| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 001/2018/0001/Э |
| Дугаар | 442 |
| Огноо | 2018-10-17 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 442
Б.Б-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Э.Шинэзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 197 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 669 дүгээр магадлалтай, Б.Б-т холбогдох 2014260006228 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Э.Шинэзориг, Э.Ганбат нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1969 оны 5 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Б нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг, Э.Ганбат нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б гаргасан гомдолдоо: “Намайг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж 13 жил хорих ял шийтгэсэнд гомдолтой байна. Миний хувьд мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд талийгаач Б.Оюунсувдыг зодож цохиогүй, амь насыг нь хохироосон хууль бус үйлдэл хийгээгүй, хүнийг алах гэмт хэргийг үйлдээгүй талаараа удаа дараа тогтвортой мэдүүлж ирсэн.
Намайг хүн алах хүмүүжил төлөвшилтэй хүн биш гэдгийг бүх ойр дотны хүмүүс, найз нөхөд гэрчилнэ. Хохирогчийн нэхэмжилсэн 14.000.000 төгрөгийг төлсөн. Гэтэл миний тусламж болгон өгсөн энэхүү үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж үзэж төлсөн мэтээр гажуудуулж байгаад гомдолтой байна. Хохирогчийн төлөөлөгчөөс хэрэгт өөр этгээд холбогдолтой байх сэжиг байгаа ба энэ талаар шалгаж өгөхийг хүсч байсан боловч зохих ажиллагаа хийлгүй орхигдуулсан.
П.Амар гэдэг хүн нь хохирогчтой ямар харилцаа холбоотой, ямар зорилгоор тухайн үеийн хяналтын камерийн бичлэгийг хуулбарлаж авсан, уг бичлэг нь одоо хаана, хэнд байгаа нь тодорхойгүй байдаг. Хохирогчийн өмгөөлөгчөөс Наран хотхоны тухайн үеийн гадна талын хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар гарган өгсөн байх боловч эргэлзээтэй байх тул хяналтын камерын бичлэгийг бүрэн эхээр нь хуулбарлан хэрэгт хавсаргах тухай миний болон өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу ямар ч ажиллагаа хийгээгүй. 2 шатны шүүх ял оногдуулах үндэслэл болгоод буй гэрч Ц.Энхтайван, Б.Санчирмаа, П.Дөлгөөн нар нь хэргийн газар байгаагүй бөгөөд зөвхөн намайг талийгаачтай хамт архи уусан гэдгийг нотолдог ба би үүнийгээ хүлээн зөвшөөрдөг.
Миний хувьд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой, эргэлзээгүй тогтоолгох үүднээс өмгөөлөгчөөрөө дамжуулан дээрх байдлаар зохих мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг удаа дараа амаар болон бичгээр гаргасан боловч хүсэлтүүдийг хангаагүй. Тухайн үед амь хохирогчтой хамт байсан гэдгээр намайг үндэслэлгүйгээр яллаж, амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон олон удаагийн шинжээч нарын дүгнэлтээр талийгаач нь этилийн спиртийн цочмог хордлогоор нас барсныг тогтоосоор байхад хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн прокурор, шүүхэд гомдолтой байна. Хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг, Э.Ганбат нар хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан 731 тоот дүгнэлт нь хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтын шаардлага хангаагүй буюу нотлох баримт бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2, 16.2 дугаар зүйлийн 2.1, 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд тухайн гэмт хэрэг гарсан байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүйгээс гадна хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүтэй, яллах талын нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгддэг.
Баасанбазар болон амь хохирогч нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлоогүй бөгөөд хавтаст хэрэгт тухайн үйл баримтыг нотлох нэг ч нотлох баримт авагдаагүй. Харин ч амь хохирогч болон шүүгдэгч нар нь ах дүүгийн сайн харилцаатай байсан, маргалдаж муудалцах ямар ч шалтгаан байгаагүй, маргаан болоогүй, өр авлага, өс хонзон байхгүй гэдэг нь Б.Б-ын мэдүүлэг, гэрч П.Дөлгөөн, хохирогч Б.Оюунтөгс, гэрч Б.Санчирмаа болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог.
Яллах үндэслэл болсон 330 тоот шинжээчийн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан бусад шинжээчийн дүгнэлтүүдээр үгүйсгэгддэг бөгөөд дор дурдсан олон удаагийн шинжээчийн дүгнэлтээр талийгаачийг архины цочмог хордлогын улмаас нас барсан гэдгийг тогтоож, харин хүчтэй цохилт, доргилтын үед зүрх гэнэт зогсож нас бараагүй гэдгийг тогтоосон байдаг.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 4 жил орчмын хугацаанд амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид дангаар болон бүрэлдэхүүнтэй удаа дараагийн дүгнэлтүүдийг гаргасан, түүнчлан ЭМСЯ-ны эрчимт эмчилгээ амь тэнссэн үеийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөл, ЭМСЯ-ын мэс заслын салбар зөвлөл, ЭМСЯ-ны гэмтлийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, Хордлогын яаралтай тусламжийн төв зэрэг бүхий л шинжээч, эмч, мэргэжилтэн нар дүгнэлт гаргасан байдаг ба эдгээрийн 95 хувь нь амь хохирогчийн үхлийн шалтгааныг этилийн спиртийн цочмог хордлогын улмаас нас баржээ гэж тогтоосон.
Түүнчлэн хавтаст хэрэгт талийгаачийг зодсон гэх ямар нэгэн баримт байдаггүй. Гэмтэл нь цогцсыг зөөх, тээвэрлэх явцад учирсан байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан тогтоолууд бүрэн биелэгдээгүй бөгөөд ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байдаг.
Хэргийн бодит байдал тогтоогдоогүй байтал өмнө нь хянагдаж байсан нотлох баримтуудыг үндэслэн шүүх гаргасан шийдвэрээ үгүйсгэж, шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлт буюу нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаараа огт дурдаагүй байгаа нь шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгааг харуулж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 2.7-д заасан заалтыг тус тус ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр болон давж заалдах гомдолд дурдсан асуудлуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй байх ба цагаатгах талын санал, түүнд дурдагдсан нотлох баримтыг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар огт тусгаагүй байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөнийг харуулж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Б.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Энэ хэргийг 4 жилийн хугацаанд шалгаж байна. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Шинжээч нарын мэдүүлэгт шүүх зөв дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчилсэн. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Хүнд гэмтлээр дамжиж заавал үхэлд хүргэнэ гэсэн заалт байхгүй. Шүүгдэгчийн гэмт үйлдэл амь хохирогчийн үхэлд шалтгаант холбоотой” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Э.Шинэзориг, Э.Ганбат нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Б.Б-ыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 197 дугаар шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Тухайлбал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч Б.Б-ыг 2014 оны 12 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхоны 21-8 тоотод байрлах гэртээ Б.Оюунсувдтай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож ... талийгаач нь хүчтэй цохилт, доргилтын үед зүрх гэнэт зогсож ... санаатайгаар амь насыг нь хохироосон” гэж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоохдоо тухайн үйл баримтын үндэслэл болсон нотлох баримтуудад “Талийгаач нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас нас барсан” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 2275 тоот дүгнэлтийг /10 дугаар тал/ дурдсан нь ойлгомжгүй болсноос гадна мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан “Талийгаач нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас нас барсан” болохыг тогтоосон шинжээч эмч Б.Ганзоригийн 2015.1.2-ны 2275 тоот дүгнэлт /хх-24/, мөн “Архины хордлого нь зүрхний өөхжилттэй, зүрх, элэг болон бөөрний тэжээлийн алдагдалтай хүний зүрхний үйл ажиллагаанд илүү хүчтэй нөлөөлдөг ба зүрхний үйлийн цочмог дутагдал, хэм алдагдал, зүрхийг гэнэт зогсоох шалтгаан болно… Шокийн шинж илрээгүй байхад зүрх гэмтлийн улмаас зогссон гэх үндэслэлгүй… талийгаач Б.Оюунсувдын цусанд этилийн спиртийн агууламж 2.1 хувь байгаа нь зүрхний өөхжилттэй хүнд хүчтэй хордлого үүсгэж зүрх зогсох шалтгаан болох үндэстэй.” гэж тогтоосон Эрүүл мэнд, спортын яамны Эрчимт, амь тэнссэн үеийн анагаахын мэргэжлийн зөвлөлийн дарга, АУ-ны доктор Л.Ганболдын гаргасан 2015.5.12-ны 3 тоот шинжээчийн дүгнэлт, /хх-202/, мөн “Хүзүүний урд болон баруун хажуу хэсэг эгэм орчмын хар хөх өнгийн зарим хэсгээр нийлж томорсон цэгэн цус харвалт нь зөвхөн архины цочмог хордлогын үед бичил цус эргэлтийн хямралаас шалтгаалан хүзүү, цээжинд үүсдэг өвөрмөц хэлбэрийн цус харвалт юм. Төвөнх орчмын жижиг голомтлог цус харвалт нь түргэн үхлийн үед хүзүүний урд хэсэг, төвөнх орчмын хальс, зөөлөн эдэд нас барсны дараа үүсдэг өөрчлөлт ба үүнийг артефакт гэнэ. Үүнийг гэмтэл гэж үзэхгүй. Б.Оюунсувд нь этилийн спиртийн цочмог хордлогоор нас баржээ. Б.Оюунсувдад үүссэн дух, зулайн урд хэсэг, дээд, доод уруулын цус хуралт, баруун өгзөгт зулгарал, баруун 2 дугаар хавирга, зүүн 1, 3 дугаар хавирганы хугарал, орчны эдийн цус хуралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн шалтгаант шок үүсгээгүй хүндэвтэр зэргийн гэмтэл байна.” гэж тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээч эмч Ц.Ганболд, Б.Ариунзул, Н.Энхцолмон нарын гаргасан 2015.6.23-ны 731 тоот шинжээчийн дүгнэлт /хх-220/, мөн “Хохирогч Б.Оюунсувд нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд цусанд агуулагдах 2.1 хувийн этилийн спиртын хэмжээ нь зүрхний өөхжилттэй хүнд хүчтэй хордлого үүсгэж зүрх зогсоох шалтгаан болох үндэстэй… Хохирогч Б.Оюунсувд шоконд орж нас барсан гэж үзэх үндэслэлгүй.” гэж тогтоосон Эрүүл мэнд, спортын яамны мэс заслын салбар зөвлөлийн 2016.1.15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2хх-28/, мөн “Хохирогчийн нас барсан шалтгааныг этилийн спиртийн цочмог хордлого гэж үзэх магадлалтай.” гэж тогтоосон Эрүүл мэнд, спортын яамны гэмтэлийн мэргэжлийн салбар зөвлөлийн 2016.3.16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2хх-31/, мөн “Талийгаач нь архины /этилийн спиртийн/ хурц хордлогоор нас барсан” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.5.20-ны өдрийн 552 дугаар шинжээчийн дүгнэлт /2хх-20/, мөн “Талийгаач нь архины /этилийн спиртийн/ хурц хордлогоор нас барсан. Харин зүрх өөхжилт, тэжээл алдагдал өөрчлөлттэй, спиртийн дунд зэргийн согтолттой үедээ … хоолой цээжний тус газарт хүч үйлчилснээс цохилт доргилтын үед зүрх судасны төв хэт цочирсноос зүрх зогсож нас бараагүй.” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 821 дугаар шинжээчийн дүгнэлт /3хх-82/ зэрэг шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэж, шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлөх нотлох баримтуудыг няцаасан, үндэслэлтэйгээр үгүйсгэсэн дүгнэлтийг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Анхан шатны шүүх анагаах ухааны чиглэлээр тусгай мэдлэг, чадвар, туршлага эзэмшиж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу энэ хэрэгт шинжээчээр томилогдсон шинжээч эмч нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй атлаа шинжээчдийн дангаараа болон бүрэлдэхүүнтэй гаргасан “Талийгаач нь этилийн спиртийн цочмог хордлогын улмаас нас барсан” гэх нэг агуулга бүхий удаа дараагийн дүгнэлтүүдийг нэг бүрчлэн няцааж, үгүйсгэлгүйгээр “Талийгаачийн биед учирсан гэмтлийг харгалзан талийгаачийг зөвхөн архины цочмог хордлогод орж нас барсан гэж үзэх боломжгүй” гэсэн хэт ерөнхий, товч дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх бөгөөд шүүх талийгаачийн үхлийн шалтгааны талаар харилцан зөрүүтэй дүгнэсэн шинжээчдийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох нь зүйтэй.
Давж заалдах шатны шүүхийн хувьд анхан шатны шүүхийн дээр дурьдсан алдаа болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг, Э.Ганбат нарын хяналтын журмаар гаргасан “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 2.7-д заасан заалтыг тус тус ноцтой зөрчиж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр болон давж заалдах гомдолд дурдсан асуудлуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй, цагаатгах талын санал, түүнд дурдагдсан нотлох баримтыг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар огт тусгаагүй” тухай гомдол үндэслэлтэй болно.
Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж дахин үнэлэх замаар хэргийн нөхцөл байдлыг шинээр тогтоох, хавтаст хэрэгт цугларсан зарим нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцож, бусад баримтыг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийх буюу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох эрхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг, Э.Ганбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхиж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 197 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 669 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Э.Шинэзориг, Э.Ганбат нарын хамтран гаргасан гомдлуудыг хэлэлцэхгүй орхисугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН