Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2023/04010

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 04 өдөр                Дугаар 183/ШШ2023/04010                                Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: давхарт байрлах, М ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт байрлах М ХХК/РД: /-д холбогдох

 

Алданги 50 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Чин-Оюунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч хуулийн этгээдтэй 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 21/10 тоот үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалыг нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу захиалагч тал болох М ХХК-д өдөөгч прайм, цооногийн нонель хэрэгсэл, искра-п, асаах гурс, хавчаар, цочир дамжуулах гурс, Реле РПД зэрэг тэсрэх материалыг нийлүүлсэн боловч үндсэн төлбөр болох 100 000 000 төгрөгийг төлж барагдуулаагүй 26 сарын хугацаа хэтрүүлсэн. Гэрээний 7.2-т захиалагч нийлүүлэгчээс гэрээгээр заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг төлнө гэж зааснаар алданги 50 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нь 100 000 000 төгрөгийг төлсөн...” гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчээс 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 21/10 тоот гэрээний дагуу 191 400 000 төгрөгийн үнэ бүхий материал худалдан авснаас 91 400 000 төгрөгийг 2021 ондоо төлж барагдуулсан. Цар тахалын нөхцөл байдал болон ажил гүйцэтгэсэн Дарханы төмөрлөгийн үйлдвэр хувийн хэвшлээс төрийн өмчид шилжиж төрийн эрх бүхий байгууллагаас хяналт шалгалт явуулсантай холбоотой манайд гэрээний төлбөрөө төлөхгүй байгаа болно. Хэдий энэ мэт хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа хэдий ч гэрээний үлдэгдэл 100 000 000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төлсөн. Үүрэг дуусгавар болсон тул алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй олгож өгнө үү...” гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материал нийлүүлэх гэрээ, хавсралт, алданги тооцох тухай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл эдгээр баримтыг шүүхэд гаргасан. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эрдэнэс монгол ХХК-ийн 2023.06.02-ны өдрийн 01/446 дугаар төлбөр барагдуулах тухай албан бичиг, дансны хуулга, итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч М ХХКнь хариуцагч М ХХК-д холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 21/10 тоот үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалыг нийлүүлэх гэрээний үүрэг 100 000 000 төгрөг, алданги 50 000 000 төгрөг, нийт 150 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба хариуцагч 100 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагаа 50 000 000 төгрөг болгон багасгасан.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...хариуцагч төлбөр төлөх үүргээ 26 сараар хэтрүүлсэн тул гэрээгээр тохирсны дагуу алданги шаардах эрхтэй...” гэж тайлбарлаж байна. 

 

4. Хариуцагч үлдэгдэл төлбөр төлөх үүргээ биелүүлж, үүрэг дуусгавар болсон гэх үндэслэлээр алдангийн шаардлагыг эс зөвшөөрч маргав.

 

5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

5.1. Талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр MR21/10 дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материал нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нийлүүлэгч буюу М ХХКнь захиалагч М ХХК-ийн захиалгыг үндэслэн үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалыг нийлүүлэх, захиалагч гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

5.2. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй байхаар зохицуулсан.

 

5.3. Нэхэмжлэгчээс нийлүүлсэн барааны тоо хэмжээ, доголдлын талаар хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

5.4. Хариуцагчийн төлбөр төлөх үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээний 2.3-т “Нийлүүлэгч нь захиалагчийн баталгаажуулсан захиалгын дагуу төлбөрийн нэхэмжлэлийг цахимаар хүргүүлэх бөгөөд захиалагч нь нийт төлбөрийн 100 хувийг барааг хүлээн авахаас өмнө урьдчилж, нийлүүлэгчийн дансанд шилжүүлсэн байна.” гэж тохиролцжээ.

 

5.5. Мөн гэрээний 7.2-т “захиалагч нь гэрээгээр заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд ийнхүү хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгчид төлнө.” гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасантай нийцнэ.

 

5.6. Хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч М ХХКнь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 222.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

5.7. Харин хариуцагчийн үүргийн зөрчил хэзээ эхэлсэн, нэхэмжлэгч гэрээний дагуу алданги тооцох эрх хэдийд үүссэн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

5.7.а. Тодруулбал, гэрээний 1.5-т “энэхүү гэрээ нь нэмэлт хавсралтуудтай байх бөгөөд хавсралтууд нь гэрээний салшгүй хэсэг байна. Үүнд бараа хүлээлцсэн акт гэж тодорхойлон, 3.3-т нийлүүлэгч нь барааг захиалагчид гэрээний хавсралтаар баталгаажуулан бараа хүлээлцэх актыг үйлдэж, шилжүүлэн өгсөн барааг нийлүүлсэнд тооцохоор тохиролцсон байна.

 

            5.7.б. Талуудын дээрх тохиролцоонуудаас дүгнэхэд нийлүүлэгч буюу нэхэмжлэгч барааг захиалагч буюу хариуцагчид хүлээлгэн өгснөөр хариуцагчийн төлбөр төлөх үүргийн зөрчил эхэлсэн гэж үзэхээр байгаа боловч нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалыг хариуцагчид хүлээлгэн өгсөн, төлбөрийн нэхэмжлэлийг цахимаар хүргүүлсэн талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

            5.8. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Мера ХХК-ийн хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан алданги 50 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            6. Хариуцагч М ХХКнь худалдах, худалдан авах гэрээний төлбөр 100 000 000 төгрөг болон нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 908 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар зохигчид тайлбарласан нь шүүх хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах зарчимд нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Мера ХХК-ийн хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан алданги 50 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 908 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХЦЭЦЭГ