Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/04563

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, ..... цогцолборт байрлах, МББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Баянгол дүүрэг, ..... тоотод оршин суух, Ш ургийн овогтой П Ц-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 590,251 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

 

Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч П.Ц-д холбогдуулан 590,251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: П.Ц нь "М ББСБ ХХК-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 02 сарын 03-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. П.Ц нь уг гэрээний үндсэн дээр 2019 оны 05 сарын 12-ны өдөр сарын 3,4 хувийн хүүтэй 200,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд төлж барагдуулаагүй. Өнгөрсөн хугацаанд П.Цийн зээлийн гэрээний үүргийг шаардан 2022 оны 12 сарын 13-ны өдрөөс эхлэн удаа дараа ..... дугаараар өөртэй нь холбогдсон ч энэ сараас төлнө, дараа сараас төлнө гэх мэтээр цаг алдаж худал хэлсээр төлбөрийг төлж барагдуулаагүй. ББСБ нь зээлдэгчийн зээл авах үедээ тодорхойлсон хаягаар шүүхэд хандахад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 07-ны өдрийн ..... дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Тус шүүгчийн захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлулах нэхэмжлэл гарган, тус шүүхийн 2023.07.24-ний өдрийн .... дугаартай эрэн сурвалжлах шийдвэрийг үндэслэн хариуцагч П.Цгийн эрэн сурвалжилж хаягийг олж тогтоосон. П.Цгийн зээлийн гэрээний үүрэг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 200,000 төгрөг, зээлийн хүү 267.827 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,223 төгрөг, зээлдэгчийн хаягийг тодорхойлоход гарсан зардал 70,200 төгрөг нийт 590,251 төгрөг төлөхөөр байна. М ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд П.Цаас зээлийн гэрээний үүрэгт 590,251 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: П.Ц миний бие 200,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 390,200 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

  

4.Хэрэгт нэхэмжлэгчээс М ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 3/, 2019 оны 02 сарын 03-ны өдрийн зээл, зээлийн эрх нээх гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 5/, зээл, зээлийн эрх нээлгэх өргөдлийн маягтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 6/, П.Ц-ийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 7/, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 08 сарын 25-ны өдрийн .... тоот албан бичиг /хх-ийн 8/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 24-ний өдрийн .... дугаар шийдвэр /хх-ийн 20-22/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1.Шүүх нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч П.Цд холбогдуулан 590,251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...М ББСБ ХХК нь зээлдэгч П.Цтай 2019 оны 2 дугаар сарын 03-ны өдөр зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба П.Ц нь 2019 оны 5 сарын 12-ны өдөр 200,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй зээлж авсан ч хугацаадаа зээлээ төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд зээлийн гэрээний үүргийг шаардаж өөртэй нь холбогдсон ч төлнө гэж худал хэлсээр төлөөгүй. Зээл авахад өгсөн хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргаж хаягийг тогтоосон. 2022 оны 8 сарын 22-ны өдрийн байдлаар зээл 200,000 төгрөг, зээлийн хүү 267,827 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,223 төгрөг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг болсон. Иймд нийт 590,251 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч хариу тайлбартаа 200,000 төгрөгийг зөвшөөрч байна. Үлдэх 390,200 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.Нэхэмжлэгч М ББСБ ХХК, хариуцагч П.Ц нар харилцан тохиролцсоны дагуу 2019 оны 2 дугаар сарын 03-ны өдөр зээлийн эрх нээх гэрээ байгуулсан байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчээс 2019 оны 5 сарын 12-ны өдөр 200,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй зээлж авсан байна. /хх-ийн 5-6/

 

6.Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлд зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

7.Нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэлээ.  

 

8.Хариуцагч зээл, зээлийн хүүг гэрээгээр тохиролцсоны дагуу төлсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хууль болон гэрээний дагуу зээл, зээлийн гэрээний болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

9.Нэхэмжлэгч нь хариуцагч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, улсын тэмдгийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байна. /хх-ийн 20-21/

 

10.Хэдийгээр хариуцагчийг эрэн сурвалжлахтай холбоотой зардал гарсан хэдий ч талуудын хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээнд тусгасан хаягт хариуцагч оршин суудаг болох нь Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 08 сарын 25-ны өдрийн .... тоот албан бичгээр нотлогдож байна.

 

11.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй тул хариуцагч хаяг өөрчилж хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

12.Иймд хариуцагч П.Цгаас зээл 200,000 төгрөг, зээлийн хүү 267,827 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52,223 төгрөг нийт 520,051 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 70,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийнэ гэж дүгнэв.

 

13.Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  18,358 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 16,252 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч П.Цгаас 520,051 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 70,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч М ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,358 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.Цаас 16,252 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР