Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2023/03906

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 27 өдөр              Дугаар 183/ШШ2023/03906                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:тоот хаягт оршин суух, овогт, Н.И/РД: /-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаяг өөрийн байранд байрлах, З-т холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, Д.Мөнгөнтуяа, гэрч М.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2020 оноос ЗБад сэлбэгийн няраваар ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй ажилласан. Гэтэл 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс ээлжийн амралттай амрах гэж байсан. Гарааны амралтаас үргэлжлүүлэн амрах гэж байхад 2 дугаар баазад тооллого орсон талаар мэдэгдсэн. Тооллогод би байгаагүй. Санхүүгийн хэлтэст тооллогын талаар хурал болоод үүнд олон зүйлийг ярьсан. Уг хурлаар ажлын багаж, тоног төхөөрөмжөөр хангасан уу гэх асуудал хөндөгдсөн. Санхүү бүртгэлийн захирал захиргаа удирдлагын хэлтэс рүү хурлын протоколоо шилжүүлж, захиргаа удирдлагын хэлтэс нь хурал дээр болсон процесс дээр арга хэмжээ авагдана, тушаал гарахаас өмнө та бүгдэд мэдэгдэж, тайлбар аваад мэдэгдэн гэж хүлээж байсан. Надад урьдчилан мэдэгдээгүй. Ямар шийтгэл авч байгаа, ямар сахилгын шийтгэл ногдуулж байгаа гэх зэргээр надаас мэдүүлэг, тайлбар аваагүй. 09-ний өдөр тушаалаа авах гэж ирээд ажлаа хүлээлгэж өгөхдөө хэлсэн тооллого үйлдэхгүй юм уу гэхэд тэгэх шаардлагагүй гээд компьютерын программ дээрээс бүх бараа материалын үлдэгдлийг хэвлэж аваад надаар гарын үсэг зуруулаад гарсан. Тушаалаа танилцуулаад цалингаа авсан. Шаардлагатай тохиолдолд дуудаж ажилладаг, улсын ажлыг тогтвортой явуулах үүднээс дуудагдсан цаг хугацаанд ирж илүү цаг бодогддог юм. Цалингаас 60 000 төгрөг дутуу орсон ба илүү цагийн зөрүү болон 60 000 төгрөгийн зөрүү гарсан. Санхүү хэлтсийн захирал Э гэж хүн арга хэмжээ авна, тайлбар сонсохгүй гэж хэлсэн. Хурлаар бид шат дараалсан арга хэмжээ авах байлгүй дээ. Өмнө нь бид арга хэмжээ авхуулж байгаагүй хүмүүс гэдгийг хэлэхэд тэр асуудлыг захиргаа удирдлагын хэлтэс шийднэ гэж хэлж байсан. Сахилгын шийтгэл авсан заалтаар нь харахад тухайн байгууллагад хохирол учрахгүй гэж үзэж байна. Хохирол учруулаагүй учраас тушаалыг хүчингүй болгуулж, нэр төрөө сэргээлгэх үүднээс шүүхэд хандсан юм. Иймд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/610 дугаар сахилгын арга хэмжээ тооцох тухай тушаалыг хүчингүй болгож, Санхүү бүртгэлийн албаны сэлбэгийн няравын ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү гаргуулж өгнө үү...” гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон  итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/127 тоот тушаалаар Зын санхүү бүртгэлийн албаны сэлбэгийн няраваар ажилд орсон байдаг. Нэхэмжлэгчид оногдуулсан Б/610 тоот тушаал хууль ёсны ба үндэслэл бүхий байна гэж үзсэн. Учир нь байгууллагын хэмжээнд  2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/46 тоот тушаалаар эд хөрөнгийн хагас жилийн тооллогыг хийсэн. Энэ тооллогоос 20 хоногийн дараа буюу 07 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд нэг болон хоёрдугаар баазуудын тос, тосолгооны бараа материалуудын тооллогыг нэгтгэлийн ерөнхий нягтлан бодогч Мөнгөнтуяа, тооцооны нярав Бадамзул, сэлбэгийн нярав Долгион, аж ахуйн нярав Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэйгээр, хоёрдугаар баазын ахлах нярав Энх-Амгалан, нягтлан Гэрэлмаа, Ганпүрэв нарыг байлцуулан нэг болон хоёрдугаар баазыг тоолсон. Тооллогоор нэгдүгээр баазын ажлын хэсгээс 191 литр илүү гарч, илүү түлш 8 литр дутуу нийт 4 547 100 төгрөгийн материал, хоёрдугаар бааз нь гидрийн шингэн 7.7 литр, цэнхэр түлш 10 литр дутсан.  Антивриз  улаан 70 литр 567 000 төгрөг, дисель масло 120.5 литр буюу 1 705 075 төгрөг, нийт 2 272 075 төгрөгийн тос, масло илүүдсэн. Нэгтгэлийн хэмжээнд 3 819 175 төгрөгийн тос, масло илүү гарсан зөрчил нь тооллогоор илэрсэн. Зөрчлийг хэлэлцээд санхүү бүртгэлийн хэлтсийн хурал 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, илэрсэн зөрчил дутагдлыг хэлэлцсэн. Хуралд нэхэмжлэгч өөрийн биеэр суусан ба илэрсэн зөрчилд холбогдох тайлбарыг хэлсэн. Хэлтсийн хурал дээр гарсан зөрчлийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, сахилгын арга хэмжээ тооцох саналыг мөн адил хүлээн зөвшөөрсөн. Ажилд орсноос хойш албан тушаалын тодорхойлолтын дагуу ажилтан, ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй байдаг. Сэлбэгийн няраваар албан тушаалын тодорхойлолтын дагуу сэлбэг хэрэгслийн магадлал авна, олголт хийх нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу анхан шатны баримт хөтлөх, нягтлан бодох бүртгэлийн дагуу бараа материалын урсгал зардлын гүйлгээг хийж, зохих зөвшөөрлийн дагуу олгох, эд хөрөнгийн бүртгэлийг үнэн зөв хийж, тайлан тооцоо гаргах үндсэн үүрэгтэй. Нэхэмжлэгч маргаан таслах комиссын тухайд нэхэмжлэлдээ бичсэн байдаг. Зийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/46 тоот тушаалаар хөдөлмөрийн маргаан таслах комиссын ажил олгогч гишүүдийг томилсон. Комисс нь ажилтан, ажил олгогчийн тэнцвэрт 2 төлөөллөөс бүрддэг бөгөөд ажилтны буюу үйлдвэрчний эвлэлийн хороо гишүүдээ бүрдүүлээгүй нь ажил олгогчоос хамаараагүй гэж үзэж байгаа. Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос байгууллагын төлөөллийг дуудаад танайх хөдөлмөрийн эрхийн маргаан таслах ажил олгогчийн төлөөллөө томилсон юм байна, яаралтай үйлдвэрчний эвлэлийн хорооноос төлөөллийг томилуулаад асуудлаа шийд гэсний дагуу захиргаа 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар гаргасан. 2023 оны 09 дүгээр сарын 26-ны А/72 тоот тушаалаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдсан. Ажиллах нөхцөл боломжоор хангаагүй гэдэг тайлбарыг няцааж байна. Учир нь тоног, төхөөрөмж шаардлагатай гутал хувцас бүгдийг нь ажил олгогч ажилтанд хүлээлгэж өгсөн байгаа. Санхүүгийн хэлтсийн хурал дээр ямар зөрчил, яаж гарсан талаар нэг бүрчлэн ярилцсан. Нэхэмжлэгч хурлын үеэр зөрчлөө хүлээн зөвшөөрсөн. Цалингаас нь хассан зүйл нэг ч байхгүй, бүтэн өгч байсан. Ажлын байрны тодорхойлолт дээрх үүргээ биелүүлээгүй болно. Тооллогоор илүү гарахгүй, дутахгүй яг таарах байсан. Н.Ид арга хэмжээ авах талаар мэдэгдсэн. Тушаал бол хууль ёсны дагуу гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3. Нэхэмжлэгчээс З-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/45 дугаар албан бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/126 дугаар ажилд авах тухай захирлын тушаал, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн Б/610 дугаар Сахилгын арга хэмжээ тооцох тухай захирлын тушаал, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан гомдол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 751 дүгээр албан бичиг, зарлагын баримт, зураг эдгээр баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/46 дугаар Эд хөрөнгийн хагас жилийн тооллогын комисс байгуулах тухай тушаал, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/46 дугаар Хөдөлмөрийн маргаан таслах комиссын ажил олгогчийн гишүүдийг томилох тухай тушаал, 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/65 дугаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын ажил олгогчийн гишүүдийг томилох тухай тушаал, 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн Б/610 дугаар Сахилгын арга хэмжээ тооцох тухай захирлын тушаал, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/72 дугаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулах тухай тушаал, З-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/49 дүгээр Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөгчдийг томилох тухай албан бичиг, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, Санхүү бүртгэлийн хэлтсийн хурлын тэмдэглэл, З-ын 1, 2  дугаар баазын тос, тослох материалын тооллого хийсэн тухай танилцуулга, Тос тослох материалын тооллого хийхэд гарсан зөрүүний тайлбар, ажил хүлээлцсэн тэмдэглэл, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/126 дугаар ажилд авах тухай захирлын тушаал, эд хөрөнгийн тооллогын бүртгэл, бараа материалын дэлгэрэнгүй бүртгэл, 2-р баазын 2023 оны эхний хагас жилийн тооллогын итгэх хуудас, бараа материалын тооцоо бодсон баримт, эд хөрөнгийн тооллогын бүртгэл, ажил хүлээлцэх хуудас, цалингийн карт, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүх зохигчдын хүсэлтээр үзлэг хийх, гэрч асуух ажиллагааг гүйцэтгэсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Тос тослох материал өмнө нь жижиг савлагаатай ирдэг байхад ямар нэгэн асуудал гардаггүй байсан бөгөөд сүүлд 200 литр поошигтой ирдэг болсон. Бидэнд хэмжих сав, багаж өгөөгүйгээс өөрсдийн багцаагаар хэмжиж жолооч нарт олгодог байсан. Гэтэл хүрзний иш дүрж хэмжихэд масло, тос илүү гарсан гэх асуудлаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч  ажил олгогчийн тушаал хуульд нийцсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Ажил олгогч З-ын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/126 дугаар захирлын тушаалаар Н.Иг тус нэгтгэлийн хоёрдугаар баазын Санхүү, бүртгэлийн албанд сэлбэгийн няраваар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахаар шийдвэрлэж, улмаар хөдөлмөрийн гэрээ байгуулан талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. /хх-104, 58-66/

 

4.2. З-ын захирлын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/610 дугаар Н.Ид сахилгын арга хэмжээ тооцох тухай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.4, 1.10 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.1, Хөдөлмөрийн гэрээний 4.1.1-д заасныг тус тус үндэслэн хоёрдугаар баазын Санхүү бүртгэлийн албаны сэлбэгийн нярав Н.Инь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлэх үедээ ажлын хариуцлага алдсан тул 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, мөн өдрөөс эхлэн баазын Тээвэрлэлт үйлчилгээний албанд ашиглалтын тоо бүртгэгчээр томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулахаар шийдвэрлэжээ. /хх-52/

 

            4.3. Нэхэмжлэгч Н.Ид З-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/45 дугаар албан бичгээр З-т хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй гэж,  Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 751 дүгээр албан бичгээр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүйг мэдэгдэж, хуулийн дагуу дараагийн шатны зохих байгууллагад хандахыг зөвлөж байна гэж тус тус хариу өгсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Ин хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх хүлээн авч, дараах дүгнэлтийг хийлээ.

 

            4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтын буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно. Мөн зүйлийн 123.3-т ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж заасан.

 

            4.5. Ажил олгогч буюу хариуцагч нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 20-ны өдрүүдэд нэг болон хоёрдугаар баазын тос тосолгооны материалын тооллогыг явуулсан. Уг тооллогоор хоёрдугаар баазад гидрийн шингэн 7,7 литр, цэнхэр түлш 10 литр дутсан, Антивриз 70 литр, дизель масло 120,5 литр илүү гарсан зөрчил илэрсэн. Санхүү бүртгэлийн албаны хурлын тэмдэглэлийг үндэслэн ажилтан Н.Ид ажлын хариуцлага алдсан гэж албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарладаг.

 

            4.6. Шүүх зохигчдын хүсэлтээр Санхүү бүртгэлийн хэлтсийн хурлын аудио бичлэгт үзлэг  хийх ажиллагааг гүйцэтгэсэн ба үзлэгээр хоёрдугаар баазад гидрийн шингэн, цэнхэр түлш дутаагүй. Антивриз 70 литр, дизель масло 84 литр илүү гарсан талаар албаны дарга Э танилцуулсан. Тооллогын комиссын бүрэлдэхүүн Э тооллого хийхдээ бараа материал хэмжсэн аргачлалаа хүрзний ишийг дүрж хэмжсэн, барагцаагаар хэмжээг тодорхойлсон талаар тайлбарласан. Ажилтан И хэмжих сав, багаж байхгүйгээс баримжаагаар өгдөг, тоолуурын багаж, хэмжих сав шаардлагатай байгаа талаар ярихаар хэл ам гаргалаа гэдэг талаар ярилцсан нь тогтоогдож байна.

 

            4.7. Ажил олгогч нь ажилтан Н.Ид хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа гаргасан зөрчлийг баттай шалган тогтоогоогүй, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар аваагүй, зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзалгүй албан тушаал буруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.  

 

4.8. Мөн ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-д заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдлоо.

 

4.9. Иймд З-ын захирлын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/610 дугаар Н.Ид сахилгын арга хэмжээ тооцох тухай тушаалаар нэхэмжлэгч Н.Ид албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Иг урьд нь эрхэлж байсан Санхүү бүртгэлийн албаны сэлбэгийн няравын  ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.

 

4.10. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно гэж зааснаар цалингийн зөрүү 180 000 төгрөгийг хариуцагч З-аас гаргуулан нэхэмжлэгч Н.Ид олгохоор шийдвэрлэв.

 

5. Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 76 250 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг даалгаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Иг урьд нь эрхэлж байсан Санхүү бүртгэлийн албаны сэлбэгийн няравын ажлын байранд эгүүлэн тогтоож, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговорт 180 000 төгрөгийг хариуцагч З-аас гаргуулан нэхэмжлэгч Н.Ид олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Ид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 76 250 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХЦЭЦЭГ