2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2026/ШЦТ/405

 

              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Д.Дашмаа, хохирогч ***, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт ***гийн ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510000002183 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ***ад 150,000 төгрөгийн тэтгэврийн зээл авах, гар утасны эрхийг нь сунгаж өгөх зэрэгт туслах нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2025 оны 10 дугаар сарын 27, 28, 31-ний өдрүүдэд түүний гар утсаар буюу цахим хэрэгсэл ашиглаж нэр дээр нь нийт 7,500,000 төгрөгийн тэтгэврийн зээл гаргуулан, улмаар өөрийн Хаан банкны 5033670540 дугаартай данс руу 6,800,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

Хохирогч ***: Хэцүү байна, мөнгөө яаралтай авмаар байна. Тэтгэврээ бүрэн авч чадахгүй, сард 220,000 төгрөгөөр хоол, хүнс авч хүрэлцэхгүй байна...” гэв.

 

          Шүүгдэгч ***: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлын хурдан хугацаанд төлж барагдуулна...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр намайг гэртээ байхад танил *** нь над руу залгаад манай гэрт хүрээд ир гэсэн, тэгэхээр нь би 10 цагийн орчим тэдний гэрт нь очсон. ***  ач охин ***гийн хамт байсан. Тухайн үед *** нь надад яндан авах гэсэн юм, 100,000 төгрөг зээлээч гэхээр нь би зөвшөөрөөд түүний ач охин ***гийн хамт Яармагт байх Хаан банкны салбар дээр очсон, очоод Киоск төхөөрөмжөөс тэтгэврийн 150,000 төгрөг зээлээд авчих гэж ***д хэлсэн. Би тухайн төхөөрөмжийг ажиллуулж мэдэхгүй. Тэгээд 50,000 төгрөгийг  өөрөө аваад, үлдсэн 100,000 төгрөгийг ***гийн эмээ ***т зээлсэн. 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би тэтгэврээ авах гэтэл 7,500,000 төгрөгийн тэтгэврийн зээл авсан байсан. Би 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ***тай уулзахад *** нь би таны дансыг өөрийн утасны интернэт банкан дээрээ суулгаад 7,500,000 төгрөгийн зээл авсан, би танд 2025 оны 12 дугаар сард өгч барагдуулна гэж хэлсэн. ...*** надаас ямар нэгэн зөвшөөрөл авч тэтгэврийн зээл авсан зүйл байхгүй, миний дансны мэдээллийг надаас аваад өөрийнхөө гар утсан дээр суулгасан байсан. Би гомдолтой байна. ***гаас өөрийн 7,500,000 төгрөгөө эргүүлэн авах хүсэлтэй байна...” /хавтас хэргийн 5, 65 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байхдаа танил Чулуунбат ах руу залгаад гэртээ дуудсан, удалгүй 10 цагийн үед ирсэн, тэгэхэд надтай манай эмээ *** хамт байсан. Эмээ Чулуунбат ахад яндан авах гэсэн юм, 100,000 төгрөг зээлээч, удалгүй өгье гэхэд Чулуунбат ах зөвшөөрөөд надтай хамт гэрийн ойролцоох Хаан банкны киоск машин дээр очоод тэтгэврийн зээл 1,500,000 төгрөг авсан. Тухайн зээл нь Чулуунбат ахын гар утсан дээр байх тоон гарын үсгээр авагдсан. 1,500,000 төгрөгийг аваад би өөрийн Хаан банкны 503хххх540 дугаарын данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан, тухайн үед Чулуунбат ах нь АТМ-ээс бэлэн 50,000 төгрөг авсан. ...Маргааш нь буюу 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 12 цаг орчим би Чулуунбат ахын гэрт ороод Чулуунбат ахтай буцаад гэрээс нь гарсан, гараад Чулуунбат ахыг гар утсаа өгч бай гэхэд Чулуунбат ах гар утсаа өгчхөөд, бие засчхаад буцаад гэр лүүгээ орчихсон. Тэгэхээр нь би Чулуунбат ахын утсыг барьж Хаан банкны киоск машин дээр очоод дахин тэтгэврийн зээл 3,000,000 төгрөг тоон гарын үсгийг нь уншуулж авсан, тухайн 3,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 503хххх540 дугаарын данс руу шилжүүлсэн. Би 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн орчим Чулуунбат ахын гэрт ортол Чулуунбат ах миний утасны эрх нь хаагдсан байна гэхээр нь би Чулуунбат ахад би утасны эрхийг нь сунгаад өгье гээд гар утсыг нь авч гараад, Хаан банкны киоск машин дээр очиж тоон гарын үсгээр тэтгэврийн зээл 3,000,000 төгрөгийг аваад, 2,800,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 503хххх540 дугаарын данс руу шилжүүлсэн. Би Чулуунбат ахын тэтгэврийн зээл нийт 7,500,000 төгрөгийг аваад өөрийнхөө Хаан банкны 503хххх540 дугаарын данс руу 6,800,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл 700,000 төгрөг Чулуунбат ахын дансанд үлдээсэн, тухайн 700,000 төгрөгөөс өөртөө зарцуулсан зүйл байхгүй. Би Чулуунбат ахын тэтгэврийн зээлийг өөрт нь хэлэлгүй авсан...” /хавтас хэргийн 7-9, 60-61 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

- Өргөдөл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 23-27, 35 дахь тал/,

- Дансны хуулга, хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 42, 43-44, 46-51, 66 дахь тал/,

- Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 13 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 14 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 15 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 16 дахь тал/, бүрэн дунд боловсролын тухай тодорхойлолт  хавтаст хэргийн 18 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 22 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 23-38 дахь тал/ зэрэг баримтууд болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ***ад 150,000 төгрөгийн тэтгэврийн зээл авах, гар утасны эрхийг нь сунгаж өгөх зэрэгт туслах нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2025 оны 10 дугаар сарын 27, 28, 31-ний өдрүүдэд түүний гар утсаар буюу цахим хэрэгсэл ашиглаж нэр дээр нь нийт 7,500,000 төгрөгийн тэтгэврийн зээл гаргуулан, улмаар өөрийн Хаан банкны 5033670540 дугаартай данс руу 6,800,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ***ын: “...*** нь надад яндан авах гэсэн юм, 100,000 төгрөг зээлээч гэхээр нь би зөвшөөрөөд түүний ач охин ***гийн хамт Яармагт байх Хаан банкны салбар дээр очсон, очоод Киоск төхөөрөмжөөс тэтгэврийн 150,000 төгрөг зээлээд авчих гэж ***д хэлсэн. Би тухайн төхөөрөмжийг ажиллуулж мэдэхгүй. Тэгээд 50,000 төгрөгийг  өөрөө аваад, үлдсэн 100,000 төгрөгийг ***гийн эмээ ***т зээлсэн. 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би тэтгэврээ авах гэтэл 7,500,000 төгрөгийн тэтгэврийн зээл авсан байсан. Би 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ***тай уулзахад *** нь би таны дансыг өөрийн утасны интернэт банкан дээрээ суулгаад 7,500,000 төгрөгийн зээл авсан, би танд 2025 оны 12 дугаар сард өгч барагдуулна гэж хэлсэн. ...*** надаас ямар нэгэн зөвшөөрөл авч тэтгэврийн зээл авсан зүйл байхгүй, миний дансны мэдээллийг надаас аваад өөрийнхөө гар утсан дээр суулгасан байсан...” /хавтас хэргийн 5, 65 дахь тал/ гэсэн мэдүүлэг, өргөдөл /хавтаст хэргийн 1 дэх тал/, дансны хуулга, хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 42, 43-44, 46-51, 66 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Бусдыг хуурч мэхлэх арга нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг ойлгоно.

 

Шүүгдэгч *** нь 150,000 төгрөгийн тэтгэврийн зээл авах, гар утасны эрхийг нь сунгаж өгөх зэрэгт туслах нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч ***ыг төөрөгдөлд оруулж, түүний гар утсаар буюу цахим хэрэгсэл ашиглаж нэр дээр нь нийт 7,500,000 төгрөгийн тэтгэврийн зээл гаргуулан, улмаар өөрийн данс руу 6,800,000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Шүүгдэгч ***гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдсэн арга, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хохирол төлөгдөөгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол биелээгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

3. Шүүгдэгч ***гийн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эд хөрөнгөд 6,800,000 төгрөгийн хохирол учирсан, хохирлыг төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж, хохирогч ***ад олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн 2510000002183 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *** гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн ***г 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ***д шийтгэсэн 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелээгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гаас 6,800,000 /зургаан сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч ***ад олгосугай.

 

6. Эрүүгийн 2510000002183 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *** гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР