Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2015 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 141/ШШ2015/00082

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сум дундын 13 дугаар шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... хаягаар оршин суудаг, Б овогт Х.Чийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... баг хаягаар оршин суудаг, М овогт Ю.Чт холбогдох Хашаа, байшингийн үнэ болох 22,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булгантамир, нэхэмжлэгч Х.Чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагч Ю.Ч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Ч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ... сумын иргэн Ю.Чаас 8*13 метр.кв хэмжээтэй байшинг 23,000,000 төгрөгөөр худалдан авсан юм. Байшингийн үнэнд эр хонь-89 ширхэг, эр ямаа-6 ширхэг, хайнагийн шар-1 ширхэг, хайнагийн гунж-1 ширхэг, 2,180,000 төгрөгийг тус тус өгсөн юм. Ю.Ч нь анх хашаа байшингаа зарахдаа газраас нь ус гардаггүй, 4 метр жорлон ухахад ус гараагүй гэсэн боловч жорлон ухах гэтэл ус гарч ирсэн. Бид нар анх байшин худалдан авахдаа гэрээ хийсэн бөгөөд, хэрвээ тухайн газраас ус гарч ирвэл хашаагаа буцаахаар тохиролцсон юм. Иймд байшингийн үнэнд төлсөн 22,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ... сумын сургуулийн лагерь гэх газар байрлах байшинг Ю.Чаас 23 сая төгрөгөөр авсан юм. Анх наймаа хийхэд 4 метр ухаад ус гарахгүй байгаа гэж байсан. Саяхан байшинд орж үзэхэд дотор нь байгаа ширмэл ширдэг нь нороод шарласан, хана нь хуруу зузаан цантай, муухай үнэртэй байсан. Мөн хашаанд жорлон ухаад 2 метр гаран ухтал ус гарсан. Тэгээд наймаа буцъя гэхэд шүүх, цагдаагаараа яваад олж аваарай гэсэн. Байшингийн үнэнд эр хонь-89 ширхэг, эр ямаа-6 ширхэг, хайнагийн шар-1 ширхэг, хайнагийн гунж-1 ширхэг, 2,180,000 төгрөгийг бэлнээр тус тус өгсөн юм. Бид нар анх байшин худалдан авахдаа гэрээ хийсэн бөгөөд, хэрвээ тухайн газраас ус гарч ирвэл хашаа байшингаа буцаахаар тохиролцсон юм. Иймд байшингийн үнэнд төлсөн 22,300,000 төгрөгийг Ю.Чаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ю.Ч нь нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х саяхан С өмгөөлөгчтэй хамт байшинд очсон. Өвөл ямар ч байшин хаяагаараа цантдаг. Тухайн үед цонх цантаад цан нь нь ханаа дагаж жаахан урссан байсан. Түүнийг С өмгөөлөгч: Цонхны цан урссан байна шүү дээ гэж хэлж байсан. Ширмэл ширдэг чийг даасан байсан гэдэг нь бол орчин үеийн байшингууд ихэнх нь цементэн шалтай болсон. Цементэн шал нь чийг даадаг болохоор жаахан чийгтэй байсан байх. Түүнээс биш ус урсаж орж ирсэн зүйл байхгүй. Жорлонгийн тухайд 2 метр гаран ухаж байгаад чийгтэй шороо гарахаар нь ус гарах нь гээд больсон.

Энэ хүмүүс анх манай байшинг авахдаа сайхан байшин байна гээд 2-3 удаа ирж үзээд мал оролцуулаад авъя гэсэн. Малаа хамгийн өндөр үнээр үнэлж өгсөн. Ус гарахгүй гэж гэрээ хийхдээ анх 2 жилээр хийсэн байсан ба би 5 жил болгож өөрчилж өгсөн.

Миний тухайд энэ хүнтэй эвлэрэх гэж болох бүтэхээрээ л ярьсан. Тэр байшинг тойроод зөндөө л айлууд амьдарч байна. Ус гарсан гэсэн яриа гарахгүй л байгаа. Ус урсаад ороод ирсэн зүйл байхгүй. Би цагийн багш хийдэг олон хүүхэдтэй учир энэ байшингийн мөнгийг өгөх боломжгүй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Ч нь хариуцагч Ю.Чаас байшингийн үнэ болох 22,300,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Х.Ч, хариуцагч Ю.Ч нар нь 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Ю.Чын эзэмшлийн 8*13 метр хэмжээ бүхий талбайтай, ... тоот хаяганд орших хувийн сууцыг 23,000,000 төгрөгөөр Х.Чт худалдах, худалдсан байшингаас 2 жилийн хугацааны дотор ус гарвал гэрээг цуцлах талаар харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн байх ба 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр уг гэрээнд өөрчлөлт оруулж, 5 жилийн хугацааны дотор хашаа, байшингийн газраас ус гарвал гэрээг цуцлахаар тохиролцож, уг гэрээгээ нотариатаар гэрчлүүлсэн байна.

Гэрээг талууд хуулийн хүрээнд, агуулгыг нь өөрсдөө тодорхойлон, чөлөөтэй байгуулсан байх ба Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт зааснаар байгуулагдсан байх тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.Ч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нар нь хариуцагч Ю.Чаас худалдан авсан хашаанд байрлах жорлонгоос ус гарсан, байшингаас нь ус гардаг гэх шалтгааны учир Ю.Чтай байгуулсан гэрээний дагуу гэрээнээс татгалзаж, байшингийн үнэнд Ю.Чт өгсөн 22,300,000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжилсэн боловч гэрээнд гол нөхцөл болгон тохиролцсон хашаа, байшингийн газраас ус гардаг гэх асуудлыг нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х.Ч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нар нь Ю.Час худалдан авсан хашаанд байрлах жорлонгоос ус гарсан, байшингийн газраас ус гардаг гэсэн гэх тайлбарыг шүүхэд өгсөн боловч тэр талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хын хүсэлтээр мэдүүлэг өгсөн гэрч болох В.Д, Ч.Б нар нь тухайн асуудлын талаар гэрчилж мэдүүлээгүй байна.

Иймд Ю.Чаас Х.Чт худалдсан хашаа байшингийн газраас ус гарсан, гардаг гэх маргааны үндэслэл нь нотлогдохгүй байх тул Х.Чос ирүүлсэн Ю.Чт холбогдох Байшингийн үнэ болох 22,300,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Х.Ч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үнэнд бодогдох улсын тэмдэгтийн хураамж 269449 төгрөгийг улсын төсөвт төлөх байсан ч түүний хүсэлтээр шүүх улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд хойшлуулсан байна.

Гэвч нэхэмжлэгч Х.Ч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан хугацаанд буюу шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд нэхэмжлэлийн үнэнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт төлөөгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч Х.Чор нөхөн төлүүлэх нь үндэслэлтэй байна.

 Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Ю.Чын Хаан, Хас, Төрийн банкууд дахь данс болон эд хөрөнгийг битүүмжилсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноор шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ дуусгавар болж цулагдана

 Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаагүй учир түүний биелэлт гэсэн ойлголт байхгүй болно.

 Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Чийн нэхэмжлэлтэй, Ю.Чт холбогдох 22300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнэнд төлбөл зохих 269449 төгрөгийг нэхэмжлэгч Х.Чоор нөхөн төлүүлж, улсын орлогод оруулсугай..

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН