тохиролцсон бол үндсэн эсвэл үндсэн бус ажилтан байхаас үл хамаарч хэдий хэмжээний их, бага цалин авах нь хууль зүйн хувьд мөн л нээлттэй буюу цалингийн хувь хэмжээг хуулиар хязгаарлаагүй. Ц.Н******* нь “Т*******” ХХК-д дээд шатны удирдлагад ажилладаг ба түүнтэй ижил түвшний үндсэн ажилтан буюу үйл ажиллагаа хариуцсан захирлын нэг сарын үндсэн цалин 20 сая төгрөг байхад тэрээр үндсэн бус ажилтан тул ижил түвшний ажилтнаас 60 хувь бага буюу нэг сарын 8 сая төгрөгийн цалинтай ажилладаг. Гэтэл энэ нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийгээгүй, Ц.Н*******ын тайлбарыг хэрэгсээгүй нь эрх бүхий албан тушаалтан нотлох баримтыг хангалттай тодруулах, зөрчил үйлдсэн эсэхийг бүрэн гүйцэт шалгах, Ц.Н******* зөрчил үйлдсэнийг нотлох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй.

Банкны хуулгаар нотлогдсон гэх тухайд:

Эрх бүхий албан тушаалтан Ш.Г******* нь “Д*******” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 49 тоот дансны хуулгыг холбогдогчоос гаргуулан авч тус компанийн данснаас Ц.Н*******д цалин олгодоггүй нь, “Т*******” ХХК-иас 8 сая төгрөгийн цалин авдаг нь зөрчил үйлдэх үндэслэл болсон гэж холбогдогчид тайлбарлажээ.

Ц.Н******* нь “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн санхүүгийн нөхцөл байдал, мөнгөн урсгалыг харгалзан үзэж тус компаниас цалингийн авлагатай, компани нийгмийн даатгалын шимтгэлийг тайлагнадаг боловч мөн л санхүүгийн байдлаас шалтгаалж нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгтэй байдаг. Энэ үйл баримт нь Ц.Н*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд тодорхой харагддаг. Ажил олгогч нь ажилтанд нийгмийн даатгал төлж байгаа нь нөгөө талаараа түүнд цалин тооцож цалингийн өглөгтэй болохыг илэрхийлнэ. Цалингийн хэмжээ, олгох хугацааг ажил олгогч, ажилтан харилцан тохиролцох нь хууль зүйн хувьд нээлттэй буюу аливаа хязгаарлалт байдаггүй.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч Ц.Н*******ыг өмгөөлөгч авах, зөрчил үйлдээгүйг нотлох хүсэлт, тайлбар гаргах боломж олгоогүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчийн эрх, үүргийг, мөн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.1.5-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” гэснийг тус тус зөрчсөн. Ц.Н******* нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нотлох баримт, тайлбарыг эрх бүхий албан тушаалтанд өгсөн боловч хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г******* нь “ийм өндөр цалинтай үндсэн бус гэрээ байх боломжгүй, чи халхавч гэрээ хийсэн байна” гэж Зөрчил ногдуулах шийдвэрийн үндэслэлээ хэт субьектив дүгнэлтэд үндэслэн, “нийгмийн даатгалын тодорхойлолт, банкны хуулга” төдийгөөр нотлогдсон гэж үзсэн нь эрх бүхий албан тушаалтан нь зөрчил ногдуулах үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй байгааг илэрхийлж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1.-т “1.Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна” гэж заасныг зөрчиж, бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор гэрч асуух гэх мэт шаардлагатай ажиллагааг хийгээгүй. “..., 8 сая төгрөгийн өндөр цалинтай Үндсэн бус ажлын гэрээ гэж байхгүй, халхавч гэрээ хийсэн байна” гэх зэргээр холбогдогч Ц.Н*******ын нэр төрд халдаж, гэрээг хүчин төгөлдөр бус халхавчилж хийсэн хэлцэл буюу Иргэний хуулийн 56.1.3-т “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэж шүүхийн өмнөөс гэрээг дүгнэж, түүнийг компанитай хууль бус гэрээ хийсэн гэж нэр төрд нь халдсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 7-д “..., эсхүл хүний нэр төрийг гутаан доромжлон харьцаж мэдүүлэг авахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн.

Зөрчил ногдуулах нэг үндэслэл болох “Д*******” ХХК-ийн дансны хуулга нь банкны тамгагүй, хуулбар буюу нотлох баримтын шаардлага хангахгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж заасныг зөрчсөн тул тус баримт нь нотолгооны ач холбогдолгүй. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г*******ийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн зөрчилд шийтгэл ногдуулах тухай №001******* шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.2.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдол гаргагч нь одоогийн байдлаар Д компанид гүйцэтгэх захирлаар ажилладаг. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд Дэлгэрхангай секюритиз байж байгаад 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Д болгож оноосон нэрээ өөрчилж хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлсэн. Хэлэлцүүлгийн явцад төөрөгдөх зүйл гарч магадгүй учраас үүнийг онцлон тэмдэглэж байна. Мөн түүнчлэн гомдол гаргагч нь Т******* компанийн санхүү хариуцсан захирлын ажлыг үндсэн ажлын хажуугаар хавсаргана гүйцэтгэдэг. Мөн Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо ТББ-ын удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Энэ бол сонгуульт ажил юм. Өөрөөр хэлбэл үнэт цаасны арилжаа эрхэлдэг брокер дилерийн компанид гишүүнчлэлтэй холбоо байдаг. Гомдлын утгын тухайд товчхон ярья, яагаад гэхээр шүүхэд гомдлоо гаргаад хариуцагч тайлбараа үзээд явсан байгаа. Нэхэмжлэгч 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Д компанийн хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Ингээд Санхүүгийн зохицуулах хороо руу материалаа хүргүүлээд 5 дугаар сарын 06-ны өдөр хорооны зөвшөөрөл гараад 5 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ингээд албан ёсоор гүйцэтгэх захирал болсон. Энэ үйл баримтын өмнө нь буюу Д компанийн захирлаар томилогдоогүй байхдаа 2022 оны 01 дүгээр сард Т******* компанитай бүтэн бус цагаар ажиллах хөдөлмөрийн гэрээг байгуулаад тус компанийн санхүү хариуцсан захирлаар ажиллаж байсан. 2 сарын дараа Д компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон үйл баримт байдаг. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Т******* компанид ажил орсон. 3 дугаар сарын 18-ны өдөр Д компанид ажилд орсон. Улмаар 2 сарын дараах үйл ажиллагаа болж байгаа. Ингээд хоёр ажил эрхэлдэг. Өөрөөр хэлбэл, Т******* компанийн санхүү хариуцсан захирлыг үндсэн ажлын хажуугаар эрхэлдэг. Үүнийг Санхүүгийн зохицуулах хороо хянаад зөрчлийн хэрэг үүсгээд хоёр газарт зэрэг ажиллаж байна буюу Т******* компанид үндсэн ажилтнаар ажилладаг Д компанид үндсэн ажилтнаар ажилладаг, энэхүү зэрэг ажиллаж байгаа нь холбогдох журмын заалтыг зөрчсөн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, үнэт цаасны зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журмын 2.1.5.4 дэх заалтыг зөрчсөн учраас 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 001******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 10.1, 10.2-д зааснаар торгууль ногдуулсан. Ингээд гомдол гаргагч хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар хорооны дэргэдэх хяналтын зөвлөлд гомдол гаргасан. Хяналтын зөвлөлөөс 5 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр холбогдох хуулийн байгууллагад гомдлоо шийдвэрлүүлэхийг мэдэгдэж хариу ирүүлсэн. Ингээд уг хариу нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг хангасан гэж үзээд захиргааны хэргийн шүүхэд дээрх актыг хүчингүй болгуулах гомдол гаргаж байгаа.

... Акт тавьсан 2 үндэслэл байдаг. Нэгдүгээрт, 2 ажлыг зэрэг хийж байгаа буюу Т******* компанид үндсэн ажилтнаар ажиллаж байгаа нь тус компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, хоёрдугаарт, Д компаниас огт цалин авдаггүй нь Д компанийн харилцах дансны хуулгаар нотлогдсон гэдэг 2 үндэслэлээр зөрчил үйлдсэн гэдгийг тогтоосон. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тухайд дээр дурдсан нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажилд томилогдоод мөн оныхоо 01 болон 02 дугаар сард үндсэн бус ажилтан буюу үндсэн ажлаас гадуур өөр ажил хавсран эрхэлдэг гэдэг код буюу 40 кодоор нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан. 02 дугаар сарын 25-ны өдөр Т******* компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажилчдын цалинг нэмэгдүүлсэн. Ингэхдээ 4,000,000 төгрөгийн цалинг 8,000,000 төгрөг болгож өөрчлөөд мөн энэ тушаалаар зөвхөн нэхэмжлэгч гэлтгүйгээр Т******* компанийн гүйцэтгэх захирлаас бусад бүх ажилтны цалинг нэмсэн. Ингээд 3 дугаар сараас нэхэмжлэгч нэмэгдсэн цалин буюу 8,000,000 төгрөгийн сарын цалингаа авч эхэлсэн. Хүний нөөц болон нягтлан бодогч нарын ажлын уялдаа холбоогүйгээс болоод 01 гэдэг кодоор бусад ажилтны хамт нэг кодоор төлөгдөөд явсан. Үүнийг 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мэдээд залруулсан. 01 гэдэг кодоо төлж байгаа нь үндсэн ажилтныг давхар эрхэлж байгаа гэдэг үндэслэл болсон гэж үзэж байгаа.

Үндсэн ажилд эрхэлдэггүй гэдгийг юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр нэгдүгээрт ажил олгогч болон ажилтнуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажилд авах тушаал нь бүтэн бус цагийн буюу хавсран ажиллах нөхцөлтэйгөөр ажил олгогч Т******* болоод нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлтэй нийцэж байгаа. 40 гэдэг кодоор тайлагнасан тухайд мөн ажлын байрны тодорхойлолтоор тодорхойлж байгаа. Эхний 2 сард 40 гэдэг кодоор тайлагнаж байсан нь үйл баримтаар нотолдог. Энэ үйл баримтаас гадна 01 гэдэг кодоор буруу бичсэн байдаг. Энэ үндэслэлийг барьж шийтгэл ногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх  тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчиж өөрөөр хэлбэл зөрчил гаргасан байдлыг тодруулахаас гадна зөрчил шалган шийдвэрлэхэд бусад баримт мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг аваагүй хангалттай баримт бүрдүүлээгүй торгууль оногдуулсан. Мөн түүнчлэн ажилтан ажил олгогчтой тохиролцоод үндсэн ажилтан эсвэл үндсэн биш ажилтан байхаас үл хамаараад хэдэн ч төгрөгийн цалин авах боломжтой. Одоо үйлчилж байгаа хууль тогтоомж хөдөлмөр нийгмийн хорооны 3 талд зөвшилцлийн хороогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зааж өгснөөс биш дээд хэмжээг зааж өгөөгүй. Хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ бол ажилтан болоод ажил олгогчийн хооронд чөлөөтэй байдаг. Тэгэхээр Д компанид авч байгаагаас өндөр хэмжээний цалин авч байгаа нь түүнийг үндсэн ажилтан гэж үзэх үндэслэл болсон гэж улсын байцаагч үздэгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Үүнийгээ энэ үндэслэлээр нотолж байгаа. Өөрөөр хэлбэл Тэлмэн компанид энэ түвшинд үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар н.Ганзориг, санхүү хариуцсан захирал Ц.Н******* гэдэг ийм хоёр хүн байдаг. Энэ хоёр хүн 20,000,000 төгрөгийн цалин авдаг. 20,000,000 төгрөгийн цалин авдаг баримтыг хэрэгт өгсөн. Нэхэмжлэгч М3 түвшинд ажилладаг учраас 20,000,000 төгрөгийн цалин авах ёстой боловч хавсран ажил хийдэг буюу түүнийг гүйцэтгэж байгаа санхүү эрхэлсэн захирлын ажил хавсран ажиллаж байгаа учраас 60 хувиар бага буюу 8,000,000 төгрөгийн сарын цалин авдаг. Энэ нөхцөл байдлыг тодруулаагүй.  Мөн түүний мэдүүлгийг хэрэгсээгүй. Ийм өндөр цалинтай хавсран ажил байдаггүй гэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад улсын байцаагч өөрийнхөө үзэмжээрээ хандсан гэж нэхэмжлэгч гомдолтой байдаг.

... Хоёр дах үндэслэл бол банкны хуулгаар нотлогдсон гэдэг. Бид бол юу гэж ойлгож байгаа вэ гэхээр Ц.Н*******ыг хувь хүний хувьд хорооны холбогдох журмыг зөрчсөн гэж үзээд зөрчлийн хэрэг үүсгэсэн. Д компанийг холбогдогчоор татаагүй. Д компаниас дансны хуулга татсан. Дансны хуулга бол байгууллагын орлого зарлагын мэдүүлэг байдаг байгууллагын нууц мэдээлэл юм. Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан бол тухайн ажилтнуудын тоо цалин хэдэн төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг үү гэх мэтчилэн нийгмийн даатгалын тайлан, санхүүгийн тайлан харилцах банкны дансны мэдээлэл гэдэг бол ач холбогдлын хувьд яг ижил хэмжээний байгууллагын нууц мэдээлэл байдаг. Улсын байцаагчийн хувьд прокурорын зөвшөөрөлтэйгөөр нотлох баримтыг цуглуулахдаа байгууллагын болон хувь хүний нууцад хамаарах нотлох баримтыг прокурорын зөвшөөрөлтэй цуглуулан гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.4-д заасны дагуу цуглуулсан. Ингэхдээ ач холбогдлын хувьд яг ижилхэн хоёр нотлох баримт байхад банкны дансны хуулгыг нь орхиод зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг нотлох баримтаар цуглуулахдаа прокуророос зөвшөөрөл авсан. Харин нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаас гадна банкны харилцах дансны хуулгыг прокуророос зөвшөөрөл аваагүй. Уг нь бол ач холбогдлын хувьд адилхан байгууллагын нууцад хамаарах юм. Д компани руу албан бичиг хүргүүлээгүй. Зөвхөн нэхэмжлэгч рүү утсаар яриад хувийн мэйлийг аваад хууль бусаар бүрдүүлсэн нотлох баримтад үндэслээд зөрчил ногдуулсан. Тийм учраас зөрчлийг нотолж байгаа баримт өөрөө хууль зөрчсөн гэж үзээд маргаж байгаа.

Мөн хэт субьектив байдлаар ажиллагааны явцад хандсан гэдгийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн тухайд өөрөө энэ маргаанд оролцож шүүх хуралдаанд ирээд тухайн ажиллагааны явцад байсны хувьд тайлбараа хэлэх байсан боловч Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо болон Япон улсын санхүүгийн зохицуулах хороо мөн хоёр улсын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны шугамаар Япон улсад ажиллаад өнөөдөр 19 цаг 15 минутад Монгол Улсад газардах учраас энэ хуралд оролцох боломжгүй байлаа. Банкны хуулгаар нотлогдсон гэх тухайд энэ тайлбар байна. Үйл баримт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн зүйл болсон. Субьектив байдлаар хандаж нэхэмжлэгчийн ажил олгогчтой байгуулсан гэрээг халхавч гэрээ гэж шүүхийн өмнөөс дүгнэлт хийж өгсөн нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүй шийдвэр гаргасан. Товчхон хэлэхэд нэгэнт гомдолдоо бичсэн учраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчийн зарим эрх үүргийг эдлүүлээгүй үүнийгээ хариу тайлбар шатандаа хэлнэ. Ийм үндэслэлүүд байгаа. Ингээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн. Эрх бүхий албан тушаалтанд зөрчил ногдуулсан үйл баримтаа өөрөө хуульд заасны дагуу нотлох ёстой боловч энэ баримтууд нотлохгүй зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа баримтууд хуульд заасны дагуу бүрдүүлэгдээгүй учраас улсын байцаагчийн дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Ш.Г******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц******* тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г******* надад холбогдох “Д*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Н*******ын нэхэмжлэлтэй зөрчлийн хэрэгт нэхэмжлэгчийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. Зөрчлийн үйл баримтын тухайд:

“Д*******” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болно. Тус үнэт цаасны компани нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг Хорооноос баталсан багц дүрмээр зохицуулна” гэж заасны дагуу тус хорооны 2019 оны 04 дүгээр тогтоолоор баталсан “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм” (цаашид “багц дүрэм” гэх)-ийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй. Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.9-т “зохицуулалттай этгээдийн удирдах албан тушаалтанд нэр дэвшигчийг тохиромжтой этгээд мөн эсэхийг тогтоох, түүнд ажиллах зөвшөөрөл олгох, эсхүл тохиромжтой бус этгээдийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх” гэж заасан болон багц дүрмийн нэгдүгээр хавсралтаар баталсан “Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам” (цаашид “багц дүрэм” гэх)-аар үнэт цаасны компани буюу зохицуулалттай этгээдийн гүйцэтгэх удирдлагыг томилохтой холбогдсон харилцааг зохицуулдаг.

Дээрх хууль журамд заасны Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 232 дугаар тушаалаар дагуу иргэн Ц.Н*******ыг “Д*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилохыг зөвшөөрсөн байдаг. Гэтэл иргэн Ц.Н******* нь “Д*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилуулах хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэхдээ буюу дээрх журмын 7 дугаар хавсралт эрх бүхий албан тушаалтны тодорхойлолтыг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр бөглөн ирүүлэхдээ “Т*******” ХХК-ийн Санхүү хариуцсан захирлын албан тушаалд ажил хөдөлмөр эрхэлдэг талаар дурдаагүй байна. Харин “М” ТТБ-ын төлөөлөн Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн бөгөөд “Т*******” ХХК-ийн Санхүү удирдах зөвлөлийн даргаар Ц.Н*******ыг томилсон шийдвэрийн хамт түүний анкетыг хариуцсан захирлын албан тушаалыг давхар эрхэлдэг талаар дурдсан.

Энэхүү мэдээлэл нь тус хороонд урьд нь өгч байсан мэдээлэлтэй зөрсөн бөгөөд журмын 2 дугаар зүйлийн 2.1.5-д “зохицуулалттай этгээдийн хувьцаа эзэмшигч /хувьцаат компанийн хувьд нийт хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшигчид/, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд болон гүйцэтгэх захирал, дотоод хяналтын ажилтан болон мэргэжилтнүүд нь дараах шалгуурыг хангасан байна”, 2.1.5.4-т “зохицуулалттай этгээдийн гүйцэтгэх захирал, мэргэжилтнүүд нь өөр байгууллагад үндсэн ажилтнаар давхар ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, өөр зохицуулалттай этгээдийн 5 хувь ба түүнээс дээш хувийг эзэмшдэггүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлээр 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.1, 10.2 дахь хэсэгт зааснаар 230 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчил үйлдсэн нь холбогдох нотлох баримтаар тогтоогдсон тул иргэн Ц.Н*******ыг 2,000 нэгж буюу 2,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийг 001******* дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан.

2. Нийгмийн даатгалын шимтгэлийн тухайд:

Иргэн Ц.Н******* нь “Д*******” ХХК-тай нэг эцсийн өмчлөгчтэй “Т*******” ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ”-г байгуулж, тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай ажилд томилсон тушаалаар Санхүү хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн байна.

УЕПГ-ын хяналтын прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 20 дугаартай зөвшөөрлөөр Ц.Н*******ын 2022 оноос эхлэн ажил олгогчоос авсан цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулан авсан.

Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт дээр Ц.Н******* нь “Т*******” ХХК-д үндсэн ажил эрхэлдэг 01 код буюу Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалтын сайдын 2020 оны 246/А/245 дугаар “Маягт, журам батлах тухай” хамтарсан тушаалын хавсралтад заасан хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. “Т*******” ХХК нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 98/23 дугаартай албан бичгээр Ц.Н*******ын ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний төрөл өөрчлөгдөөгүй тул даатгуулагчийн төрлийг 40 код буюу үндсэн ажлаас гадуур давхар ажил эрхэлж байгаа ажилтнаар залруулж өгөхийг хүссэн албан бичиг хүргүүлсэн нь зөрчил үйлдсэний дараа хийсэн үйлдэл байна. Иргэн Ц.Н******* нь “Т*******” ХХК-ийн Санхүү хариуцсан захирлын ажил үүргийнхээ чиг хүрээнд санхүүтэй холбоотой асуудлыг нягтлах ёстой байтал бүтэн нэг жил 2 газар үндсэн ажилтнаар ажилласан гэх тайлагналыг тайлагнасан байна.

3. Өмгөөлөгч авах, нотлох баримт, тайлбар гаргах боломж олгоогүй талаар:

Иргэн Ц.Н*******д холбогдох зөрчлийн хэрэг нээгдсэн тогтоолыг танилцуулсны дараа иргэн өөрөө өмгөөлөгч хөлслөх талаар мэдэгдэж мэдүүлэг өгөөгүй бөгөөд дараа нь 2023 оны 04 дүгээр сарын 11, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд тус тус мэдүүлэг өгөх үед Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрх, үүргийн талаар тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан болно. Мэдүүлэг тайлбар өгөх үед Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.2-т “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах", 2.8-д “нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх” гэж заасан эрхээ холбогдогч Ц.Н******* эдлэх нь нээлттэй байсан бөгөөд эрхийг зөрчсөн үйл ажиллаагаа явуулаагүй болно.

Ц.Н*******д холбогдох зөрчлийг шалгахад Нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт, тус Хороонд хүсэлт гаргахдаа ирүүлсэн анкет болон “М” ТББ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилогдох үед өөрийн бичсэн анкет, харилцах банкны хуулга зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон тул ажил олгогч, хамтран ажиллагсдаас мэдүүлэг тайлбар авах шаардлагагүй байсан.

Нийгмийн даатгалын тодорхойлолтод заасан нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн өр төлбөргүй болох нь тодорхой байсан тул “Т*******” ХХК-ийн Санхүү хариуцсан захирлын цалин хөлс 8 сая төгрөгийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагагүй байсан.

Ц.Н******* нь “Д*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсоноос хойших хугацааны компанийн Худалдаа хөгжлийн банкны 49 дугаартай дансны хуулгаас харахад 2022.04.01-ний өдөр 2,399,500 төгрөг, 2022.05.04-ний өдөр 2,399,500 төгрөг, 2022.06.30-ны өдөр 2,399,500 төгрөгийн цалин хөлсийг авсан нь харилцах банкны хуулгаас харагдаж байна. Харин Санхүүгийн зохицуулах хорооноос гүйцэтгэх захирлаар ажиллах зөвшөөрөл олгосны дараа нэг удаа үндсэн ажилтнаар цалин хөлс авсан байна.

Мөн “Т” ХК, “Х” ХК-д төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн буюу компанийн эрх бүхий албан тушаалтнаар ажилладаг бөгөөд энэ талаар Санхүүгийн зохицуулах хороо болон “М” ТТБ-д мэдүүлсэн анкет дээр бөглөөгүй байна.

Ц.Н*******д холбогдох 230 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгахад “Д*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахад тохиромжтой этгээдийн шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлуулах үедээ ирүүлсэн анкетад “Т*******” ХХК-ийн Санхүү хариуцсан захирал, “Т” ХК, “Х” ХК-д тус тус төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн буюу компанийн эрх бүхий албан тушаалтнаар ажилладаг талаар мэдүүлээгүй, 2 өөр газар үндсэн ажилтнаар ажилласан зөрчилд холбогдох хууль журамд заасны шийтгэл оногдуулсан болно. Иймд Ц.Н*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д*******гийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Д компанид Ц.Н*******ыг томилогдсонтой холбоотой ерөөсөө маргаагүй. Гол маргасан асуудал бол нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сард Санхүүгийн зохицуулах хорооны 169 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу банкнаас бусад мэргэжил үйл ажиллагаа тусгай зөвшөөрөл эзэмших анкет дээрээ Т******* компанид ажилладаг талаараа анкет дээрээ бөглөөгүй байсан. Энэ явдлыг яаж мэдсэн бэ гэхээр үнэт цаасны арилжаа эрхэлдэг ТУЗ-ын даргаар томилогдсон шийдвэр манайд ирээд тэр шийдвэр нэхэмжлэгчийн товч анкет дээр Т******* компанийн санхүү хариуцсан захирлаар ажилладаг гэсэн мэдээлэл ирсэн. Мөн хороонд бүртгэлтэй үнэт цаасны хувьцаат хоёр ч компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг талаар анкет дээрээ бөглөөгүй байсан. Энэ компани үнэт цаасны тусгай зөвшөөрөлтэй хорооны гүйцэтгэх захирлаар тохиромжтой этгээдийн шаардлагыг хангаж байж гүйцэтгэх захирлаар томилогддог. Т******* компанид давхар ажил хийгээд үндсэн ажил нь Т******* компанийн давхар ажлыг хийдэг цалинтай буюу 8 болон 3 сая авах хамаа байхгүй. Дансны хуулга өгдөг гэдэг дээр хууль бусаар цуглуулсан гэдэгт санал нийлэхгүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.8-д холбогдогч өөрөө нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Мэдүүлгээр ч гэсэн өөрөө бол дансны хуулгаа гаргаж мэдүүлсэн байдаг. Дансны хуулга дээр тохиромжтой этгээдээр томилогдох хүртэл хугацаанд 3 удаа үндсэн ажилтнаар ажиллаж цалин авсан байдаг. Энэ үндсэн ажилтнаар авах цалингийн эх үүсвэр нь хэнээс орж ирсэн бэ гэхээр дансны хуулгаар харах юм бол Т******* компанийн гүйцэтгэх захирал н.Цэцэн гэдэг хүний данснаас 6,000,000 төгрөг орж ирсэн байдаг. Ингээд 3 удаа цалин аваад тэрнээс хойш үндсэн ажилтнаар зөрчил илрэлт ямар нэгэн цалин аваагүй байдаг. Энэ талаар нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж байна. Нотлох баримтыг бүгдийн зохих хуулийн дагуу бүрдүүлсэн байгаа. Прокурорын зөвшөөрлөөр нийгмийн даатгалын шимтгэлийн хуулбарыг гаргаж өгсөн бусад хүмүүсээс тайлбар мэдүүлэг аваагүй гэж байна. Бусад хүмүүсээс тайлбар мэдүүлэг авах шаардлагагүй нотлох баримтаар нотолж байгаа.  Үнэт цаасны ТУЗ-ийн даргаар томилогдох хүртэл зөрчлийн хэрэг нээх хүртэл Т******* компанийн санхүүгийн хариуцсан захирал өөрөө 1 болон 40-ээр төлж байсан уу гэдгийг мэдэх боломжтой байсан. Тэлмэн компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ч байгаа. Компанийн санхүүгийн үйл баримтыг хянах зохицуулах гэж байдаг. Улмаар энэ бүгдийг мэдэх боломжтой байсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсаны дараа нийгмийн даатгалын газарт очиж код солиулах хүсэлтээ гаргасан. Зөрчлийн тухай хуулийн 2 дугаар бүлэгт хүн хуулийн этгээд хууль захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүний зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно гээд заагаад өгсөн байгаа” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.9-д зохицуулалттай этгээдийн удирдах албан тушаалтанд нэр дэвшигчийг тохиромжтой этгээд мөн эсэхийг тогтоох, түүнд ажиллах зөвшөөрөл олгох, эсхүл тохиромжтой бус этгээдийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх гэж зааснаар Санхүүгийн зохицуулах хороо бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Үүний дагуу Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 26.1-д Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг Хорооноос баталсан багц дүрмээр зохицуулна гэж заасан. Энэ багц дүрмийн 1 дүгээр хавсралт бол үнэт цаасны тусгай зөвшөөрлийн журмын 2.1.5-д зохицуулалттай этгээдийн гүйцэтгэх захирал нь өөр байгууллагад үндсэн ажилтнаар давхар ажил хөдөлмөр эрхэлдэггүй байх гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь Д компанийн гүйцэтгэх захирлаар томилуулах зөвшөөрөл авах юм бол Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63.1.9-д зааснаар зөвшөөрөл авахаар Санхүүгийн зохицуулах хороонд бүрдүүлж ирүүлсэн баримтаар түрүүн улсын байцаагчийн хэлсэн тохиромжтой этгээдийг тодорхойлох журмын хавсралтаар асуулга болон тусгай зөвшөөрлийн журмын хавсралтаар эрх бүхий албан тушаалтны тодорхойлолтыг ирүүлдэг. Энэ тодорхойлолтод Т******* компанид давхар ажил эрхэлдэг талаараа ямар ч мэдээлэл ирүүлээгүй байдаг. Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос ирүүлсэн хавсралтаар энэ хүн давхар ажил эрхэлдэг талаар олж мэдсэн байгаа. Нотлох баримтыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрдүүлээгүй гэж байна. Энэ зөрчлийг банкны хуулгаар нотлоогүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэдэг нь гомдол гаргагчийн гаргаж өгсөн нийгмийн даатгалын тодорхойлолтоор харагдаж байсан. Ийм учраас цалингийн дансаа хаанаас авдаг гэдэг нь мэдүүлгийн явцад өөрөө гаргаж өгөөгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Нэхэмжлэгч нь Д компанийг  итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байгаа. Компанийн захиран зарцуулах эрхтэй этгээд өөрийнхөө компанийн дансны хуулгыг гаргаж өгсөн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт  Эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно гэж байгаа. Мэдүүлэг өгсөн болон хуульд заасны дагуу Д компанийн гүйцэтгэх захирлаас цалин олгодог дансны хуулга гаргуулсан авсан байгаа. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны процессыг зөрчсөн гэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан гомдол гаргагчийн өгсөн мэдүүлгээс харах юм бол гомдол гаргагчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийн тайлбарласан. Нэмж тодруулах зүйл байна уу гэхэд үгүй гээд гарын үсэг зурсан баримт авагдсан. Гомдол гаргагчид хариуцагчийн гол шийтгэл оногдуулж байгаа үндэслэл бол төрийн байгууллагад үнэн зөв мэдээлэл гаргаж өгөөгүй төрийн бус байгууллагад албан тушаалтанд томилогдохдоо мэдээллийг өгсөн. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т заасан брокер дилерийн үйл ажиллагаа явуулах журмыг зөрчсөн үндэслэлээр торгуулийн шийтгэл ногдуулсан. Тийм учраас дээрх үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Хэргийн нөхцөл байдал:

1.1. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Цэдэв овогтой Н******* /РД:*******/-ыг “Т*******” ХХК-ийн Санхүү хариуцсан захирлын албан тушаалд ажлын бүтэн бус цагаар ажиллуулахаар шийдвэрлэж, 01 тоот “Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ” байгуулсан,

1.2. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Д ҮЦК” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 16 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлаар Ц.Н*******ыг томилсныг баталгаажуулах хүсэлтийг мөн сарын 21-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн,

1.3. 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны даргын 232 дугаар тушаалаар “Д/хуучнаар Д/” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд Ц.Н*******ыг томилохыг зөвшөөрсөн,

            1.4. Ц.Н******* нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдох хүсэлтэд хавсаргасан Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 179 дүгээр тогтоолоор батлагдсан “Банкнаас бусад санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-ын дагуу гаргасан асуулгын хуудсанд “Т*******” ХХК-д бүтэн бус цагаар ажилладаг тухайгаа бичээгүй,

            1.5. 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “М”-оос тус холбооны удирдах зөвлөлийн даргаар Ц.Н*******ыг томилсныг мэдэгдэхдээ Ц.Н*******ын намтрыг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн,

1.6. 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр эрх бүхий албан тушаалтнаас дээр дурьдсан “Банкнаас бусад санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх тохиромжтой этгээдийг тодорхойлох журам”-ын 2.1.5.4-т “зохицуулалттай этгээдийн гүйцэтгэх захирал, мэргэжилтнүүд өөр байгууллагад үндсэн ажилтнаар давхар ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өөр зохицуулалттай этгээдийн 5 хувь ба түүнээс дээш хувийг эзэмшдэггүй байх” гэснийг зөрчсөн байж болзошгүй гэж үзэж зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулсан,

1.7. Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ш.Г*******аас 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 001******* дугаартай шийтгэлийн хуудсаар Ц.Н*******д Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т тус тус заасныг үндэслэн 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

2. Гомдол гаргагч Ц.Н******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэж маргаагүй, харин улсын байцаагчийн 001******* дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч буй гомдлын үндэслэлээ,

- “Т*******” ХХК-д үндсэн ажилтнаар ажиллаагүй, нягтлан бодогчийн ажлын алдааны улмаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг үндсэн ажилтан гэж тайлагнасныг залруулсан байхад цалин авсан гэсэн үндэслэлээр үндсэн ажилтан гэж үзсэн нь хуульд нийцэхгүй,

- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй гэх агуулгаар тайлбарлан маргасан. 

3. Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 10-т “хуульд заасан, 10.1-т “брокер”, 10.2-т “дилер”-ийн үйл ажиллагааны журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс, түүний даалгавраар үнэт цаасыг худалдах, худалдан авахтай холбоотой зуучлалын үйлчилгээг гэрээний үндсэн дээр эрхлэхийг үнэт цаасны брокерын үйл ажиллагаа /цаашид “брокерын үйл ажиллагаа” гэх/ гэнэ” гэж, 37 дугаар зүйлийн 37.1-д “Өөрийн нэрийн өмнөөс өөрийн хөрөнгөөр үнэт цаасыг худалдах, худалдан авах ажиллагааг үнэт цаасны дилерийн үйл ажиллагаа /цаашид “дилерийн үйл ажиллагаа” гэх/ гэнэ” гэж заажээ.

4. Хуулийн дээрх зохицуулалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл, хариуцагч улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

5. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 10.1-д заасан зөрчил нь брокерийн үйл ажиллагаа буюу харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс, түүний даалгавраар үнэт цаасыг худалдах, худалдан авах үйл ажиллагааны журмыг, харин 10.2-т заасан зөрчил нь дилерийн буюу өөрийн нэрийн өмнөөс өөрийн хөрөнгөөр үнэт цаасыг худалдах, худалдан авах үйл ажиллагааны журмыг тус тус зөрчсөн үйлдлээр илрэхээр, эдгээр зөрчлийн субъект нь брокер, эсхүл дилер байхаар хуульчилсан байхад хариуцагч нь Ц.Н*******ын брокер, дилерийн үйл ажиллагаанд бус “зохицуулалттай этгээдийн гүйцэтгэх удирдлагын хувьд давхар үндсэн ажилтнаар ажиллахыг хориглосон зохицуулалтыг зөрчсөн” үйлдэлд хуулийн энэхүү зүйлээр хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн нь буруу юм.

6. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.9-д зааснаар зохицуулалттай этгээдийн гүйцэтгэх удирдлага нь тохиромжтой этгээд байх ёстой, холбогдогч нь энэ шаардлагыг хангаагүй” хэмээн тайлбарлан маргах боловч Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар “зохицуулалттай этгээдийн удирдах албан тушаалтанд нэр дэвшигчийг тохиромжтой этгээд мөн эсэхийг тогтоох” нь Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхэд хамаарч байхын зэрэгцээ зохицуулалттай этгээдийн гүйцэтгэх удирдлага нь тохиромжтой бус этгээд байх нь  түүнд  ажиллах  зөвшөөрөл олгох, эсхүл тохиромжтой бус этгээдийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх, улмаар мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т “хүний нөөцийн хувьд Хорооноос тогтоосон шаардлага хангасан” бол тусгай зөвшөөрлийг хугацаагүйгээр олгохоор зохицуулсан буюу тусгай зөвшөөрлийн шаардлага хангаж байгаа зохицуулалттай этгээдийн эрх зүйн байдалд дүгнэлт өгөхөд хамаарахаас бус Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 10.1, 10.2-т заасан зөрчилд хамаарахгүй юм.

7. Хэрэвзээ Ц.Н******* нь боркер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Д” ХХК-ийн эрх ашгийн төлөө дээрх зөрчлийн гаргасан гэж үзвэл тухайн зөрчлийн субьект нь хувь этгээдэд бус хуулийн этгээд байхаар байжээ.

8. Иймд хариуцагч улсын байцаагчаас маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хуулийн этгээдэд бус хүнд ногдуулсан, уг хүний үйлдсэн гэх зөрчил нь шийтгэлийн хуудаст бичигдсэн харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс, түүний даалгавраар, эсхүл өөрийн нэрийн өмнөөс өөрийн хөрөнгөөр үнэт цаасыг худалдах, худалдан авах үйл ажиллагаанд хамааралгүй байхад Ц.Н*******д шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-т “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэж, 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасанд нийцээгүй шийдвэр болсон байх тул гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

            9. Гомдол гаргагчаас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тайлбарласан үндэслэл нь энэхүү шийдвэрийн үндэслэл болохгүйг тэмдэглэв. Тодруулбал,

            9.1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Н*******аас “Т*******” ХХК-тай байгуулсан “Ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ”, гэрээний дагуу Санхүү хариуцсан захирал Ц.Н*******ын даатгуулагчийн төрлийг андуурч тайлагнасан болохыг тайлбарласан, улмаар даатгуулагчийн төрлийг дээрх хугацаанд 01 кодоор буруу тайлагнасныг 40 кодоор залруулж тайлагнасан болох нь тогтоогдож байх боловч энэ нь тухайн компанийн үйл ажиллагааны зохион байгуулалтад хамааралтай байхын зэрэгцээ зөрчил гарсан гэх цаг хугацаанд Ц.Н*******ын нийгмийн даатгалын шимтгэлийг “Т*******” ХХК-иас үндсэн ажилтнаар тооцож байсан гэж үзэхээр тул хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас түүнийг “Т*******” ХХК-д үндсэн ажилтнаар ажилладаг гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

9.2. Мөн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ц.Н******* нь “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар ажилладаг боловч цалин аваагүй, уг компани ашиггүй ажиллаж байгаа” гэж тайлбарлах боловч “Д” ХХК нь түүнийг гүйцэтгэх захирлаар ажилладаг гэж нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр тайлагнасан болох нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн тайлангаар тогтоогдож байна.

            9.3. Гомдол гаргагчаас “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй” гэж маргах боловч “Д” ХХК-ийн дансны хуулгыг Ц.Н******* нь өөрөө гаргаж, хариуцагчид мэйлээр хүргүүлсэн байх тул оролцогчоос өөрөөс нь гаргаж өгсөн баримтыг хуульд заасан журам зөрчиж авсан гэж үзэхгүй. Хэрэвзээ Ц.Н******* нь хуулийн этгээдийн дансны хуулгыг хариуцагчид гаргаж өгөх боломжгүй гэж үзвэл, энэ талаараа мэдэгдэх, гаргаж өгөхгүй байх боломжтой байжээ.

            9.4. Түүнчлэн Ц.Н******* нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлэг өгөхдөө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрх, үүрэгтэй танилцсан талаараа мэдүүлэгт гарын үсэг зурсан байх ба эрх бүхий албан тушаалтнаас оролцогчийн эрх, үүргийг заавал уншиж өгч тайлбарлах хуулийн шаардлага тавигдаагүй, Ц.Н*******аас тайлбарлуулах талаар хүсэлт гаргаагүй байх тул холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 болон 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ц.Н*******ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 001******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ