| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2015/00253/И |
| Дугаар | 141/ШШ2016/00016 |
| Огноо | 2016-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 141/ШШ2016/00016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... ХХК-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... холбогдох Халуун усны барилга барьсаны үнэ болон санхүүжилт олгохгүй хугацаа хэтрүүлсний хохиролд 78.072.298 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Наранжаргал, нэхэмжлэгч ... ХХК-ий захирал О.М, хариуцагч Л.Д, Ж.М, Ц.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... ХХК-ий захирал О.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь ... сумын төвд орон нутгийн хөрөнгөөр халуун усны барилгыг 2013 оны 11 сард эхлэн, 2014 оны 8 сарын 15-нд бүрэн дуусгаж, ... сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд санхүүжилт орж ирэхгүйн улмаас банкнаас зээл, хүнээс хүүтэй мөнгө авч уг барилгын ажлыг дуусгасан болно. Барилгын төсвийн үлдэгдэл 79.5 сая төгрөг байсныг ... сумын тамгын газраас ГХБХгазарт хүсэлт тавьж, мэргэжлийн хүмүүс явуулж, уг барилгыг газар дээр нь хэмжин шалгалт хийж гаргасан төсөв нь 90.054.007 төгрөгний төсөвт өртөгтэй болсон юм. Одоо манай компанид 60.000.000 төгрөгийг өгөх ба үүнийгээ цаг хугацаанд нь аваагүйгээс дараах хохирол гарч байна. .... дэлгүүрээс авсан мөнгөний хүү 14.400.000 төгрөг, банкны зээлийн хүү 3.178.768 төгрөг, тэтгэврийн зээлийн хүү 493.530 төгрөг болж байна. Санхүүжилтийн 60 сая төгрөг, ... дэлгүүрийн Маас авсан мөнгөний хүү 14.400.000 төгрөг, тэтгэврийн зээлийн хүү 493.530 төгрөг бүгд 74.493.530 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Харин нэхэмжлэгч ... ХХК-ий захирал О.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:О.М миний бие нь 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ... газартай ... суманд халуун усны барилга барих гэрээ-г түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр байгуулсан. Гэрээний үнэ нь тухайн үед 29.900.000 төгрөг байсан. Би уг гэрээг байгуулахдаа ...Засаг дарга Ж.Мт гэрээнд тусгагдсан энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй гэдгийг хэлэхэд нэмж санхүүжилт хийж болно гэж байсан. Гэрээ байгуулаад барилгын ажлыг эхлүүлээд хийж байтал өвөл болж хүйтэрсэн учир ажлаа зогсоосон. Ажлыг зогсоох үед 33.000.000 төгрөгийн ажил хийгдсэн байсан. Би энэ талаар тухайн үед Ж.М даргад танилцуулж байсан. 2014 оны 6 дугаар сард барилгын ажлаа эхлүүлэх гээд нэмэлт санхүүжилтээ хүсэхэд Ж.М дарга мөнгө байхгүй гэсэн хариу өгсөн. Тэгвэл санхүүжүүлсэн мөнгөнд чинь таарсан ажлыг хийчихлээ, одоо ажлаа зогсооё гэхэд Ж.М дарга нэгэнт хөрөнгө мөнгө гаргаад барилгын ажил эхлүүлчихсэн юм чинь хоёрын хооронд дутуу орхимооргүй байна, та ямар ч байсан аргалаад гүйцээж бариад, ашиглалтанд өгөөдөхөөч, бид орон нутгийн төсвөөс аргалаад илүү зарцуулсан мөнгийг чинь гаргуулж өгье гэж гуйсан. Тэгэхээр нь би эхлүүлсэн ажлаа ч бодоод, сумын ард иргэдийг ч бодоод уг гуйлтыг хүлээн авсан. Уг халуун усны барилгын зураг төсвийг хийлгэхэд, нийт төсөв 109.500.000 төгрөг болж байсан. Ингээд би банкнаас болон хувь хүнээс хүүтэй мөнгө авч, мөн тэтгэвэрийн зээл авч халуун усны барилгын ажлыг хийж гүйцэтгэж дуусгаад 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ... газарт хүлээлгэн өгсөн. Халуун усны дээрх барилгыг үнэлүүлэхэд 90.054.007 төгрөг болсон ба би анхны гэрээнд тусгагдсан 29.900.000 төгрөгөө авсан байгаа. Харин үлдэгдэл 60.154.007 төгрөгийг аваагүй байгаа. Энэ мөнгөнөөсөө 154.007 төгрөгийг нэхэмжлэхгүй, мөнгөө мухарлаад 60.000.000 төгрөг нэхэмжилнэ. Мөн ... сумын удирдлагууд тохиролцсон ёсоороо халуун усны барилгаа бариулж авчихаад, үлдэгдэл санхүүжилтийн мөнгөө гаргаж өгөхгүй байгаагаас миний бие банкны зээлийн хүү, хувь хүнээс зээлсэн зээлийн хүү, тэтгэврийн зээлийн хүү зэргээр хохирч байгаа тул энэ хохирлоо нэхэмжилнэ.
Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага дээрээ үлдэгдэл санхүүжилтийн 60 сая төгрөг, Г.ийн М.аас зээлсэн мөнгөний хүү 14.400.000 төгрөг, банкнаас зээлсэн зээлийн хүү 3.178.768 төгрөг, тэтгэврийн зээлийн хүү 493.530 төгрөг гээд зөв бичсэн мөртлөө нэхэмжлэлийнхээ үнийг бодохдоо заримыг нь мартаж бичээд, заримыг нь буруу бичээд 74.493.530 төгрөг нэхэмжилнэ гэж бичсэн. Үүнийгээ залруулаад дээрх нэхэмжилж буй зүйлсээ зөв бодохоор нийтдээ 78.072.298 төгрөг болж байгаа. Иймд би нэхэмжлэлийн шаардлагаа 3.578.768 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл нийтдээ 78.072.298 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Л.Д нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... сумын 2013 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 30 сая төгрөгөөр орчин үеийн шаардлага хангасан халуун ус, сауны барилга барихаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлан шийдвэрлэсэн. Энэ ажлыг ... газрын захиалгаар ... ХХК нь 30 сая төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гүйцэтгэх хугацаанд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд албан ёсны хүсэлт гаргаагүй байна. Энэ нь тус компанийг 30 сая төгрөгөөр барьсан гэж үзэж байгаа тул нэхэмжилж байгаа мөнгийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Мөн сумын төсөвт шийдвэрлэх санхүүгийн эх үүсвэргүй байна гэжээ.
Харин хариуцагч Л.Дашцэрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэс сумын иргэдээс санал авч эрэмбэд оруулсаны дагуу Тэс сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас халуун ус, саун, үсчний зориулалттай барилгыг 30 сая төгрөгийн өртгөөр барьж, ашиглалтанд оруулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу аймагт 2 удаа нээлттэй тендэр зарлахад компаниуд оролцоогүй учир шууд гэрээ байгуулах эрх нь суманд шилжиж ирсэн. Энэ үндсэн дээр Засаг даргын тамгын газар нь Сүүндалай булаг ХХК-тай гэрээ байгуулж, уг барилгын ажлыг 29,900,000 төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгүүлэхээр болсон. Гэрээ байгуулаад, ажлаа хийж байгаад санхүүжилт хүрэхээ болилоо гээд гэнэт их мөнгө нэхсэн. Нэхэмжилж байгаа мөнгийг гаргаж өгөх эх үүсвэр манай суманд үнэхээр байхгүй. Ер нь бол Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 30 сая төгрөг төсөвлөж өгсөн, энэ мөнгөнд багтааж л баригдах ёстой гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Ж.М. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2013 оны сумын Орон нутгийг хөгжүүлэх сангийн 252,9 сая төгрөгийн төсвөөс иргэдээс авч эрэмбэлэгдсэн саналын дагуу 30 сая төгрөгөөр орчин үеийн стандарт шаардлага хангасан нийтийн халуун ус барих төсвийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталж өгсөн. Үүний дагуу сумын ЗДТГ нь техникийн нөхцөл гаргаж, холбогдох бичиг баримт, хүсэлтийг ГХБХБГ-т хүргүүлэн аймгийн ХАААГ-аас 2 удаа нээлттэй тендэрийг зарлуулсан боловч гүйцэтгэгч ААН аваагүй, суманд шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх эрх шилжиж ирсэн. 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ... ХХК-ий захирал О.М өөрийн биеэр ирж техникийн нөхцөл, төсөв хөрөнгөтэй танилцаж, ерөнхийдөө гэрээ хийж болох юм байна гээд гэрээ байгуулан ажлаа эхэлсэн. Барилгын ажлыг эхлээд суурь цутгалт, бетонон карказыг босгоод хүйтэрсэн тул ажлыг зогсоосон. Ажил эхлэхэд зураг төсөв байхгүй байсан мөртлөө 2014 оны 6 дугаар сард ажлаа үргэлжлүүлэхээр ирэхдээ стандартын зураг төсөв хийлгэж, түүний дагуу гүйцэтгэхэд нийт өртөг 109.5 сая төгрөг болсон тухай бидэнд хэлсэн. Энэ үед бид ярилцахдаа, Та анх 29,9 сая төгрөгийн төсөвт багтааж барьж өгнө гэж гэрээ хийчихээд одоо юу яриад байгаа юм, бидэнд өгөх мөнгө байхгүй, илүү төсөв мөнгийг өгч чадахгүй гэж хэлэхэд О.М захирал барилгыг дутуу орхино гэсэн. Бид нэгэнт бариад эхэлсэн ажлыг дуусгах хэрэгтэй тул ямар нөхцөл боломж байгаа талаар харилцан ярилцсан. Ярилцаад:
Нэгдүгээрт. Оны эцэст ОНТ-ийн үлдэгдэл юу болох, хэрвээ давсан орлого байвал сумын ИТХ-д асуудлыг танилцуулж шийдүүлэх,
Хоёрдугаарт: 2015 оны ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтад иргэдээс авсан санал байвал түүн дээр оруулж, төсөв тавьж батлуулах боломж байгаа талаар харилцан ярилцаж зөвшилцсөний дагуу захирал О.М өөрийн биеэр 2014 оны эцсийн ИТХ-д хийсэн ажлаа дэлгэрэнгүй танилцуулахаар болж цааш ажлаа үргэлжлүүлэн хийж, хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Нэгэнт эхэлсэн ажлаа дуусгах талаар санал тавьж, харилцан ярилцаж тохиролцсоны үндсэн дээр барилгын ажлыг үргэлжлүүлэн барьж дуусгаад 2014 оны 11 дүгээр сард хүлээлгэн өгсөн. Ингээд 2014 оны жилийн эцсийн ИТХ-д гүйцэтгэгч талыг төлөөлж захирал О.М өөрийн биеэр ирж асуудлыг танилцуулсан боловч сумын хурлын төлөөлөгч нар анх гэрээнд заагдсан 29,9 сая төгрөгийн төсвийн дагуу хийнэ гэж гэрээ байгуулж авчихаад одоо юу яриад байгаа юм бэ? Төсөв мөнгө хүрэлцэхгүй хэцүү байгаа энэ цаг үед өгөх боломжгүй гээд хүлээж аваагүй. Засаг дарга миний бие энэ талаар тэдэнд тайлбарласан боловч дэмжээгүй. Гүйцэтгэгч компаний тавьсан саналын дагуу илүү зарцуулсан санхүүжилтийг боломжтой нөхцөлөөр хөөцөлдөж олгож өгөхийг хүссэнийг тусгасан нэмэлт гэрээг О.М захирлын хүсэлтийн дагуу хийсэн. Одоогоор 2 талын маргаан шийдвэрлэгдээгүй, илүү зарцуулагдсан санхүүжилтийг эдийн засгийн хямралтай энэ үед барагдуулах боломжгүй хүнд нөхцөлд байна гэжээ.
Харин хариуцагч Ж.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг даргын эрх хэмжээнд ямар нэгэн төсөв мөнгө байдаггүй бөгөөд О.М.ийн нэхэмжилж байгаа мөнгийг миний тухайд эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэн, гаргаж өгөх боломж байхгүй. ... ХХК болон ... сумын ЗДТГ-ын хооронд байгуулагдсан Халуун усны барилга барих анхны гэрээ бол үнэн зөв гэрээ. 2 дахь гэрээг О.М.ийн хүсэлтээр нөхөж байгуулсан гэрээ юм. ... ХХК-ий барьж ашиглалтанд оруулсан халуун усны барилгыг ГХБХБГ-аас 90.054.007 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг арай л өндөр үнэтэй үнэлгээ гэж бодож байгаа гэжээ.
Хариуцагч Ц.Д нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2013 оны сумын Орон нутгийг хөгжүүлэх сангийн 30 сая төгрөгөөр орчин үеийн шаардлага хангасан халуун ус, саун барихаар төлөвлөсөн болно. Нээлттэй тендэрийг аймагт 2 удаа зарласан боловч гүйцэтгэгч компани оролцоогүй тул суманд шууд гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ... ХХК-тай байгуулсан. Барилга, үйлдвэрлэл, угсралтын ажил хэвийн явагдаж байсан. Миний бие 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр очиж барилгын ажилтай танилцахад ... ХХК-ий захирал О.М 100 гаруй сая төгрөгөөр баригдаж байгаа, үлдэгдэл санхүүжилтийг удирлагуудтай ярьж тохирсон, юу болж байна гэж асууж байсан. Би хариуд нь нэгдүгээрт ийм их мөнгө давж орохгүй, хоёрдугаарт давж орлоо гэхэд дураараа зарцуулж болохгүй байх, та дарга нартай тохиролцсоныхоо дагуу сумын хуралд ханд гэж зөвлөж байсан. ... ХХК-ий захирал О.М 2014 оны жилийн эцсийн хуралд сууж асуудлаа хэлэлцүүлж байсан, сумын хурал дэмжээгүй болно. Халуун усны барилгын ажлыг гүйцэтгэгч компани нь 60 сая төгрөг нэхэмжилж байгаа ба үүнийг шийдвэрлэх боломж нөхцөл байхгүй байна. Мөн дээрээс нь иргэн М.аас авсан мөнгөний хүү 14.400.000 төгрөг, тэтгэвэрийн зээлийн хүү 493.530 төгрөг тус тус нэхэмжилж байгааг сумын Засаг даргын тамгын газраас барагдуулах нөхцөл боломж байхгүй байна гэжээ.
Харин хариуцагч Ц.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ХХК-ий захирал О.М.г хүнд байдалд байгааг ойлгож байна. Гэвч манай суманд түүний нэхэмжилээд байгаа мөнгийг гаргаж өгөх ямар ч эх үүсвэр байхгүй болчихоод байна. Би халуун усны барилгыг хүлээн авах комиссыг ахалж байсан бөгөөд дээрх барилгыг хүлээн авахдаа О.М захиралд мөнгө төгрөгний асуудал хэцүү талаар хэлж байсан. ... ХХК-тай ... сумын ЗДТГ-ын байгуулсан анхны гэрээ бол хүчин төгөлдөр, үнэн зөв гэрээ юм. Харин 2 дахь гэрээ бол О.М гуай аймгийн удирдлагууд, төсөв санхүү хариуцсан албан тушаалтнууд, Улсын их хурлын гишүүд зэрэг хүмүүст үзүүлж, илүү зарцуулсан мөнгөө хөөцөлдөж авахад үзүүлэх гэрээ хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь ийм зориулалтаар түүнд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нөхөж хийж өгсөн гэрээ учир хүчин төгөлдөр бус юм. Энэ гэрээнд гарын үсэг зурсан бүх хүн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зурсан. Мөн анхны гэрээг байгуулахдаа гэрээнд 2 талын аль аль нь үнийг тохируулах талаар тусгаагүй юм гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
... газар нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталж өгсөн, Орон нутгийг хөгжүүлэх сангаас санхүүжилт хийгдэх, 30 сая төгрөгийн төсвийн дагуу сумандаа орчин үеийн шаардлагад нийцсэн халуун ус, саун, үсчний зориулалттай барилга бариулахаар 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ... ХХК-тай 29.900.000 төгрөгийн үнэ бүхий, ... суманд халуун усны барилга барих гэрээ-г байгуулсан байна.
Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар ... газар, ... ХХК-ий хооронд Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулагджээ.
Уг гэрээний дагуу ... ХХК нь ... газраас гэрээнд заасан 29.900.000 төгрөгийн санхүүжилтийг авч, барилгын ажлыг эхлүүлсэн боловч гэрээний дуусах хугацаа буюу 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар барилгын ажлыг дуусгаж чадаагүй байх ба гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна.
Энэ байдал нь дээрх барилгыг барьж, ашиглалтанд оруулахад ... газраас санхүүжүүлсэн 29.900.000 төгрөгийн санхүүжилт хүрэлцээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, халуун усны барилгын зардлын тооцоо, ... ХХК нь барилга барихдаа худалдан авсан бараа материалуудын баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэрээний талууд болох ..., ... ХХК нь дээрх гэрээний үнийг өөрчлөн, 109.500.000 төгрөгийн үнэтэй ... суманд халуун усны барилга барих гэрээ-г байгуулсан байх боловч уг гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байна. Учир нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2 дахь хэсэгт энэ хуулийн 40.4-т зааснаас бусад тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөхийг хориглоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, захиалагч талаас 2 жилээс дээш хугацаанд хэрэгжих гэрээний явцад хэрэглээний үнийн индекс өөрчлөгдсөн, суурь үнэ огцом өссөн тохиолдолд үнийн тохируулга хийх талаар гэрээнд тусгаж болох бөгөөд эдгээр нөхцөлүүдийг тусгаагүй тохиолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөхийг хориглосон. Гэтэл ..., ... ХХК нь үнийн тохируулга хийх талаар анх байгуулсан гэрээндээ тусгаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40.4-т заасан тохиолдол бий болоогүй байхад гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчилсөн нь хууль зөрчсөн байна.
2. 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэх, гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчилсөн гэрээг тухайн үед талууд хүсэл зоригоо илэрхийлэн байгуулаагүй, сүүлд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ... ХХК-ий захирал О.М аймгийн удирдлагууд, төсөв санхүү хариуцсан албан тушаалтнууд, Улсын их хурлын гишүүд зэрэг хүмүүст үзүүлж, илүү зарцуулсан мөнгөө хөөцөлдөж авах зорилгоор ...аас гуйж, нөхөж хийлгүүлэн авсан нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудаар нотлогдсон учир уг гэрээг дүр үзүүлэн хийсэн гэрээ хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэрээ бүхэн хэлцэл болдог бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн, 56.1.2-д дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байхаар заасан.
2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээний хугацаа дууссан боловч захиалагч талаас барилгын ажлыг бүрэн дуусгуулах хүсэлт гаргаж, гэрээний үнийг нэмэгдүүлэх талаар санал тавьсныг гүйцэтгэгч хүлээн авсан, үүний дагуу барилгын ажлыг дуусгаж, захиалагч талд хүлээлгэн өгсөн, захиалагч талаас барилга хүлээн авсантай холбогдуулан ямар нэгэн маргаан гаргаагүй нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах техникийн комиссын акт, комиссын гишүүдийн дүгнэлт, саналууд, Засаг дарга Ж.М 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр барилгын явцтай танилцаад хөтөлсөн тэмдэглэл, 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Засаг даргын тамгын газрын дарга Ц.Д барилгын ажлын явцтай танилцаад хөтөлсөн тэмдэглэл, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр барилгын ажлыг хүлээн авах явцад комиссын гишүүдийн хөтөлсөн тэмдэглэлийн хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байгаа учир гэрээний хугацааг талууд барилга баригдаж дуусах хүртэл хугацаагаар сунгасан, үнийг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
... ХХК-ий захирал О.М нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ... Л.Д, ... Ж.М, ... Ц.Д нарыг хариуцагчаар татан оролцуулсан боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжилээд байгаа мөнгийг Л.Д, Ж.М, Ц.Д гэдэг хувь хүмүүсээс гаргуулах гээд байгаа юм бишээ. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга төсөв мөнгийг нь шийдэж өгөөд, Засаг дарга батлаад, Засаг даргын тамгын газрын даргын гарын үсгээр мөнгө гардаг учир эдгээр хүмүүсийг албан тушаалтных нь хувьд хариуцагчаар оролцуулсан. Миний тухайд бол мөнгөө ... газраас гаргуулан авахаар нэхэмжилж байгаа гэсэн тайлбарыг өгсөнөөс үзвэл, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэгт орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил үйлчилгээний хувьд захиалагч нь Засаг даргын тамгын газар байна гэж заасан заалт, барилга барих гэрээний захиалагч талаар ... газар оролцсон нөхцөл байдлуудаас үзвэл ... Л.Д, ... Ж.М, ... Ц.Д нар нь хууль зүйн үүднээс, хувь хүнийхээ тухайд энэ хэргийн хариуцагч биш, харин ... газар хариуцагч нь байна.
Иймд ... ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагаас Л.Д, Ж.М, Ц.Д нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ... газраас гаргуулах нь зүйтэй байна.
... газрын захиалгаар ... ХХК-ий барьж, ашиглалтанд оруулсан халуун усны барилга нь 90.054.007 төгрөгийн үнэтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас үнэлсэн үнэлгээний дүгнэлт зэргээр нотлогдож байна.
... Л.Д, ... Ж.М, ... Ц.Д нар нь энэ үнэлгээг өндөр байна гэж маргаж байгаа боловч маргаж байгаа үндэслэлээ шүүхийн өмнө нотлоогүй болно.
... ХХК нь ...ын төвд халуун ус, саун, үсчний зориулалттай барилгыг 94.054.007 төгрөгийн өртөгтэйгөөр барьж, ашиглалтанд хүлээлгэн өгсөн байх бөгөөд ... газраас 29.900.000 төгрөгийн санхүүжилтийг хүлээн авч, үлдэгдэл 60.154.007 төгрөгийн санхүүжилтийг гаргуулан авч чадаагүй байна.
Гэвч нэхэмжлэгчээс 154.007 төгрөгийн санхүүжилтийг нэхэмжлэхгүй гэсэн учир 60.000.000 төгрөгийг ... газраас гаргуулан ... ХХК-д олгуулах нь зүйтэй байна.
Харин 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээг Үнийг нэмэгдүүлэхийг зөвшөөрч, барилга баригдаж дуусах хүртэл хугацаагаар сунгасан гэж дүгнэсэн учир ... ХХК-аас нэхэмжилсэн хугацаа хэтрүүлсэний хохирол буюу М.аас зээлсэн мөнгөний хүү 14.400.000 төгрөг, банкнаас зээлсэн мөнгөний хүү 3.178.768 төгрөг, тэтгэвэрийн зээлийн хүү 493.530 төгрөг, нийт 18.072.298 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ... ХХК нь анх нэхэмжилсэн 74.493.530 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид бодогдох 530.418 төгрөгийг улсын төсөвт төлсөн ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 3.578.768 төгрөгөөр нэмэгдүүлсэний улсын тэмдэгтийн хураамж 72.210 төгрөгийг улсын төсөвт нэмж төлөх нь үндэслэлтэй байна. Гэвч хариуцагч ...аас нэхэмжлэгч .... ХХК-д 60.000.000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн учир уг үнийн дүнд бодогдох улсын тэмдэгтийн хураамж 457.950 төгрөгийг ...газраас гаргуулан 72.210 төгрөгийг улсын орлогод оруулан, нэхэмжлэгч ... ХХК.д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ... ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагаас ... Л.Д, ... Ж.М, ... Ц.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ...аас 60.000.000 /жаран сая/ төгрөгийг гаргуулан ... ХХК-д олгож, ... ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагаас 18.072.298 /арван найман сая далан хоёр мянга хоёр зуун ерэн найм/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ...ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 530.418 /таван зуун гучин мянга дөрвөн зуун арван найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... газраас 457.950 дөрвөн зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан, 72210 /далан хоёр мянга хоёр зуун арав/ төгрөгийг улсын орлогод оруулж, 385.740 /гурван зуун наян таван мянга долоон зуун дөч/ төгрөгийг нэхэмжлэгч Сүүндалай булаг ХХК-д олгосугай.
4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Улиастай суманд байрлах Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН