Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1642

 

 

 “ГГЭХ”-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/1068 дугаар шийдвэртэй, “ГГЭХ”-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НЗТХ-д холбогдох гэрээний үүрэгт 69 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: НЗТХ-тэй 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ТС.1002/2012 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Туул, Сэлбэ голуудын орчныг сэргээн сайжруулах ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын судалгаа үнэлгээ дүгнэлт, ус зүйн нөхцөл тооцооны үндэслэл болон төлөвлөлтийн шийдлийн хэсгийн боловсруулалтын ажил хийж гүйцэтгэхээр харилцан тохирсон. Гэрээний 7.1-д заасан ажлын хөлс нийт 310 000 000 төгрөгийг гэрээний 7.2-т заасан нөхцлөөр төлөхөөр тохиролцсон боловч төрөөс санхүүжилт хийгдээгүй хүлээгдсэн. Гэрээний талууд ажлыг дүгнэж, төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцож, баталгаа бүхий баримт үйлдсэн боловч захиалагч талын удирдлага, санхүүгийн ажилтнаас шалтгаалан төлбөр төлөгдөөгүй. 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Үндэсний аудитын газраас Аудитын хяналт шалгалт хийгдэж дээрх авлагыг шийдвэрлэхийг зөвлөж, зөрчил гэж тогтоосон.

Талууд ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох ажлын үр дүнгийн талаар өнгөрсөн хугацаанд ямар нэг доголдол дутагдал яригдаагүй, ажлаа бүрэн гүйцэтгэж үүргээ биелүүлсэн. Хариуцагч ажлын үр дүнг бүрэн хүлээн авсан атлаа ажлын хөлс 240 500 000 төгрөгийг төлж үлдэгдэл 69 500 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, санхүүгийн тайлангийн 2017 оны данс бүртгэлд өглөг бүртгэгдээгүй гэх үндэслэл тайлбарлах болсон.

 

Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтыг үйлдэж, байгууллагын санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан тул НЗТХ-ээс гэрээний төлбөрийн үлдэгдэл 69 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Талууд ТС1002/2012 дугаар ажил гүйцэтгэх гэрээг 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулж Туул, Сэлбэ голуудын орчныг сэргээн сайжруулах ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын судалгаа, үнэлгээ, дүгнэлт, ус зүйн нөхцөл, тооцооны үндэслэл болон төлөвлөлтийн шийдлийн хэсгийн боловсруулалтыг хийж гүйцэтгэн, гүйцэтгэсэн ажлаа улсын экспертизээр баталгаажуулан хүлээлгэн өгсний дараа гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувийг гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Гүйцэтгэгч тал гэрээнд заасан ажлын эцсийн тайлангаа захиалагчид өгч, улсын экспертизээр баталгаажуулан хүлээлгэн өгөх үүрэгтэй ч уг ажил хийгдээгүй.

Тухайн үеийн гэрээ байгуулсан удирдлагууд тооцоо нийлсэн баталгаанд тусгагдсан 69 500 000 төгрөгийг гүйцэтгээгүй үүрэгт суутган тооцож гэрээг хаасан бөгөөд 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрээ дүгнэж протокол үйлдсэнээс хойш 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл өр авлагын талаар яригдаагүй байдаг. Энэ нөхцөл байдлаас үзвэл, гүйцэтгэгч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх хугацаа дууссан тул шаардлага гаргах эрхгүй.

НЗТХ нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дах хэсэгт зааснаар ажлыг тодорхой хэсгээр, үе шаттай гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө, гэрээний 7.4-т заасны дагуу гүйцэтгэгч нь захиалагчийн даалгасан ажлыг улсын экспертизээр батлуулан албан ёсоор хүлээлгэн өгсний дараа захиалагч нь гүйцэтгэгчид үлдэгдэл төлбөр болох 50 хувь 155 000 000 төгрөгийг төлөх ёстой байсан. Гүйцэтгэгч гэрээнд заасан ажлаа улсын экспертизээр батлуулан албан ёсоор хүлээлгэн өгөөгүй тул 69 500 000 төгрөгийг талууд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд аман хэлцлээр суутган тооцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч НЗТХ-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 69 500 000 төгрөг гаргуулах тухай “ГГЭХ”-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй болох нь гүйцэтгэгч “ГГЭХ”-ийн төлөөлөгчийн хийж гүйцэтгэсэн ажлаа улсын экспертизээр баталгаажуулан хүлээлгэн өгөөгүй гэх тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагчаас 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан ТС 1002/2012 дугаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу талууд 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрээг дүгнэсэн протокол, дээрх гэрээний дагуу ажлыг улсын экспертизээр баталгаажуулсан талаарх баримтыг гаргаж өгсөөр байтал шүүх гэрээнд заасан ажлыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн талууд дээрх гэрээг дүгнэж 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа буюу акт үйлдсэн байхад шүүх уг баримтыг хэрхэн үнэлсэн талаар огт дурдаагүй. Хэрэв талууд гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж дуусаагүй байсан бол тооцоо нийлэх ямар ч шаардлага байхгүй байсан. Үүнээс гадна, захиалагч тал гүйцэтгэсэн ажил ямар нэгэн доголдолтой байсан бол Иргэний хуулийн 352 дугаар зүйлд заасны дагуу гомдлын шаардлага гаргах бүрэн эрхтэй байсан боловч гомдлын шаардлага гаргаж байгаагүй. Иймээс Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасны дагуу гомдлын шаардлага гаргаж авах эрхээ алдсан гэж үзэхээр байна.

Иймд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “ГГЭХ” нь хариуцагч НЗТХд холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 69 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ТС.1002/2012 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч нь Туул, Сэлбэ голуудын орчныг сэргээн сайжруулах ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын судалгаа үнэлгээ дүгнэлт, ус зүйн нөхцөл тооцооны үндэслэл болон төлөвлөлтийн шийдлийн хэсгийн боловсруулалтын ажил хийж гүйцэтгэх, захиалагч буюу хариуцагч нь ажлын хөлсийг 310 000 000 төгрөгөөр тохирч,  гэрээ батлагдсанаас хойш ажлын 5 хоногийн дотор гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувь, ажлын гүйцэтгэлийн явцын тайланг өгсний дараа 30 хувь, ажлыг улсын экспертизээр батлуулан албан ёсоор хүлээлгэн өгсний дараа 50 хувь буюу 155 000 000 төгрөгийг бүтнээр нь төлөх үүрэг тус тус хүлээсэн байна. /хх39-42/

 

Талууд гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдал, түүний агуулга, нөхцлийн талаар талуудын хэн аль нь маргаагүй.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэж, нэхэмжлэгч нь ажлын хөлсөө шаардах эрхтэй боловч гэрээ ёсоор ажлыг улсын экпертизээр хүлээлгэн өгсөн байдал тогтоогдоогүй гээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.    

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд, талууд гэрээг дүгнэсэн протокол болон ажлыг улсын экспертизээр баталгаажуулсан талаар баримтыг хэрэгт хавсаргасан байхад шүүх гэрээнд заасан ажлыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, талуудын үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгааг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, захиалагч гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан талаар хуульд заасны дагуу шаардлага гаргаж байгаагүй нь гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэх агуулга тусгагджээ.

 

Хэргийн 44 дэх талд авагдсан Гэрээ дүгнэсэн протоколд “...үлдэгдэл санхүүжилт болох гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувийн НЗДТГ-ын СТСХ-ээс захиалагчид санхүүжилт орж ирсний дараа болон гүйцэтгэгч хийж гүйцэтгэсэн ажлаа улсын экспертизээр баталгаажуулан хүлээлгэн өгсний дараа гүйцэтгэгчийн дансанд шилжүүлнэ” гэж талууд тохиролцон гарын үзэг зурж баталгаажуулсан байна. Гэтэл ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч тал гэрээ ёсоор хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг улсын экспертизээр баталгаажуулж хүлээлгэн өгсөн талаар хэрэгт баримт авагдаагүй, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч талаас гаргасан Барилгын Хөгжлийн төвийн Магадлалын ерөнхий дүгнэлт гэх баримт хэрэгт авагдсан боловч энэ нь зөвхөн Сэлбэ голын эхийг сэргээн сайжруулах, ургац хуримтлуулах, экосаунд цөөрмийн техник-эдийн засгийн үндэслэлд хийгдсэн дүгнэлт байх бөгөөд энэ нь хавсралт 4 хуудсын хамт хүчинтэй байхыг дурджээ. /хх74/ Шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн хавсралт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүйн гадна уг дүгнэлтэд гэрээнд заасан талуудын тохирсон ажил бүрэн хамаарч дүгнэгдээгүй тул улсын экспертизээр баталгаажуулсан, эргэлзээгүй баримт гэж үзэхгүй.   

 

Түүнчлэн, хэрэгт 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр талуудын нягтлан бодогч нарын хамтран үйлдсэн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримт авагдсан. /хх125/ Уг баримтаар НЗТХ нь нэхэмжлэгчид 69 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг харилцан баталсан байх боловч нэхэмжлэгч байгууллага нь дээрх үнийн дүнгээр хариуцагчаас авах авлагатай талаар санхүүгийн тайланд тусгагдсан үйл баримт тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийхээ үндэслэлийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2019/1068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч “ГГЭХ” нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                         Т.ТУЯА