| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2020/00337/И |
| Дугаар | 141/ШШ2020/00369 |
| Огноо | 2020-09-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 141/ШШ2020/00369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, хариуцагч Ш.Дийг оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэлээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй явуулсан шүүх хуралдаанаар А овогт Д.Бын нэхэмжлэлтэй, .. баг хаягаар оршин суудаг Б овогт Ш.Дт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2,568,792 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Д.Б нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Ш.Д нь 2013 онд Сум хөгжүүлэх сангаас 3,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлбөр нь үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 271,500 төгрөг, алданги 253,992 төгрөг, бүгд 3,525,492 төгрөг байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь 956,700 төгрөг төлж 2,568,792 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Зээлдэгч Ш.Дтэй төлбөрийн асуудлаар олон удаа уулзаж, эвлэрлийн гэрээ хийх оролдлого хийсэн боловч нэхэмжлэгчийг хэл амаар доромжлон, бусдыг өдөөн турхирч төлбөрийг төлөхгүй байгаа тул үлдэгдэл мөнгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ш.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сум хөгжүүлэх сангаас 3,000,000 төгрөгийн зээл авч, одоо үлдэгдэл 2,568,792 төгрөг байгаа нь үнэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн зээлийн гэрээтэй маргах зүйл байхгүй. Зээлийн үлдэгдэл дүнг хүлээн зөвшөөрч байгаа болохоор хариу тайлбар ирүүлээгүй. Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндсэн зээлийг төлүүлж, хүү, алдангиас чөлөөлж өгнө үү... гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А овогт Д.Б нь ... оршин суудаг Б овогт Ш.Дт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 2,568,792 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно... гэж хуульчилсан ба хариуцагч нь 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан аваад, шүүхээс тогтоосон хугацаа болох 14 хоногийн хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байв.
Шүүхээс хариуцагчид эрхийнх нь дагуу нэхэмжлэлийн шаардлагын талаар маргах боломжийг олгосон хэдий ч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүнээс ирүүлсэн баримтуудыг үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.
Завхан аймгийн Асгат сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ш.Дт гахайн аж ахуй эрхлэх зориулалтаар 3,000,000 төгрөгийг зээлдүүлж, зээлдэгч Ш.Д нь зээл, зээлийн хүүд 956,700 төгрөгийг төлсөн байх бөгөөд зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги 2,568,792 төгрөгийг төлөөгүй үлдсэн болох нь нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон хавсаргасан Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ-ний хуулбар, хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж хуульчилсан.
Талууд гэрээ байгуулахдаа үүрэг гүйцэтгэж дуусах хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөр тохиролцож, зээлдэгч үүргээ бүрэн гүйцэтгээгүй учир уг өдрөөс зээлдүүлэгчид шаардлага гаргах эрх үүссэн байх бөгөөд зээлдүүлэгч нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч зээлдэгч эвлэрлийн гэрээ байгуулахаас татгалзсан учир шүүхэд хандсан байна.
Иймд нэхэмжлэгч талыг гэрээний үүрэгтэй холбогдох шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлтэй ба хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь хэн нэгэн этгээдийн бус нийтийн хэрэгцээнд зориулагддаг учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ш.Дээс 2,568,792 төгрөгийг гаргуулан Завхан аймгийн Асгат сумын Сум хөгжүүлэх санд олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч нь зээлийн хүү болон алдангиас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж зохицуулсан ба Сум хөгжүүлэх сангаас Ш.Дт олгосон зээл нь сарын 0,25%-ийн хүүтэй учир зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохиролтойгоор тогтоогдсон зүйлгүй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Шүүхээс эрх зүйн маргаан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт Төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэж тус тус хуульчилсаны дагуу нэхэмжлэгч Завхан аймгийн Асгат сумын засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Харин хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалтгүй учир хариуцагчаас гаргуулахаар шүүх шийдвэрлэж буй 2,568,792 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Ш.Дээс гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйд нийцнэ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 231 дүгээр зүйлийн 231.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар ... иргэн Б овогт Ш.Дээс 2,568,792 /хоёр сая таван зуун жаран найман мянга долоон зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан Завхан аймгийн Асгат сумын Сум хөгжүүлэх санд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Дээс 56,051 /тавин зургаан мянга тавин нэг/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН