Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/04411

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/04411

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... хороо, Усны гудамж-1, Рояал плаза ... тоотод оршин байрлах, регистр ..., С.Ф ББСБ ХХК,

Хариуцагч: ... дүүргийн ... хороо, ... хороолол, Амарсанаагийн гудамж, ... байрны ... тоотод бүртгэлтэй, ... дүүргийн ... хороо, Саруул хороолол ... тоотод оршин суух, регистр ..., С овогт А-ын О,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 127 781 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. С.Ф ББСБ ХХК нь А.О-д холбогдуулан 127 781 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

Иргэн А.О нь тус байгууллагад хандан зээл хүссэн бөгөө хүсэлтийг нь хүлээн авч 2019 оны 7-р сарын 6-ны өдөр ... дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулан 20 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээл авсан. Зээлдэгч дахин зээл авах хүсэлт гаргасан бөгөөд 2019 оны 7-р сарын 10-ны өдөр ... дугаартай гэрээ байгуулж 39 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр олгосон. А.О нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн зээл болон хүүг товлосон хугацаанд огт төлөөгүй бөгөөд зээлээ төлж дуусгахыг шаардаж байнга утсаар холбогдож байсан. Зээлдэгч нь 2021 оны 5-р сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөг, 2023 оны 1-р сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг тус тус төлсөн. Төлсөн мөнгө нь хуримтлагдсан хүүний төлбөрөөс хасагдсан боловч бүрэн төлж чадаагүй. Иймд А.О-гээс үндсэн зээл, зээлийн хүү нийт 122 642 000 төгрөг нэхэмжилсэн. Шүүх хурал 2023 оны 11-р сарын 8-ныг хүртэл хойшилсон тул нэхэмжлэлийн шаардлагыг 5 139 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Иймд зээлдэгч А.О-гээс нийт 127 781 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.О-д С.Ф ББСБ ХХК болон би хувиасаа зээлийн гэрээ байгуулж, хашаа байшин барьцаалж зээл олгосон. Анх 2017 оны 6-р сарын 5-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг зээлүүлж, хашаа байшин барьцаалсан. Зээлийн хүүг төлж байсан, 2018 оны 8-р сарын 2-ны өдөр зээлээс 15 000 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 25 000 000 төгрөгийг хашаа байшингаа зараад өгнө гэсэн. Тухайн үед гэрчилгээ нь надад байсан боловч зараад зээл төлнө гээд авсан. Гэтэл А.О хашаа байшингаа зараад байр авсан байсан. Дараа нь 2017 оны 7-р сарын 7-нд өөрийн Harгier маркийн машинаа барьцаалан 10 000 000 төгрөг, 2017 оны 11-р сарын 29-ний өдөр 8 000 000 төгрөгийг дансанд шилжүүлсэн, би өөрийн данснаас 2 000 000 төгрөг нийт 20 000 000 төгрөгийн зээлтэй байсан. Энэ зээлийн хүүг төлж байсан, зээлээс 6 000 000 төгрөгийг 2018 оны 10-р сарын 30-нд төлсөн. А.О нь үлдэх 14 000 000 төгрөгөөс машинаа зараад 6 000 000 төгрөг, Солонгос явж ирээд үлдэх мөнгийг өгнө гэсэн. Ингээд 2 зээлийг нэгтгээд 2019 оны 7-р сарын 15-нд 39 000 000 төгрөгийн зээлийн гэрээг өөрийнх нь хүсэлтийн дагуу байгуулсан. Тухайн үед ковид гарсан тул А.О-гээс 2019, 2020 оны зээлийн хүүг авахгүйгээр зээлийн гэрээ байгуулсан. Дараа нь 2019 оны 6-р сарын 6-нд хадам ээжийгээ үзүүлээд явж байна гээд 10 000 000 төгрөг зээлсэн. Мөн 2019 оны 7-р сарын 6-нд дахин 10 000 000 төгрөг зээлсэн. Нийт 59 000 000 төгрөгийн өртэй байгаа. Зээлийн гэрээний дагуу 2021 оны 5-р сарын 31-нд 5 000 000 төгрөг, 2023 оны 1-р сарын 30-нд 3 000 000 төгрөг тус тус өгсөн. Одоо нийт 127 781 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.О нь С.Ф ББСБ ХХК-иас зээл аваагүй, харин иргэн Б.М-аас зээл авсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь 2017 онд байгуулагдсан иргэд хоорондын зээлийн гэрээг хожим шалгалт ирэх болоод банк бус санхүүгийн байгууллагаар хийсэн гэж байна. С.Ф ББСБ ХХК дээр бүртгэлтэй зээл А.О-д байхгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээл авсан бол буцаан төлөх үүрэгтэй. Б.М зээл өгсөн байхад шаардах эрхийг шилжүүлэн авсан нь нотлогдохгүй тул нэхэмжлэх эрхгүй этгээд болно. 2017 оны зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгчээс: С.Ф ББСБ ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 3/, зээлийн тооцоо /хх 4-5/, бэлэн мөнгөний баримт /хх 6/, С.С.Н ББСБ ын 2019 оны 7-р сарын 10-ны өдрийн ... тоот зээлийн гэрээ /хх 7-9/, бэлэн мөнгөний баримт /хх 10/, 2019-07-06-ны өдрийн ... тоот зээлийн гэрээ /хх 11-13/, А.О, Б.М нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 14-15/, С.Ф ББСБ ХХК-ний дүрэм /хх 16-18/, Б.М-ын ХААН банкны дансны хуулга /хх 64-65, 69-70, 77-80/, 2017-06-05-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ /хх 66-67/, А.О-гийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 68/, С.С.Н ББСБ-ын 2017-07-05-ны өдрийн ... тоот зээлийн болон барьцааны гэрээ /хх 71-76/, 2018-06-11-ний өдрийн ... тоот зээлийн болон барьцааны гэрээ /хх 81-85/, 2019-06-06-ны өдрийн ... тоот зээлийн гэрээ, дансны хуулга, бэлэн мөнгөний зарлагын баримт /хх 86-90/ зэрэг баримтыг гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Ф ББСБ ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

 

-Б.М нь А.Отэй 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлүүлэх, барьцааны гэрээгээр А.Огийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн ... дүүргийн ... дүгээр хороо, Горькийн... дугаар гудамжны ... тоот хувийн сууц, ... дүгээрт бүртгэгдсэн 700 м.кв газар барьцаалахаар тохирчээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зээлээс 15 000 000 төгрөг /хх 66-70/ төлсөн.

 

-С.С.Н ББСБ а нь А.О-тэй 2017-07-05-ны өдрийн ... тоот зээлийн болон барьцааны гэрээ /хх 71-76/ байгуулж 10 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, Toyota Harrier маркийн автомашин барьцаалан зээлүүлэхээр тохирсон байна. Б.М-ын ХААН банкны данснаас зээлдэгчид шилжүүлсэн /хх 71-77/ байна.

 

-Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр С.С.Н ББСБ ын данснаас 8 000 000 төгрөгийг гаргуулж авсан, улмаар А.О-ийн дансанд шилжүүлсэн, тухайн өдөр Б.М нь өөрийн данснаас 2 000 000 төгрөг нийт 10 000 000 төгрөгийг зээлүүлсэн /хх 78-79/,

 

- С.С.Н ББСБ ын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ... тоот зээлийн болон барьцааны гэрээгээр 20 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохирсон /хх 81-85/,

 

- С.С.Н ББСБ ын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ... тоот зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлүүлэхээр тохирсон боловч мөнгийг Б.М-ын данснаас тус тус шилжүүлжээ. /хх 86-90/

 

2.1. С.С.Н ББСБ а, А.О нарын хооронд зээлийн гэрээ байгуулсан боловч Б.М өөрийн данснаас мөнгийг шилжүүлсэн, түүнчлэн Б.М, А.О нарын хооронд зээлийн гэрээ байгуулсан зэргээс дүгнэвэл, эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан гэрээ байна.

 

2.2. Түүнчлэн С.С.Н ББСБ а болон А.О нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 20 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 2.5 хувийн хүүтэй зээлүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан /хх 10-13/, 20 000 000 төгрөгийг бэлэн мөнгөний зарлагын баримтаар шилжүүлжээ.

 

2.3. С.С.Н ББСБ а болон А.О нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 39 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан /хх 7-9/ байх ба энэ гэрээгээр зээлдэгчид 39 000 000 төгрөгийг шилжүүлээгүй, харин өмнөх 2 зээлийн гэрээний үлдэх хэсгийг нэгтгэн гэрээ хийсэн талаар талууд маргаагүй байна.

 

2.4. С.Ф ББСБ ХХК нь С.С.Н ББСБ а нэртэй байсан, нэрээ өөрчилсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Энэ тохиолдолд С.Ф ББСБ ХХК нь С.С.Н ББСБ а болон Б.М нарын А.Отэй байгуулсан гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзлээ.

 

6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 868 334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Огээс 127 781 000 /нэг зуун хорин долоон мянга долоон зуун наян нэг/ төгрөг гаргуулахыг хүссэн С.Ф ББСБ ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 868 334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА