| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 183/2023/04841/И |
| Дугаар | 102/ШШ2023/04337 |
| Огноо | 2023-11-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2023/04337
| 2023 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2023/04337 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дүгээр хороо, Сөүлийн гудамж-23, Түшиг төвийн ... тоотод оршин байрлах, регистр ..., в ххк,
Хариуцагч: ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоотод бүртгэлтэй, одоо ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, регистр ..., Д овогт О-ийн Н,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 78 212 725.08 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодорж, хариуцагч О.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч в ххк нь О.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 78 212 725.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
в ххк нь О.Н-тэй 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 30 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4.2 хувийн хүүтэй, зээлийн гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулж ... маркийн ... улсын дугаартай автомашиныг в ххк-ний өмчлөлд шилжүүлэх, эзэмших ашиглах эрхийг О.Н-д үлдээсэн. О.Н өнөөдрийг хүртэл зээлээс нэг ч төгрөг төлөөгүй тул үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 5 012 383 төгрөг, алданги 17 506 191 төгрөг, мөн фидуцийн гэрээгээр шилжүүлсэнн машиныг О.Н нь гуравдагч этгээд Ц.Д гэдэг хүнд шилжүүлсэн байсан тул түүнд урьдчилгаа 20 000 000 төгрөгийг шилжүүлж машиныг авсан. Ингээд 20 000 000 төгрөгийн хохирол учирсан тул нийт 78 212 725.08 төгрөгийг О.Н-гээс нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр в ххк-аас 30 000 000 төгрөгийн зээл авсан. Машиныг зараад зээлийг төлнө гэж бодсон. 2023 оны 1 дүгээр сард машинаа Б.Д-оор дамжуулан Ж овогтой Н-д 85 000 000 төгрөгөөр зарахаар болсон. Ингээд машиныг авч яваад сарын дотор мөнгийг өгнө гэсэн боловч 4 сар болоход мөнгө өгөөгүй, гэтэл намайг залилж 25 000 000 төгрөгийн мөрийнд тавьсан, Ц.Д гэдэг хүнд барьцаанд авсан байсан. Би Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан, прокуророос эрүүгийн хэрэг үүссэн. Би в ххк-ийн захиралд уулзаад энэ хүн миний машиныг 25 000 000 төгрөгт мөрийтэй тоглоомонд тавьсан байна гэж учрыг хэлсэн. в ххк-ийн захиралтай хамт цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. в ххк 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр над руу залгаад Манайх энэ хүнд машины 20 000 000 төгрөг шилжүүлээд машиныг авсан, нэмж 20 000 000 төгрөгийг чи төлөөрэй гэсэн. Тэгээд в ххк нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж надаас 82 000 000 төгрөг нэхэмжилсэн. 20 000 000 төгрөгийг би аваагүй учраас төлөхгүй. Үндсэн зээлийн гэрээний хугацааны хүү, алдангийг төлнө, бусдыг төлөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс: зээлийн гэрээ /хх 6-7/, фидуцийн гэрээ /хх 8/, зээл хүсэгчийн өргөдөл /хх 9-10/, мэдэгдэх хуудас /хх 11-12/, автомашины гэрчилгээ /хх 13/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 14/, в ххк-ийн дүрэм /хх 15-16/, итгэмжлэл /хх 17/, депозит дансны хуулга /хх 18/, анхан шатны төлбөрийн баримтууд /хх 19-24/, тээврийн хэрэгслийн бүртгэл, гэрчилгээ /хх 25-26/, депозит дансны хуулга /хх 27-28/, худалдах, худалдан авах гэрээ /хх 40-41/, тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан /хх 71-82/,
Хариуцагчаас: шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх 49/, Мөрдөгчийн тогтоол /хх 50/, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс хариу мэдэгдэх хуудас /хх 51/, өргөдөл /хх 52/, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол /хх 54-55/, мөрдөгчийн санал /хх 56/, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Прокурорын зөвшөөрөл /хх 57/ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.в ххк-ний нэхэмжлэлийн шаардлагаас 52 560 000 төгрөг гаргуулж в ххк-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 25 652 725 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрэлээ.
2. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
в ххк-ний үйл ажиллагаанд 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдөр барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг шинээр бүртгэсэн байна.
в ххк нь О.Н-тэй 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4.2 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохирсон байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээ байгуулагджээ.
2.1. Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй.
Зээлдүүлэгч нь О.Н-гээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгө барьцаалаагүй байх ба харин фидуцийн гэрээ байгуулж ... маркийн ... улсын дугаартай автомашиныг в ххк-ний өмчлөлд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн авсан байна.
2.2. в ххк нь фидуцийн гэрээний үндсэн дээр бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны зорилготой нь нийцээгүй байна.
2.3. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй талаар маргаагүй, хариуцагч О.Н үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 5 040 000 төгрөг, алданги 17 520 000 төгрөг нийт 52 560 000 төгрөгийг төлөх үүрэгтэй.
2.4. О.Н нь ... дугаартай автомашиныг бусдад заруулахаар өгсөн боловч залилуулсан талаарх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан, улмаар хэрэг нээж, шалгаж байгаа нь Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс хариу мэдэгдэх хуудас, Хан-Уул дүүргийн прокурорын тогтоол зэрэг баримтуудаар тогтоогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай 98 тоот прокурорын зөвшөөрлийг мөрдөгчид олгосон байх ба в ххк-ний өмчлөлийн тээврийн хэрэгслийн хохирол эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэгдэнэ.
2.5. в ххк нь 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдөр ХААН банкны ... тоот дансанд /Ц.Д гэх/ 20 000 000 төгрөгийг шилжүүлж, ... дугаарын машиныг эзэмшилдээ авсан байна.
Гагцхүү бусдад шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг зээлийн гэрээний улмаас учирсан хохиролд тооцож хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, в ххк өөрийн өмчийн зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс олж авахдаа 20 000 000 төгрөгийн зардал гаргасан байна.
Түүнчлэн в ххк нь тээврийн хэрэгслийн ашиглалтын зөрчлийн улмаас гарсан торгуулийг төлсөн нь баримтаар тогтоогджээ.
3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 549 014 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 52 560 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар 549 014 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Нгээс 420 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч в ххк-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг баримтлан О-ийн Н-ээс 52 560 000 /тавин хоёр сая таван зуун жаран мянга/ төгрөг гаргуулж в ххк-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 25 652 725 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА