| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2015/00203/И |
| Дугаар | 141/ШШ2015/00223 |
| Огноо | 2015-10-30 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2015 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 141/ШШ2015/00223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... багт оршин суудаг Ц овогт Д.В.ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... газрын дарга С овогт Д.Н.д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тамжид, нэхэмжлэгч Д.В, хариуцагч Д.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.В нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.В нь ... мэргэжилтнээр ажиллаж байгаад тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар ажлаас халагдсан юм. Улмаар Завхан аймгийн төрийн албаны салбар зөвлөл, Завхан аймгийн захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргаснаар 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарч, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, үүрэгт ажилд эргүүлэн томилуулахаар заасан боловч шүүхийн шийдвэрийг хугацаа удаашруулан, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Б/19 дугаартай тушаал гарган, үүрэгт ажилд маань томилсон юм. Иймд захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай шийдвэр гарсан өдрөөс хойш 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/19 дугаартай тамгын газрын даргын тушаал гарсан өдөр хүртэлх хугацааны цалин болох 1188047 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү. Хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх боломж байхгүй, асуудлаа шүүхийн журмаар шийдүүлнэ гэжээ.
Хариуцагч Д.Н нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сумын Мал эмнэлэг үржлийн тасагт Малын эрүүл мэнд хүнсний аюулгүй байдлыг хариуцсан мэргэжилтнээр ажилладаг Д овогтой В.ыг 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Аймгийн Төрийн сангийн дарга болон Тамгын газрын дарга нар Мал эмнэлэг үржлийн тасгийн 1 хүнийг цомхтгож болно, цалингийн фонд байхгүй гэсний дагуу дээрх хүнийг цомхтгож, 6 сарын тэтгэмжийг олгосон.
Д.В нь шүүхэд өгч үндэслэлгүй халагдсан гэсэн шүүхийн дүгнэлт гарч 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ажилд эгүүлэн авсан ба 7 дугаар сарын хагас цалин, 8 сарын бүтэн цалинг олгосон.
Одоогийн байдлаар Д.В нь өөрийн хүсэлтээр он дуустал цалингүй чөлөө авсан байгаа.
Хэрэв аймгийн Төрийн сангаас цалингийн фондод тусгаж өгвөл цалинг олгож болно.
Засаг даргын тамгын газраас цалин мөнгийг нь олгох ямар ч боломжгүй юм гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.В нь ... дарга Д.Н.д холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Д.В нь ... мэргэжилтнээр ажиллаж байгаад ... газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Ажлаас халах тухай Б/04 дугаартай тушаалын дагуу ажлаас чөлөөлөгдсөн байна.
Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай шийдвэрээр ... газрын даргын Ажлаас халах тухай Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Д.В.ыг ... газрын Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллуулахыг ... газарт даалгасан байх ба уг шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосоноор хүчинтэй болсон байна.
Гэтэл ... Д.Н нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Б/19 дугаартай тушаал гарган Д.Выг ... газрын Мал эмнэлэг үржлийн тасагт Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал харицсан мэргэжилтнээр томилон ажиллуулсан байна.
Өөрөөр хэлбэл Д.Выг Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчинтэй болсон буюу 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс, түүнийг Ажилд томилох тухай Б/19 дугаартай тушаал гарсан 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажлын 37 хоногийн хугацаанд нэхэмжлэгч Д.В нь ажилдаа томилогдоогүй, цалин хөлс аваагүй байна.
Энэ байдал нь нэхэмжлэгч Д.Вын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагч Д.Н.ийн шүүхэд ирүүлсэн тайлбар, Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай шийдвэр, ... даргын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Ажилд томилох тухай Б/19 дугаартай тушаал зэргээр нотлогдож байна.
Мөн хариуцагч Д.Н нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хугацааны олговорыг олгох нь үндэслэлгүй талаар маргаагүй бөгөөд харин цалингийн фонд хүрэлцэхгүй байгаагийн улмаас уг мөнгийг өгөх боломжгүй талаараа шүүхэд тайлбарласан болно.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт: Албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж заасны дагуу Д.Вын ажилгүй байсан 37 хоногийн хугацаанд түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 1.188.847 төгрөгийн олговорыг эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: ...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж заасан бөгөөд, шүүхээс Д.Вн нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч Д.В.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33063 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 1.188.847 төгрөгөнд бодогдох улсын тэмдэгтийн хураамж болох 33082 төгрөгийг ... газраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ... газраас ажилгүй байсан хугацааны олговорт 1.188.847 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.В.д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Д.В.ын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд зохих журмын дагуу, сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг ... газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Вын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33063 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, ... газраас улсын тэмдэгтийн хураамжид 33082 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Улиастай суманд байрлах Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН