Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0447 

 

 

 

 

   2023          05           17                                    128/ШШ2023/0447 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д******* ХХК /РД:*******/

Хариуцагч: ******* дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бүжинлхам нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: ******* даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Д******* ХХК нь ******* даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын дугаар бүхий 1331 м.кв газрыг 15 жилийн хугацаатай орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлжээ.

2.2. Улмаар ******* даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар “Д*******” ХХК-ийн газар эзэмших  эрхийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

2.3. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “Д*******” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэснийг мэдэгджээ.

2.4. Улмаар “Д*******” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ******* даргад 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргажээ.

2.5. Дээрх гомдлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дугаар албан бичгээр “...газар эзэмших эрхийг сэргээх боломжгүй” гэх хариуг өгчээ.

2.6. Нэхэмжлэгч нь дээрх хариуг эс зөвшөөрч шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргажээ. 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

3.1. "Д*******" ХХК нь ******* даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот шийдвэрийг үндэслэн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын дугаар бүхий 1331 м² газрыг 15 жилийн хугацаатай, орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр авч иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

3.2. “Д*******” ХХК нь Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан нөхцөлийг удаа дараа, ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байсан.

Гэтэл ******* даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар "Д*******" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.

3.3. "Д*******" ХХК нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгон шийдвэрлэсэн талаар мэдэгдсэн байх бөгөөд энэхүү албан бичгийг 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр тус албанаас хуулбар үнэн тамга, тэмдэг даруулан баталгаажуулан гардаж авсан болно.

3.4. Тус албан бичгийг гардаж аваад ******* даргад 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гомдлын хариу гарсан эсэхийг асуухад гарсан хариуг шуудангаар явуулсан гэсэн боловч 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хүртэл шуудангаар хариу ирээгүй тул гомдлын хариуг тус өдөр очиж эх хувиар гардаж аваад ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

3.5. ******* дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлүүдэд заасан захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд буюу "Д*******" ХХК-нд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргаж боломжийг олгоогүй, хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулаагүй тул ******* даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.6. Иймд ******* даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн маргаан бүхий захирамжийн үндэслэл Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 бол хамааралгүй заалт юм. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4-ийг баримталсан. Мөн тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 газар эзэмших гэрээний нөхцөл бололцоог биелүүлэх, 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, 39 дүгээр зүйлийн 39.1.4 газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 40 дүгээр зүйлийн 40.1.5 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн дээрх үндэслэлүүдээр цуцалсан.

4.1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг хөндөөд байна. Захирамжийн хувьд сонсох ажиллагаа хийгээгүй. 2019, 2020 онд ковидын нөхцөл байдал гэдгийг бүгд мэдэж байгаа. Нөгөөтээгүүр 2 жил дараалан ашиглаагүйтэй холбогдуулаад энэ компанийн хувьд гэрээний дагуу газраа ашигласан. Тухайлбал, Улаанбаатар хотын Ерөнхий архитектурын даалгаврыг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр батлуулсан. Мөн 2018 ондоо тодорхой компаниудтай гэрээ байгуулаад зураг төсөл боловсруулах ажлуудыг хийсэн. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр техникийн нөхцөл авсан. 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр галын, усны, бохирын хэрэглээний нөөцүүдийг авсан. Холбоо хэрэглээний зүйлүүдээ авсан.

4.2. Мөн 2019 оны 04 дүгээр сард дулааны станцаас техникийн нөхцөлөө авсан. 2019 оны 05 дугаар сард цахилгаан дамжуулах дэд шугамаа авсан. 2019, 2020 онд ковид яваад ирэхээр энэ үйл ажиллагаа үргэлжлээд явж байна. Ковидтой холбогдуулаад бүх аж ахуй нэгжүүд доголдсон. 2021 оноос хэвийн байдалдаа орсон бөгөөд ковидын нөхцөл байдал арилахаар хийгээд явъя гэхээр цуцалсан нөхцөл байдал болоод зогссон.

Яагаад цуцлах болсон талаарх баримт хэрэгт ирүүлээгүй. Захирамж гаргаад маргаан гарсан хойно ярьдаг зураглалтай болоод байна. Тиймээс захирамж өөрөө хууль ёсны ашиг сонирхлыг хангаагүй,танилцуулаагүй байна. Өөр газар өгье зохицъё гэж амаараа яриад байдаг боловч шийдвэр гаргаад өг гэхээр төрийн албанд шийдвэр гаргадаг хүн байхгүй болсон. Бүх л юмыг шүүхээр шийдье гэдэг болсон. 2019, 2020, 2021 онуудын ковидын нөхцөл байдлыг сонсох л ёстой. Захирамж гарахдаа оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хангаагүй учраас хүчингүй болгох нь зүйтэй гэж харж байна. Эвлэрнэ гэж хүлээсээр байгаад 2 жил явлаа. Иймээс захирамжийг хүчингүй болгож өгөөч гэж хүсэж байна.” гэжээ.

5. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ““Д*******” ХХК-ийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ******* даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах хариуг хүргүүлж байна.

5.1. Д******* ХХК-нд Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1331 м.кв газрыг ******* даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар захирамжаар орон сууц, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5-т заасан үүргээ биелүүлээгүй. Газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг зөрчсөн учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн тул захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тайлбар баримт ирүүлэхийг тоот албан бичгээр мэдэгдсэн сонсох ажиллагааг хийсэн.

5.2. Уг албан бичгийн дагуу тайлбар саналыг ирүүлээгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан төлбөр төлөгдөөгүй мөн 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж заасныг үндэслэн ******* дарга Газрын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан байх тул ******* даргын 2021 оны A/688 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй, холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. 

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан ....... хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай талаар хүсэлт, холбогдох баримтыг ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т заасныг баримтлан түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

2. Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. ******* даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар захирамжаар нэхэмжлэгч Д******* ХХК-д Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1331 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.

4. Маргаан бүхий акт болох ******* даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг тус тус үндэслэж Д******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

5. Нэхэмжлэгчээс ...коронавирусын цар тахлаас шалтгаалан үйл ажиллагаа явуулах, газрын төлбөр төлөх боломжгүй байсан, мэдэгдэх сонсгох ажиллагааг хуульд заасан журмаар хийгээгүй... гэж, хариуцагчаас ...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан төлбөр төлөгдөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг үндэслэн нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн... гэж тайлбар гарган маргасны дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн эсэхэд шүүхээс дүгнэлт өгч шийдвэрлэв.

6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд,

Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ...аж ахуйн нэгж газрын төлбөр төлөгч байна гэж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: ...35.3.3.газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх гэж тус тус зааснаар газрын төлбөр төлөх үүргийг газар эзэмшигчид оногдуулсан, хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д тусгайлан заасан.

7. Хуулийн эдгээр заалтаас үзэхэд, газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул газрын маргаантай байсан, цар тахал гарсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар тухайн газар эзэмшигчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх хууль зүйн боломжгүй юм.

8. Хэрэгт авагдсан газрын төлбөр тооцоо нийлсэн акт /1х-102 хуудас/-аар нэхэмжлэгчээс 2017-2021 онд газрын төлбөрт 3,036,798 төгрөг төлөхөөс 1,436,840 төгрөгийг төлж, 2019, 2020, 2021 онуудад газрын төлбөрөө төлөөгүй буюу 1,599,958 төгрөгийг төлөөгүй нь тогтоогдсон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд 2018 онд 26,353,800, 61492,200 төгрөг төлсөн буюу дуудлага худалдааны анхны үнэд төлсөн төлбөрөөс өөрөөр газрын төлбөр төлсөн баримт байхгүй гэж тайлбарласан.

9. Иймд нэхэмжлэгч компаниас 2019-2021 онд газрын төлбөрөө бүрэн гүйцэт төлөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна.

10. Харин хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй гэж дүгнэлээ.

11. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч компани нь Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулснаас хойш маргаан бүхий орон сууц, үйлчилгээний зориулалттай газартаа 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн МЗХ2018/17-02 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан /1х-21 хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 01-нд Барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээг байгуулсан /1х-23 хуудас/, 2019 оны 02 дугаар сарын 27-нд Ус сувгийн удирдах газраас Техникийн нөхцөл /1х-30 хуудас/, 2019 оны 3 дугаар сарын 20-нд Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-аас техникийн нөхцөл /1х-31 хуудас/, 2019 оны 4 дүгээр сарын 12-нд УБДС ТӨХК-иас Техникийн нөхцөл /1х-32 хуудас/, 2019 оны 5 дугаар сарын 29-нд УБЦТС ТӨХК-иас Техникийн нөхцөл /1х-33 хуудас/ тус тус батлуулсан байна.

12. Ийнхүү нэхэмжлэгч нь Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулснаас хойш эзэмших эрх бүхий газартаа зориулалтын дагуу орон сууц, үйлчилгээний 14 давхар орон сууц барихад шаардагдах архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүдийг 2018-2019 онуудад эрх бүхий байгууллагуудаас авсан буюу газраа зориулалтын дагуу ашиглахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн ажиллаж байсан байхад хариуцагч нь гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

13. Гэвч хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан аль нэг үндэслэл бүрдсэн тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй бөгөөд, энэ маргааны тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл бүрдсэн нь тогтоогдсон тул ******* даргын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй.

14. Нэхэмжлэгчээс сонсох ажиллагааг хийгээгүй гэж маргасан, хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 02-06/2029 /1х-152 тал/, 2021 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн 02-06/4413 тоот албан бичиг /1х-103 тал/-ээр нэхэмжлэгчид сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч үүнийгээ нэхэмжлэгчид ямар хаягаар хүргүүлсэн болохоо нотолж маргаагүй. Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны журмыг зөрчсөн нь энэ маргааны тохиолдолд нэхэмжлэгчийн газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй зөрчлийг үгүйсгэхгүй учраас энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

15. Нэхэмжлэгчийн маргаж буй газарт Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны санхүүжилтээр 100 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоглоомын талбайн тохижуулалт хийгдсэн байх бөгөөд тус газрын эзэмших эрх ямар нэгэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шилжээгүй /2х-30, 64 хуудас/, тухайн тоглоомын талбайг нийтийн болон орон нутгийн өмчид бүртгэсэн бүртгэл хийгдээгүй /2х-88, 89, 90, 95 хуудас/ тул гуравдагч этгээдээр холбогдох этгээдийг татах шаардлагагүй гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

16. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд маргаан бүхий 2021 оны дугаар захирамжийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ******* тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх боловч нэхэмжлэгчид ямар хаягаар, хэрхэн гардуулсан талаарх баримт гаргаж маргаагүй, нэхэмжлэгчийн ******* даргад 2022 оны 02 дугаар сарын 16-ний өдөр гаргасан гомдолд 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн /1х-14 хуудас/ тоот албан бичгээр хариу өгснийг нэхэмжлэгч 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гардан авч шүүхэд 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь /1х-34 хуудас/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасан дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасныг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

17. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д нийцсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д******* ХХК-ийн ******* даргад холбогдуулан гаргасан ******* даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй