Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 0074

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

Прокурор                                                         Л.Э

Шүүгдэгч                                                          Д.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Р.Ц

Нарийн бичгийн дарга                                Ц.Чагнаадорж нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолтой Д.Тд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Тгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Ш овогт Д-н Т.

Д.Т нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд иргэн Ц.М-г “Э” ТӨҮГазарт ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, иргэн Ц.М, иргэн Я.Ц нараас нийт 4.350.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ш овгийн Д-н Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 19 хоногийг эдлэх ялд оруулан тооцох,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тгаас 4.350.000 төгрөг гаргуулж хохирогч Я.Ц-д 1.400.000 төгрөг, хохирогч Ц.М-т 2.950.000 төгрөгийг тус тус олгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Т давж заалдах гомдолдоо:

... Би өөрийн үйлдсэн хэрэгт маш их гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирлоо өөрийн тэтгэврээр төлж барагдуулна. Би одоо 63 настай, миний зүрх өвддөг, даралт ихэсдэг... Би хүү Б.С-н хамт амьдардаг. Намайг гэх өөр ах дүү хамаатан садан байхгүй. Б.С маань мөн эрүүгийн хэрэгт холбогдож цагдан хорих байранд хоригдсон байна. Надад хүүгээс минь өөр тулж түших хүн байхгүй. Одоо хоёулаа хоригдсон. Одоо надад сэтгэл санаа маш их тайван биш байна. Би цаашдаа дахин ийм хэрэгт холбогдохгүй амьдрах болно. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна. Надад нэг боломж олгож өгнө үү... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг залилах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ш овогт Д-н Тг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Т “... хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү ... ” гэсэн давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Тгийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Т нь Ц.М-г “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд иргэн Ц.М-с 2.950.000 төгрөг, иргэн Я.Ц-с 1.400.000 төгрөг буюу нийт 4.350.000 төгрөг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогджээ.

Залилах гэмт хэргийн онцлог нь бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авахаас гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авах идэвхтэй үйлдлээр илэрнэ.

 

Шүүгдэгч Д.Т нь хохирогч Ц.М-г “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж залилсан, энэ үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа зориуд хохирол, хор уршигт хүргэсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Д.Тгийн гэм буруутай үйлдлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Мөн анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Д.Тгийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй гэж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Д.Тгийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Хавтаст хэрэгт шүүгдэгч Д.Тг 2015 онд батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөн гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй боловч шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Т нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан талаар мэдүүлсэн ба энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хэдийгээр шүүгдэгч Д.Т нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор хохирогч Д.Л-д 518.000 төгрөгийн хохирол, хохирогч Ч.А-т 400.000 төгрөгийн хохирол, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 717 дугаар шийдвэрээр Ж.Б-т 5.000.000 төгрөгийн хохирол, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор хохирогч С.Э-д 3.200.000 төгрөгийн хохирол, хохирогч А.О-д 2.000.000 төгрөгийн хохирол, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор хохирогч А.С-д 1.655.000 төгрөгийн хохирол тус тус төлдөг, сард 300.000 төгрөгийн тэтгэврээс өөр орлого байхгүй тул түүнийг хохирол нөхөн төлөх боломжтой гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Д.Тг Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Тгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

                      ШҮҮГЧ                                                       С.УРАНЧИМЭГ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         З.ХОСБАЯР