Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 141/ШШ2016/00018

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хаан банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... оршин суудаг Хулууд овогт Д.Ад холбогдох Зээлийн хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7.455.577 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Наранжаргал, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Х.Б, хариуцагч Д.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.А нь тус банкны ... төвөөс 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 587 тоот зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай хашаа байшин барих зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд ... төвд ... баг ... тоотод байрлах ... орон сууц, ... граж, ... багт ... хашаа байшин /шинээр зээл авч барьсан/ ... машин, гэр ахуйн тавилга хэрэгсэл, бараа материал зэргийг барьцаалан зээлдсэн болно.

Зээлдэгч зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл, зээлийн хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 10.000.000 төгрөг, зээлийн хүүд 6.662.727 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 16.787 төгрөг тус тус төлсөн.

Зээлдэгч нь зээлийн хугацаа хэтрүүлэн төлж байгаад 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлсөн, тухайн хугацааны хүү алдангийг одоо хүртэл төлөхгүй байна. Банкны зүгээс зээлээ сайн дураараа төлөхийг удаа дараа шаардсан, шүүхэд нэхэмжлэл гаргасан ч өөрөө хаяг дээрээ байхгүй шалтгаанаар шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно.

Зээлдэгч зээлийн гэрээнд заасан нөхцөлийг зөрчин, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

Иймд банкны зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн дараах нэхэмжлэл шаардлагыг гаргаж байна.

1.    2007 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээг цуцлах

2.    2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах

2.1 Үндсэн зээлийн үлдэгдэл 0 төгрөг

2.2 Зээлийн хүүгийн төлбөр 6.093.279 төгрөг

2.3 Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.362.298 төгрөг

3.    Нотариатын үйлчилгээний төлбөр 0 төгрөг

Улсын тэмдэгтийн хураамжийн 134.239 төгрөг нийт 7.455.577 төгрөгийг хариуцагч Д.Ааас гаргуулж өгнө үү гэжээ.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаан банкны зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө Тосонцэнгэл тооцооны төвийн эрхлэгч Х.Б бид хоёрыг томилсон. Х.Б бид 2 шүүх хуралдаанд хоёулаа оролцож байгаа боловч ярилцаж тохиролцсоны үндсэн дээр төв Хаан банкны хуулийн ахлах зөвлөх Д.Н миний бие нь банкаа төлөөлж шүүх хуралдаанд үг хэлж, тайлбар гаргаж, мэтгэлцэж оролцохоор боллоо.

Манай банкны зүгээс Д.Ад холбогдуулан 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг цуцлах, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7.455.577 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Гэвч 60 сарын хугацаатайгаар, хариуцагч Д.Атай байгуулсан 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дууссан учир шүүхээр гэрээг цуцлуулах шаардлагагүй гэж үзээд зээлийн гэрээг цуцлуулах талаарх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7.455.577 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагч Д.А нь 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр үндсэн зээлд 6.922.806,07 төгрөг, хүү болон нэмэгдүүлсэн хүүнд 1.651.989,82 төгрөг төлсөн байдаг.

Тухайн үед ажиллаж байсан банкны ажилчдын зүгээс Д.Ад зээлийн гэрээг дуусгавар болголоо гэсэн ойлгоцыг өгсөн байхыг үгүйсгэхгүй.

Манай банк нь зээлийн гэрээг дуусгавар болгосон тохиолдолд тусгай программд мэдээллийг нь оруулдаг. Гэвч тухайн үед дээрх программд бүртгэж, мэдээллийг оруулаагүйгээс блансаас гадуур хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдсон байгаа. Иймд дээрх мөнгийг нэхэмжлэхгүй байх аргагүй юм гэжээ.

Хариуцагч Д.А нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Тосонцэнгэл сумын Хаан банктай 587 тоот гэрээ байгуулан, хашаа байшин барьж дуусгах зориулалтаар, жилийн 30 хувийн хүүтэй, 10 сая төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатайгаар, өөрийн нөхөр Ч.Жтай харилцан тохиролцсоны үндсэн дээр, баригдаж буй 156 м.кв талбай бүхий, Хайрхан багт байрлах хувийн орон сууцны барилга, МАЗ маркын автомашин, бараа материал зэргийг барьцаалан авсан юм. Мөн 6 сарын дараа буюу 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тухайн үед тус банкинд эдийн засагч ажилтай байсан Б.Б өөрөө санал тавьсны үндсэн дээр Хаан банктай дахин 334 тоот гэрээ байгуулан, хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 15 сая төгрөгийн зээлийг өөрийн эзэмшилд байсан 40 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилга Дархан-Уул багт байрлах 2 өрөө сууц зэргийг барьцаалан нэмж авсан юм. Бид 2 Хаан банкнаас нийт 25 сая төгрөгийн зээлийг 2 удаагийн үйлдлээр, 2 өөр зориулалтаар авч сарын эргэн төлөлтөнд 893.334 төгрөгийг төлж байсан. Энэ үед нөхөр маань МАЗ машинаар нүүрс болон ачаа тээвэрлэдэг байсан бөгөөд би өөрөө ажлынхаа хажуугаар бизнес эрхэлдэг байсан юм. Бид хоёр сар бүр 893334 төгрөгийн дүнтэй зээлийн эргэн төлөлтийг 2 жил хагасын хугацаанд төлөх явцад эргэлтийн ямарч хөрөнгөгүй болж барьж байсан барилгаа ахиулж чадалгүй зогсоон зээлээ төлөхөд бүхий л боломжоо дайчлан нөхөрийнхөө тээврийн хөлс, өөрийн цалин тэр ч бүү хэл хүүхдийн 21000 төгрөгөө хүртэл хийж байсан. Ингээд сүүлдээ зээлээ төлөх ямар ч боломжгүй болж уг 2 зээлийг нэгтгэн нэг зээл болгоод эргэн төлөлтийг нь миний цалинд тохируулж өгөх боломж байна уу? гэж банкинд удаа дараа хүсэлт тавьсан боловч 2 өөр зориулалтын зээлийг нэгтгэх ямар ч боломжгүй гэсэн хариуг өгсөн. Тийм болохоор би арга буюу банктай тохирлцсоны улмаас нэг зээлээ түр орхиод нэг зээлээ урьдаар дуусгах зорилго тавин хамгийн сүүлд 2011 оны 6 сарын 16-ны өдөр 1651983 төгрөгийг төлж 15 саятай хөрөнгө оруулалтын зээлийн өрөө бүрэн барагдуулахад нийт 20524000 төгрөгийг зарцуулсан. Үүний дараа банктай тохирлцсон ёсоор дараагийн зээл буюу хашаа байшин барьж дуусгах зээлээ төлж эхэлсэн. Банкны зүгээс надад ойлгуулахдаа таны энэ хугацаа хэтэрсэн зээлд 90 хоног хүү бодогдоод тэрнээс дээш хоногт хүү алданги тооцохгүй. Одоогийн байдлаар уг зээлийн чинь үндсэн үлдэгдэл 6922806 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1077000 төгрөг, алдангид 11200 төгрөгийг төлөх ёстой нийт 8 сая төгрөгийн асуудал байна. Үүнийг төлбөл та зээлээ хаах бүрэн боломжтой. 6 сар дотроо багтан уг зээлийг хаамаар байна гэсэн шаардлагыг тавьсан. Иймээс би өөрийн нэр дээрээ цалингийн зээл гаргуулан дээр нь Дархан-Уул багт байсан 2 өрөө орон сууцаа зарж уг 8 сая төгрөгийг 2012 оны 6 сарын 25-нд бүрэн төлж барагдуулсан бөгөөд 10 сая төгрөгний хашаа байшин барьж дуусгах зориулалтын зээлд нийт 16088058 төгрөгийг зарцуулсан учраас одоо ч хашаа байшингаа дуусгаж чадаагүй хэвээр байна. Миний төлсөн 16088058 төгрөгний 10 сая нь үндсэн зээл 6071271 төгрөг нь нэмэгдүүлсэн хүү 16787 төгрөг нь алданги тооцсон дүн байсан. Тэгээд банк миний барьцаанд байсан орон сууц болон газрын гэрчилгээг цалингийн зээлд шилжүүлэн барьцаалж байгаад зээл дуусгасан гэж үзсэн тул 2013 оны 8 дугаар сарын 19-нд уг хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгсөн. Гэтэл 2012 оны 6 дугаар сарын 25-нд зээл хааснаас хойш хэсэг хугацаа хэтэрсний дараа би сайн санахгүй байна таны авч байгаад төлж дууссан хашаа байшин барих зээлд чинь данснаас гадуур хүү бодогдож явсаар 7455577 төгрөгийн өр үүссэн байна. Үүнийг төлөх хэрэгтэй гэсэн. Би эдгээр зээлүүдийг төлөхөд бүх боломжоо ашигласан өөрөөр хэлбэл нийт 25 сая төгрөгийн 2 төрлийн зээлийг хаахад манай өрхийн орлогоос 36612000 төгрөг гарсан. Бид барьцаа хөрөнгийнхөө ихэнхийг зарж байж үүний ард гарсан. Одоо энэ өрийг төлөх ямар ч боломжгүй байна гэсэн. Тэр үед 106700 төгрөгийн үндсэн цалинтай байсан. /2007 онд/ Миний хувьд энэ 36612000 төгрөг гэдэг асар их мөнгө төдийгүй манай гэр бүлийн 5-6 жилийн бүх орлого түүнд зарцуулдсан. Иймээс бид сэтгэл санааны дарамтаас гадна одоо ч цалингийн зээл дуусаагүй төдийгүй хувь хүмүүст ч өр үүссэн. Бид хоёр энэ бүх байдлаа холбогдох хүмүүст нь удаа дараа учирласан боловч та өргөдлөө өгчих бид дээш нь ярьж шийдүүлье гэсэн хариу өгч надаас 3 удаа өргөдөл бичүүлж авсан боловч өнөөг хүртэл ямар нэгэн шийд гаргаагүй бөгөөд 2015 оны 11 сард намайг дуудан таны асуудлыг шүүхэд өглөө, шүүхийн эцсийн шийдвэр юу гэж гарна банк тэгж шийдвэрлэх болно гэсэн хариу өгсөн. Би иргэн хүнийхээ хувьд улсаас зээлж авсан өрөө бүрэн барагдуулж дуусах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ чадан ядан 100 хувь биелүүлсэн гэж үзэж байгаа. Энэ гэрээг хэрэгжүүлэхэд банк мөн хариуцлага хүлээх үүрэгтэй бөгөөд банкны зүгээс зээлийн гэрээ цуцлах буюу гэрээний 6.2.1, 6.2.2, 6.2.6, 6.2.7 гэсэн заалтуудыг үндэслэн надад гэрээ цуцлах санал тавиагүй бөгөөд /албан ёсоор/ уг гэрээний журмыг надад танилцуулахдаа буруу танилцуулсан. /өөрөөр хэлбэл 90 хоногоос дээш хүү болон алданги тооцохгүй гэж ойлгуулсан/ зэрэг нь одоо нэхэмжлээд байгаа 7455577 төгрөгийн алданги буюу өр үүсэх нөхцөл болсон гэж үзэн иргэний хувьд гомдолтой байна. Нэхэмжлэлд: банкны зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан, шүүхэд нэхэмжлэл гаргасан ч өөрөө хаяг дээрээ байхгүй шалтгаанаар шүүхээс нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан болно гэж байгаатай үнэхээр санал нийлэхгүй байна. Би бараг өдөр бүр банкаар үйлчлүүлж, орж гарч, дуудсан цагт нь уулзаж өөрийнхөө нөхцөл байдлыг удаа дараа танилцуулж зээлээ төлөх нөхцөл байдлыг удаа дараа танилцуулж зээлээ төлөх нөхцөлийг хайж байсан. Зээл миний нөхрийн нэр дээр байгаа боловч банктай бүхий л харилцааг хамтран эзэмшигчийн хувьд үүрэг хүлээн гүйцэтгэж ирсэн. Банк зээлээ төлөхийг удаа дараа шаардсан нь үнэн бөгөөд би нэг ч удаа шаардлагаас бултаж байгаагүй төдийгүй удаа дараа цалингийн зээл хүртэл нэмүүлж уг зээлийг төлж барагдуулахын төлөө явсан. Хүсвэл миний өөрийн цалингийн зээлийн түүх дотор бүх өргөдлүүд бий. Банкны зүгээс надад нэг ч нэхэмжлэлийг албан ёсоор гардуулаагүй бөгөөд албан ёсоор зээлийн гэрээ цуцлах хүсэлт ч тавиагүй. Би зээл авахдаа амьдарч байсан уг хаяг дээрээ одоо ч амьдарч байгаа бөгөөд тус сумын 2 дугаар сургуульд тасралтгүй 15 жил ажиллаж байна. Иймээс хаяг дээрээ байхгүйн улмаас шүүхээс нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан гэдэг шалтгааныг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Харин хариуцагч Д.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хаан банктай манай нөхөр Ч.Ж зээлийн гэрээ байгуулаад, зохих эд хөрөнгүүдээ барьцаалуулаад 10 сая төгрөгийн зээлийг авсан. Зээл хэвийн төлөгдөж байгаад эрсдэж эхэлсэн ба 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нөхөр бид 2 хашаа байшин зарсан мөнгөн дээрээ Хаан банкнаас цалингийн зээл авч нэмээд, уг зээлээ хааж дуусгасан.

Банкнаас тавьсан шаардлагын дагуу үндсэн зээлд 6.922.806,07 төгрөг төлж зээлийг хаасан, зээлийн хугацаа хэтрээд 90 хоновол хүү болон нэмэгдүүлсэн хүүг зогсоож, зээлийн гэрээг цуцалдаг, хүү болон нэмэгдүүлсэн хүүнд 1.651.989,82 төгрөг төл гэсний дагуу дээрх мөнгүүдийг төлж, зээлийн гэрээг дуусгавар болгосон, одоо нэхэмжилж байгаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх ёсгүй.

2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээг дуусгавар болгосноос хойш банкны зүгээс юу ч ярихгүй байж байгаад 3-4 сарын дараа зээлийн эдийн засагч нь дуудаад хүү болон нэмэгдүүлсэн хүү төлүүлэх талаар хэлсэн. Тэр үеэс хойш миний бие нь дээрх мөнгийг төлөх боломжгүй, шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа талаараа 4 удаа өргөдөл бичиж өгсөн боловч Хаан банкны зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй өдийг хүрсэн. Тэгээд гэнэт шүүхэд өгсөн байна.

Ер нь миний тухайд төлбөрийн чадвар доройтож, зээлийг төлөх чадваргүй болсон талаараа Хаан банкинд удаа дараа танилцуулж байхад зээлийн гэрээнд заасныхаа дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох арга хэмжээ аваагүйд гомдолтой байна. Банкийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж бодож байна гэжээ.

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банк нь ... хаягаар оршин суудаг Х овогт Д.Ад холбогдуулан 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг цуцлах, уг зээлийн гэрээний дагуу хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7.455.577 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Гэвч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь шүүх хуралдааны явцад 60 сарын хугацаатайгаар, хариуцагч Д.Атай байгуулсан 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дууссан учир шүүхээр гэрээг цуцлуулах шаардлагагүй гэж үзээд зээлийн гэрээг цуцлуулах талаарх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7.455.577 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн байна.

2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкнаас Д.Нд олгосон 01/8525 дугаартай итгэмжлэлээр, түүнд иргэний хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд Хаан банкийг төлөөлөн нэхэмжлэгчийн эрхийг бүхэлд нь эдлүүлэхээр заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж заасан тул шүүх нь Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нийн Зээлийн гэрээ цуцлах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзал-ыг хүлээн авах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Хаан банк нь 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч Д.А болон түүний нөхөр Ч.Ж нартай зээлийн гэрээ байгуулж, ... тоотод байрлах ... багт байрлах хашаа байшин, ... машин,  барих зориулалтаар, сарын 2,5 /жилийн 30 хувь/ хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, 10.000.000 төгрөгийг зээлдүүлсэн байх бөгөөд зээлдэгч нар нь 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр үндсэн зээлийг төлж барагдуулсан боловч зээлийн хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүг өдий болтол төлөөгүй гэсэн шалтгаанаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7.455.577 төгрөг гаргуулахаар хариуцагч Д.Ахас нэхэмжилсэн байна.

Гэвч хариуцагч Д.А нь: Банкнаас тавьсан шаардлагын дагуу 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр үндсэн зээлд 6.922.806,07 төгрөг төлж зээлийг хаасан, зээлийн хугацаа хэтрээд 90 хоновол хүү болон нэмэгдүүлсэн хүүг зогсоож, зээлийн гэрээг цуцалдаг, хүү болон нэмэгдүүлсэн хүүнд 1.651.989,82 төгрөг төл гэсний дагуу дээрх мөнгүүдийг төлж, зээлийн гэрээг дуусгавар болгосон, одоо нэхэмжилж байгаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх ёсгүй гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Д.А нь 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2007 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу авсан үндсэн зээлд 6.922.806,07 төгрөг, зээлийн хүүнд 1.651.989,82 төгрөг төлсөн, Хаан банкны зүгээс уг өдөр зээлийн гэрээний барьцаанд барьцаалагдсан ... багт байрлах хашаа байшинг зээлийн барьцаанаас чөлөөлж цалингийн зээлийн барьцаанд шилжүүлсэн, түүнээс хойш 3 жил 4 сар 23 хоногийн хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нэхэмжилсэн талаараа зээлдэгч нарт албан ёсоор мэдэгдээгүй байж байгаад шүүхэд хандсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлэгийн баримтууд, Хаан банкнаас 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд хүргүүлсэн зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай хүсэлт, Барьцааны гэрээний 4.2.1 дэх хэсэгт барьцаалагч нь зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдсан тохиолдолд барьцааны зүйлийг чөлөөлж, барьцаалуулагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй болох талаар заасан заалт зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа ба тухайн үед Хаан банкнаас зээлдэгч Д.А, Ч.Ж нартай байгуулсан зээлийн гэрээгээ дуусгавар болгосон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь хариуцагч Д.Аг 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд зохих мөнгийг төлж зээлийн гэрээг дуусгавар болгосон гэдэгтэй маргахгүй байгаа ба Тухайн үед банкны ажилтнууд зээлийн гэрээг дуусгавар болгосон талаараа холбогдох программд бүртгээгүйгээс блансаас гадуур хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдсон тул энэ мөнгийг нэхэмжлэхээс арга байхгүй хэмээн мэтгэлцэж байгаа боловч ийнхүү бүртгээгүй нь хариуцагч Д.Ас шалтгаалаагүй байна.

Нөгөө талаар банк нь зээлийн гэрээг дуусгавар болгосон талаараа холбогдох программд бүртгээгүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх үүссэн буюу 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд хандаагүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа буюу 3 жилийн хугацаа өнгөрсөн байна.

Тодруулбал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор заасан бөгөөд 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр буюу шаардах эрх үүссэн өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 3 жил 4 сар 23 хонгийн хугацаа өнгөрсөн байна.

Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул баг хаягаар оршин суудаг Х овогт Д.Ад холбогдох 7.455.577 төгрөг гаргуулах тухай Хаан банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Хаан банк нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 134.239 төгрөг төлсөн бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа учир дээрх мөнгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар ... баг хаягаар оршин суудаг Х овогт Д.Ад холбогдох 7.455.577 төгрөг гаргуулах тухай Хаан банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Хаан банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134.239 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Улиастай суманд байрлах Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН