Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/04739

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/04739

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...-р хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байр, Б.Н.Д.Х,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн ...р хороо, .... хотхон ... байр ... тоот, регистр ..., О.К ХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 10 175 295 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхзаяа нар оролцов.

 

Хариуцагч О.К ХХК-ний Б.Эд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд шийдвэрлэлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Б.Н.Д.Х нь О.К ХХК-д холбогдуулан 10 175 295 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

О.К ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, ажил олгогч даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийг зөрчин 2022 оны 09 дүгээр сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүйгээс 6 860 863.5 төгрөгийн шимтгэлийн өр үүсгээд байна. Ажил олгогчид дээрх үүссэн шимтгэлийн өрийг төлөхийг удаа дараа шаардаж 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ... дугаар улсын байцаагчийн албан шаардлага, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ... дугаар Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдлийг арилжааны банканд тус тус хүргүүлсэн.
Иймд Зөрчлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.17.3 дах хэсэгт зааснаар
телбел зохих шимтгэл 6 860 863.5 төгрөгийг, алданги 3 314 431.75 төгрөг нийт 10 175 295.25 төгрөгийг гаргуулан нийгмийн даатгалын сангийн дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.К ХХК нь төлбөл зохих шимтгэл 6 860 863.5 төгрөгөөс 3 500 000 төгрөг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үлдэгдэл төлбөр болох 3 360 863.5 төгрөг, алданги 3 314 431.75 төгрөг нийт 6 675 295.25 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан /хх 4-5/, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ... дугаар улсын байцаагчийн албан шаардлага /хх 6/, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ... дугаар Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдэл /хх 7/ зэрэг баримтыг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

О.К ХХК нь 2023 оны 06-р сарын 30-ны шимтгэл төлөлтийн тайлангаар ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлд 6 860 863 төгрөг төлөхөөр тайлагнасан байх ба энэ шимтгэлийг төлөөгүй нь нэхэмжлэгчийн тайлбар, шимтгэл төлөлтийн тайлангаар тогтоогдсон байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17-р зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх, 4 дэх хэсэгт зааснаар ...эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд О.К ХХК нь 3 500 000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 6 675 295.25 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20-р зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар 3 360 863.5 төгрөгийн шимтгэлийг хугацаанд төлөөгүйгээс тооцсон алданги 3 314 431.75 нийт 6 675 295.25 төгрөгийг ажил олгогчоос гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.

 

2.1. Хариуцагч О.К ХХК нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч Б.Э нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.3, 77-р зүйлийн 77.1, 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.К ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын тухай /1994 оны/ хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг баримтлан О.К ХХК-иас 6 675 295.25 /зургаан сая зургаан зуун далан таван мянга хоёр зуун ерэн тав/ төгрөг гаргуулж Б.Н.Д.Х-т олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар О.К ХХК-иас 121 754 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА