| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/04637/И |
| Дугаар | 102/ШШ2023/04591 |
| Огноо | 2023-12-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2023/04591
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ..... тоотод байрлах, М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, .....тоотод оршин суух, Б ургийн овогтой П Т-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,940,856.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч П.Тд холбогдуулан 4,940,856.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М ББСБ ХХК-иас зээлдэгч П.Т нь 2019 оны 06 сарын 17-ны өдөр 1100004983 тоот зээлийн гэрээг байгуулж, 12,600,000 төгрөгийг жилийн 34.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч П.Т зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчсөн тул М ББСБ ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 8,885,422.68 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч талууд эвлэрлийн гэрээ байгуулан зохигчдын эвлэрлийг баталж 2021 оны 10 сарын 06-ны өдрийн ......дугаартай захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу хариуцагч П.Т 8,885,422.68 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Гэвч нэхэмжлэгч 13,826,078.96 төгрөгийг хариуцагч П.Таас нэхэмжлэх ёстой байсан бөгөөд 4,940,856.28 төгрөгийг дутуу нэхэмжилсэнээ шүүхийн шийдвэр гарсны дараа олж мэдсэн. Энэ тухай хариуцагч П.Тд мэдэгдэж, харилцан тохиролцож, тооцоо нийлэн дутуу бодсон үнийн дүн болох 4,940,856.28 төгрөг дээр шинээр хэлцэл хийж өр төлбөр барагдуулах нэртэй зээлийн гэрээг байгуулсан. Өр төлбөр барагдуулах гэрээний дагуу хариуцагч П.Т 2023 оны 6 сарын 25-ны өдрийн дотор төлбөрийг барагдуулах байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй байна. Иймд хариуцагч П.Таас өр төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 4,940,856.28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч П.Т нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс маргааны гол шаардлага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 291.4-т заасныг үндэслэл болгосон ба тус заалт нь төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ажиллагааг дуусгавар болгох заалтыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны холбоотой маргааны нотлох баримт хавсаргаагүй. Тус өр төлбөр барагдуулах гэрээг банк бус санхүүгийн байгууллагаас байгуулах шаардлага тавьсан бодит нөхцөл нь 2023 оны 02 сарын 14-ний өдөр П.Т нь өмнө нь тус компанитай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хугацаа хэтрүүлснээс үүдэн банк бус санхүүгийн байгууллага өөрт олгогдсон эрх, үүргийн хүрээнд П.Тын зээлийн мэдээллийн санд ангилал бууруулсан учир зээл авах боломжгүй байна. Банк бус санхүүгийн байгууллагаас хэвийн ангилалд буцаан оруулж өгөхийг хүсэхэд тухайн зээлийг шүүхээр орж шийдвэрлүүлэхдээ банк бус санхүүгийн байгууллагын хуульч алдаа гаргасан учир та манайд зээлийн үлдэгдэлтэй учир өр төлбөр барагдуулах гэрээ байгуулахгүй бол ангилал засаж өгөхгүй гэж тулгаж тус гэрээнд гарын үсэг зуруулсан. Тухайн үед хаврын улирал эхэлж П.Тын хувийн бизнес болох зам засвар, явган хүний зам хийх зэрэг ажлууд эхэлдэг улирал байсан тул бизнесээ урагшлуулах зайлшгүй шаардлага тулгарсан учир гарын үсэг зурж зээлийн ангилалаа засуулсан. Тухайн өр төлбөр барагдуулах гэрээний төлбөр төлөх үндэслэл нь аль хэдийн үүрэг нь биелэгдсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр маргааныг эцэслэн шийдвэрлэсэн 2019 оны 6 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Тухайн үед шүүхийн шийдвэрээр талуудын эвлэрлийн гэрээг баталж, 2021 оны 10 сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамж гарсан бөгөөд үүргээ буюу шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн болохыг нотолж 2022 оны 5 сарын 06-ны өдрийн 22/365 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ шилжүүлэх тухай албан тоотыг Авто тээврийн үндэсний төвд хандан бичсэн М ББСБ ХХК харж болно. Өөрөөр хэлбэл хэрэг үүсгэх үндэслэл эсвэл шаардлага гаргах болсон нэхэмжлэлийн гол гэрээ нь өөрийн үндэслэл болох төлбөрийн үүргийг үндэслэхдээ хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, биелэгдсэн үүргийг гүйцэтгэсэн байгааг үл харгалзан гэрээ байгуулах нь үндэслэлгүй. Хэрэв тухайн зээлийн гэрээний маргаантай холбоотой асуудлыг тухайн үед шүүхийн шатанд байхад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх процессын хуулиар олгосон эрхээ эдлээгүй. Хэрэв өмгөөлөгч алдаа гаргасан нь шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж байгаа бол дахин гэрээ байгуулах бус хуульд заасан хугацаанд давж заалдах гомдлыг гаргах байсан. Гэвч эвлэрлийн гэрээг шүүхийн шатанд байгуулсан нь давж заалдах гомдол гаргах эрхгүй болохоор хуульчилсан. Иймд М ББСБ ХХК нь өр төлбөр барагдуулах гэрээг нөхцөл тулган байгуулахыг шаардсан үүрэг биелснээс хойш 1 жилийн дараа гэрээний үндэслэл нь хууль зүйн үндэслэлд нийцээгүй, аль хэдийн шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн гэрээний асуудлыг гол үндэслэлээ болгосон нь хууль бус байх тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Хэрэгт нэхэмжлэгчээс М ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 4/, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №1 дугаартай өр төлбөр барагдуулах гэрээ /хх-ийн 6/, П.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 7/, 2019 оны 06 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 8,9/, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 10,11/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 06-ны өдрийн .....4 дугаар захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 12/, Хаан банк ХК-ийн депозитын хуулга /хх-ийн 32/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч П.Ттай 2023 оны 02 сарын 14-ний өдөр 1 тоот өр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу хариуцагч нь өмнөх зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл болох 4,940,856.25 төгрөгийг 2023 оны 06 сарын 25-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн боловч төлбөрөө төлөөгүй гэж,
3.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 06-ны өдрийн ..... дугаар захирамжаар өргөдөл гаргагч М ББСБ ХХК, П.Т нар 2019 оны 06 сарын 17-ны өдрийн 1100004983 тоот зээлийн гэрээний үүргэт нийт 8,885,422.68 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталсан. Уг шийдвэрийн дагуу явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад уг төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Гэтэл уг зээлтэй холбоотой зээлийн ангилал буурсан байсан. Ангилал хэвийн болгох талаар М ББСБ ХХК-д хандахад зээл төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульч нь тооцоо буруу гаргаснаас 4,940,856.25 төгрөгийн зөрүү гарч байгаа. Үүнийг төлчихвөл засаад өгч болно гэсэн. Иймээс 2023 оны 02 сарын 14-ний өдөр 1 тоот Өр төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан. Анхны зээлийн гэрээний асуудлыг шүүх шийдвэрлэж, шийдвэрийг биелүүлсэн. Тиймээс 2023 оны 02 сарын 14-ний өдөр байгуулсан 1 тоот гэрээний дагуу төлбөр төлөх үндэслэлгүй. Зээлийн гэрээний маргааныг шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэсэн тул дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тус тус тайлбарласан байна.
4.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргагч М ББСБ ХХК нь П.Тд холбогдуулан 2019 оны 06 сарын 17-ны өдөр М ББСБ ХХК, П.Тнарын хооронд байгуулагдсан тоот зээлийн гэрээний дагуу Зээлийн үндсэн төлбөр 4,868,722.57 төгрөг, зээлийн хүү 3,973,106.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,593.48 төгрөг, нийт 8,885,422.68 төгрөг гаргуулахаар өргөдөл гаргасан байна.
5.Талууд эвлэрүүлэн зуучлалын явцад М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, эвлэрэлд уригдсан тал П.Т нар нь харилцан тохирч, өргөдлийн шаардлага 8,885,422.68 төгрөгийг уригдсан тал П.Т бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, мөнгийг 2021 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2021 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2022 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2022 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2022 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 3,885,422.68 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн байх бөгөөд уг эвлэрлийн гэрээг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 06-ны өдрийн ...... дугаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар баталгаажуулжээ.
6.Хариуцагч П.Т нь эвлэрлийн гэрээний дагуу төлөх 8,885,422.68 төгрөгийг М ББСБ ХХК-д төлж барагдуулсан талаар зохигч маргаагүй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.9-д зааснаар эвлэрүүлэн зуучлах журмаар эвлэрсэн бол талууд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
8.Талууд 2023 оны 02 сарын 14-ний өдөр 1 тоот Өр төлбөр барагдуулах гэрээ-г бичгээр байгуулсан байна. Тус гэрээгээр 2019 оны 06 сарын 17-ны өдөр М ББСБ ХХК, П.Т нарын хооронд байгуулагдсан .... тоот зээлийн гэрээний тооцоог нэхэмжлэгчийн хууль буруу тооцоолсноос дутуу тооцсон 4,940,856.25 төгрөгийг хариуцагч П.Т 2023 оны 06 сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар зөвшөөрсөн байна.
9.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан.
10.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг шүүгчийн захирамжаар эцэслэн шийдвэрлэгдэж, дуусгавар болгосон бөгөөд уг шийдвэр биелэгдсэн. Иймээс тухайн зээлийн гэрээний төлбөртэй холбоотой асуудлаар хариуцагч нэмэлтээр сайн дураар төлбөр төлөхөөр гэрээ байгуулсан ч үүргийн харилцаа үүсгэхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид гэрээний дагуу шаардах эрх үүсгэхгүй.
11.Иймд хариуцагч П.Таас 4,940,856.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
12.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн 94,003 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч П.Таас 4,940,856.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч М ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж төлсөн 94,003 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР