| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2023/04753/И |
| Дугаар | 101/ШШ2024/00031 |
| Огноо | 2023-12-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2024/00031
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК холбогдох
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, хариуцагчийн өмгөөлөгч С., гэрч Т.*******, нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхээр шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Миний бие С Овогт нь ийн ******* нь ******* ХХК-д 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хүний нөөцийн албаны дарга албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй болно. Нэг. Ажлаас үндэслэлгүй халсан тухай. ******* ХХК-ийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тушаалыг танилцуулсан болно. Бодит байдал дээр 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэхэд тушаал гараагүй байсан болно.
******* ХХК-ийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот тушаалын үндэслэх хэсэгт ...Тус компанид Хүний нөөцийн албаны дарга бовогтой ******* (РД: ) нь ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон тул 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэжээ.
Тушаалын тушаах хэсгийн нэг дэх хэсэгт ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй гэж заасан байна. Миний бие ажил үүрэгтээ томилогдоод 4 жил гаруй болсон бөгөөд энэ 4 жилийн хугацаанд ажил үүргээ сахилгын зөрчилгүй, гүйцэтгэл сайн гүйцэтгэж байсан болно. Намайг ажлаас халахдаа залуу хүний нөөц авна, та өөрийн хүсэлтээр гар гэх мэтчилэн дарамт үүсгэн миний бие өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхгүй, өргөдөл өгөхгүй, ажил олгогч хөдөлмөрийн гэрээ цуцалж буй бол хуульд заасан тушаалаа гаргах, танилцуулах хүсэлт өгч байсан болно. Ажил олгогч нь ажлын байрны дарамт үүсгэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхийг шаардсан дээрх үйл баримтаас үзэхэд ямар нэгэн аргаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэл зориг байсан гэж үзнэ.
Тушаал өөрөө эрх зүйн акт болохын хувьд хэлбэрийн болон хууль зүйн шаардлагыг хангасан байхыг шаардана. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна.
******* ХХК нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй, комиссыг одоо хүртэл байгуулаагүй болно. Иймд Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 6 дугаар сарын 07-ний өдөр гомдол гаргасан. Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 20-ны шийдвэрээр талууд харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусгавар болгож хуралдааны тэмдэглэлийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй Б.*******гийн нэхэмжлэлтэй "*******" ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
******* ХХК-ийн Хүний нөөцийн албаны дарга албан тушаалд ажиллаж байсан Б.*******гийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байгааг Захирал Б., Ж. нар удаа дараа амаар сануулж, сайжруулах шаардлага тавьдаг байсан. Улмаар 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр үдээс өмнө Б.*******, Б. нар ярилцаж ажлын гүйцэтгэл шаардлага хангахгүй байгаа тул Хүний нөөцийн албыг өөр хүнээр удирдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж Б.*******д Хүний нөөцийн менежерийн албан тушаалд ажиллах санал тавьсан. Б.******* нь энэ саналыг хүлээж авахгүй, ажлаа өгье гэж ярилцсан бөгөөд энэ тухайгаа 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 16:00 цагт эхэлсэн Хүний нөөцийн албаны хурал дээр Б. захиралтай ярилцаад 2023 оны 4 дүгээр сарыг дуустал ажиллаад ажлаасаа гарна гэж шийдвэрлэсэн гэдгээ тухайн албаны ажилтнуудад хэлсэн. Тухайн сарыг дуусахаас өмнө дараагийн Хүний нөөцийн албаны даргыг сонгон шалгаруулж ажлаа хүлээлцэх ёстой байсан. 2023 оны 4 дүгээр сарын сүүлээр захирал Б. гадаад явж 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа орсон ба тэр өдөр Б.*******г дуудаж уулзаад тохиролцсон хугацаа өнгөрсөн учраас энэ өдрөөр тасалбар болгож ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан. Тэр уулзалтын дараа Б.******* өөрийн гараар өргөдөл бичиж өгсөн ба өргөдөлдөө үндэслэлгүй шалтгаанаар халагдаж байгаа тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг олгохыг шаардсан байсан. Тэр үед захирал Б. Хүний нөөцийн менежер Т.*******г дуудаж дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тул тэр өдрөөр захирлын тушаал гаргахыг үүрэг болгосон.
Тухайн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирлын тушаалд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль-ийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалт, 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалт, Компанийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 12.6.12 болон 12.6.13 дугаар зүйл дэх заалтыг тус тус үндэслэсэн. Хөдөлмөрийн харилцааг цуцалсны тэтгэмжийг мөн зохих ёсны дагуу олгохоор шийдвэрлэж ажилласан хугацааны олговол зохих цалин хөлсийг мөн тооцсон. Ажлаас гарч байгаа ажилтан албан тушаал үл хамааран тойрох хуудсаа өөрийн биеэр зуруулж, бодогдсон цалин хөлсөө ирж авдаг ба Б.******* нь өнөөдрийг хүртэл тойрох хуудсаа өөрийн биеэр ирж зуруулаагүй, бодогдсон цалин хөлсөө ирж аваагүй байгаа. Хүний нөөцийн Албаны менежерүүд цалин болон хөдөлмөрийн гэрээ цуцалсны тэтгэмж нь бодогдсон байгааг Б.*******д мэдэгдсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй түл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд хянагдаж буй Б.*******гийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох хэрэгт 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр болсон үйл явдлын талаар тодорхой дурдсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах нэмэлт хариу тайлбарыг гаргаж байна.
"******* ХХК-ийн Хүний нөөцийн албаны дарга албан тушаалд ажиллаж байхдаа Б.*******гийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байгааг Захирал Б., Ж. нар удаа дараа амаар сануулж, сайжруулах шаардлага тавьдаг байсан. Энэ нь түүний КР1 үнэлгээгээр тодорхой харагдах бөгөөд 2023 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэлх КР1 үнэлгээнд хангалтгүй ажилладаг гэсэн үнэлгээ авдаг байсан бөгөөд хүний нөөцийн албаны даргын албан тушаалд ажилладаг байхад нь бусад албанаас хүний нөөцийн асуудалтай байна, ажлын байранд ажилтан авахгүй байна, ажиллахад асуудалтай, дутагдалтай байна гэсэн гомдол байнга ирдэг байсан.
"*******" ХХК-ийн захирал Б. нь 2023 оны 4 дүгээр сарын сүүлээр гадаад явж 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа ирсэн бөгөөд тэр өдөр Б.*******г дуудаж уулзаад тохиролцсон хугацаа өнгөрсөн учраас энэ өдрөөр тасалбар болгож ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан. Тэр уулзалтын дараа Б.******* өөрийн гараар өргөдөл бичиж өгсөн ба өргөдөлдөө үндэслэлгүй шалтгаанаар халагдаж байгаа тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг олгохыг шаардсан байсан.
Нэхэмжлэгч нь Хүний нөөцийн албаны даргаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн тухай хуулийг маш сайн мэддэг бөгөөд намайг Хөдөлмөрийн хуулийн 80.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг ажил олгогчоос цуцалж байна гэхдээ би ажлаас Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж шаардаж хүсэлтээ гаргаж байна гэж өөрөө 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүсэлт гаргасан /хх-5/ байгаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгаж байгааг хүлээн зөвшөөрч байгаа нь харагдаж байна.
Нэхэмжлэгч нь ажлаа хийж чадахгүй, Хүний нөөцийн албаны дарга албан тушаалыг гүйцэтгэж байсан мөртөө байгууллагын хүний нөөцийг бүрдүүлдэггүй, бусад албанаас байнга хүний нөөцийн асуудалтай байна, ажлын байранд ажилтан авахгүй байна, ажиллахад асуудалтай, дутагдалтай байна гэсэн гомдол байнга ирдэг байсан бөгөөд энэ тухай өмнө нь байнга амаар анхааруулж, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах талаар хэлж байсан энэ талаар ч бусад албаны ажилтнууд мэдэж байгаа болно. Ийнхүү нэхэмжлэгч нь өөрийн ажил гүйцэтгэлийг сайжруулах дээр анхаарал хандуулаагүй, ажил үүргээ хангалттай гүйцэтгээгүй тул хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгчээс шүүхэд: ******* ХХК-ийн захирлын 2023.05.10-ны өдрийн А/164 дугаар тушаал (хх3), Б.*******гийн 2023.5.10-ны өдөр гаргасан хүсэлт (хх4), Хөдөлмөрийн гэрээ (хх5-6), Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл №45 (хх7), Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022.08.17-ны өдрийн 12 дугаар тогтоол (хх8), ******* ХХК-ийн захирлын 2023.01.20-ны өдрийн Б/41 дугаар тушаал (хх37), ******* ХХК-ийн дотоод журам (хх38-54), ******* ХХК-ийн дүрэм (хх55-59), Хөдөлмөрийн гэрээ (хх60-61), Ажлын байрны тодорхойлолт (хх62-67), ******* ХХК-ийн захирлын 2019.04.10-ны өдрийн Б/195 дугаар тушаал (хх68), Б.*******гийн ажилгүй байсан хугацааны цалингийн тооцоолол (хх107) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.
5.Хариуцагчаас шүүхэд: ******* ХХК-ийн итгэмжлэл (хх13), ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх14), ******* ХХК-ийн дүрэм (хх16-20), ******* ХХК-ийн итгэмжлэл (хх27), ******* ХХК-ийн итгэмжлэл (хх69), ******* ХХК-ийн бусад ажилтнуудын гаргасан тодорхойлолтууд (хх75-79), Б.*******гийн гүйцэтгэлийн хэмжүүр үзүүлэлт /KPI үзүүлэлт/-үүд 2023.01 сараас 2023.04 сар хүртэлх (хх80-95), ******* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн жагсаалт (хх106) нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ХХК‑д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,903,499 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэх дараах үйл баримт тогтоогдов.
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* ХХК-ийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ******* дүгээр Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар намайг ажлаас чөлөөлөхдөө баримталсан тушаал үндэслэлгүй. Учир нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт зааснаар мэргэжил, мэргэжлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсныг тогтоогоогүй, ур чадвар, мэргэжил, мэргэшлийн түвшин тогтоох комисс байгуулагдаагүй, ур чадварын түвшин тогтоох дүгнэлт, шалгалт авагдаагүй, Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй болно. Намайг ажлаас халахдаа залуу хүний нөөц авна, та өөрийн хүсэлтээр гар гэх мэтчилэн дарамт үүсгэн миний бие өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхгүй, өргөдөл өгөхгүй, ажил олгогч хөдөлмөрийн гэрээ цуцалж буй бол хуульд заасан тушаалаа гаргах, танилцуулах хүсэлт өгч байсан болно. Ажил олгогч нь ажлын байрны дарамт үүсгэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхийг шаардсан дээрх үйл баримтаас үзэхэд ямар нэгэн аргаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэл зориг байсан гэж тодорхойлон шаардсан.
2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбарын үндэслэлээ ... Хүний нөөцийн албаны дарга албан тушаалд ажиллаж байхдаа Б.*******гийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байгааг захирал Б., Ж. нар удаа дараа амаар өөрт нь сануулж, ажлаа сайжруулах талаар шаардлага тавьдаг байсан. Энэ нь түүний КР1 үнэлгээгээр тодорхой харагдах бөгөөд 2023 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэлх КР1 үнэлгээ дээрээ хангалтгүй ажилладаг гэсэн үнэлгээ авдаг, байнга гомдол ирдэг байсан. 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр компанийн хүний нөөцийн хурал дээр Б.*******д менежерийн албан тушаалыг захирал санал болгоход өөрөө тэтгэмж аваад ажлаа хүлээлгэн өгнө гээд өргөдлөө өгсөн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2- ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Тэтгэмжээ ав, тойрох хуудсаа зуруул гэхээр авдаггүй, ирдэггүй бөгөөд хүний нөөцийн албаны даргын албан тушаалд ажилладаг байхад нь бусад албанаас хүний нөөцийн асуудалтай байна, ажлын байранд ажилтан авахгүй байна, ажиллахад асуудалтай, дутагдалтай байна гэсэн гомдол байнга ирдэг гэж тайлбарлан маргасан.
3.Нэхэмжлэгч Б.******* нь ******* ХХК-ийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/195 тушаалаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хариуцагч хүний нөөцийн албаны даргаар ажилласан, захирлын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ******* тушаалаар ажлаасаа талаар зохигчид маргаагүй.(хх68)
4.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ...158.2.2.-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан тохиолдолд шүүх шууд хянан шийдвэрлэнэ гэж зааснаар Бяанзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлд дурдсанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 1554 дүгээр зүйлийн 154.4-д зааснаар тус маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон үйл баримтад талууд маргаагүй.(хх7-8)
5.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж хуульчилсан.
6.Өөрөөр хэлбэл: Ур чадварын хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан байх шаардлагатай бөгөөд ажилтныг гүйцэтгэж буй ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг цуцлахаар бол түүнийг олж тогтоож, ажилтанд гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгож, энэ хугацаанд ажилтан мэргэжлийн шаардлага хангаж, ур чадвараа сайжруулаагүй бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг ойлгоно.
7.******* ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ******* дүгээр тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн.12.6.12-т Ажилтан гүйцэтгэвэл зохих ажлыг удаа дараа бүрэн биелүүлээгүй буюу чанаргүй гүйцэтгэсэн, мэргэжлийн ноцтой алдаа гаргасан, 12.6.13-т Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй буюу өмнө гаргасан алдааг дахин давтан гаргасан гэж журамласан заалтыг баримталсан байна. Тус компанийн хүний нөөцийн албаны дарга Б.*******гийн 2023 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сарын KPI үнэлгээгээр нийт эзлэх хувь 80-95 хувиар үнэлж байснаас үзэхэд түүний гүйцэтгэвэл зохих ажлыг удаа дараа чанаргүй биелүүлээгүй, ноцтой алдаа гаргасан гэж үзэхээргүй байна. (хх38-54,81-95)
8.Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.******* ...тушаалын төслийг би боловсруулсан. Захирал намайг дуудаад өөрийн хүсэлтээр гэж ярьж тохирсон тул тушаал гаргасан гэсэн. Би хүсэлт нь байхгүй байна гэхэд дарга ур чадварын хангалтгүй гээд тушаал гарга гэсэн. Би даргын хэлснээр тушаал гаргасан. гэж мэдүүлсэн.
9.Хэрэгт Б.*******гаас 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ******* ХХК-ийн захиралд гаргасан хүсэлт авагдсан. Тэрээр хүсэлтдээ: ... 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ерөнхий захирал дуудаад цаашид хамтран ажиллах боломжгүй гэж амаар мэдэгдсэн. Шалтгаан нь: залуу хүний нөөцийн дарга авна, намайг эрүүл мэндийн асуудалтай,... миний бие өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөгүй,ажил олгогчийн санаачилгаар чөлөөлөгдөж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1.2- т заасны дагуу тэтгэмж олгож хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал гаргаж өгнө үү гэж бичигдсэн баримт авагдсан. (хх4)
10.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзэхэд Б.******* нь ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон баримтаар нотлогдоогүй Хөдөлмөрийн тухай хуулийн тодорхой заалтын зөрчсөн тул хариуцагч ******* ХХК-ийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ******* дүгээр Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Б.*******г ******* ХХК-ийн Хүний нөөцийн албаны даргын албан тушаал эгүүлэн томилох нь зүйтэй гэж үзэв.
11.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардсан.
12.Б.*******г 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор-ыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр, 1.6-д хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр тооцон журамласнаар олгох нь зүйтэй.
13.Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа тодорхойлолтын 2023 оны 3 дугаар сарын байдлаар нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод дурдсанаас 2023 оны 3 дугаар сард 1,055,000 төгрөг, 4 дүгээр сард 2,550,000 төгрөг, 5 дугаар сард 2,300,159.91 төгрөг, нэг сарын дундаж цалин1,968,387 төгрөг төгрөг, 1 өдрийн цалин хөлс 93,732,698 төгрөг байх ба үүнийг ажилгүй байсан 156 хоногт тоооцоход 14,622,301 төгрөгийг төгрөгийг нэхэмжлэгчийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт тооцон хариуцагчаас нөхөн гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 281,198 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
14.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үүрэг тул холбогдох суутгалыг хийхийг хариуцагчид даалгав.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг нь гомдлоор хэлэлцэх маргаан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас цалин хөлс гаргуулах нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 231,061 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/168 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.*******г хүний нөөцийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХХК дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 14,622,301 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Гэрлмаад олгож, нэхэмжлэлээс үлдэх 281,198 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Б.*******гийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч ******* ХХК-иас 231,061 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ