Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар  2021/ДШМ/1042

 

 

 

 

 

    2021           12             7                                         2021/ДШМ/1042                             

 

 

Б.Нид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Оюунгэрэл /томилолтоор/,

хохирогч Т.Д, М.Т, тэдгээрийн өмгөөлөгч Л.Чинбат,

шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч Н.Батболд,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/1051 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч Н.Батболд гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Нид холбогдох эрүүгийн 2103 00000 0197 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

П овогт Бийн Н, .......... оны ... дугаар сарын ...-ний өдөр ................. аймгийн .................... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ........................... аймгийн ......................... сум, ... дүгээр баг .................. гэх газар оршин суух бүртгэлтэй боловч .......................... дүүргийн .... дугаар хороо, ......................... дугаар гудамжны .... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.............................../;

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Товчооны постын баруун замд “Toyota Prius-10” загварын 33-07 ӨВР улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Д, М.Т, Н.Тны эзэмшлийн “Subaru-Trieza-NCP 120” загварын 95-68 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг мөргөж Т.Д, М.Т нарын эрүүл мэндэд тус бүр хүндэвтэр, Н.Тд 955.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Тээврийн прокурорын газраас: Б.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П овогт Бийн Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Нид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 500 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Нид оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Нид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ноос 805.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.Тд олгож, хохирогч М.Т, Г.Д нар нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Т, Г.Д нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Нийн В ангиллын 1355962 дугаар жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч Н.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд “Шүүх шүүгдэгч Б.Нид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч нарын эрүүгийн хариуцлагын талаарх санал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 500 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилтод нийцнэ гэж үзэв.” гэжээ. Энэхүү дүгнэлт нь учир дутагдалтай юм.

Улсын яллагч эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа “Б.Н нь анх удаа тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, баримтын хүрээнд хохирлыг барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна.” гэж дурдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэж заасан хэдий ч түүний аав, ээж, гэр бүл, шүүгдэгч Б.Н нар хохирогчийн хохирлыг барагдуулах талаар хүчин чармайлт гарган анхаарч, амьдарч байсан байшингаа хүртэл зарж борлуулж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдаг. Мөн Б.Н иргэний нэхэмжлэгч Н.Ттай 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу төлбөрийг тохиролцсон ёсоор хугацаанд нь төлж барагдуулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах;” гэж заасны дагуу дээрх гэрээний үүргийг хугацаанд нь төлж барагдуулах үүрэгтэй. Мөн түүний гэр бүл нь өөрийн амьдрах орон байргүй болсонтой холбоотой Б.Н нь ажил хийж, амьжиргаагаа залгуулах боломжгүй нөхцөл үүсэхээр байна. /Учир нь, шүүгдэгч Б.Н нь тодорхой ажил эрхэлж байна./

Ийм нөхцөл бий болж болзошгүй тул энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нараас тодорхой саналыг шүүх хуралдаанд хэлж “торгох ял” шийтгэл оногдуулж өгөх санал гаргаж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан ял шийтгэл нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэх боловч төлбөрийн чадваргүй шүүгдэгчийг цалинтай ажил хийх боломжийг хааж байгаа нь цаашлаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.”, 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна.” гэсэн заалтыг зөрчиж байна.

Иймд дээрх байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж заасныг үндэслэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялын төрлийг өөрчилж өгнө үү.” гэв.

Хохирогч Т.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байна.” гэв.

Хохирогч М.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байна.” гэв.

Хохирогч нарын өмгөөлөгч Л.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/1051 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор А.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Н нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, тохирох ялыг оногдуулсан гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/1051 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч Н.Батболдын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Товчооны постын баруун замд “Toyota prius-10” загварын 33-07 ӨВР улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй ... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Д, М.Т, Н.Т-ны эзэмшлийн “Subaru-Trieza-NCP 120” загварын 95-68 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг мөргөж Т.Дөлгөөн, М.Т нарын эрүүл мэндэд тус бүр хүндэвтэр, Н.Тд 955.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч М.Тгийн “...2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн ах Т.Дний хамт, түүний автомашинд эхнэр У.Мын хамт суугаад Налайх руу явсан. Баянзүрх дүүргийн товчооны замаар явж байгаад ах дэлгүүр орох гээд зогссон... ах машинаасаа буухаар нь би бас хамт дэлгүүр орох гээд буусан. Ах бид хоёр зам дагуух дэлгүүр орох гээд замын урд талд зогсож байтал гэнэт хойд талаас “Toyota prius-10” загварын автомашин ирээд мөргөсөн. Ах бид хоёр замын урд зогсож байсан автомашины ард зогсож байхад уг автомашинтай хавсраад мөргөсөн. Миний зүүн бөгс, нуруу, хөл хэсэг рүү мөргөсөн. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” /хх 13-14/,

хохирогч Т.Дний “...2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн орчимд Баянзүрхийн товчооны замаар Налайх руу явж байгаад замын хажуугийн дэлгүүр орох гээд... замын хажууд зогссон... тухайн үед дүү М.Т надтай хамт дэлгүүр орох гээд буусан. Хамт замын хажууд зогсож байсан. Тэгсэн баруунаасаа зүүн тийшээ явж байсан “Toyota prius-10” загварын автомашин гэнэт ирээд мөргөсөн. Дүү М.Т бид хоёр замын урд зогсож байсан жижиг суудлын автомашины ард зогсож байсан ба уг автомашиныг мөн мөргөсөн. Миний баруун зүүн хөл рүү мөргөсөн. М.Тгийн зүүн хөл рүү мөргөсөн. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” /хх 16-17/,

иргэний нэхэмжлэгч Н.Тны “Баянзүрх дүүргийн Товчооны замын урд талд зам дагуу гар дээрээс худалдаа хийж байсан хүмүүсээс төрийн далбаатай туг авах гээд 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн орчим өөрийн эзэмшлийн “Subaru-Trieza-NCP 120” загварын 95-68 УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй замын урд хэсэгт шахаж зогсоод машинаасаа буугаад туг авах гээд байж байтал баруунаасаа зүүн чиглэлд явж байсан “Toyota prius-10” загварын 33-07 ӨВР улсын дугаартай автомашин ирж миний автомашины зүүн хойд талын хэсгийг миний машины ард зогсож байсан 2 хүний хамт мөргөсөн. Мөргөсөн автомашины жолооч тухайн үед зүүрмэглээд мөргөчихлөө гэж байсан. Үнэлгээгээр 955.000 төгрөг гарсан…” /хх 22-24/,

гэрч О.Ггын “... 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг шиг санагдаж байна. Б.Н “Toyota prius-10” загварын 33-07 ӨВР улсын дугаартай автомашин бариад жолоочийн хажуугийн суудалд найз У, арын суудалд би суугаад явж байтал гэнэт осол болсон. Осол болох үед би баруун талын цонхоор юм хараад явж байсан учраас би ослыг харж чадаагүй.... буугаад харахад замын урд шахаад зогсож байсан автомашины араас мөргөсөн байсан ба мөн уг автомашины ар талд зогсож байсан хоёр залууг мөргөсөн байсан. Мөргүүлсэн хоёр хүн мөргүүлсэн автомашины хажуу талд болон хойд талд зам дээр болон газар хэвтэж байсан. Б.Н тухайн үед осол юунаас болж гарсан талаар хэлээгүй...” /хх 25/,

гэрч А.Уын “...Баянзүрхийн товчоо өнгөрөөд явж байтал хажуугаар нэг хурдтай автомашин зөрөөд өнгөрсөн. Энэ үед Б.Н зүүрмэглээд баруун гар тийш жолооны хүрдээ дараад замын урд талд зогсож байсан автомашин... ар талд нь зогсож байсан хоёр залууг мөргөсөн. Б.Н осол болохын өмнө замдаа бага зэрэг зүүрмэглээд байсан. Осол болох үед яг хэдэн км хурдтай явж байсныг би хараагүй. Нэг их хурдтай яваагүй. Б.Н урьд шөнө унтаагүй явснаас болж зүүрмэглэж осол гаргасан. Б.Н автомашин жолоодоод би хажуугийн урд суудал дээр, арын суудалд дээр О.Г сууж явсан...” /хх 26/,

шүүгдэгч Б.Нийн “...2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн орчимд би хоёр найз болох У, Г нарын хамт Гацуурт орж найзтайгаа уулзах гээд “Toyota prius-10” загварын 33-07 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Баянзүрхийн товчооны замаар явж байгаад зүүрмэглээд замын урд зогсож байсан автомашин болон автомашины ард зогсож байсан хоёр хүнийг мөргөсөн. 2021 оны 7 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд бүтэн таксинд явсан байсан болохоор нойр дутуу явж байгаад зүүрмэглээд осол гарсан. ...хэргийн дараа манайх Нарангийн голын хуучин эцэст байх хашаагаа 4.000.000 төгрөгөөр зараад би Магдай ахад мөнгийг нь төлж барагдуулсан. Хашаа зарсан мөнгөнөөс мөргүүлсэн хоёр хүнд 6.000.000 төгрөг өгсөн... мөнгө шилжүүлсэн баримтыг өгнө. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг чадлаараа төлж байгаа...” /хх 88-89/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6394 дугаартай “...1. М.Тгийн биед зүүн өвдөг, шилбэ, баруун тохой, өвдөг, зүүн шууны ар дунд хэсэгт зулгаралт, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” /хх 49-50/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 598 дугаартай “...1. М.Тгийн биед зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрс арын эвэрний урагдал, арын чагтан холбоосны суналт, зүүн өвдөг, шилбэ, баруун тохой, өвдөг, зүүн шууны ар дунд хэсэгт зулгаралт, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. М.Тгийн биед шинээр тогтоогдсон гэмтлүүдээс зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрс арын эвэрний ургадал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, арын чагтан холбоосны суналт нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна.” /хх 57-58/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 6393 дугаартай “...1. Т.Дний биед баруун өвдөгний үений дотор хажуу болон тойгны холбоосны урагдал, хоёр талын өвдөгний үений урд чагтан холбоос, баруун өвдөгний үений ар чагтан холбоос, зүүн өвдөгний үений тахимын шөрмөсний суналт, баруун өвдөгний үе, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, баруун гуяны доод хэсэг, өвдөг, тахим, шилбэний ар дээд хэсэгт цус хуралт баруун тохой, шууны ар дээд хэсэг, зүүн өвдөгний доор, шилбэний урд дээд хэсэг, тавхайн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” /хх 53-54/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 369714 дугаартай “...Хариулт-1. Уг автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, автомашины хурдны хайрцагийн ажиллагаа, дуут дохио, тоормосны гэрэл, хойд оврын гэрэл зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормос, урд салхины шил, баруун урд талын дугуйн хээний гүн, шил арчигч, урд их гэрлийн тусгалын чадал зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна. Хариулт-2. Уг автотээврийн хэрэгслийн хойд тэнхлэгийн хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормос, урд салхины шил, баруун урд талын дугуйн хээний гүн, шил арчигч, урд их гэрлийн тусгалын чадал зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна. Хариулт-3. Уг автотээврийн хэрэгслийн дээрх эвдрэл гэмтлүүд хэзээ яаж үүссэн болохыг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй юм. Хариулт-4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВ5 тоормосны системтэй ба техникийн хяналтын үзлэгийн төвийн багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар, инженерийн ур чадварт тулгуурлан шалгаж үзэхэд хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлагыг хангахгүй байсан. Зогсоолын тоормос зогсохгүй байсан. Хариулт-5. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВ5 тоормосны системтэй ба автотээврийн хэрэгслийн хурд, цаг агаарын нөхцөл байдал, замын гадаргуу зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ.” /хх 68-73/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

“К-Э” ХХК-ийн техникийн үнэлгээний тайлан /хх 63-64/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/,

2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн мөрдөгчийн магадалгаа /хх 74-75/,

“Х у” ХХК-ийн тодорхойлолт /хх 38/,

“Х у” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 39/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-11/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Нийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Нид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 500 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Н гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, давж заалдах шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагчид учруулсан 955.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан талаарх баримтыг ирүүлсэн байх хэдий ч нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэр хэмжээ, хувийн байдалд нь ялын төрөл, хэмжээ нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, шүүгдэгчийн өмгөөлөгч  Н.Батболдын нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах талаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/1051 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч Н.Батболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ                      

           

 

                        ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ