Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 221/MA2017/0579

 

 

 

 

 

 

2017 оны 8 сарын 16 өдөр                   Дугаар 221/МА2017/0579                          Улаанбаатар хот

        

Э.Идэрцэцэгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Э.Идэрцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Болдхүү, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн нарыг оролцуулан хийж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, Э.Идэрцэцэгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Идэрцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, өөр ажил, албан тушаалд томилохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.Идэрцэцэгийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд дүйцэхүйц төрийн захиргааны өөр ажил, албан тушаалд томилж, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангахыг хариуцагч аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргад даалгаж, “Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 05 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2.226.513 (хоёр сая хоёр зуун хорин зургаан мянга таван зуун арван гурав) төгрөгийг Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гаргуулж нэхэмжлэгч Э.Идэрцэцэгт олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Э.Идэрцэцэг нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 05 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “...05 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна” гэж дүгнээд тогтоох хэсэгтээ “Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 05 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэжээ.

Гэтэл тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “...Э.Идэрцэцэгийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд дүйцэхүйц төрийн захиргааны өөр ажил, албан тушаалд томилж, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангахыг хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад даалгаж...” гэсэн нь ойлгомжгүй байна.

Ажлаас чөлөөлсөн 05 тоот тушаалаар нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөөгүй, шүүхээс тушаалыг хууль бус хэмээн үзэж хүчингүй болгоогүй, байгууллагад сул ажлын байргүй байхад өөр өөр ажил, албан тушаалд томилохыг даалгасан нь шүүх өөрийн шийдвэр дүгнэлтээ үгүйсгэсэн, байгууллагын дотоод ажилд хөндлөнгөөс оролцсон, ажил олгогчийн бүрэн эрхэд халдсан хууль бус шийдвэр гэж үзэж байна. Хуульд заасан нэмэгдэл баталгааг тухайн албан хаагчид бүгдийг эдлүүлэхийг хуулиар үүрэг болгоогүй бөгөөд ажил олгогч эдгээр нэмэгдэл баталгааны аль нэгийг сонгох эрхтэй тул хариуцагчийн зүгээс Э.Идэрцэцэгт Төрийн албаны тухай хуульд заасан нэмэгдэл баталгаагаар хангах үүргээ биелүүлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтаас “3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох” нэмэгдэл баталгааг сонгон, энэ талаар тушаалд заасан. Харин байгууллагын санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан уг тэтгэмжийг олгож чадаагүй байгаа нь үнэн. Гэтэл “...төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангахыг хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад даалгаж...” шийдвэрлэсэн нь мөн ойлгомжгүй байна. Хэрэв нэмэгдэл баталгааг эдлүүлээгүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтаас аль нэмэгдэл баталгааг эдлүүлэх талаар шүүх шийдвэртээ тодорхой зааж өгөх ёстой байсан гэж ойлгож байна.

Ийнхүү шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хариуцагчийн эрх ашгийг хохироосон, шийдвэрийн дүгнэлт хэсэг, тогтоох хэсэг нь хоорондоо зөрүүтэй байх тул Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 20 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсч давж заалдах гомдол гаргав” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтуудад холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.Идэрцэцэгийг орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс “...миний хариуцан ажиллаж байсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа ..., шинээр батлагдсан бүтцийн аль ч ажил, албан тушаал дээр шилжин ажиллах боломжтой байсан ...” гэж маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө нь ажиллаж байсан ажилтай дүйцэхүйц албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” гэж өөрчилсөн байна.

Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байх төдийгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах боломжгүй.

Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “өмнө нь ажиллаж байсан ажилтай дүйцэхүйц албан тушаалд томилуулах” гэж тодорхойлсон нь яг ямар албан тушаалд тогтоолгохоор шаардсан нь тодорхойгүй, уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагч ямар албан тушаалыг дүйцсэн гэж үзэж, томилох нь тодорхойгүй нөхцөл үүссэн байхад шүүх үүнийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Нөгөөтэйгүүр Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн хангагдах нэмэгдэл баталгаанд “дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилуулах” гэх баталгаа байхгүй, харин “...цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих...” баталгаагаар хангагдахаар зохицуулсан.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд урьд нь Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст Хүүхдийн эрх, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Хүүхэд хамгааллын мэргэжилтэн, Хүүхдийн хөгжил оролцооны мэргэжилтний орон тоо тус бүр нэг байсан байх ба Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор тус хэлтсийн нэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон өөрчлөгдөж, Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар тушаалаар тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа газрын дарга 1, мэргэжилтэн 6, үйлчилгээний 10, нийт 17 орон тоотой байхаар тогтоосон байна.

Ийнхүү Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын шинэ бүтэц, орон тоо батлагдсанаас хойш тус байгууллагад шинээр ямар, ямар албан тушаалд хэдэн хүн томилогдсон, ийнхүү томилохдоо сонгон шалгаруулалт явуулсан эсэх, сул орон тоог ямар шалгуураар, хэрхэн нөхсөн болохыг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулах нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах зохицуулалттай нийцсэн эсэх, нэхэмжлэгч “...шинээр батлагдсан бүтцийн аль ч ажил, албан тушаал дээр шилжин ажиллах боломжтой байсан...” гэж маргаж буй нь үндэслэлтэй эсэх, түүнийг өөр ажил, албан тушаалд шилжих баталгаагаар хангах боломжтой байсан эсэхийг дүгнэхэд ач холбогдолтой юм.

Мөн хариуцагчийн “хүүхдийн мэргэжилтэн 3 ажиллаж байсныг чиг үүргийн давхардлыг арилгаж Хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо хариуцсан мэргэжилтнээр 1 хүн ажиллах болж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д заасны дагуу Д.Энхнаран сонгогдож, ажиллах шаардлага хангасан” гэх тайлбартай холбогдуулан Хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо хариуцсан мэргэжилтний албан тушаалд сонгон шалгаруулалт ямар байдлаар явагдсан талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар авч, түүнд дүгнэлт хийх шаардлагатай.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                      

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

            ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА

                        ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН