Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2023/0395

 

2023 04 26 128/ШШ2023/0395

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Цэдэнбал, Ц.Жигжид,

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга,

Гуравдагч этгээд: Эрдэнэ харвест ХХК нарын хоорондын ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Насанжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амгалан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үйл баримт:

1.1 Нэхэмжлэгч Н.Цэдэнбал, Д.Жигжид нараас Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 489 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, Эрдэнэ харвест ХХК /хуучин нэрээр Шинжиучи/-д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-022051 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байна.

1.2. Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 тоот шийдвэрээр NM-025889 дугаартай өргөдлийн дагуу Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт Айраг уул нэртэй 2759.82 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Шинжунчи ХХК-д олгосон.

2. Процессын түүх:

2.1. Н.Цэдэнбал, Д.Жигжид нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Насанжаргалаас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан гомдол гаргаж, тус газраас 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/5461 тоот албан бичгээр хариуг өгсөн байна.

2.2. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн захирамжаар 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

3. Нэхэмжлэгч Н.Цэдэнбал, Д.Жигжид нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1. Нэхэмжлэгч малчин Н.Цэдэнбал Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг Айраг уулын Ар Айрагийн Ногоон дээлт гэдэг газарт 10000 м.кв газрыг Эрдэнэхайрхан сумын Засаг даргын 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 29 тоот захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар 40 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа юм. Эдгээр малчид өөрсдийн эзэмшиж байгаа газарт Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-022051 тоот тусгай зөвшөөрлийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосныг Хар нуур-хайрхан уул ТББ-ийн төлөөлөлтэй 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хийсэн уулзалтын үеэр мэдсэн юм.

3.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ашигт малтмал ашиглалтын MV-022051 тоот тусгай зөвшөөрлийг олгосон ажиллагааг хууль бус гэж үзэж Ашигт малтмал газрын тосны газрын дарга Л.Баярмандалд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шийдвэрийг цуцлуулах гомдлыг гаргасан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

3.3. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа талаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.1-д ...хуульд үндэслэх..., 24 дүгээр зүйлийн 24.2-т энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан байдаг. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга MV-022051 тоот тусгай зөвшөөрлийг олгох шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн эдгээр заалтуудыг огт хэрэгжүүлсэнгүй. Ийм учраас 489 дүгээр шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэсэн зохицуулалтын хүрээнд хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

3.4. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг Айраг уул нэртэй газарт олгогдсон ашигт малтмал ашиглалтын MV-022051 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана гээд 25.1.6-д хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, 25.1.7-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэсэн байна. MV-022051 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч Шин жуи чи ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргасан байдаг бөгөөд энэ үед хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт тус компанид олгогдоогүй байсан. Ашигт малтмалын тухай хуулиар энэ баримтыг өргөдөлд хавсаргаж өгөхөөр хуульчилснаас биш дараа нөхөж өгнө гэсэн зохицуулалт байхгүй.

3.5. Хууль бус захиргааны актаар олгогдсон гэж үзэж байгаа тусгай зөвшөөрөл бүхий талбай нь нэхэмжлэл гаргаж байгаа иргэдийн өвөлжөө, хаваржаа байдаг нутаг юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан. Мөн Монгол улс 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 1 дүгээр зүйлийн 2-т Аль ч ард түмнийг ямар ч тохиолдолд оршин тогтнох хэрэглүүрээс нь хагацааж үл болно гэж заасан байдаг. Малчид бид тухайн газар орны онцлогт тохирсон мал аж ахуй эрхэлж үндэсний соёлын биет болон биет бус өвийг өөртөө хадгалж яваа нутгийн уугуул иргэд юм. Тус тусгай зөвшөөрлийн дагуу ашиглалтын үйл ажиллагаа явуулснаар малчин иргэд бид идээшиж дассан нутаг орондоо тайван амгалан амьдрах боломжгүйд хүрэх, тухай бүс нутгийн байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулах сөрөг үр дагавартай бөгөөд Үндсэн хуулиар хамгаалагдсан хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлж бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс гадна тэр орчих их хэмжээгээр бохирдож, байгалийн тэнцэл их хэмжээгээр алдагдах юм.

3.6. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана гээд 25.1.7-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэсэн байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ашигт малтмал ашиглалтын Mv-022051 тоот тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.7-д заасан зохицуулалтыг зөрчсөн. Энэ нь Эрдэнэхайрхан сумын Засаг даргаас Хар нуур-хайрхан уул ТББ-д ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1/94 тоот албан бичигт энэ хугацаанд уг компани байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний тайлан, менежментийн төлөвлөгөө огт ирүүлж байгаагүй гэсэн байна. Үүнээс үзвэл уг компани нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хавсаргаж өгөөгүй гэж үзэж байна.

3.7. Усны тухай хуулийн 17.2-т Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ гэж заасан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс Усны тухай хуулийн энэ зохицуулалтыг огт хэрэгжүүлээгүй, сав газрын захиргааны саналыг үндэслээгүй байдаг. Энэ нь Хяргам нуур-Завхан голын сав газрын захиргаанаас Хар нуур-хайрхан уул ТББ-д ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Айраг уул нэртэй газарт ашигт малтмалын MV-022051 тоот тусгай зөвшөөрлийг олгохдоо Усны тухай хуулийн 17.2 дахь заалтын дагуу тус сав газрын захиргаанаас санал аваагүй, саналыг үндэслээгүй болно гэсэн 127 тоот хариу бичгээс харагдаж байна.

3.8. Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.2-т Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно гэж заасан. Соёлын өвийн үндэсний төвөөс иргэн Н.Цэдэнбалд ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 03/374 тоот албан бичигт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Ар Баян Айраг ууланд хийгдсэн Палеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгаа-ны тайлан Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд байхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн байдаг. Энэ тоотоос үзэхэд MV-022051 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч Шин жун чи ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийг огт хэрэгжүүлээгүй нь тодорхой харагдаж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ашигт малтмал ашиглалтын MV-022051 тоот тусгай зөвшөөрлийг олгохдоо Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн заалтуудыг зөрчсөн, эрх зүйн зөрчилтэй хууль бус Захиргааны акт гаргаж иргэдийн баталгаажсан эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Ийм учраас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 489 дүгээр шийдвэр, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгогдсон ашигт малтмал ашиглалтын MV-022051 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгөхийг хүсье гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1 Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт байрлах 2762 гектар талбай бүхий Айраг уул нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-012596 дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн төв /хуучин нэрээр/-ийн даргын 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1928 дугаар шийдвэрээр Хас даваа ХХК-д олгож улмаар 2008 онд Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн Хас даваа ХХК-иас Жөн юан ХХК-д, Жөн юан ХХК-иас тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр Шинжунчи ХХК-д шилжүүлжээ.

4.2. Шинжунчи ХХК-иас ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргахдаа Кадастрын хэлтэс нь тус компанийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өргөдлийн бүртгэлийн NM-025889 дугаар бүртгэж, өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт болон хуульд заасан холбогдох ажиллагааг хийсэн байна. Хайгуулын ажлын явцад Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/238 дугаар албан бичиг, ЭБМЗ-ийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Нөөцийг хүлээн авч, бүртгэх тухай Н/78 дугаартай тушаал зэргийг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-д заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг Шинжунчи ХХК-д олгожээ. Тодруулбал маргаан бүхий Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 дүгээр шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-д заасныг үндэслэн гарсан хууль зүйн үндэслэлтэй байх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасны дагуу Шинжунчи ХХК-д ашигт малтмалын ашиглалтын MV-022051 дугаар тусгай зөвшөөрлийг олгосон болно.

4.3. Нэхэмжлэгч нараас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус газарт хандаж гаргасан гомдлын хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/5461 дугаар албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Насанжаргалд хүргүүлсэн байна. Үүнд Шин Жун Чи ХХК нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын XV-012596 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай тодорхойлолтыг гаргаж өгөхөөс татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгож, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь хэсэгт заасан тодорхойлолтыг Шин Жун Чи ХХК-д гаргах өгөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хянан үзээд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын Шин Жун Чи ХХК-д Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримтыг гаргаж өгөхөөс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 124 дүгээр тогтоол, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0012 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Завхан аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Батжаргалын 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/971 дугаар мэдэгдэл хүргүүлэх албан тоотыг тус тус ирүүлсэн байна.

4.4. Шүүхийн шийдвэрийг биелүүлж Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/238 албан тоотоор Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хүлээсэн үүргийг биелүүлж ажилласан болохыг тодорхойлсон тодорхойлолтыг ирүүлсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу өргөдлийг хянан үзээд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр Шин Жун Чи ХХК-д Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт Айраг уул нэртэй 2759.82 гектар бүхий ашигт малтмалын MV-022051 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байна. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга эрхэлсэн комиссарын Гомдол шилжүүлэн шалгуулах тухай 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05/12960 дугаартай албан тоотыг манай газарт ирүүлсэн. Уг албан тоотоор Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг Айраг уул нэртэй 2579.82 гектар бүхий талбайд Эрдэнэ харвест ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын ашиглалтын MV-022051 тоот ашиглалтын зөвшөөрөл олгосонтой холбоотойгоор шалгаж хариу ирүүлэхийг мэдэгдсэн. Үүний дагуу MV-022051 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон материалыг судлан танилцаж манай газар 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/5070 тоотоор хариуг хүргүүлсэн байна. Хариу албан тоотын хувийг Хар нуур-хайрхан уул ТББ-ын тэргүүн Т.Насанжаргалд хүргүүлсэн гэсэн хариуг өгсөн болно.

4.5. иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох тус газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 489 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, Шинжунчи ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-022051 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1. Эрдэнэ харвест ХХК нь анх Шин Жун Чи ХХК нэртэйгээр байгуулагдсан ба Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан шаардлага хангасан хуулийн этгээд болохын хувьд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт байрлах Айраг уул нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XV-012596 тоот тусгай зөвшөөрлийг 2015 оноос 2021 он хүртэл эзэмшиж байсан болно. Манай компани ашигт малтмалын хайгуулын XV-012596 тоот тусгай зөвшөөрлийн талбайд 2011-2017 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг боловсруулж, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/02 дугаар албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд шинжээч томилуулахаар хүргүүлсэн. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс манай хайгуулын ажлын тайланд Монгол Улсын зөвлөх геологич С.Сайханжаргал, Мэргэшсэн геологич Г.Ёндон нарыг шинжээчээр томилж 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг дахь Авдрант-Уулын алтны үндсэн ордод 2011-2017 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан-д хийсэн шинжээчийн нэгтгэсэн дүгнэлт-ийг гаргасан.

5.2. Тус компанийн ашигт малтмалын хайгуулын XV-012596 тоот тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн хайгуулын ажлын тайланг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд ХХ-12-11 дугаар дүгнэлтийг гаргасан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ХХ-12-11 дугаар дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 11/79 дугаар тушаалаар ордын геологийн нөөцийг ашигт малтмалын нөөцийн Улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх эдэлнэ, 20.1.3-т энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах, 24 дүгээр зүйлийн 2.1-т Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөр хүсэж өргөдөл гаргах эрхтэй гэж тус тус заасны дагуу хайгуулын ажил гүйцэтгэсэн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахаар Ашигт малтмал газрын тосны газарт өргөдөл гаргахаар холбогдох баримт бичгийг бүрдүүлэх ажлыг хийсэн юм.

5.3. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмыг хуульчилсан бөгөөд тус зүйлийн 25.1.6 дахь хэсэгт хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт-ыг өргөдөлд хавсарган өгөх шаардлагыг тавьсны дагуу манай компанийн зүгээс энэ талаар тодорхойлолтыг авах хүсэлтийг 2019 онд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргад хүргүүлсэн боловч засаг даргын зүгээс тодорхойлолт гаргаж өгөөгүй. Тус компанийн зүгээс 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тодорхойлолт гаргаж өгөхгүй байгаа Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тодорхойлолт гаргаж өгөхийг даалгах агуулгатай нэхэмжлэлийг Эрдэнэхайрхан сумын засаг даргад холбогдуулан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Манай нэхэмжлэлтэй хэргийг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд бүрэлдэхүүн хүрэлцэхгүй үндэслэлээр Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр магадлалаар тус тус манай компанийн нэхэмжлэлтэй хэргийг эцэслэн шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Ингээд дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны үр дүнд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг дарга манай компанид холбогдох тодорхойлолтыг гаргаж өгсөн.

5.4. Ийнхүү манай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу ашигт малтмалын хайгуулын XV-012596 тоот тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах өргөдлөө гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 489 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-022051 тоот тусгай зөвшөөрөл олгосон. Манай компани Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасан онцгой эрхийнхээ дагуу авсан ба уг үйл явдал нь нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно. Түүнчлэн тус компанийн тусгай зөвшөөрлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2-т тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх, 17.5.3-т хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх гэж тус тус заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа болно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч иргэд өвөлжөө, хаваржааны газар эзэмшиж байгаа нь манай компанид ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл биш юм.

5.5. Өмнө нь нэхэмжлэгч Н.Цэдэнбалыг төлөөлж иргэн Т.Насанжаргал Босоо хөх монгол НҮТББ-аас дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хандаж манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай нэхэмжлэл гаргаж байсан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ20190448 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2019/0513 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 568 дугаар захирамжаар эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-т Нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэж заасны дагуу иргэн Н.Цэдэнбал, Д.Жигжид нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Насанжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 тоот шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т заасныг үндэслэн NM-025889 дугаартай өргөдлийн дагуу Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг дахь Айраг уул нэртэй 2759.82 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Шинжунчи ХХК-д олгож, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тус компаниас оноосон нэрээ Эрдэнэ харвест ХХК болгон өөрчилсөнтэй холбоотойгоор ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинээр олгуулах тухай хүсэлтийн дагуу MV-022051 дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг Эрдэнэ харвест ХХК-д олгосон байна.

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Насанжаргалаас нэхэмжлэлийн үндэслэлээ ...Ашигт малтмалын тухай хуулиар баримтыг өргөдөлд хавсаргаж өгөхөөр хуульчилснаас биш дараа нөхөж өгнө гэсэн зохицуулалт байхгүй. ...уг компани нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хавсаргаж өгөөгүй гэж үзэж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс Усны тухай хуулийн 17.2 дахь заалтын дагуу тус сав газрын захиргааны саналыг үндэслээгүй байдаг, ...Шинжунчи ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийг огт хэрэгжүүлээгүй... гэж тайлбарлан маргасан.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах, тус зүйлийн 25.1.1-25.1.8-д түүнд хавсаргах баримт бичгүүдийг нэрлэн заасан бөгөөд үүнд хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялагийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт зэргийг хавсаргахаар, 26 дугаар зүйлийн 26.3-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ: 26.3.1.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх гэж тус тус зохицуулжээ.

2.1. Гуравдагч этгээд Эрдэнэ харвест ХХК нь /хуучин нэрээр Шин Чун Чи ХХК/ нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг маягт К-02-ийн дагуу /хх-93 тал/ хариуцагч байгууллагад гаргасан байх бөгөөд уг өргөдөлдөө хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ зэргийг хавсаргаж өгөөгүй, энэ үйл баримтад талууд маргаагүй.

2.2. Улмаар гуравдагч этгээд нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн н/78 Нөөцийг хүлээн авч, бүртгэх тухай тушаал, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хх-12-11 дугаар дүгнэлтийг өргөдлийг шийдвэрлэх 20 хоног дотор багтаан нөхөж өгсөн бол, харин хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/238 тоот албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг нөхөн бүрдүүлж өгснийг үндэслэн хариуцагчаас анх өргөдөл гаргаснаас хойш 1 жил 4 сар гаруйн дараа 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан ажлын 20 хоногт өргөдлийг шийдвэрлэж, өргөдөл шаардлага хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай хуулийн зохицуулалтад нийцээгүй, шийдвэр гаргах ажиллагааны зөрчилтэй хууль бус шийдвэр болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасан саналыг ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо үндэслээгүй гэж, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хайгуулын тусгай зөвшөөрлийг 2007 онд авсан тул 2012 онд батлагдсан Усны тухай хуулийг үндэслэхгүй гэж маргасан.

3.1. 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ гэж хуульчилсан.

3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгохоор зааснаас үзэхэд Усны тухай хуульд заасан олборлолт явуулах тусгай зөвшөөрөл гэдгийг ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж үзэхээр байна.

3.3. Ашигт малтмалын тухай хууль /2006 он шинэчилсэн найруулга/-иас сүүлд батлагдсан Усны тухай хуулийн дээрх заалтад ашигт малтмалын хайгуул болон олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгох аль аль тохиолдолд сав газрын захиргааны саналыг үндэслэхээр тодорхой хуульчилсан байхад хариуцагчаас маргаан бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2021 онд олгохдоо Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас саналыг нь аваагүй болох нь тус сав газрын захиргааны 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 127 тоот албан бичгээр /хх-20/ тогтоогдож байна.

4. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нь гуравдагч этгээдэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг тус тус зөрчсөн байна.

4.1. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална гээд мөн зүйлийн 4.2.1-т хуульд үндэслэх гэж заасан зарчимд нийцээгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байх тул мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж тус тус зааснаар захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа заавал мөрдөх үйл ажиллагааг журамласан, энэхүү журмыг зөрчиж гарсан захиргааны акт нь хууль бус гэж үзэх хууль зүйн үр дагаврыг үүсгэнэ.

5. Нэхэмжлэгч Н.Цэдэнбал, Д.Жигжид нарт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг үндэслэн 10000 мкв газрыг өвөлжөө, хаваржааны зориулалттайгаар 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн, уг газар нь гуравдагч этгээд Эрдэнэ харвест ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхцсан болох нь Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн кадастрын зургаар /хх-167, 168 тал/ тогтоогдсон, энэ тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрлийг Усны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчин олгосон нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Ашигт малтмалын тухай хуулийн 26.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 37 дугаар зүйлийн 37.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Цэдэнбал, Д.Жигжид нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Насанжаргалаас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 489 тоот шийдвэр, Эрдэнэ харвест ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-022051 тоот тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ