Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/1029

 

 

 

 

          2021           12            2                                   2021/ДШМ/1029

 

С.Цид холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баясгалан,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 354 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Баясгалангийн бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 18 дугаартай прокурорын эсэргүүцлээр С.Цид холбогдох 2107000960189 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С.Ц нь 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Оргил худалдааны төвөөс Налайх бөмбөрцөгтэй уулзвар хүрэх замд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Mitsubishi Minicab загварын 60-51 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: “а/... согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас, зам тээврийн осол гаргаж, иргэн К.Угийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: С.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчилэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ц “...бөмбөрцөг уруудаж явж байгаад хурдаа хасах гэсэн чинь машин шарвасан. Тэгээд сандраад дарсан чинь уначихсан.” гэх,

Мөрдөн байцаалтад яллагдагч С.Ц “...Оргил худалдааны төвөөс доош уруудаад бөмбөрцөгтэй уулзвар орох замд би машинаа бариад явж байсан. Тухайн үедээ замын 2 дугаар эгнээгээр доошоо уруудаад 50 билүү 60 км цагийн хурдтай явж байсан. Тэгтэл бөмбөрцөгтэй эргэдэг уулзвар ойртоод дөхөөд ирэх шиг болохоор нь хурдаа сааруулах санаатай тоормос гишгэсэн. Тоормос гишгэхдээ огцом гишгэчихсэн чинь машин шарвах шиг болохоор нь би сандарсандаа жолооны хүрдээ замын эгнээ рүү огцом дарж тоормос гишгэсэн чинь миний машин замын хашлага руу орох гэж байсан. Тэгэхээр нь буцаж нөгөө тийш нь огцом дарсан чинь машин маань жолоочийн эсрэг талаараа уначихсан...” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, мөрдөгчийн магадлагаа зэргийг дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэн, хэзээ, ямар сэдэлт зорилгоор үйлдсэн, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй, тэдгээрийг шүүх хуралдаанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор орон байр, бусад газар, нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хэргийн газраар тогтоон үзлэг хийнэ.” Мөн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 207.6, 207.7-д тус тус зааснаар мөрдөгч нь Зам тээврийн ослын газрыг хамгаалах, үзлэг хийх, тэмдэглэл үйлдэх, зам тээврийн ослын бүдүүвч зураг үйлдэхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй.

Тухайлбал, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “А цэгийг юуг үндэслэж авсан үзлэгийн тэмдэглэлд тусгаагүй, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, дүгнэлт-д тус бүдүүвч зургийг үйлдэхдээ ертөнцийн зүг, тухайн тээврийн хэрэгслийн явсан чиг тодорхойгүй, бүдүүвч зурагт “А” цэг болон тээврийн хэрэгсэл рүү байрлуулж зурсан атлаа хэдэн метр байсан, метр тайлбар бичигдээгүй, ногоон зураасаар юуг тодорхойлсон, түүнийг байрлуулаагүй, схем зурагт жолоочийн анкет нь дээр хохирогч К.Угийн биеийн байцаалтыг давхар бичсэн зэрэг зөрчил,

Мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа бараа, эд материалын хохирол учрах явдал” гэж зам тээврийн ослыг тодорхойлсон байдаг.

Гэтэл шүүгдэгч С.Ц “...Бөмбөрцөг уруудаж явж байгаад хурдаа хасах гэсэн чинь машин шарвасан. Тэгээд сандраад дарсан чинь уначихсан.” гэх,

Мөрдөн байцаалтад яллагдагч С.Ц “...Оргил худалдааны төвөөс доош уруудаад бөмбөрцөгтэй уулзвар орох замд би машинаа бариад явж байсан. Тухайн үедээ замын 2 дугаар эгнээгээр доошоо уруудаад 50 билүү 60 км цагийн хурдтай явж байсан. Тэгтэл бөмбөрцөгтэй эргэдэг уулзвар ойртоод дөхөөд ирэх шиг болохоор нь хурдаа сааруулах санаатай тоормос гишгэсэн. Тоормос гишгэхдээ огцом гишгэчихсэн чинь машин шарвах шиг болохоор нь би сандарсандаа жолооны хүрдээ замын эгнээ рүү огцом дарж тоормос гишгэсэн чинь миний машин замын хашлагаруу орох гэж байсан. Тэгэхээр нь буцаж нөгөө тийш нь огцом дарсан чинь машин маань жолоочийн эсрэг талаараа уначихсан...” гэх мэдүүлэг мэдүүлсэн байхад Монгол улсын замын хөдөлгөөний хууль дүрмийн ямар заалтыг хэн, хэрхэн зөрчсөнөөс шалтгаалж уг осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй байна.

Мөрдөгчийн магадлагаа болон яллах дүгнэлтэд “...Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэн үүрэг болгосон нийтлэг заалтаар зөвхөн согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үндэслэлээр буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар 1.1-д зааснаас бусад гэмт хэргийг хэн, хэзээ, ямар сэдэлт зорилгоо үйлдсэн, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй байхад ял тохиролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай даруй танилцаж, дараах нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянана:

...1.3-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх” гэж хуульд заасныг хянаагүй зөрчлийг прокурор дахин давтахгүй байх тал дээр цаашид анхаарах нь зүйтэй.

Яллагдагч С.Цийн 2007 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар,

-Налайх дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 43А дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан хянан магадлалын захирамж,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1071 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлж Төв аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 379 дүгээр захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тус оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөж, үлдэгдэл 2 сар 10 хоногийн хорих ялыг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүгчийн захирамжаар тэнсэн суллагдсан баримт,

-Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2091 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял бүрэн эдэлсэн эсэх, мөн 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан эсэх баримт хавтаст хэргийн материалд байхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”,

-Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т зааснаар 2021 оны 6 дугаа сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн,

-Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх  хэсэгт заасан “... Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ...” гэж тус тус заасны дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэхэд үндэслэл болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэж заажээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2-д заасны дагуу С.Цид холбогдох эрүүгийн 2107000960189 дугаартай хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2107000960189 дугаартай хэргийг  Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч С.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Баясгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжид тусгагдсан зарим нөхцөл байдал нь үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” нөхцөл байдлын тухайд:

- Гэмт хэрэг үйлдэгдсэн нь шүүгчийн захирамжид дурдсан зөрчилтэй гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зургаас гадна хохирогч К.Угийн мэдүүлэг,

Гэрч С.Цэгийн “...Тэгсэн орой 17 билүү 18 цагт над руу С.Ц залгаж “эгчээ би эхнэртэйгээ хамт машинтайгаа явж байгаад осолд орчихлоо” гэсэн мэдүүлэг,

Яллагдагч С.Цийн “...Үлдсэн архийг нь ганцаараа уучихсан юм. Ингээд манай эхнэр бид хоёр С.Цэгийн гэрт очихоор би машинаа жолоодож, эхнэрээ өөрийнхөө хажуугийн суудалд суулгаад явсан... Машин маань жолоочийн эсрэг талаараа уначихсан. Тэгэхэд жолоочийн эсрэг талд сууж байсан манай эхнэр К.У өөрийнхөө сууж байсан талын машины хаалганы цонхонд зүүн гараа даруулж бяцлуулчихсан...” гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний, 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадлагаа зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч С.Ц, хохирогч К.У нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байна.

-Мөн шүүх хуралдаанаар дээрх зөрчилтэй гэх мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл, бүдүүвч зургийг шинжлэн судлах боломжгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.22 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу хэргийн газрын үзлэгийг нөхөн гүйцэтгэх боломжтой.

2. Шүүгдэгч С.Ц нь 60-51 УНЧ улсын дугаартай Mitsubishi Minicab маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж “2.1 промилли спиртийн, дунд зэргийн согтолттой” байсан нь хавтаст хэрэг авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Энэ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэгт заасан жолоочийн үүргийн “3.7 Жолоочид дараах зүйлийн хориглоно: а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” буюу С.Ц нь жолоочид хориглосон зүйлийг хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас Оргил худалдааны төвөөс Налайх бөмбөрцөгтэй уулзвар хүрэх замд зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд С.Цийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “...хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн...” үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан 3.7.а заалтаас бусад заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан гэж үзэх боломжгүй,

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа, хохирогч К.У, гэрч С.Цэ, яллагдагч С.Ц нарын мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Оргил худалдааны төвөөс Налайх бөмбөрцөгтэй уулзвар хүрэх замд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Mitsubishi Minicab маркийн 60-51 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа... Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж К.Угийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх бүрэн боломжтой.

Мөн Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгаж тогтоосон гэж дүгнэж байна.

Иймд шүүгчийн 354 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл шүүгдэгч С.Цид холбогдох хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр С.Цид холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Шүүгчийн захирамжид “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэн, хэзээ, ямар сэдэлт зорилгоор үйлдсэн, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй, тэдгээрийг шүүх хуралдаанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. ...” гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга нь ялын бодлогод шууд нөлөөлдөг тул үүнийг заавал тогтоож, тодорхойлох нь зүйтэй.

Иймд “...гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоох, А цэгийг зөв тогтоож хэргийн газрын үзлэгийг нотлох баримтын шаардлага хангахуйц хийх. ...” зэрэг шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг хийж, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийж ирүүлэх нь зүйтэй байна.

Мөн яллагдагчийн С.Цийн урьд шийтгүүлж байсан шийтгэх тогтоол, магадлалын хуулбарыг хэрэгт хавсаргаж, тэдгээрийг эдэлж дууссан талаарх лавлагааг хавтас хэрэгт хавсаргаснаар эдлээгүй үлдсэн ял байгаа эсэх, хэрэв ял шийтгэлийг эдлэж дуусаагүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх буюу эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох шаардлагатай.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 354 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 354 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр” бичсэн прокурор Г.Баясгалангийн 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

 

                                  ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ