Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2023/0395

 

2023 04 26 128/ШШ2023/0395

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Ц, Ц.Ж,

Хариуцагч: , дарга,

Гуравдагч этгээд: Э х ХХК нарын хоорондын ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үйл баримт:

1.1 Нэхэмжлэгч Н.Ц, Д.Ж нараас , даргад холбогдуулан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, Э х ХХК /хуучин нэрээр Ш/-д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон ашигт малтмалын ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байна.

1.2. , даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот шийдвэрээр NM-025 дугаартай өргөдлийн дагуу Завхан аймгийн Эхайрхан сумын нутагт ******* нэртэй 2759.82 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг *******-д олгосон.

2. Процессын түүх:

2.1. Н.Ц, Д.Ж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан гомдол гаргаж, тус газраас 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тоот албан бичгээр хариуг өгсөн байна.

2.2. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн захирамжаар 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэгч Н.Ц, Д.Ж нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1. Нэхэмжлэгч малчин Н.Ц Завхан аймгийн Эхайрхан сумын нутаг *******ын Ар Айрагийн Ногоон дээлт гэдэг газарт 10000 м.кв газрыг Эхайрхан сумын Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 29 тоот захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар 40 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа юм. Эдгээр малчид өөрсдийн эзэмшиж байгаа газарт Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосныг Х ТББ-ийн төлөөлөлтэй 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хийсэн уулзалтын үеэр мэдсэн юм.

3.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ашигт малтмал ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийг олгосон ажиллагааг хууль бус гэж үзэж Ашигт малтмал газрын тосны газрын дарга Л.Бд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шийдвэрийг цуцлуулах гомдлыг гаргасан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

3.3. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дүгээр шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа талаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.1-д ...хуульд үндэслэх..., 24 дүгээр зүйлийн 24.2-т энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан байдаг. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга ******* тоот тусгай зөвшөөрлийг олгох шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн эдгээр заалтуудыг огт хэрэгжүүлсэнгүй. Ийм учраас ******* дүгээр шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэсэн зохицуулалтын хүрээнд хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

3.4. Завхан аймгийн Эхайрхан сумын нутаг ******* нэртэй газарт олгогдсон ашигт малтмал ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана гээд 25.1.6-д хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, 25.1.7-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэсэн байна. ******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч Ш ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргасан байдаг бөгөөд энэ үед хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт тус компанид олгогдоогүй байсан. Ашигт малтмалын тухай хуулиар энэ баримтыг өргөдөлд хавсаргаж өгөхөөр хуульчилснаас биш дараа нөхөж өгнө гэсэн зохицуулалт байхгүй.

3.5. Хууль бус захиргааны актаар олгогдсон гэж үзэж байгаа тусгай зөвшөөрөл бүхий талбай нь нэхэмжлэл гаргаж байгаа иргэдийн өвөлжөө, хаваржаа байдаг нутаг юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан. Мөн Монгол улс 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 1 дүгээр зүйлийн 2-т Аль ч ард түмнийг ямар ч тохиолдолд оршин тогтнох хэрэглүүрээс нь хагацааж үл болно гэж заасан байдаг. Малчид бид тухайн газар орны онцлогт тохирсон мал аж ахуй эрхэлж үндэсний соёлын биет болон биет бус өвийг өөртөө хадгалж яваа нутгийн уугуул иргэд юм. Тус тусгай зөвшөөрлийн дагуу ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар малчин иргэд бид идээшиж дассан нутаг орондоо тайван а амьдрах боломжгүйд хүрэх, тухай бүс нутгийн байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулах сөрөг үр дагавартай бөгөөд Үндсэн хуулиар хамгаалагдсан хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлж бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс гадна тэр орчих их хэмжээгээр бохирдож, байгалийн тэнцэл их хэмжээгээр алдагдах юм.

3.6. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана гээд 25.1.7-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэсэн байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ашигт малтмал ашиглалтын Mv-02 тоот тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.7-д заасан зохицуулалтыг зөрчсөн. Энэ нь Эхайрхан сумын Засаг даргаас Х ТББ-д ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1/94 тоот албан бичигт энэ хугацаанд уг компани байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлан, менежментийн төлөвлөгөө огт ирүүлж байгаагүй гэсэн байна. Үүнээс үзвэл уг компани нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хавсаргаж өгөөгүй гэж үзэж байна.

3.7. Усны тухай хуулийн 17.2-т Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ гэж заасан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс Усны тухай хуулийн энэ зохицуулалтыг огт хэрэгжүүлээгүй, сав газрын захиргааны саналыг үндэслээгүй байдаг. Энэ нь Хяргам нуур-Завхан голын сав газрын захиргаанаас Х ТББ-д ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Завхан аймгийн Эхайрхан сумын ******* нэртэй газарт ашигт малтмалын ******* тоот тусгай зөвшөөрлийг олгохдоо Усны тухай хуулийн 17.2 дахь заалтын дагуу тус сав газрын захиргаанаас санал аваагүй, саналыг үндэслээгүй болно гэсэн 127 тоот хариу бичгээс харагдаж байна.

3.8. Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.2-т Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэж заасан. Соёлын өвийн үндэсний төвөөс иргэн Н.Цд ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 03/374 тоот албан бичигт Завхан аймгийн Эхайрхан сумын нутагт орших Ар Баян *******анд хийгдсэн Палеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгаа-ны тайлан Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд байхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн байдаг. Энэ тоотоос үзэхэд ******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч ******* ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийг огт хэрэгжүүлээгүй нь тодорхой харагдаж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ашигт малтмал ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийг олгохдоо Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн заалтуудыг зөрчсөн, эрх зүйн зөрчилтэй хууль бус Захиргааны акт гаргаж иргэдийн баталгаажсан эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Ийм учраас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дүгээр шийдвэр, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгогдсон ашигт малтмал ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1 Завхан аймгийн Эхайрхан сумын нутагт байрлах 2762 гектар талбай бүхий ******* нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-01 дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн төв /хуучин нэрээр/-ийн даргын 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1928 дугаар шийдвэрээр Х ХХК-д олгож улмаар 2008 онд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн Х ХХК-иас Ж ХХК-д, Ж ХХК-иас тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр *******-д шилжүүлжээ.

4.2. *******-иас ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргахдаа Кадастрын хэлтэс нь тус компанийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өргөдлийн бүртгэлийн NM-025 дугаар бүртгэж, өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт болон хуульд заасан холбогдох ажиллагааг хийсэн байна. Хайгуулын ажлын явцад Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай Завхан аймгийн Эхайрхан сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/238 дугаар албан бичиг, ЭБМЗ-ийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Нөөцийг хүлээн авч, бүртгэх тухай Н/78 дугаартай тушаал зэргийг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-д заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг *******-д олгожээ. Тодруулбал маргаан бүхий Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгээр шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-д заасныг үндэслэн гарсан хууль зүйн үндэслэлтэй байх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасны дагуу *******-д ашигт малтмалын ашиглалтын ******* дугаар тусгай зөвшөөрлийг олгосон болно.

4.3. Нэхэмжлэгч нараас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус газарт хандаж гаргасан гомдлын хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нд хүргүүлсэн байна. Үүнд ******* ХХК нь Завхан аймгийн Эхайрхан сумын Засаг даргын XV-01 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргаж өгөхөөс татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь хэсэгт заасан тодорхойлолтыг ******* ХХК-д гаргах өгөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хянан үзээд Завхан аймгийн Эхайрхан сумын Засаг даргын ******* ХХК-д Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримтыг гаргаж өгөхөөс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 124 дүгээр тогтоол, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0012 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Бын 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар мэдэгдэл хүргүүлэх албан тоотыг тус тус ирүүлсэн байна.

4.4. Шүүхийн шийдвэрийг биелүүлж Завхан аймгийн Эхайрхан сумын Засаг даргаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/238 албан тоотоор Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хүлээсэн үүргийг биелүүлж ажилласан болохыг тодорхойлсон тодорхойлолтыг ирүүлсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу өргөдлийг хянан үзээд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр ******* ХХК-д Завхан аймгийн Эхайрхан сумын нутагт ******* нэртэй 2759.82 гектар бүхий ашигт малтмалын ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байна. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга эрхэлсэн комиссарын Гомдол шилжүүлэн шалгуулах тухай 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05/12960 дугаартай албан тоотыг манай газарт ирүүлсэн. Уг албан тоотоор Завхан аймгийн Эхайрхан сумын нутаг ******* нэртэй 2579.82 гектар бүхий талбайд Э х ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын ашиглалтын ******* тоот ашиглалтын зөвшөөрөл олгосонтой холбоотойгоор шалгаж хариу ирүүлэхийг мэдэгдсэн. Үүний дагуу ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон материалыг судлан танилцаж манай газар 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/5070 тоотоор хариуг хүргүүлсэн байна. Хариу албан тоотын хувийг Х ТББ-ын тэргүүн Т.Нд хүргүүлсэн гэсэн хариуг өгсөн болно.

4.5. иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, *******-д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон ашигт малтмалын ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1. Э х ХХК нь анх ******* ХХК нэртэйгээр байгуулагдсан ба Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан шаардлага хангасан хуулийн этгээд болохын хувьд Завхан аймгийн Эхайрхан сумын нутагт байрлах ******* нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XV-01 тоот тусгай зөвшөөрлийг 2015 оноос 2021 он хүртэл эзэмшиж байсан болно. Манай компани ашигт малтмалын хайгуулын XV-01 тоот тусгай зөвшөөрлийн талбайд 2011-2017 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг боловсруулж, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/02 дугаар албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд шинжээч томилуулахаар хүргүүлсэн. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс манай хайгуулын ажлын тайланд Монгол Улсын зөвлөх геологич С.С, Мэргэшсэн геологич Г.Ё нарыг шинжээчээр томилж 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Эхайрхан сумын нутаг дахь Авдрант-Уулын алтны үндсэн ордод 2011-2017 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан-д хийсэн шинжээчийн нэгтгэсэн дүгнэлт-ийг гаргасан.

5.2. Тус компанийн ашигт малтмалын хайгуулын XV-01 тоот тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн хайгуулын ажлын тайланг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд ХХ-12-11 дугаар дүгнэлтийг гаргасан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ХХ-12-11 дугаар дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 11/79 дугаар тушаалаар ордын геологийн нөөцийг ашигт малтмалын нөөцийн Улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх эдэлнэ, 20.1.3-т энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах, 24 дүгээр зүйлийн 2.1-т Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөр хүсэж өргөдөл гаргах эрхтэй гэж тус тус заасны дагуу хайгуулын ажил гүйцэтгэсэн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахаар Ашигт малтмал газрын тосны газарт өргөдөл гаргахаар холбогдох баримт бичгийг бүрдүүлэх ажлыг хийсэн юм.

5.3. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмыг хуульчилсан бөгөөд тус зүйлийн 25.1.6 дахь хэсэгт хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт-ыг өргөдөлд хавсарган өгөх шаардлагыг тавьсны дагуу манай компанийн зүгээс энэ талаар тодорхойлолтыг авах хүсэлтийг 2019 онд Завхан аймгийн Эхайрхан сумын Засаг даргад хүргүүлсэн боловч засаг даргын зүгээс тодорхойлолт гаргаж өгөөгүй. Тус компанийн зүгээс 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тодорхойлолт гаргаж өгөхгүй байгаа Завхан аймгийн Эхайрхан сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тодорхойлолт гаргаж өгөхийг даалгах агуулгатай нэхэмжлэлийг Эхайрхан сумын засаг даргад холбогдуулан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Манай нэхэмжлэлтэй хэргийг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд бүрэлдэхүүн хүрэлцэхгүй үндэслэлээр Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр магадлалаар тус тус манай компанийн нэхэмжлэлтэй хэргийг эцэслэн шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Ингээд дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны үр дүнд Завхан аймгийн Эхайрхан сумын Засаг дарга манай компанид холбогдох тодорхойлолтыг гаргаж өгсөн.

5.4. Ийнхүү манай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын XV-01 тоот тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдлөө гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрөл олгосон. Манай компани Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасан онцгой эрхийнхээ дагуу авсан ба уг үйл явдал нь нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно. Түүнчлэн тус компанийн тусгай зөвшөөрлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2-т тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх, 17.5.3-т хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх гэж тус тус заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч иргэд өвөлжөө, хаваржааны газар эзэмшиж байгаа нь манай компанид ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл биш юм.

5.5. Өмнө нь нэхэмжлэгч Н.Цыг төлөөлж иргэн Т.Н Б НҮТББ-аас дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандаж манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай нэхэмжлэл гаргаж байсан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ20190448 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2******* дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 568 дугаар захирамжаар эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-т Нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэж заасны дагуу иргэн Н.Ц, Д.Ж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасныг үндэслэн NM-025 дугаартай өргөдлийн дагуу Завхан аймгийн Эхайрхан сумын нутаг дахь ******* нэртэй 2759.82 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг *******-д олгож, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тус компаниас оноосон нэрээ Э х ХХК болгон өөрчилсөнтэй холбоотойгоор ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинээр олгуулах тухай хүсэлтийн дагуу ******* дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Э х ХХК-д олгосон байна.

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наас нэхэмжлэлийн үндэслэлээ ...Ашигт малтмалын тухай хуулиар баримтыг өргөдөлд хавсаргаж өгөхөөр хуульчилснаас биш дараа нөхөж өгнө гэсэн зохицуулалт байхгүй. ...уг компани нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хавсаргаж өгөөгүй гэж үзэж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс Усны тухай хуулийн 17.2 дахь заалтын дагуу тус сав газрын захиргааны саналыг үндэслээгүй байдаг, ...******* Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийг огт хэрэгжүүлээгүй... гэж тайлбарлан маргасан.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах, тус зүйлийн 25.1.1-25.1.8-д түүнд хавсаргах баримт бичгүүдийг нэрлэн заасан бөгөөд үүнд хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялагийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт зэргийг хавсаргахаар, 26 дугаар зүйлийн 26.3-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ: 26.3.1.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх гэж тус тус зохицуулжээ.

2.1. Гуравдагч этгээд Э х ХХК нь /хуучин нэрээр Ш******* ХХК/ нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг маягт К-02-ийн дагуу /хх-93 тал/ хариуцагч байгууллагад гаргасан байх бөгөөд уг өргөдөлдөө хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ зэргийг хавсаргаж өгөөгүй, энэ үйл баримтад талууд маргаагүй.

2.2. Улмаар гуравдагч этгээд нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн н/78 Нөөцийг хүлээн авч, бүртгэх тухай тушаал, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хх-12-11 дугаар дүгнэлтийг өргөдлийг шийдвэрлэх 20 хоног дотор багтаан нөхөж өгсөн бол, харин хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай Завхан аймгийн Эхайрхан сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/238 тоот албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг нөхөн бүрдүүлж өгснийг үндэслэн хариуцагчаас анх өргөдөл гаргаснаас хойш 1 жил 4 сар гаруйн дараа 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан ажлын 20 хоногт өргөдлийг шийдвэрлэж, өргөдөл шаардлага хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай хуулийн зохицуулалтад нийцээгүй, шийдвэр гаргах ажиллагааны зөрчилтэй хууль бус шийдвэр болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасан саналыг ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо үндэслээгүй гэж, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хайгуулын тусгай зөвшөөрлийг 2007 онд авсан тул 2012 онд батлагдсан Усны тухай хуулийг үндэслэхгүй гэж маргасан.

3.1. 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ гэж хуульчилсан.

3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгохоор зааснаас үзэхэд Усны тухай хуульд заасан олборлолт явуулах тусгай зөвшөөрөл гэдгийг ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж үзэхээр байна.

3.3. Ашигт малтмалын тухай хууль /2006 он шинэчилсэн найруулга/-иас сүүлд батлагдсан Усны тухай хуулийн дээрх заалтад ашигт малтмалын хайгуул болон олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгох аль аль тохиолдолд сав газрын захиргааны саналыг үндэслэхээр тодорхой хуульчилсан байхад хариуцагчаас маргаан бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2021 онд олгохдоо Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас саналыг нь аваагүй болох нь тус сав газрын захиргааны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 127 тоот албан бичгээр /хх-20/ тогтоогдож байна.

4. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нь гуравдагч этгээдэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг тус тус зөрчсөн байна.

4.1. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална гээд мөн зүйлийн 4.2.1-т хуульд үндэслэх гэж заасан зарчимд нийцээгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байх тул мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж тус тус зааснаар захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа заавал мөрдөх үйл ажиллагааг журамласан, энэхүү журмыг зөрчиж гарсан захиргааны акт нь хууль бус гэж үзэх хууль зүйн үр дагаврыг үүсгэнэ.

5. Нэхэмжлэгч Н.Ц, Д.Ж нарт Завхан аймгийн Эхайрхан сумын Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг үндэслэн 10000 мкв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалттайгаар 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн, уг газар нь гуравдагч этгээд Э х ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхцсан болох нь Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн кадастрын зургаар /хх-167, 168 тал/ тогтоогдсон, энэ тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрлийг Усны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчин олгосон нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Ашигт малтмалын тухай хуулийн 26.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 37 дугаар зүйлийн 37.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ц, Д.Ж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот шийдвэр, Э х ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон ашигт малтмалын ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ