Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2023/04253

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2023/04253

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 01 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .... аймгийн ... сум, ...-р баг ...-р хороолол ... байрны ... тоотод оршин суух, регистр ..., Б овогт А-ийн Э,

Хариуцагч: ... дүүргийн ...-р хороо, ... гудамж ... байрны ... тоотод оршин байрлах, регистр ..., Л.И ХХК,

Хариуцагч: ... дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, ... гудамж, ... тоотод оршин суух, регистр ..., Д овогт Д-ийн Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Амархүү /үнэмлэх 2483/, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Батсүх /үнэмлэх 2100/, Д.Мөнгөнцэцэг /үнэмлэх 6892/, хариуцагч Л.И ХХК-ний захирал Т.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуяг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.Э нь Л.И ХХК, Д.Б нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Миний бие Л.И ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ... дугаартай гэрээ байгуулж ... аймаг, ... сумын ...-р баг, ...-р хороолол, Л.Т, ... байрны ... тоот, ... өрөө ... м.кв талбай бүхий орон сууцны ... м.кв талбайн үнийг 1 000 000 төгрөгөөр, ... м.кв талбайг 1 350 000 төгрөгөөр тооцон нийт 74 526 000 төгрөгөөр захиалан бариулсан. Төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зам талбайн ажил гүйцэтгэх гэрээгээр 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж, байр захиалсан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Ийнхүү тухайн байрыг ашиглалтад орсон цагаас хойш амьдарч байгаа. Л.И ХХК нь миний захиалсан байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гарган өгөх үүрэгтэй, гэрчилгээг гаргаж өгнө гэдэг боловч санаатайгаар өөрийн байгууллагын нэр дээр гаргуулж, улмаар худалдан авагчдын захиалсан, ашиглалтад орсон өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байгаа байрны өмчлөх эрхийн гэрчилгээг 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Д.Б-д өр төлбөртөө м.кв талбайн үнийг 972 850 төгрөгөөр нийт 69 519 861 төгрөгөөр өгөхөөр хэлцэл байгуулж, 2.5 тэрбум төгрөгийн өр төлбөрт шилжүүлсэн байна. Ийнхүү 2.5 тэрбум төгрөгийн төлбөрийг ... айлын үл хөдлөх хөрөнгөөр төлөхөөр харилцан тохиролцож шилжүүлсэн байдаг. Д.Б гэдэг хүн ирээд Чиний амьдарч байгаа энэ байр одоо миний байр болсон гэх утга бүхий шаардлага тавьж намайг энэ байрнаас гарах тухай албадсан. Гэтэл тус байрны өмчлөх эрхийг Л.И ХХК гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг саадгүй өгөх үүрэгтэй гэсний дагуу надад шилжүүлэн өгөх үүрэгтэй, Л.И ХХК нь жинхэнэ өмчлөгч нь биш юм. Л.И ХХК болон Д.Б нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ийнхүү миний захиалсан байрыг харилцан тохиролцож, хэлцэл хийж шилжүүлэхдээ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т заасны дагуу тус байрны жинхэнэ өмчлөгч нь А.Э болохыг, төлбөрөө бүрэн төлсөн болохыг мэдэж байсан. Энэ нь байрны эзэмшигч, өмчлөгч нар нь шаардах юм бол эрсдэлээ бүрэн хүлээх тухай харилцан тохиролцож, энэ тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ярилцаж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байдаг. Д.Б нь өмчлөгчөөр бүртгүүлсэн ч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авах боломжгүй. Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1-д Худалдагч нь тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдах тохиолдолд уг эд хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрх бүхий этгээдэд мэдэгдэх үүрэгтэй гэж заасны дагуу Л.И ХХК нь надад мэдэгдэх үүрэгтэй, 270.2-т зааснаар Худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авах давуу эрх бүхий этгээдэд эрхээ хэрэгжүүлэх хугацаа тогтоох бөгөөд энэ хугацаанд давуу эрх бүхий этгээд эрхээ хэрэгжүүлээгүй бол худалдагч гуравдагч этгээдтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж болно. гэж заасны дагуу мэдэгдэж, миний зүгээс худалдан авах давуу эрхээ хэрэгжүүлээгүй бол гуравдагч этгээдэд шилжүүлж болохоор байна. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Л.И ХХК-ийн захирал Т.Ч, төлбөр авагч Д.Б нарын хөрөнгийн үнэлгээ, хүлээлгэн өгөх байрны тухай тохиролцож шилжүүлсэн хэлцлийн Төлбөрт хүлээлгэн өгөх байрны жагсаалт-ын ... дугаарт байгаа ... тоот ... өрөө, ... м.кв талбай бүхий байрыг шилжүүлэн өгсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Л.И ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 6 орчим тэрбум төгрөгийн өртэй, өөр өмч хөрөнгөгүй. Тиймдээ ч Д.Б болон Л.И ХХК нар нь хөрөнгө оруулагчид төлөх мөнгөн төлбөрт миний эрхийг зөрчин энэхүү байрыг Д.Б-д шилжүүлсэн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох ... аймаг, ... сумын ... баг, ...-р хороолол, Л.Т хотхоны ... айлын орон сууцны өмчлөх эрхийг Д.Б-д шилжүүлсэн хэлцлээс ... байрны ... тоот орон сууцны өмчлөгчөөр А.Э намайг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Л.И ХХК-ийг төлөөлж Т.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.И ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч А.Л-тэй, иргэн Ц.Б нь ... айлын орон сууц барихад 2014 онд гэрээ байгуулан хөрөнгө оруулсан, Т.Ч миний бие тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан. Иргэн Ц.Б нь мөнгөө авч чадахгүй байсны улмаас өөрийн хөрөнгөө хамгаалж Л.И ХХК-ийн захирал А.Л-тэй 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар хөрөнгө оруулсан төлбөр тооцоог дуусгаж, компанийг буцаан өгөх хэлцэлтэйгээр гэрээ байгуулан шилжүүлэн авсан. Ц.Б нь гадаадад томилолтоор явахаар болсон тул Л.И ХХК-ийг 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ-гээр Т.Ч миний нэр дээр шилжүүлсэн. Тохиролцсон хугацаандаа бидний өр төлбөрийг барагдуулаагүй. Компанийг шилжүүлэн авсны дараа орон сууцыг худалдахдаа хөрөнгө оруулагч, иргэд, захиалгаар орон сууц барьсан барилгын компаниудтай гэрээг давхардуулан хийсэн байсныг мэдсэн. Иймээс хувьцаа эзэмшигч байсан А.Л-тэй уулзаж, хөрөнгө оруулагч, өмгөөлөгч нарыг байлцуулан хуралдаж Л.И ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, 2018 оны 02 дугаар сарын 28-нд гэрээ байгуулан компанийг өмнөх хувьцаа эзэмшигч А.Л-д 100% шилжүүлсэн. Гэтэл А.Л нь Улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгээгүй, бидэнд мэдэгдэлгүй 2018 оны 3 дугаар сард Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа болно. Бид Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулсан боловч А.Л нь өнөөдрийг хүртэл олдохгүй байгаа болно. Иймээс Улсын бүртгэлийн албанд Л.И ХХК-ийн захирлаар Т.Ч миний нэр бүртгэлтэй байгаа. Л.И ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн 08942 дугаар захирамжаар 2 500 000 000 төгрөгийг Д.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж Л.И ХХК-ийн өмчлөлийн ... аймгийн ... сум, ... дүгээр баг, ... дугаар хороолол, Л.Т хотхон ... байрны орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст явуулсан 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгийн дагуу Д.Б-д нийтдээ 44 айлын орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлсэн. Эдгээр 44 айлын орон сууцанд айл байсан, гэрээ байгуулсан талаар Д.Б мэдэх боломжтой байсан, мөн мэдэж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч Ш.Б-ийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хийсэн тусгай тэмдэглэлд ...төлбөр авагч Д.Б, Б.Д нар өмчлөх эрхээ олж авах, гуравдагч этгээд гарч ирвэл эрсдэлээ хүлээнэ гэсэн байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Дарханы улсын бүртгэлийн алба, хөрөнгө оруулагч Д.Б, Б.Д, Л.И ХХК оролцсон сонсох ажиллагааг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн. Сонсох ажиллагааны хуралд өмнөх хувьцаа эзэмшигч А.Л Л.И ХХК нь орон сууцыг иргэд, хөрөнгө оруулагч, барилгын гүйцэтгэлийн компаниудтай давхардуулан гэрээ байгуулсан байна гэдгийг хэлсэн. Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газар шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй гэдэг шаардлагын тавьж байсан. 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Д.Б-гийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь Л.И ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хэлцэл хийхдээ ... аймаг, ... сумын ... баг, ... хороолол, Л.Т, .... байрны ... тоот үл хөдлөх хөрөнгийн захиалагч, өмчлөгчийг А.Э болохыг мэдэж байсан буюу тус хэлцлийг өмчлөгч биш этгээдтэй хийсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул дээрх үл хөдлөх хөрөнгө буюу өөрт ногдох хэсгийн үр дагаврыг арилгуулж тус байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Миний бие тухайн маргаан бүхий байрны хууль ёсны өмчлөгч. Барилгыг барьж ашиглалтад оруулсан, иргэн А.Э-той гэрээ байгуулсан Л.И ХХК нь иргэн надтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Л.И ХХК үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа хөрөнгө оруулагч тал буюу Д.Б миний биед гэрээ байгуулах талаараа мэдэгдэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр захиран зарцуулж байхаар тохиролцсон. Тухайлбал: Хөрөнгө оруулалтын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/14 дүгээр гэрээний 5.2.2-т, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр гэрээний 6.2.2-т ...Гүйцэтгэгч тал нь хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй бөгөөд хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр захиран зарцуулах үүрэгтэй... гэж, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ-ний 4.1-т ...Гүйцэтгэгч тал нь энэхүү гэрээг байгуулах үед орон сууцны зориулалттай барилгыг бусдад барьцаалаагүй, өр авлага үүсээгүй болохоо үүгээр баталж байгаа бөгөөд гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэхүү гэрээний 6.1-т заасны дагуу ...Хөрөнгө оруулагч талд мэдэгдэж, зөвшөөрлийг авна... гэж, 6.1-т ...Гүйцэтгэгч тал гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулагч талд заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ, хэлцэл хийхэд тухайн талыг байлцуулна... гэж, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 03 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ-ний 6.1-д ...Гүйцэтгэгч тал гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахдаа Хөрөнгө оруулагч талд заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ, хэлцэл хийхэд тухайн талыг байлцуулна... гэж тус тус заасан. Түүнчлэн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон Барьцааны гэрээ-г тус тус байгуулж, нэхэмжлэлд дурдсан ... аймаг, ... сум, ... дүгээр баг, ... дугаар хорооллын Л.Т хотхоны ... блокын ... тоотын орон сууц нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Д.Б миний барьцаанд бүртгэгдсэн. Иргэний хуулийн 478.1 дэх хэсгийн ...талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авна... гэснийг зөрчсөн. Гэтэл хариуцагч Л.И ХХК нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн болон надтай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, А.Э-ийг тухайн байранд амьдруулж байсан нь анхнаасаа хууль бус болсон. Миний бие иргэн А.Э-ийг маргаан бүхий орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1715 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 209/МА2023/00016 дугаар магадлал, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 001/XT2023/00124 дүгээр Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор тус тус нэхэмжлэлийг минь хангаж шийдвэрлэн, А.Э болон түүний гэр бүлийн гишүүдийг тухайн орон сууцнаас албадан гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа. Иймд А.Эийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 7/, орон сууц захиалгаар бариулах гэрээ /хх 8-14, 240-244/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт /хх 15-22/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 тоот эрх шилжүүлэх тухай албан бичиг /хх 23-25/, итгэмжлэл /хх 53/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШЗ2022/04810 дугаар захирамж /хх 59-60/,

Хариуцагч Л.И ХХК-иас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 32/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, орон сууцны жагсаалт /хх 38-43/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 183-185/,

Хариуцагч Д.Б-гаас: Итгэмжлэл /хх 34/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /хх 69-74/, ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх 81-86/, 2015-03-31 өдрийн №2 тоот хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ /хх 87-88, 95-97/, 2014-12-22 өдрийн №01 тоот хөрөнгө оруулалтын гэрээ /хх 89-92/, А.Л, Д.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 93/, Л.И ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 94/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2017/13615 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хх 98/, хөрөнгийн үнэлгээний тухай хүсэлт, орон сууцны жагсаалт /хх 98-100/, 2017-08-22 өдрийн №183 тоот эвлэрлийн гэрээ /хх 101/, Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 189 дүгээр хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол /хх 102/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаар магадлал /хх 103-106/, ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаар шийдвэр /хх 107-116/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 130/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, байрны жагсаалт /хх 131-134/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаар эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж /хх 135-136/, 2016-03-11 өдрийн 16/001 дугаар хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх 137-138/, барьцааны гэрээ /хх 139-143/, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 209/МА2023/00016 дугаар магадлал /хх 144-151/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2017/13615 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 183/ГХ2017/01277 дугаар гүйцэтгэх хуудас /хх 152-153/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх 155/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШЗ2023/02326 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хх 156/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 001/ХТ2022/01036 дугаар тогтоол /хх 157-162/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2003 дугаар магадлал /хх 163-174/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01962 дугаар шийдвэр /хх 175-180/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх 193-195/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх 197-216/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх 217/, Т.Г, О.С, Ц.Б нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шийдвэр, магадлал, тогтоол /хх 218-232/,

Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 126-128/ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч А.Эийн гаргасан ... аймаг, ... сумын ... баг, ... хороолол, Л.Т хотхоны ... байрны ... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай 183/ШЗ2017/08942 дугаар захирамжаар Л.И ХХК нь Д.Б-д 2017 оны 11 дүгээр сарын 22-ны дотор 2 500 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талуудын эвлэрлийг /хх 135-136/ баталгаажуулжээ.

Д.Б нь Л.И ХХК-тай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ-ний үндсэн дээр ... аймгийн ... сумын ...-р баг, Л.Т ... айлын орон сууцны барилгад хөрөнгө оруулсан, энэ талаар талууд /хх 87-97/ маргаагүй байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, улмаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр тус Л.Т хотхоны ... айлын сууцны 1 м.кв талбайн зах зээлийн үнийг 972 850 төгрөгөөр үнэлэн, ... айлын сууцыг төлбөрт тооцон шилжүүлэхээр /хх 99-100, 131-134/ тохирчээ.

Улсын бүртгэлийн ... дугаар бүртгэгдсэн ... аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар хорооллын ... байрны ... сууц, түүний дотор ... тоот сууцны өмчлөгчөөр Д.Б бүртгэгдэж, өмчлөх эрхийн ... тоот гэрчилгээ олгогдсон /хх 130/ байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-г өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэл үнэн зөв байна.

2.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож болно.

 

Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгч нь 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр тус Л.Т хотхоны .. айлын сууцны 1 м.кв талбайн зах зээлийн үнийг 972 850 төгрөгөөр үнэлэн, 44 айлын сууцыг төлбөрт тооцон шилжүүлэхээр төлбөр авагчтай тохирч, өмчлөх эрхийг Д.Б-д шилжүүлснээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11/1105 дугаар тогтоол /хх 217/ гарсан, хүчин төгөлдөр байна.

2.2. А.Э нь Л.И ХХК-тай 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 120 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ /хх 8-14/ байгуулжээ.

А.Э нь дээрх ... айлын орон сууцны гадна зам талбайн ажлыг хийж гүйцэтгэсэн, ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд ... блокийн ... дугаар орцны ... давхарын ... тоот 74 526 000 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө сууц авахаар тохирсон нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрээний 2.1 дэх хэсэгт заасан захиалагчийн сонгон захиалсан байрны нийт үнэ 74 526 000 төгрөг /зам талбайн бартер/ гэж гэрээний гол нөхцөлийг тодорхойлсон байна.

Өөрөөр хэлбэл, зам талбайн ажил гүйцэтгэх гэрээний захиалагч нь Л.И ХХК, ажил гүйцэтгэгч нь А.Э нар ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөлийг тохирсон байна.

Харин А.Э нь орон сууц захиалгаар бариулах гэрээний хувьд захиалагч болохгүйгээс гадна орон сууцны үнэнд 74 526 000 төгрөг төлөөгүй, Л.И ХХК нь 3 өрөө сууцны барилгын ажлыг гүйцэтгэж үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон ажил гүйцэтгэгч гэх үндэслэлгүй.

2.3. ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1715 дугаар шийдвэрээр /хх 81-86/ ... аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дугаар хорооллын ... байрны ... тоот сууцыг А.Э болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж Д.Б-д олгожээ.

Дархан-уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар магадлал /хх 144-151/ , Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2023/000124 дүгээр тогтоолоор /хх 69-74/ анхан шатны шүүхийн шийдвэрийг үлдээсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/1422 дугаар тогтоолоор /хх 155/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь хэсэгт заасан тодорхой үйлдэл, үйл ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг даалгасан шийдвэрийг биелүүлсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

 

2.4. Төлбөр төлөгч, төлбөр авагчтай 2018 оны 05 сарын 08-ны өдөр хөрөнгийн үнэлгээ, хүлээлгэн өгөх байрны тухай тохиролцож шилжүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүйгээс гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл, тухайн сууцанд амьдарч байсан А.Э-т мэдэгдэх, түүний зөвшөөрөлгүйгээр төлбөр төлөгч, төлбөр авагч нар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх шалтгаант холбоо тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь тухайн сууцыг өмчлөх эрх үүсээгүй байна.

 

3. Хэрэгт нотлох баримтаар гаргасан Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол /хх 102/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх 103-106/, ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх 107-116/, Б.Сугарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн Улсын дээд шүүхийн тогтоол, магадлал, шийдвэр /хх 157-180/, Т.Г, О.С, Ц.Б нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шийдвэр, магадлал, тогтоол /хх 218-232/ зэрэг нь энэ шийдвэрийн үндэслэл болоогүйг дурьдах нь зүйтэй.

4. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 575 750 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг, 56.5 дахь хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.И ХХК, Д.Б нарт холбогдох ... аймгийн ... сум, ... дүгээр баг, ... дугаар хороолол, ... байрны ... тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн А.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА