Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/04283

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,  тоот хаягт оршин суух, У ургийн овогтой Б.Д-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, өөрийн байранд байрлах, Н газарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Охан нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

1.Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Н газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн тоот магадлалаар Б.Д , Ч.С нараас 50,567, 619 төгрөгийг гаргуулж "М" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө буюу Сүхбаатар дүүрэг .... тоотод тоотод байрлах 40 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 150,589,250 төгрөгөөр үнэлүүлэн албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Н газрын 2023 оны 05 дугаар сарын 24- ний өдрийн ....6 тоот мэдэгдлийг 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хүлээж аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргаж байна. Манай үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвийн бүсэд байрлалтай, эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Миний өмчлөлийн орон сууц нь 1963 онд анх ашиглалтад орсон бөгөөд 4 давхар орон сууцны 3 давхарт байдаг бүрэн засвар хийсэн, хуучны орон сууц бөгөөд ариун цэврийн өрөө, гал тогооны өрөө, харанхуй өрөө, коридорын м.кв нь өмчлөх эрхийн гэрчилгээ дээр ороогүй ба орвол нийт 90 гаруй м.кв болох юм. 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн unegui.mn зарын сайтаас харахад хотын төвийн бүсэд байрлалтай манай үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээтэй бүрэн засвар хийсэн 3 өрөө орон сууцууд 160-180 сая төгрөгийн зах зээлийн ханштай байна.Иймд дараах гомдлын шаардлага гаргаж байна.

Н газраас томилогдсон хөндлөнгийн Шинжээч болох "Д" ХХК-ийн Сүхбаатар дүүрэг .... тоотод байрлах 40 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй миний эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 150,589,250 үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дугаар магадлалаар Б.Д гээс 50,567,619 төгрөг гаргуулж "М" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.Д гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаартай Сүхбаатар дүүргийн ....... тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу талууд харилцан тохиролцоогүй тул үнэлгээ тогтооход 150,589,250 төгрөгөөр үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн эд хөрөнгийн үнэлгээг зохих хугацаанд мэдэгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэгч Б.Д гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хэрэгт нэхэмжлэгчээс Н газрын 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 4-181/10346 тоот албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 6/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ......2 дугаар шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 7-14/, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7/45 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 27/, Н газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 4-181/12434 тоот албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 6/, хариуцагчаас иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хувийн хэргийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 42-103/ зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Н газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Манай үл хөдлөх эд хөрөнгө хотын төвд байрлалтай, дахин төлөвлөлтөд орсон, эрэлт хэрэгцээ их байдаг. ...Нийт 90 гаруй м.кв талбайтай. Бүрэн засвар хийсэн байр. Үнэгүй.мн зарын сайтаас харахад хотын төвийн бүсэд байрлалтай, бүрэн засвар хийсэн 3 өрөө орон сууцууд 160-180 сая төгрөгийн үнэ ханштай байна. ...Миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур 150,589,250 төгрөгөөр үнэлсэн гэж тодорхойлсон.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ ...Төлбөр төлөгч Б.Д гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн ...... тоот, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээний талаар талууд тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 150,589,250 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа гэж тайлбарласан.

 

5.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн .....2 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ..... дугаар тогтоолоор Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.С, Б.Д нараас 50,158,875 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мп ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн ......тоот, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Н газарт даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 45-60/

 

6.Дээрх шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй учир Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 2 сарын 18-ний өдрийн ...... дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн ......1 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Н газрын 2022 оны 3 сарын дугаар 21-ний өдрийн ...... дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явуулжээ. /хх-ийн 42-44, 61/

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Б.Д гийн өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн ....тоот, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ..... дугаар тогтоолоор битүүмжлэн, 2023 оны 4 дугаар сарын 28-ны өдрийн ..... дугаар тогтоолоор хураан авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 5/176 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор Д ХХК-ийн үнэлгээчин Ц.Т-ийг шинжээчээр томилон, шинжилгээ хийхээс татгалзах болон оролцож болохгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулж, хууль сануулсан байна. /хх-ийн 81-82/

 

8.Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 150,589,250 төгрөгөөр тогтоож, үнэлгээний тайланг хавсралтын хамт 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгчээ. Шинжээч хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо зах зээлийн мэдээлэл судлан үзэж, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, үнэлгээний олон сулын стандартыг баримтлан үнэлгээний тооцоог хийсэн байна. /хх-ийн 38-45/

 

9.Ийнхүү шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэлгээг холбогдох дүрэм, журам, тооцоололд үндэслэн гаргасан нь хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан байна. Иймээс хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, үндэслэлгүй тогтоогдохгүй байна.

 

10.Шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 05 сарын 24-ний өдрийн 4-181/10346 тоот үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Д д 2023 оны 05 сарын 29-ны өдөр танилцуулж, гардуулсан байна. /хх-ийн 98/

 

11.Нэхэмжлэгч Б.Д нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан байна.

 

12.Иймд Д ХХК-ийн 2023 оны 5 сарын 23-ны өдөр Б.Д гийн өмчлөлийн, Эрхийн улсын Ү-.... дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, ....... тоот хаягт байрлалтай, 40м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 150,589,250 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б.Д гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

13.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу хариуцагч Н газарт холбогдох Д ХХК-ийн 2023 оны 5 сарын 23-ны өдөр Б.Д гийн өмчлөлийн, Эрхийн улсын Ү-.... дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, ....... тоот хаягт байрлалтай, 40м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 150,589,250 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б.Д гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Д гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР