Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2015 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 141/ШШ2015/00092

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сум дундын 13 дугаар шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... оршин суудаг П овогт З.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... баг хаягаар оршин суудаг Д овогт З.Дд холбогдох зээлүүлсэн мөнгө болон түүний хүү 2800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булгантамир, нэхэмжлэгч З.Б, хариуцагч З.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: З.Д эгч маань 2010 онд намайг банкнаас 1500,000 төгрөгний зээл аваад өгөөч, хүүтэй нь төлнө гэж гуйсан. Тэгэхээр нь би Манайд тийм их мөнгө өгдөггүй, барьцаа хөрөнгө байхгүй гэсэн чинь хадам дүү Аийн хашаа байшингийн гэрчилгээг гуйж аваад өгөөч гэж гуйсаар байгаад авахуулсан юм. З.Д эгч маань өөрөө банкны мөнгөтэй, оюутантай байсан болохоор нь бололцоон дээрээ өгчих байх, нэлээн гуйлгаж авсан юм чинь гэж бодоод би эргэн төлөлтийг нь төлж байсан. Гэтэл хадам дүү А нь хашаа байшингийнхаа гэрчилгээг авья гээд хувь хүнээс 1100,000 төгрөгийн зээлийг сарын 10 хувийн хүүтэй авч зээлээ хаагаад дахин 3000,000 төгрөгийн зээл авч хувь хүний мөнгийг өгч дуусгасан юм. Гэтэл З.Д надаас авсан мөнгөө өгчихсөн гэж гүтгээд өгөхгүй байгаа тул 1500,000 төгрөгөө 4 жилийн хүүтэй нь бодож 2800,000 төгрөг нэхэмжилж байна. З.Д авсан мөнгөнөөсөө 500,000 төгрөг л өгсөн гэжээ.

Хариуцагч З.Д нь шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: З.Б нь 2014 оны зун мөнгөний хэрэг болоод байна сорьт аваач гээд 100,000 төгрөг бэлнээр авсан. Мөн надаар халбага сэрээ 14,000 төгрөгөөр, 20-ын тогоо 25,000 төгрөгөөр, шарах шүүгээ 120,000 төгрөгөөр авахуулсан. Д.ыг Эрдэнэт явахад зардал 40,000 төгрөг авсан. Би гэрэл цахилгааны үнэнд нь 30,000 төгрөг төлсөн. 50,000 төгрөгийн үнэтэй гар утас гээгдүүлж, 45,000 төгрөгийн үнэтэй битүү чанагч эвдэлсэн. З.О.ын группын мөнгийг авдаг учир О надаас авсан 200,000 төгрөг болон хөрөөний үнэ 160,000 төгрөг зэргийг нэхэмжилнэ гэжээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч З.Б нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 2010 онд хадам дүү А.ийн хашаа байшингийн гэрчилгээг барьцаалан Хас банкнаас 2000,000 төгрөгийн зээлийг авч, зээл авсныхаа маргааш Д эгчийн данс руу 1525,000 төгрөг хийсэн. Уг мөнгөний 25,000 төгрөг нь Д эгчид өгөх ёстой байсан мөнгө юм. Харин 1500,000 төгрөгийг банкны хүүтэй нь зээлүүлэхээр тохиролцсон байсан учир шилжүүлсэн мөнгө юм. Уг мөнгийг авснаасаа хойш Д эгч надад үндсэн мөнгөнөөс ч мөнгө өгөөгүй, хүүний мөнгөнөөс ч мөнгө өгөөгүй. 4 жилийн хугацааны хүүг бодохоор 1800,000 төгрөг болж байгаа юм. 2014 онд Д эгч надад 500,000 төгрөг өгсөн бөгөөд хүүнд бодогдсон 1800,000 төгрөгөөс хасч тооцохоор 1300,000 төгрөг болж байгаа юм. Ингээд би шүүхэд хандаж Д эгчид зээлдүүлсэн 1500,000 төгрөгөө, хүү 1300,000 төгрөгийн хамт, нийт 2800,000 төгрөг нэхэмжилж байгаа юм. Д эгч нь надад эгч дүүгийнхээ хувиар өгсөн эд зүйлсийнхээ үнийг нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцсан. Үүнээс халбага сэрээний үнэ 14000, шарах шүүгээний үнэ 120,000, сорьтны үнэ 100,000, Д-н Эрдэнэт явсны зардал 40,000, гэрэл цахилгааны үнэ 30,000, тогооны үнэ 25,000, нийт 329,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин О-ын эд зүйл авсны 360,000 төгрөг, гар утас гээгдүүлсэний 50,000 төгрөг, битүү чанагч эвдэлсний 45000 төгрөг, нийт 455,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би О.ын тахир дутуугийн тэтгэвэрийн мөнгийг сар бүр авдаг нь үнэн боловч авсан мөнгөөрөө О.д өрт нь морь, мотоцикл, машин авч өгсөн. Гар утсыг би гээчихсэн бөгөөд хувьдаа аваад хэрэглэчихээгүй учир төлж чадахгүй. Битүү чанагчийн тагийг миний охин эвдэлсэн, одоо уг битүү чанагч манайд байгаа. Уг битүү чанагчийг Д эгч мөнгөөр аваагүй, бараа авсны бэлгэнд авсан учир үнийг төлөх боломжгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч З.Даас зээлүүлсэн мөнгө 1500,000 төгрөг болон түүний хүү 1300,000 төгрөг, нийт 2800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч З.Д нь З.Баас худалдан авч өгсөн эд зүйлсийн үнэ 329,000 төгрөг, З.Оын авсан эд зүйлсийн үнэ 360,000 төгрөг, эвдэлж, гээгдүүлсэн эд зүйлсийн үнэ 95,000 төгрөг, нийт 784,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч З.Б нь 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хас банкнаас 2000,000 төгрөгийн зээл авч, 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч З.Дын Хаан банкин дахь данс руу 1525,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь З.Бын бичил зээлийн дансны хуулга болон Хаан банкны орлогын мэдүүлэгийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч З.Б, хариуцагч З.Д нар нь З.Б Хас банкнаас зээлж авсан 2000,000 төгрөгөөсөө 1500,000 төгрөгийг З.Дд зээлдүүлсэн гэх асуудлын талаар маргахгүй, харилцан зөвшөөрч байх тул нэхэмжлэгч З.Б нь 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч З.Дд 1500,000 төгрөгийг зээлдүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт:Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүг төлөх-өөр, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт:Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулах, уг шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах-аар заасан.

Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч З.Дд 1500,000 төгрөгийг зээлдүүлэхдээ хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул хариуцагч З.Даас 1500,000 төгрөгийн 4 жилийн хүү 1800,000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч З.Б нь З.Даас зээлдүүлсэн мөнгө болох 1500,000 төгрөгийг л шаардах эрхтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг 500,000 төгрөг төлсөнийг зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа нь үндэслэлгүй тул нийт нэхэмжлэлийн шаардлагаас хүүнд нэхэмжилсэн 1300,000 төгрөгийн болон үндсэн мөнгөнөөс нэхэмжилсэн 500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 1000,000 төгрөгийн шаардлагыг хангахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2800,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад бодогдох 59750 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт төлсөн байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас 1000,000 төгрөгийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэж байгаа учир түүнд бодогдох улсын тэмдэгтийн хураамж болох 28550 төгрөгийг хариуцагч З.Даас гаргуулан нэхэмжлэгч З.Бд олгох, үлдэгдэл 31200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр нь үлдээх нь зүйтэй байна.

Хариуцагч З.Д нь нэхэмжлэгч З.Бд холбогдуулан 784,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 329,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 455,000 /З.О эд зүйл авсны үнэ 360,000 төгрөг, гар утас гээгдүүлж, битүү чанагч эвдэлсний 45,000 төгрөг/ төгрөгийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийн нэхэмжлэлд дурьдагдсан гар утсыг гээгдүүлсэн, битүү чанагчийг эвдэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үнэ дээр маргаагүй байна. Иймд эдгээрийн үнэ болох 95,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй байна.

З.О нь З.Даас сорьтны мөнгө 200,000 төгрөг болон 160,000 төгрөгийн хөрөө авсан гэдэг нь хариуцагчийн тайлбар болон гэрч З.О нарын мэдүүлгээр, З.Оын тахир дутуугийн тэтгэвэрийн мөнгийг нэхэмжлэгч З.Б 2011 оны 8 дугаар сараас эхлэн сар бүр авдаг болох нь гэрч З.Оын мэдүүлэг болон Төрийн банкны тодорхойлолтоор нотлогдож байна.

Нэхэмжлэгч З.Б нь З.Оын тахир дутуугийн тэтгэвэрийн мөнгөөр өөрт нь морь, мотоцикл, машин авч өгсөн гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй учир нотлогдохгүй байна гэж үзээд З.Оын З.Дд өгөх 360,000 төгрөгийг З.Баас гаргуулан өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч З.Д нь шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 23370 төгрөг төлсөн байх бөгөөд, түүний нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс бүрэн хангаж шийдвэрлэж буй учир улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23370 төгрөгийг нэхэмжлэгч З.аас гаргуулан хариуцагч З.Дд олгох нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч З.Б нь хариуцагч З.Даас гаргуулан авахаар шийдвэрлэгдсэн 1000,000 төгрөгөөс хариуцагч З.Д нь нэхэмжлэгч З.Баас гаргуулан авахаар шийдвэрлэгдсэн 784,000 төгрөгийг хасч тооцон 216,000 төгрөгийг хариуцагч З.Даас гаргуулан нэхэмжлэгч З.Бд олгох, мөн нэхэмжлэгч З.Б нь хариуцагч З.Даас гаргуулан авахаар шийдвэрлэгдсэн улсын тэмдэгтийн хураамж 28550 төгрөгөөс хариуцагч З.Д нэхэмжлэгч З.Баас гаргуулан авахаар шийдвэрлэгдсэн улсын тэмдэгтийн хураамж 23370 төгрөгийг хасч тооцон 5180 төгрөгийг хариуцагч З.Даас гаргуулан нэхэмжлэгч З.Бд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д овогт З.Даас 216,000 /хоёр зуун арван зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П овогт З.Бд олгосугай.

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 56 дугаар зүйл, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Даас 5180 /таван мянга нэг зуун ная/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Бд олгосугай.

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН