Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2023/03908

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2023/03908 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, И ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт байрлах, О/РД: /-д холбогдох,

 

Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүрэгт 15 681 540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Рэнцэнханд, хариуцагчийн төлөөлөгч Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...И ХХКболон ОХХК нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулагдсан. 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 733 ширхэг хэв хашмалыг ОХХК-д хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн байдаг. Энэ хугацаанд 733 ширхэг хэв хашмал түрээсэлсэн төлбөр 10 454 360 төгрөгийг хариуцагч төлөх үүргээ биелүүлээгүй. ОХХК-д удаа дараа түрээсийн төлбөрийн талаар шаарддаг байсан ч төлбөрөө төлөхгүй. Иймд гэрээний 7.2-т алданги тооцохоор тохиролцсон тул 10 454 360 төгрөгөөс Иргэний хуулийн 232.4-т зааснаар анзыг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлэхгүй гэж заасны дагуу 5 227 180 төгрөгийг алдангийг шаардаж байгаа. Иймд хариуцагчаас 15 681 450 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани барилга угсралтын гүйцэтгэгч компани байгаа. Яагаад одоог хүртэл төлбөр тооцооны асуудал нь байгаа вэ гэхээр өөр компанид байхдаа Ттай танилцсан. Говийн үйлдвэр дээр ажилтай байж байгаад манай ажилд туслаад явдаг байсан. Хэв хашмалыг түрээслээд манай хүмүүс хэрэглэсэн. Т гэдэг залуу надаас машин аваад явсан. Машинаа авч яваад алга болсон. Икомпанийн захирал Т хоёр хоорондоо найзууд байсан. Намайг Итөлбөрөө төл гэсэн. Би хэрэглэсэн зүйлийнхээ өмнөөс төлж болно. Гэтэл манай компанийн өмнөөс бүх зүйлд гарын үсэг зурсан байсан... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээ, Ц.Тын иргэний үнэмлэхийн хуулбар, бараа материал хүлээлцсэн акт, орлого болон зарлагын баримт, хариуцагчийн хаяг тогтоох ажиллагаатай холбоотой баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...барилгын туслах материалыг түрээсийн гэрээний дагуу ашигласан төлбөрөө хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрийг алдангийн хамт хариуцагчаас шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч гэрээнд заасан барилгын туслах материалыг ашигласан, төлбөр төлөөгүй талаар маргаагүй. Харин түрээсийн гэрээг эрхгүй этгээдтэй байгуулсан. Гэрээ байгуулсан Ц.Тд компанийг төлөөлж гэрээ байгуулах эрх олгоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Барилгын туслах материал түрээсийн гэрээг 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр түрээслэгч ОХХК-ийг төлөөлөн Ц.Т нэхэмжлэгч хуулийн этгээдтэй байгуулсан ба уг гэрээгээр түрээслэгч И ХХКнь барилгын туслах бараа материалыг түрээслэгч ОХХК-д ашиглуулах, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг тохирсон хугацаанд төлж барагдуулах, гэрээний зүйл болох барилгын туслах бараа шилжүүлэх болон буцаан авахдаа орлого зарлагын баримт үйлдэж, талуудын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулахаар тохирсон байна.

 

4.2. Түрээсийн гэрээ гэж нэрлэсэн уг гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаанд хамаарна.

 

4.3. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр хийгдсэн байхыг шаардах бөгөөд талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдож байвал аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг.

 

4.4. Хэргийн баримтаар хариуцагч ОХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулсан Цогтсайхан овогтой Т нь төлөөлөх эрхтэй этгээд болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, маргааны эрх зүйн баримт бичиг болор 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Барилгын туслах материал түрээсийн гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

4.5. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах замаар арилгах ёстой. Нэхэмжлэгчийн 733 ширхэг хэв хашмалыг өөрийн эзэмшилдээ буцаан авсан болох нь хэрэгт авагдсан орлогын баримтаар тогтоогдсон.

 

4.6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д ...бусдын эд хөрөнгийг шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж заасан.

 

4.7. Хариуцагч барилгын туслах материалыг ашигласан хугацаа болон төлбөрийн тооцооллын талаар маргаагүй. Нэгэнт ашигласан ашиглалтыг буцаах боломжгүй тул хариуцагч барилгын туслах материалыг ашигласан хугацааны төлбөр 10 454 360 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

4.8. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.9 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах шаардлагад энэ хуулийн 232 дугаар зүйл хамаарахгүй тул нэхэмжлэлээс анз гэх 5 227 180 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

4.9. Түүнчлэн гэрээний 7.2-д түрээсийн нийт үнийн дүнгээс алданги тооцох тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасантай нийцээгүйг дурдах нь зүйтэй.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ОХХК-иас 10 454 360 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ИХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 227 180 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 236 357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 182 220 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ИХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ