Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/04299

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ........... тоотод байрлах хаягтай, Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  өөрийн байранд байрлах хаягтай Ү ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 693,957,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Н,

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан 693,957,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Ц ХХК нь гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд орон сууц захиалан барих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг барилгын компани болно. Х хотхон дөрөвдүгээр төслийн ажил явагдаж буй бөгөөд хариуцагч Ү ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр арматур худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Хариуцагчтай гэрээний 2.1.1-д зааснаар нийт 1200 тонн арматурыг 2,640,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний 5.2.1-д зааснаар барааг 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон. Үүний дагуу гэрээний төлбөрийг Ц ХХК нь Хаан банк дахь ...... тоот данснаас Ү ХХК-ийн данс руу хоёр хувааж шилжүүлсэн. Гэтэл хариуцагчаас 2021 оны 03 сарын 20-ны өдрийн дотор шилжүүлэх ёстой 1200 тонн арматур төмрөөс өнөөдрийг хүртэл 177.48 тонн буюу 390,456,200 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг өнөөдрийг болтол 2 жил гаруйн хугацаанд нийлүүлээгүй, манай компанийг хохироосон тул манай компани аргагүйн эрхэнд гэрээгээ цуцалсан. Мөн гэрээний 3.1-д заасан чанарын шаардлагад хүрээгүй арматур төмрийг нийлүүлсэн хэдий ч манай компанийн зүгээс харилцан тохиролцож шийдвэрлэсэн. Ийнхүү өнөөдрийг хүртэл хугацаандаа нийлүүлэх ёстой арматур төмрөө нийлүүлээгүй байх тул гэрээний 6.1-д зааснаар алданги тооцох үндэслэл бүрдсэн ба хугацаа хэтэрсэн нийт алдангийн хэмжээ 782,474,225 төгрөг болсон ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул гэрээний алдангид 195,228,100 төгрөг тооцсон. Монгол улсад 2002 оноос эхлэн барилгын төмөр бетон бүтээцийн ган туйвангийн талаар MNS JIS 3112:2002 стандартыг мөрдөж эхэлсэн бөгөөд энэхүү стандарт нь ган туйван буюу хэлж заншсанаар арматур төмрийн хатуулаг, орц найрлага, гангийн хэмжээ, 1 м-т эзлэх жин зэрэг үзүүлэлтүүдийг журамлаж өгсөн байдаг. Харин Ү ХХК-ийн нийлүүлсэн арматур нь стандартад нийцсэн боловч хүлээлгэн өгсөн баримт дээр арматурын 1 метрт эзлэх жинг зориудаар өсгөж тавьсан учир 990.369 тн-ыг нийлүүлсэн мэт тооцоо гарч байгаа. Бодит байдал дээр стандартын дагуу тооцоход нийт 921.369 тн арматур нийлүүлсэн байна. Арматурыг үйлдвэрлэгч, худалдагч, худалдан авагч нар нь MNS JIS 3112:2002 стандартыг сайн мэддэг. Зарим арматур нийлүүлэгч нар зориуд арматурын жинг стандартын хэмжээнээс өсгөж нийлүүлэн хуурч мэхлэх явдал гаргадаг. Тодруулж хэлбэл Ү ХК нь дээрх стандартыг мэддэг бөгөөд мэдэхгүй байх боломжгүй байтал зориуд жинг стандартаас өсгөж зарлагын баримт дээр тэмдэглэн нийлүүлэх замаар хууран мэхэлсэн байна. Ц ХХК нь уг арматурыг шууд хүлээн авсан даруйд жинлэн үзэх, доголдлыг шалгаж авах боломжгүй бөгөөд арматурыг хэрэглэх явцдаа жинд ногдох тооцоог гаргах боломжтой юм. Иймд Ү ХХК -ийн дутуу нийлүүлсэн 278.631 тн арматурын 1тн-ыг нь 200,000,000 төгрөгөөр тооцвол 612,988,200 төгрөг болж байгаа. Үүнээс өмнө нь эргүүлэн авсан 150,000,000 төгрөг болон тээврийн зардал 350,000 төгрөгийг хасаж тооцон 462,638,200 төгрөгийг нэмжлэх нь зүйтэй байна. Гэрээний 6.1-д заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан хязгаараас давж байгаа тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 231,319,100 төгрөгийн алдангийг нэмж, нийт 693,957,300 төгрөгийг Ү ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дэлхийн зах зээл дэх арматурын ханш тухайн үед тонн тутам нь 3,200,000 төгрөг болсон. Энэ талаар Ц ХХК руу мэдэгдэхэд нэхэмжлэгч компанийн зүгээс тонн тутмыг 2,400,000 төгрөгөөр тооцож авч байхаар тохиролцоонд хүрч нийлүүлэлт хийгдсэн. Энэ талаар нэхэмжлэгч компаниас 2021.07.20-ны өдөр хаягаас манай хаяг руу имэйл ирүүлж 749.79 тн арматурыг 1,799,496,000 төгрөгт авсан талаарх тооцоо нийлэхээр манай компанид хандсан. 1,799,496,000 төгрөг /749.79 тн/=2,400,000 төгрөг. Ийнхү нэхэмжлэгчээс 2021.07.20-ны өдөр тооцоо нийлэх хүсэлт ирүүлснээс хойш манай компани 1 тн арматурыг мөн л харилцан тохиролцсоны дагуу 2,400,000 төгрөгөөр тооцож 2021.07.29-ний өдрөөс 2021.08.26-ны өдрийн хооронд нийт 8 удаагийн нийлүүлэлтээр 240,579 тонн буюу 577,389,600 төгрөгийн арматур нийлүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр 150,000,000 төгрөгийг 2021.04.07-нд 50,000,000 төгрөг, 2021.06.03-нд 100,000,000 төгрөг буцаан төлсөн. 2021.08.26-ны өдрөөс хойш нэхэмжлэгч арматур авах захиалга өгөөгүй. Мөнгөө авахаар шаардсан. Энэ үйлдлээс нь гэрээнээс татгалзсан болохыг нь хариуцагч ойлгож, хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж төлсөн мөнгөө шаардаж байгаа энэ тохиолдолд гэрээний 6.1-т заасан алдангийг шаардах эрхгүй. Тиймээс алданги нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үндсэн үүрэг бол арматур төмөр нийлүүлэх байсан. Харин гэрээнд заасны дагуу урьдчилан 3 хоногийн өмнө нэхэмжлэгч захиалгаа өгсний дагуу арматурыг нийлүүлэхээр үүрэг гүйцэтгэх хугацааг тохирсон тул хариуцагчийн зүгээс үүргийн зөрчил гаргаагүй болно. 2,640,000,000-1,799,496,000-350,000-273,576,000-150,000,000=112,764,400 төгрөг төлөх үлдэгдэлтэй. Гэвч нэхэмжлэгч нь С ХХК-д бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 387,349,500 төгрөгийн өртэй. Энэхүү төлбөрийг хүлээн авах эрхийг С ХХК-иас Ү ХХК-д Эрх шилжүүлэх гэрээ-ээр шилжүүлсэн. Иймд 387,349,500 төгрөгийн авлагаасаа манай компани нэхэмжлэгчид төлбөл зохих 112,764,400 төгрөгөө хасч, харин нэхэмжлэгчээс 274,585,100 төгрөгийн авлагатай болно гэжээ.

 

4.Хэрэгт нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 5/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 6,7/, 2021 оны 03 сарын 03-ны өдрийн арматур худалдах, худалдан авах гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 8,9/, Ү ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 10,11/, Ц ХХК-ийн Ү ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн алдангийн нэхэмжлэл /хх-ийн 12/, Хаан банк ХК-ийн депозит дансны хуулга /хх-ийн 13/, Хаан банк ХК-ийн гүйлгээний баримт /хх-ийн 14,15/, Ү ХХК арматур тооцоолол /хх-ийн 16,17/, зарлагын баримтууд /18-45/, арматурын тооцоо /хх-ийн 46-57/, Стандарт, хэмжил зүйн газрын 2023 оны 10 сарын 25-ны өдрийн   тоот албан бичиг /хх-ийн 187/, Төмөрбетон бүтээцийн ган туйвангийн MNS JIS G3112:2002 стандарт /хх-ийн 189-197/, Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа MNS JIS G3112:2002 стандартын дагуу бодсон жин, тонны нэгтгэл /хх-ийн 198/, арматурын тооцоо /хх-ийн 199-209/, хариуцагчаас Ү ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 73/, Х ХХК 2021 оны өглөг авлага /хх-ийн 119/, 2021 оны 03 сарын 20-ны өдрийн №21/04 дугаартай Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 130-137/, тооцоо нийлсэн актын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 138/, зарлагын баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 139-156/, Монгол шуудан ХК-ийн баримт /хх-ийн 157/, 2023 оны 09 сарын 01-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээ /хх-ийн 160/, С ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 161/, СХХК-ийн 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 411 тоот мэдэгдэл /хх-ийн 162/, шүүхээс үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 177-180/ зэрэг баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ц ХХК нь Ү ХХК-тай 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр арматур худалдах худалдан авах, нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нийт 1200 тонн арматурыг хариуцагчаас нийлүүлэх, нэхэмжлэгч түүний үнэ 2,646,000,000 төгрөгийг төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч тал 2,600,000,000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд нь төлж дуусгасан. Хариуцагч талаас 1200 тонн арматур нийлүүлэхээс 278,631 тонн арматур дутуу нийлүүлсэн. Тухайн үед арматурын хомсдолтой Ковид-19 үе байсан. Хариуцагч талаас 990,369 тонныг нийлүүлсэн гэж хэлдэг боловч энэ нь сортоментын зөрүүгээс болж 921,369 тонн болж багассан. 2002 оны mns 3122002 гэсэн үндэсний стандарт байдаг. Энэ стандартын дагуу сортоментын зөрүүг тооцсон. Энэ зөрүү дээрээс ашиг олох, хуурч мэхлэх асуудлууд маш их гардаг. Арматур нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй учраас зарим нийлүүлэх мөнгөн дүнгээсээ тооцож 150,000,0000 төгрөгийг эргүүлж авсан. Тээвэр 350,000 төгрөг хасагдсан.

Хариуцагч нийт 278,631 тонныг нийлүүлээгүй. Нийлүүлсэн 1 тонн арматурыг 2,200,000 төгрөгөөр тооцох юм бол 912,988,200 төгрөг болж байгаа. Үлдэгдэл 462,638,200 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар алданги тооцох үндэслэлтэй гэж үзэж байгаа. Нийт 1300 хоногийн алданги тооцохоор байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 462,638,200 төгрөгийн 50 хувиар тооцож 231,319,100 төгрөг нийт 693,957,300 төгрөгийг Ү ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна гэж,

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Талуудын хооронд анх 1 тонн арматур 2,200,000 төгрөгөөр, нийт 1200 тонныг худалдах-худалдах авах гэрээ байгуулсан. 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар худалдан авагч бараагаа авах ёстой байсан. Их хэмжээний төмөр учраас төмрөө баг багаар барилга дээрээ зөөж авдаг байсан. Тэр талаар гэрээн дээрээ тохирсон. Захиалгаа хуудсаар урьдчилж өгөөд, захиалгын дагуу бараа гаргадаг тохиролцоотой. Манай зүгээс тухайн үеийн арматур төмрийн Орос улс болон Хятад улс дахь үнийн зөрүү үүссэн гэж талууд хоорондоо маргасан. 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс 8 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нийт 27 удаагийн нийлүүлэлтээр тухай бүр нь үнэн нь янз бүрээр бодогдсон. Тухайн цаг бүрт нь худалдан авагч хүлээн зөвшөөрөөд явсан. Эцэстээ 2,400,000 төрөг дээрээ тогтъё, аль аль талдаа эрсдэлээ хуваарилъя гэдэг байдлаар ярилцаад 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2,400,000 төгрөгөөр бодохоор болж, худалдан авагч тал маань санхүүгийн тамга тэмдэгтэй баримт ирүүлсэн. Ингээд 2,400,000 төгрөгөөр тонн тутмын үнэлгээг гаргаж нийлүүлсэн. Нийт 27 удаагийн нийлүүлэлтээр манай компанийн зүгээс 990,329 тонн арматурыг нийлүүлсэн. Энэ үнэлгээ нь 2,429,693,360 төгрөг болсон. Үнэ бүхий арматурыг нийлүүлснийхээ дараа худалдан авагч талд буцаан 150,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Үүнд талууд маргадаггүй. Нийтдээ худалдан авагчаас манайх руу шилжүүлсэн 2,640,000,000 төгрөгөөс хасах юм бол манай өгөх ёстой өглөг 60,306,640 төгрөг байгаа. Гэрээ цуцалж байгаа учир алданги төлөх үндэслэлгүй. Үлдэх төлбөрийг хамаарал бүхий компанитай гэрээ байгуулснаар тооцоо дуусгасан гэж тус тус тайлбарласан байна.

 

4.Ц ХХК, Ү ХХК-ийн хооронд 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 21/02 тоот Арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ. Гэрээгээр худалдагч Ү ХХК нь худалдан авагч Ц ХХК-д HRB400 маркийн 1 тонн арматурыг 2,200,000 төгрөгөөр тооцож нийт 1200 тонн арматурыг 2,640,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон байна.

 

5.Талуудын харилцан тохиролцсон нөхцөлөөс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Гэрээг хэн аль нь хүсэл зоригийнхоо дагуу байгуулж, хуульд энэ төрлийн гэрээг байгуулахад тусгайлан хэлбэрийн шаардлага тавиагүй тул гэрээ хүчин төгөлдөр болно.

 

6.Гэрээний дагуу нэхэмжлэгч Х костракшн ХХК нь хариуцагч Ү ХХК-д 1200 тонн арматурын үнэ 2,640,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч нь 2021 оны 04 сарын 09-ний өдрөөс 2021 оны 06 сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд нийт 990,369 тонн арматур нийлүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Ү ХХК-ийн зарлагын баримтаар нотлогдож байна.

 

7.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Зарлагын баримтуудад 1 тонн арматурын нэгжийн үнийг 2,400,000 төгрөгөөр тооцон хүлээлцсэн, шүүхээс хариуцагч Ү ХХК-ийн цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр Ц ХХК нь Ү ХХК-д явуулсан захидалд Тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцооллын баримтад 1 тонн арматурын үнийг 2,400,000 төгрөгөөр тооцож худалдан авсан тооцоог гаргаж, тооцоо нийлэх баримт хүргүүлсэн байх тул талууд гэрээгээр 1 тонн арматурын үнийг 2,200,000 төгрөгөөр тохиролцсоныг 2,400,000 төгрөг болгон өөрчилсөн нь нотлогдож байна гэж үзэв.

 

8.Нэхэмжлэгч нь хариуцагчийн нийлүүлсэн 990,3639 тонн арматурыг Монгол Улсын стандарт MNS JIS 3112:2002 дагуу стандарт хангаагүйгээс нийт хүлээн авсан арматурын жин 69 тонн дутуу байсан гэж тайлбарласан.

 

9.Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Арматур худалдах, худалдан авах гэрээний 3.1-т арматур нь MNS4241:200 стандартад нийцсэн байхаар тохиролцсон байх бөгөөд хариуцагчийн нийлүүлсэн арматур гэрээгээр тохиролцсон стандартад нийцэхгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, хэрэгт энэ талаар авагдсан баримтгүй байна.

 

10.Хариуцагч нь нэхэмжлэгчид 2,376,885,600 төгрөгийн 990,369 тонн арматур, тээвэр 350,000 төгрөг тооцож, 150,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Үлдэх 112,764,400 төгрөгт нэхэмжлэгчтэй өөрийн хамаарал бүхий компанитай гэрээ байгуулан арматур авсан гэж тайлбарласан.

 

11.Хэрэгт С ХХК, Ц ХХК-ийн хооронд 2021 оны 03 сарын 20-ны өдөр байгуулагдсан Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ авагдсан байх боловч үүнийг нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 112,764,400 төгрөгт харилцан тохиролцож үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй.

 

12.Харин зохигчид тээвэрт 350,000 төгрөг тооцож, 2021.04.07-ны өдөр 50,000,000 төгрөг, 2021.06.03-ны өдөр 100,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас буцаан авсан талаар маргаагүй.

 

13.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

 

14.Дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч гэрээг цуцалж, хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн дүн 112,764,400 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна. Гэрээг цуцалсантай холбоотойгоор гэрээний үүргээс үүсэх үр дагавар буюу гэрээгээр тохиролцсон алдангийг шаардах эрхгүй.

 

15.Иймд хариуцагч Ү ХХК-аас 112,764,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, нэхэмжлэлээс 581,192,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

16.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 3,785,686 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 721,772 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ү ХХК-иас 112,764,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 581,192,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Ц ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж төлсөн 3,785,686 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ү ХХК-аас 721,772 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР