Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2023/04390

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, тоотод байрлах, М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, .......тоотод оршин суух, Б ургийн овогтой М Ш холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: .... улсын дугаартай, CAT.D6R маркийн бульдозерыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч М.Шт холбогдуулан .... улсын дугаартай, CAT.D6R маркийн бульдозерыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Иргэн М.Ш нь иргэн Г.Зтой байгуулсан 2015 оны Зээлийн гэрээ-ээр далимдуулан 2016 оны 8 дугаар сард М ХХК-ийн өмч болох ..... улсын дугаартай САТ.06Р маркийн бульдозерийг Уул уурхайн чиглэлээр 1 сард 20.000.000 төгрөг олох боломжтой ажил байна. Мөн жолоочийг нь 1 сарын 2,000,000 төгрөгөөр цалинжуулна гэж байна. Энэ ажлыг авчихвал зээлээ төлөхөд чинь нэмэртэй гэж хэлсэн байдаг. Улмаар М ХХК-ийн захирал Г.З дээрх саналыг зөвшөөрөөд жолооч Ч.Н-д дээрх ажлын талаар болон өөрийх нь цалин хөлсийг хэлж яриад компанийн нэр дээрх ..... улсын дугаартай САТ.D6Р маркийн бульдозерийг хүлээлгэн өгч улмаар М.Шийн зааж өгсөн газарт буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах М.Шийн өөрийх нь технхикүүдээ байрлуулдаг гэх хашаанд нь техникээ жолоочийн хамт хүргэж өгсөн байдаг. Гэтэл М.Ш нь техникийг ажилд гаргахгүй байсан тул буцааж авах талаар хэлэхэд түр байж бай уурхай нь ажил эхлээгүй байна эхлэнгүүт нь танай техникийг явуулна гэж хэлсэн байдаг. Ингээд багагүй хугацаа өнгөрөөд байхад мөн л дээр дурдьдсан шалтгаанаа хэлсээр байсан тул техникээ очиж авах гэхэд Зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж дуусаад ав тэр болтол манай хашаанд техник чинь барьцаанд байна гэж хэлээд өгөөгүй. Энэ талаар захирал Г.Зд хэлэхэд М.Штэй өөрөө уулзаж байгаад учраа олно гэж явсаар ямар нэгэн шийдэлд хүрээгүй. Ингээд 2021 оны сүүлээр М.Ш нь М ХХК-ний техникийг ашиглаж ажилд гаргаж байна гэсэн мэдээлэл сонсоод 2022 оны 1 д/гээр сарын 12-ны өдөр М.Шийн техник хүргүүлсэн газарт очиж техникээ шалгахад зарим нэг эд анги нь байхгүй мото цагийн заалт нь анх жолоочид хүлээлгэж өгснөөс 3.400 гаруй цагаар илүү ажилласан байдалтай байсан. Техникд үүссэн нөхцөл байдлын талаар М.Шт хэлэхэд арай ч 3000 гаран цаг ажилуулагүй гэхдээ дунд нь Төв цэвэрлэх байгууламж дээр ажиллуулсан. Ингэхдээ танай захирал Г.Зд хэлсэн гэж тайлбарласан. Гэтэл Г.З захирал тийм асуудал огт яригдаагүй яагаад компаний өмч хөрөнгийг дураараа ашиглаж байгаа юм бэ гээд албан ёсоор хуулийн байгууллагад хандахаар шийдээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж өгсөн боловч иргэд хоорондын гэрээтэй холбоотой маргаан байна гээд Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн Мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээрх прокурорын шийдвэрт гомдол гаргасан боловч дээд шатны прокуророос мөн л Иргэний шүүхэд хандаж асуудлаа шийд гэсэн хариуг өгсөн. М.Ш нь анхнаасаа Г.З гэж хувь хүнтэй Зээлийн гэрээ байгуулсан байдаг ба М ХХК-тай гэрээ хийх замаар эрх зүйн харилцаанд ороогүй. Гэтэл ямар ч үндэслэлгүй худлаа хэлж компаний хөрөнгийг өөрийн эзэмшилдээ авч захиран зарцуулж байгаа нь хууль бус байна. Иймд М.Шийн эзэмшилд байгаа М ХХК-ний өмч болох ..... улсын дугаартай САТ.D6Р1 маркийн бульдозерийг хууль бус эзэмшигч М.Шийн эзэмшлээс чөлөөлж хууль ёсны өмчлөгч М ХХК-нд хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: * Нэхэмжлэлд ...Уул уурхайн чиглэлээр 1 сард 20,000,000 төгрөг олох боломжтой ажил байна. Мөн жолоочийг нь 1 сарын 2,000,000 төгрөгөөр цалинжуулна гэж байна. Энэ ажлыг авчихвал зээлээ төлөхөд чинь нэмэртэй гэж хэлсэн байдаг. ...дээрх бульдозерыг хүлээлгэн өгч улмаар М.Шийн өөрийн нь техникүүдээ байрлуулдаг гэх хашаанд нь техникээ жолоочийн хамт хүргэж өгсөн... гэжээ. 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Г.З нь М.Шээс 322,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд тэд зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн барьцаанд С.Г /Г.Зд 2015.07.24-ний өдөр 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлтэй/-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, ....... тоот 105.69 м.кь талбайтай, 3 өрөө орон сууц, мөн хаягт байрлах .... тоот 148.73 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, мөн хаягт байрлах .... тоот 132.24 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцуудыг тус тус барьцаалж, орон сууц тус бүрт барьцааны гэрээ байгуулсан. Ингээд барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр очиход Г.З ирээгүй бөгөөд тухайн гэрээг бүртгүүлж чадаагүй. 2015.08.31-ний өдөр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаа болоход Г.З нь зээлээ төлөхгүй байсан ба шүүх, цагдаа, хуулийн байгууллагад хандах талаараа хэлэхэд Г.З нь 2016 онд .... улсын дугаартай САТ.D6Р маркийн бульдозерыг нь М.Шийн эзэмшлийн хашаанд өөрөө хүргүүлсэн байдаг. Г.З нь өөрийн С ХХК-иар Орхон аймаг, Баян-Өндөр суманд орон сууц барьж байсан хийгээд уг барилгын ажпаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд М.Шээс 322,000,000 төгрөгийг зээлж, банкны өрөө төлөөд дахин шинэ зээл авч, уг орон сууцны барилгын ажпаа дуусаж бүрэн ашиглалтад оруулсан. Харин дээрх хугацаанд М.Ш нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж ирсэн ба Г.З нь барилгын дотор заслын ажлыг хийж гүйцэтгүүлэх, түүний ажлын хөлсийг төлөхтэй холбоотой гэрээг банканд гарган өгч чиний мөнгөний оронд бартерт байр өгье гээд 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Барилгын дотор засал болон гадна тохижилтын ажил арилжааны /бартер/ нөхцөлөөр гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Энэ хугацаанд Г.З нь бэлнээр болон дансаар нийт 60,000,000 төгрөгийг зээлийн хүүд тооцож төлсөн ба 2021.10.03-ны өдөр тэд тооцоо нийлж, Орхон аймаг, .......... тоот 68.5 м.кв тапбай бүхий 2 өрөө орон сууц, үнэ 113,025,000 төгрөг, Орхон аймаг, ........ тоот 98.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, үнэ 162,030,000 төгрөг, Орхон аймаг, ......... тоот 97.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, үнэ 161,205,000 төгрөг, Орхон аймаг, .............. тоот 40.3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, үнэ 66,495,000 төгрөг, нийт 502,755,000 төгрөгийн орон сууцыг 495,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөрт төлнө гэж баримт үйлдэж хүлээлгэж өгсөн буюу энэ нь өөрийн дээрх орон сууцууд/ С.Гийн өмчлөлийн 3 орон сууц/-ыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэхээр зорилготой байсан. М.Ш нь Орхон аймаг, ..........2 тоот 68.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн байрны 3 тоот 98.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн байрны 27 тоот 97.7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн байрны 80 тоот 40.3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцуудыг бусдад зарж борлуулсан. Харин ....Б дугаар байрны 80 тоот 40.3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдаж авсан иргэн 79,000,000 төгрөгөөр банкны илотекийн зээлээр худалдаж авсан учир байрны төлбөр М.Шт биш С ХХК-ийн дансанд шилжин орсон. Улмаар М.Ш нь Г.Згоос ... дугаар байрны 80 тоот 40.3 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдсан, түүний С ХХК-ийн дансанд шилжин орсон 79,000,000 төгрөгийг нэхэхэд Г.З нь өгөөгүй, харин түүний зээлийн барьцаанд тавьсан .... улсын дугаартай САТ.D6Р маркийн бульдозер болон С.Г-д зээлийн барьцаанд тавьсан .... улсын дугаартай САТ.D6Р маркийн бульдозерыг буцаан өгөх боломжгүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин зээлийн гэрээний үүргээ биелүүлбэл уг бульдозерыг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

4.Хэрэгт М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 4,5/, М ХХК-ийн 2021 оны 12 сарын 22-ны өдрийн итгэмжлэл /хх-ийн 6/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 7/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2022 оны 01 сарын 14-ний өдрийн тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 8,9/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 10,11/, М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 13/, Г.З, Б.М нарын иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 14/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 48-50/, 2015 оны 07 сарын 24-ний өдрийн итгэмжлэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 51-53/, 2015 оны 07 сарын 31-ний өдрийн барьцааны гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 54-59/, шүүхээс Ц.Нгийн гэрчийн мэдүүлэг /хх-ийн 35,36/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 67/, А.А-ын гэрчийн мэдүүлэг /хх-ийн 69,70/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Иргэн М.Ш нь М ХХК-ийн захирал Г.Зтой 2015 оны 7 сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээл төлөөгүйг далимдуулж 2016 оны 8 дугаар сард М ХХК-ийн .... улсын дугаартай  бульдозерыг сард 20,000,000 төгрөгөөр түрээсэлж орлого олох боломжтой гээд авсан. М.Ш нь М ХХК-ийн тээврийн хэрэгслийг хууль бусаар өөрийн өмчлөлд байлгаж байна гэж,

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ....... улсын дугаартай, CAT.D6R маркийн бульдозер эзэмшигч М ХХК-ийн захирал З нь М.Шээс 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 322,000,000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгө барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан боловч тухайн өдөр улсын бүртгэлийн байгууллагаас барьцаа хөрөнгийн талаар лавлагаа авсан учир тэр өдөртөө барьцааны гэрээг бүртгэдэггүй журамтай юм байна. Ингээд барьцааны гэрээг бүртгүүлээгүй. Зээлийн гэрээ 1 сарын хугацаатай байсан боловч гэрээнд заасан хугацаанд зэлээ төлөөгүй. Бид шүүхэд хандах талаар хэлэхэд бульдозероо өөрсдөө 2016 онд авчирч өгсөн. Бид өөрсдөө түрээсийн бизнес эрхэлдэг учир нэхэмжлэгчийн техникийг түрээслэх шаардлага байхгүй. Нэхэмжлэгч өөрөө барьцаа болгож өгөөд ажилд гараад танайх зээлээс хасаж тооц гэсэн. Техникийг техникийн хэрэгслийн гэрчилгээтэй нь өөрсдийнхөө жолоочоор хүргүүлэн ирж хүлээлгэж өгсөн. 2020 онд техникийн гэрчилгээгээ буцааж авсан. 2021 оноос хойш барьцаанд тавьсан бульдозерыг буцаан авахаар нэхэж эхэлсэн. М.Шийн зүгээс бульдозерыг хууль бусаар аваагүй. Зээлийнхээ үлдэгдлийг төлөөд бульдозероо буцаагаад авч болно. ...Бульдозер нь шинэ гинж, будагтайгаа огт хөдөлгөөгүй байгаа. Нэг удаа ашиглахдаа хэлж зөвшөөрөл аваад ашигласан гэж тус тус тайлбарласан байна.

 

4.Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 11 сарын 17-ны өдрийн 32 дугаартай лавлагаа, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар М ХХК нь CAT.D6R маркийн, .... улсын дугаартай бульдозерийн эзэмшигч нь болох нь тогтоогдож байна. /хх-ийн 7, 66-67/

 

5.Зохигч талууд М ХХК-ийн захирал Г.З болон М.Ш нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 322,000,000 төгрөгт зээлийн гэрээний харилцаа үүссэн, CAT.D6R маркийн, .... улсын дугаартай бульдозерийн өмчлөгч нь М ХХК бөгөөд уг техник одоо хариуцагчийн эзэмшилд байгаа үйл баримтын талаар маргаагүй.

 

6.Шүүхэд гэрч Ц.Н, А.А нарын мэдүүлэг, зохигч талуудын тайлбараар нэхэмжлэгч М ХХК, хариуцагч М.Ш нар харилцан тохиролцсоны дагуу .... улсын дугаартай, CAT.D6R маркийн бульдозерыг М.Шт шилжүүлж, түрээслэн ашиглахыг нэхэмжлэгч зөвшөөрсөн үйл баримт тогтоогдож байна.

 

7.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд маргаан бүхий хөрөнгөө шилжүүлж, түрээсийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн ч хугацаа тохиролцоогүй. Улаар 2021 онд буцаан шилжүүлэхийг хариуцагчаас шаардсан ч өгөхөөс татгалзсан байна.

 

8.Хариуцагч татгалзаж буй үндэслэлээ уг техникийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан гэж тайлбарласан хэдий ч талуудын хооронд барьцааны гэрээ бичгээр байгуулагдаагүй. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3-д зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

9.Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Нэхэмжлэгч хөрөнгөө хэдийд ч буцаан шаардах эрхтэй тул хариуцагч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалан барьж буйг хууль эзэмшил гэж үзэх үндэслэлтэй.

 

10..Иймд хариуцагч М.Шт .... улсын дугаартай, CAT.D6R маркийн бульдозерыг нэхэмжлэгч М ХХК-д шилжүүлэхийг даалгах нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

11.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч М.Шт .... улсын дугаартай, CAT.D6R маркийн бульдозерыг нэхэмжлэгч М ХХК-д шилжүүлэхийг даалгасугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Шээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР