Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар  2021/ДШМ/1041

 

 

      

 

 

 

    2021           12             7                                           2021/ДШМ/1041                             

 

 

Ц.М, М.Г, Ц.Ц,

Л.Ө нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Пүрэвдагва /томилолтоор/,

шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Д.Оросоо,

шүүгдэгч М.Гын өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг,

шүүгдэгч Ц.Цийн өмгөөлөгч Ю.Тогмид, 

шүүгдэгч Л.Өын өмгөөлөгч Н.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/571 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Мгийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Д.Оросоо нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.М, М.Г, Ц.Ц, Л.Ө нарт холбогдох эрүүгийн 1902 00580 0287 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бу овогт Цэгийн М, 1973 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ..................... аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Математикийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ................ дүүргийн ... дугаар хороо, ........................ дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../,

2. Би овогт Цжын Ц, 1966 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр .................... аймагт төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, тэтгэвэрт гарсан, ам бүл 2, хүүгийн хамт ................... аймгийн .................. сум, ... дүгээр баг, .................. гэх газар оршин суух бүртгэлтэй боловч .................... дүүргийн ..... дугаар хороо, Бичил 19- 51 тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:.................................../,

3. Бо овогт Мтын Г, 1993 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, ....настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, .............................. сургуульд бага ангийн багш ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхэд нарын хамт ........................ дүүргийн .... дугаар хороо, ................ дүгээр гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................../,

4. Хд овогт Лдийн Ө, 1984 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ............ аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, ............................ сургуульд номын санч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ............ аймгийн ....................... сумын .... дугаар баг, ........................ дүгээр гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................... дүүргийн ... дугаар хороо, ......................... тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:............................../;

Шүүгдэгч Ц.М нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн ерөнхий боловсролын ....дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Ц.Цийн “дунд сургуульд багшаар ажилд томилогдон ажиллах” ашиг сонирхлын үүднээс Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх”, 20.2.3 дахь хэсэгт “сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх” гэх заалтуудын хүрээнд Ц.Цийг тус сургуульд багшаар сонгон ажиллуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд “шинээр нээгдэж буй ангид таныг багшаар ажилд авна, та харин дэмжлэг үзүүлээрэй” гэж хахууль өгөхийг шаардан, түүнээс 2017 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын ....дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор 1.000.000 төгрөг, хэтэвч, набор зэргийг авсан, мөн тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж буй М.Гын “2017- 2018 оны хичээлийн жилд бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” ашиг сонирхлын үүднээс Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах” гэх заалтуудын хүрээнд бага ангийн багш М.Гын ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж хэлж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ....дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор тус сургуулийн номын санч Л.Өоор дамжуулан өгсөн 1.000.000 төгрөгийг авсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ц.Ц нь өөртөө “дунд сургуульд багшаар ажилд томилогдон ажиллах” давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын ....дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.Мгийн Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх”, 20.2.3 дахь хэсэгт заасан “сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх” гэх заалтуудад сургуульд багшаар сонгон ажиллуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээр “шинээр нээгдэж буй ангид таныг багшаар ажилд авна, та харин дэмжлэг үзүүлээрэй” гэх хууль бус тавьсан шаардлагын дагуу түүнд 2017 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ....дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор 1.000.000 төгрөг, хэтэвч, набор зэргийг өгсөн гэмт хэрэгт,

шүүгдэгч М.Г нь өөртөө “2017-2018 оны хичээлийн жилд бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын ....дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.Мгийн Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах” гэсэн заалтуудад заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийнх нь ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж” хэлж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүнд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ....дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор тус сургуулийн номын санч Л.Өтой бүлэглэж буюу түүгээр дамжуулан 1.000.000 төгрөгийг өгсөн гэмт хэрэгт,

шүүгдэгч Л.Ө нь тус сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байсан М.Гыг өөртөө “2017-2018 оны хичээлийн жилд бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Ерөнхий боловсролын ....дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.Мд Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах" гэх заалтуудад заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “өөрийнх нь ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж хэлж” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд” түүнд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ....дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор 1.000.000 төгрөг өгөхийг урьдчилан амлаж, уг мөнгийг Ц.Мд дамжуулан өгч дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ц.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар, Ц.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Л.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бу овогт Цэгийн Мг үргэлжилсэн үйлдлээр хахууль авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Би овогт Цжын Ц, Бо овогт Мтын Г нарыг “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хд овогт Лдийн Өыг “Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” үндэслэлээр шүүгдэгч Ц.Ц, М.Г, Л.Ө нарын үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Ц, М.Г, Л.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мг нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолж эдлүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Мгээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.289.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.М, Ц.Ц, М.Г, Л.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Мгийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад Ц.Ц, М.Г, Л.Ө нарын гэрч, яллагдагчаар өгсөн “...Ц.Мд 2.000.000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлгийг үндэслэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт тэдний өгсөн мэдүүлгээр нотлогдсон гэж гэм буруутайд тооцсон. Гэтэл шүүгдэгч Ц.М нь Ц.Ц, М.Г, Л.Ө нарын адил эрүүгийн хэргийг шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө Ц.Ц, М.Г нараас хахууль аваагүй талаар удаа дараа мэдүүлсэн байхад Ц.Ц, М.Г, Л.Ө нарын мэдүүлгийг Ц.Мгийн мэдүүлгээс нотолгооны илүү ач холбогдолтойд тооцож, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолд Ц.Мгийн бусдаас хахууль авсан үйлдэл нь шүүгдэгч Ц.Ц, М.Г, Л.Ө нарын мэдүүлгээс гадна бусад гэрч нарын мэдүүлэг болон Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэжээ.Гэтэл бусад гэрчүүд болох Ц.Ш, С.М, Ц.Ц, Д.О, С.У, Ж.Э, Х.Г нар нь Ц.Мг бусдаас хахууль авсан гэх үед байгаагүй, энэ талаар хараагүй, хэргийг шууд нотолсон мэдүүлэг өгөөгүй.

Мөн шинжээч нарын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан 434 дугаартай “Michael Kors Bedford” загварын түрүүвч, 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 488 дугаартай “Жако” нэртэй чихрийн цуглуулгыг үнэлсэн дүгнэлт шүүгдэгч Ц.Мг бусдаас хахууль авсан гэх үйлдлийг шууд нотлох баримт болохгүй байхад шийтгэх тогтоолын үндэслэл болгосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтад “Яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан, энэ заалт шүүгдэгч Ц.Ц, М.Г, Л.Ө нарт нэгэн адил хамаарч байхад шийтгэх тогтоолд зөвхөн шүүгдэгч Ц.Мг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж үзсэнд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Мг хуульд зааснаар хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй шүүгдэгч Ц.Ц, М.Г, Л.Ө, хэргийг шууд нотолсон мэдүүлэг өгөөгүй Ц.Ш, С.М, Ц.Ц, Д.О, С.У, Х.Г нарын мэдүүлгээр гэм буруутайд тооцож, ял оногдуулсан гэж үзэж байна.

Энэ хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж байсан бөгөөд магадлалд “...Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.М, Л.Ө, М.Г, Ц.Ц нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлгийн нотлох баримтаар үнэлсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэсэн зохицуулалттай хэрхэн уялдаатай авч үзсэн талаараа дүгнэлт хийвэл зохино.” гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүхээс магадлалд заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалттай уялдуулж шүүгдэгч Л.Ө, М.Г, Ц.Ц нарын өөрсдийнх нь мэдүүлгээр тэднийг гэм буруутайд тооцож байгаа үндэслэл, мөн Л.Ө, М.Г, Ц.Ц нарын мэдүүлгээр шүүгдэгч Ц.Мгийн гэм буруутай үйлдэл нотлогдон тогтоогдсон гэж үзэж байгаа талаар шийтгэх тогтоолд огт дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх биелүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “Шүүх ...хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх эрхэм зорилготой байна”, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хууль дээдлэх нь шүүхийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж тус тус заасан байна.

Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулиудад заасан “...Хууль дээдлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх...” зарчмыг баримтлалгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх дараах үндэслэлүүд байна. Үүнд:

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр шүүгдэгч Л.Ө, М.Г, Ц.Ц нарын үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн.

Шийтгэх тогтоолд “...2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно гэж заасан ба шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн 2015 онд шинэчлэн найруулсан, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуульд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж зохицуулсан ба 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа тоолох журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг “гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Л.Ө, М.Г, Ц.Ц нарын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр тооцож 2020 оны 8 дугаар сар, 2020 оны 9 дүгээр сард тус тус дууссан гэж үзэж шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж...” шийдвэрлэсэн талаар дурдсан байна.

Улсын Их хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн” гэсэн агуулгатай нэмэлт оруулж, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох” гэснийг “яллагдагчаар татах” гэж өөрчилсөн байна.

Гэтэл шүүхээс Л.Ө, М.Г, Ц.Ц нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн заалт гэж үзсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 3 жилийн дотор /2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан/ Л.Ө, М.Г, Ц.Ц нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдаг.

Мөн Л.Ө, М.Г, Ц.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэж илт үндэслэлгүйгээр тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа юм.

Иймд шүүгдэгч Ц.Мгийн өмгөөлөгчийн зүгээс түүнд холбогдох бусдаас хахууль авсан гэх хэргийг шалгах, шийдвэрлэх, мөн шүүгдэгч Л.Ө, М.Г, Ц.Ц нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ц.Мгийн өмгөөлөгч Д.Оросоо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй, нотлох баримтыг дутуу, буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Г, Ц.Ц, Л.Ө нарын өөрсдийнхөө эсрэг өгсөн мэдүүлэг болон хэрэгт огт хамааралгүй, хахууль өгсөн, авсан эсэхийг шууд нотолж чадахгүй, шууд бус гэрч нарын өгсөн мэдүүлэг болох “надад тэгж хэлсэн, би тэгж ярихыг нь сонссон” гэсэн дам яриаг прокурор яллах үндэслэл болгож, шүүх нотлох баримтаар тооцож Ц.Мг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн  8.2 дахь заалтад “хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг;”, 8.3 дахь заалтад “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг;” дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан.

Шүүгдэгч М.Г, Ц.Ц нар нь өөрийнхөө эсрэг Ц.Мд хахууль өгсөн гэж мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар дангаараа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй бөгөөд мөрдөгч, прокурор нь шүүгдэгч нарын өөрийнхөө эсрэг өгсөн мэдүүлгийг өөр бусад хөдөлшгүй нотлох баримтаар давхар нотлох ёстой байтал өөр бусад баттай нотлох баримтаар нотолж чадаагүй байж хэт нэг талыг буюу яллах талыг баримталж гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч ...хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан. Ц.Мг гэмт хэрэг үйлдсэн болохыг яллагдагчийн мэдүүлэг болон яллагдагч нарын бусдад хэлж ярьсан дамжмал мэдээлэлд үндэслэн гэмт хэрэгт буруутгаж байгаа нь үндэслэл муутай бөгөөд шүүгдэгч Ц.Ц нь өөрийн данснаас 1.000.000 төгрөг авсан банкны дансны хуулга байснаараа уг мөнгийг Ц.Мд өгсөн гэсэн үг биш бөгөөд уг мөнгийг Ц.Мд өгсөн гэж бүрэн нотолж чадахгүй юм. Мөн Ц.Ц нь 1 сая төгрөгийг Ц.Мд бэлнээр өгсөн гэж мэдүүлдэг бөгөөд яллагдагч Ц.Цийн өөрийнхөө эсрэг өгсөн энэ мэдүүлгийг бусад нотлох баримтаар давхар нотлоогүй байж шууд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.

1.1. Бодит байдал дээр Ц.М нь Ц.Цээс мөнгө төгрөг, эд зүйлс өг гэж шаардсан, дарамталсан, хахууль авсан асуудал огт байхгүй бөгөөд багш Ц.Ц нь сахилгын зөрчил гаргаж, уг зөрчилдөө хуулийн дагуу арга хэмжээ авахуулсныхаа төлөө Ц.Мд өс санаж, үгсэн хуйвалдаж Ц.Мг тус сургуулиас явуулах зорилгоор хахууль, мөнгө төгрөг авсан мэтээр худал гүтгэдэг юм. Уг хахууль авсан гэх асуудал нь ажил хэргийн үл ойлголцол, маргаанаас болж үүссэн худал гүтгэлэг болно.

Тухайн үед 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль дээр Нийслэлийн сургуулиудын захирал, нийгмийн ажилтны сургалт явагдаж байсан байдаг бөгөөд бодит байдал дээр Ц.М нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль дээр уг сургалтад сууж, Баянгол дүүргийн ....дугаар сургууль дээр огт очоогүй байдаг юм. Ц.М нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль дээр сургалттай байсан тул Баянгол дүүргийн ....дугаар сургууль дээр очоогүй, байгаагүй, багш Ц.Цийг хичээлийн эрхлэгч С.Жд хариуцуулан үлдээж, ангийг нь хүлээлгэж өгөөрэй гэж хэлээд явсан байдаг. Энэ байдлыг хичээлийн эрхлэгч С.Ж болон Ц.М захиралтай хамт сургалтад суусан нийгмийн ажилтан Х.Мб нь гэрчилнэ. Энэ хоёр гэрчийг асуугаагүй юм. Ц.М нь 8 дугаар сарын 24-ний өдрөөс 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл бүтэн 5 өдрийн турш өөр дүүрэгт өөр 33 дугаар сургууль дээр сургалтанд сууж байж 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн ....дугаар сургууль дээр Ц.Цээс мөнгө авах ямар ч боломжгүй юм. Ц.Ц нь сахилгын зөрчил гаргаж, уг зөрчилдөө хуулийн дагуу арга хэмжээ авахуулсныхаа төлөө Ц.Мд өс санаж, 2018 оны 8 дугаар сараас эхлэн бусад багш нартай үгсэн үгсэн хуйвалдаж Ц.Мг тус сургуулиас явуулах зорилгоор удаа дараа хахууль, мөнгө төгрөг авсан мэтээр худал гүтгэсээр ирсэн юм. Өнөөдрийн энэ хахууль авсан гэх асуудал нь дээр дурдсан ажил хэргийн үл ойлголцол, Ц.Мд өс санасан маргаанаас болж үүссэн худал гүтгэлэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан.

Уг эрүүгийн хэргийн хувьд нотлогдвол зохих байдал болох 2017 оны 8 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд нийслэлийн сургуулиудын эрхлэгч, нийгмийн ажилтнуудын сургалт Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль дээр болсон эсэх, уг сургалтын үеэр Ц.М нь ....дугаар сургууль дээр ирсэн эсэх, Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль дээр сургалтад сууж байсныг бодитой тогтоохын тулд ....дугаар сургуулийн хичээлийн эрхлэгч Ж, Ц.Мтэй хамт суусан нийгмийн ажилтныг гэрчээр асуух шаардлагатай юм. Эдгээр нотлох баримтыг цуглуулах ёстой юм, эдгээр баримт нь цагаатгах буюу Ц.М нь гэм буруугүй болох, шүүгдэгч Ц.Цийн мэдүүлэг нь худал болохыг нотлох юм. Ц.Ц мэдүүлэгтээ би ээжээрээ дамжуулан 1 сая төгрөг Ц.М захиралд өгсөн, би сургалтын менежерээр дамжуулж өгсөн, би өөрөө Ц.М захиралд 1 сая төгрөг өгсөн 3 өөр янзаар зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Уг мэдүүлгийн зөрүүг арилгаж, үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байсан.

1.2. Багш М.Г нь тус сургуульд бага ангийн багшаар ажилладаг бөгөөд захирал Ц.М нь 2017 оны 12 дугаар сард тухайн багшийн хичээлд сууж, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.10-д “сургалтын агуулга, багшийн арга зүйн чиглэлээр мэргэжлийн багшид зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах”, 20.2.12-д “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах” чиг үүргийн хүрээнд арга зүйн зөвлөгөөг өгсөн байдаг. Ингэхдээ Ц.М нь энэ багшийг бичгийн хэв муу байна гэж огт хэлээгүй байдаг бөгөөд цаашид чамайг ажиллуулахгүй гэх зэргээр ямар нэг байдлаар дарамт, шахалт үзүүлсэн, мөнгө төгрөг нэхсэн зүйл огт байхгүй, энэ талаар ярьсан асуудал байхгүй юм.

Хамгийн эргэлзээтэй асуудал нь мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч М.Г нь 2017 оны 9, 10 дугаар сарын үед захирал Ц.М миний хичээл дээр орж ирж суугаад гарсны дараагаас намайг бичгийн хэв муу байна, ур чадвар муу байна гэх зэргээр шүүмжилсэн тул би намайг ажлаас халчихаж магадгүй гэж бодоод 2017 оны 9 билүү 10 сард би 1.000.000 төгрөгийг Л.Өоор дамжуулаад Ц.М захиралд өгсөн гэж мэдүүлдэг. Гэтэл бодит байдал дээр Ц.М нь 2017 оны 9, 10 дугаар сард биш харин 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр багш М.Гын хичээл дээр сууж, арга зүйн зөвлөгөө өгсөн байдаг. Зөвлөгөө өгөхдөө бичгийн хэв муу байна гэж огт хэлээгүй байдаг юм. Энэ нь багш М.Гын хичээлд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр суухдаа тэмдэглэл үйлдсэн Ц.Мгийн “НБГ 2016-2017” гэсэн хар өнгийн тэмдэглэлийн дэвтэрт бичигдсэн тэмдэглэлээр нотлогддог болно.

Үүнээс харахад Ц.М нь 2017 оны 12 дугаар сард тус багшийн хичээл дээр суусан гэдэг нь харагдаж байгаа бөгөөд шүүгдэгч М.Г нь 2017 оны 9, 10 дугаар сард гэж цаг хугацааны хувьд илт зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь анхнаасаа М.Г нь Ц.Мд хахууль өгөөгүй, хахууль өгөх шалтгаан нөхцөл байхгүй хэрнээ санаатайгаар Ц.Мг хахууль авсан гэж худал гүтгэсэн болохыг харуулж байна. Ц.М 2017 оны 12 дугаар сард М.Гын хичээлд суусан байхад, уг хичээлд суусан асуудалтай холбоотойгоор 2017 оны 12 дугаар сараас бүр 3 сарын өмнө буюу 2017 оны 9, 10 дугаар сард М.Гаас хахууль авсан байх ямар ч боломж, тийм логик байхгүй, хахууль авах шалтгаан, үндэслэл байхгүй болох нь нотлогдож байгаа юм.

Мөн М.Г нь Ц.Мд 1 сая төгрөг өгсөн гэх асуудлаараа тус сургуулийн багш Мөд “би захиралд нэг сая төгрөг өгөөгүй буцаагаад авчихсан юм чинь гомдлоо буцаагаад авчихдаг юм билүү” гэж ярьсан байдаг. Энэ талаар Б.Мө багш Ц.М рүү “Г АТГ-аас дуудагдаад явлаа, мөнгө өгсөн, авсан буцаагаад өгсөн гээд үнэнээр нь хэллээ, уучлаарай багшаа” гэсэн мессеж бичсэн баримт бий. Энэ мэссэжнээс харахад Ц.М нь багш М.Гаас мөнгө аваагүй, буцаагаад өгсөн гэдэг нь нотлогддог юм.

Уг нотлох баримт бол Ц.М мөнгө авсан гэдгийг шууд үгүйсгэж байгаа, мөн Ц.М авилга авсан байж болзошгүй гэсэн сэжиг таамаглалыг үгүйсгэж байгаа гол нотлох баримт юм. М.Г бол авилга өгөх гэж оролдсон, тэрийг нь няцаасан байдаг. Үүнийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай байсан болно.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан. Мөрдөгч, прокурор нь хэргийн бодит нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болохыг нотолно гэж заасан.

Гэтэл энэ хэрэгт анхнаасаа мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй бөгөөд мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Ц.М болон өмгөөлөгчийн зүгээс хахууль өгсөн, мөнгө төгрөг өгсөн гээд байгаа шүүгдэгч нартай Ц.Мг нүүрэлдүүлэн мэдүүлэг авахуулах, шүүгдэгч М.Г, Ц.Ц болон гэрч нараас дахин мэдүүлэг авахуулах, мэдүүлэг авахад Ц.М болон түүний өмгөөлөгч байлцаж асуулт асуух зэрэг хүсэлт гаргаж байсан боловч мөрдөгч уг хүсэлтийг хүлээж аваагүй, Ц.Цт сахилгын арга хэмжээ авагдсан шалтгаан нөхцөл, сахилгын зөрчил авагдсанаас болж Ц.Мг авилга авдаг гэж худал гүтгэж ирсэн шалтгаант холбоо зэргийг нотолж, тогтоолгүйгээр, мөн Ц.М нь багш М.Гын хичээлд 2017 оны 9, 10 дугаар сард суусан уу, эсвэл 2017 оны 12 дугаар сард суусан уу гэдэг цаг хугацааны зөрүүтэй, ойлгомжгүй байдлын зөрүүг арилгахгүйгээр, М.Гын зүгээс Мө багшид ярьсан “Ц.М захиралд 1 сая төгрөг өгөөгүй, мөнгөө буцаагаад авчихсан юм чинь гомдлоо авчихдаг юм билүү” гэж ярьсан зүйлийг асууж тодруулж цагаатгах талын нотлох баримтыг адил тэгш цуглуулахгүйгээр Ц.Ц, М.Г нар нь Ц.Мд хахууль өгсөн, Ц.М нь авилга авсан мэтээр илт яллах талыг баримталж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Ц.Мг буруугүй, гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотлох, цагаатгах талын нотлох баримтыг огт бүрдүүлээгүй болно. Энэ нь хуульд нийцэхгүй бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

Бодит байдал дээр эдгээр хүмүүсийн хооронд мөнгө төгрөг, эд зүйл өгсөн, авсан асуудал огт байхгүй, эдгээр багш нар тус сургуульд багшлаад олон жил болж байгаа бөгөөд анх сургуульд багшаар ороход мөнгө төгрөг өгсөн, авсан асуудал болоогүй байхад 2, 3 жилийн дараа гэнэт хахууль нэхэж, хахууль авах ямар ч шаардлага, үндэслэл байхгүй юм. Ц.Мг авилга авсан гээд байгаа уг асуудал нь угтаа сахилгын зөрчил гаргаж, арга хэмжээ авахуулсан хүмүүс түүнд өс санаж, ажил хэргийн үл ойлголцлоос болж, үгсэн хуйвалдаж, Ц.Мг авилга авсан болгож, тус сургуулиас явуулах зорилготой худал гүтгэлэг юм.

Хэргийн бодит байдлыг бүрэн тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлага үүсч байна.

 Иймд Ц.М нь М.Г, Ц.Ц нараас авилга авсан гэх сэжиг таамаглал нь үгүйсгэгдэж байгаа бөгөөд уг асуудал нь гэмт хэргийн шинжгүй, хэргийн бодит байдал нь шүүхийн тогтоолд заасан үндэслэлд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу, буруу үнэлсэн, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд явагдаагүй, нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байсан бөгөөд уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/571 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгөхийг хүсье.” гэв.

 

Шүүгдэгч Ц.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллах дүгнэлт үйлдэж байгаа бол үндэслэлтэй зүйл дээр үйлдвэл хэргээ хүлээхгүй хүн би биш. Би энэ хэргийг үйлдээгүй. Намайг удаа дараа гэмт үйлдлийг хийсэн гэж үздэг. Бодит байдал дээр багш Ц.Ц хүүхэд зоддог байсан. Эдгээр багш нарын үгээр үг хийж намайг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаад харамсалтай байна.  Хэргийн бодит байдлыг тогтоолгох шаардлагатай байна. Мэдүүлэг өгсөн багш Ц.Ц, Э, О нар бүгдээрээ хүүхэд зоддог. Багш Ц өөрөө сургалтын менежер болмоор байна гэж хэлээд орж ирж байсан. Багш нар өөрсдөө ёс зүйгүй үйлдэл гаргадаг учраас тэрэнд нь тохирсон арга хэмжээ авч, хууль дүрэм журмыг хэрэгжүүлээд эхлэхээр надад өс санаж байгаад үнэхээр харамсалтай байна. Багш М.Гын хичээлд би 2017 оны 12 дугаар сард суусан байдаг. Би Мөтэй уулзахдаа М.Г болон түүний охиныг бодож, зөвлөгөө өгсөн болохоос биш М.Гыг тэгж хэлээгүй шүү. Миний хэлсэн үг биш шүү М.Гаа. Би хэзээ ч тийм үг хэлэхгүй. Харин ч би өмгөөлж, хамгаалж “...чи эгчтэйгээ хамт амьдардаг юм чинь эгч чинь юу гэж байна бэ...“, “...манай эгч хүлээн зөвшөөрч байна гэвэл нийгэмд байгаа буруу үйл явдлыг даван туулж, манай М.Гыг охинтойгоо илүү сайн сайхан авч явбал болж байна шүү дээ...” гэсэн зөвлөгөө өгсөн болохоос биш “...М.Гыг наадах чинь чиргүүртэй шүү...” гэж би хэзээ ч хэлээгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт М.Г үүнийг хэлж байсан. Хувийн өс хонзон буруу ойлголцлоос болж хүнийг гүтгэж болохгүй. Би мөрдөн байцаалтын шатанд бүх баримтаа гаргаж өгөхөд миний өмнөөс мөрдөн байцаагч шидсэн. Надаас баримт гаргаж аваагүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Өнөөдөр би үнэхээр хохирч байна. Ажилгүй, 2 оюутан хүүхэдтэй, өвчтэй нөхөртэй зэрэг байдлуудыг харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч М.Гын өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Г болон түүний өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй. Шүүгдэгч М.Г нь 1.000.000 төгрөгийг ажлын байрандаа үлдэхийн тулд захиралдаа номын санч Т.Өоор дамжуулан өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ талаараа Авилгатай тэмцэх газарт өргөдөл гаргаж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ө мэдүүлэхдээ “...1.000.000 төгрөгийг захирал Ц.Мгийн ширээн дээр тавьсан. Би мөнгийг буцааж аваагүй. Захирал мөнгийг буцааж өгөөгүй...” гэж мэдүүлдэг. Шүүгдэгч Ц.М нь “...1.000.000 төгрөгийг буцааж өгч гаргасан...” гэж мэдүүлдэг. Шүүгдэгч Ц.Мгийн мэдүүлсэн үйл баримт нь тогтоогддоггүй. Шүүгдэгч Ц.Мгийн өмгөөлөгчийн зүгээс “...М.Г нь үндэслэлгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн...” гэж тайлбар хэлсэн. 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Үндсэн хуулийн цэцээс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах гэснийг Үндсэн хууль зөрчсөн байна гэж тогтоож хүчингүй болгосон. Энэхүү үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэмт хэрэг үйлдсэн гэдгээ илчилж ирсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж үздэг хэдий ч чөлөөлөөгүй. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ц.Цийн өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Цийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Л.Өын өмгөөлөгч Н.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Тийм учраас давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Л.Ө нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

 

Прокурор Д.Пүрэвдагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хээл хахууль өгөх, авах гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг. Хахууль өгөгч, авагч нарын хоорондын эсвэл тухайн этгээдүүдийн аль нэг үйлдэлд дэмжлэг үзүүлж байгаа этгээдүүдийн хооронд үүсдэг харилцаа юм. 

Шүүгдэгч Ц.Мгийн өмгөөлөгч Оросоо давж заалдах гомдолдоо Энхбаяр, С.Ж нараас мэдүүлэг авах ёстой байсан. Энэ хүмүүс цуг байсан гэж гомдол гаргаж байгаа боловч үнэхээр энэ 2 хүн, Ц.Мтэй тухайн цаг хугацаанд өдөржин, шөнөжин хажууд нь цуг байсан эсэх нь эргэлзээ бүхий байдаг. Шүүгдэгч М.Г, Ц.Ц, Л.Ө нар нь захирлын өрөөнд хоёулаа байхдаа мөнгө өгсөн гэдгээ мэдүүлдэг. Иймээс Энхбаяр, С.Ж нарыг хэргийн үйл баримтын талаар тодорхой мэдүүлэг өгөх этгээдүүд биш гэж үзсэн.

Шүүгдэгч Ц.Мгийн өөрийнх нь өгсөн мэдүүлгүүдээр гэм буруутайд тооцсон гэж гомдолдоо дурдсан. Гэтэл яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа эсвэл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Гэхдээ Ц.Ц, М.Г нарын зүгээс Авилгатай тэмцэх газарт гэмт хэрэг үйлдсэн талаараа сайн дураараа өргөдөл, гомдол гаргаж өгсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Ц, М.Г, Л.Ө нар нь сайн дураараа мэдүүлэг өгөхөө илэрхийлж, хэргийн бодит байдлын талаар мэдүүлсэн. Тэдний мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа хүнийг яллах үндэслэл болохгүй. Ц.Ц нь Ц.Мд өгсөн Мөий эх сурвалж болох хаанаас, хэзээ авсан талаарх дансны хуулга нь хавтас хэрэгт цугларсан. Мөн Ц.Ц нь Ц.Мд өгсөн хэтэвчийг хэнээс, хаанаас авсан талаар болон эх сурвалжийг тогтоож түүний охин Ш энэ талаар сайн дураараа мэдүүлэг өгсөн. Хахуульд өгсөн эд зүйлийн эх сурвалжийг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна.

Мөн М.Г нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдалтай холбогдуулан сургуулийн захирал Ц.Мд мөнгө өгөхөөр болсон. Мөнгөө хэнээр дамжуулан өгөх бэ гэдгээ бодож байгаад Л.Ө гэх хүнээр дамжуулан өгсөн талаараа мэдүүлдэг. Мөнгийг нь сургуулийн захирал Ц.Мд өгсөн талаараа Л.Ө мэдүүлдэг. Энэхүү 2 шүүгдэгчийн өөрсдийнх нь мэдүүлэг нь өөр хоорондоо ямар нэгэн зөрүүгүйгээр мэдүүлгийнхээ эх сурвалжуудыг давхар нотолдог. Ц.М “...М.Г нь Л.Өод мөнгө өгөөд буцаагаад авсан. Мөнгийг нь Ц.М аваагүй...” гэж Мө гэх хүнтэй холбогдуулан тайлбар гаргадаг. Гэтэл М.Г нь Л.Өоор дамжуулан захирал Ц.Мд өгүүлэхээр 1.000.000 төгрөгийг өгсөн. Л.Ө нь 1.000.000 төгрөгийг Ц.Мгийн өрөөнд оруулж өгсөн. Үүнээс цааш М.Г, Л.Ө нар мөнгийг буцааж аваагүй талаараа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлдэг. Гэрч гэх Мө нь эдгээр үйл баримтыг нотлохгүй гэж үзэж байна. Дээрх нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс шийдвэрийнхээ үндэслэл болгож байхад 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан заалт биелэгдээгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Ц.Ц, М.Г, Л.Ө нарыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж шүүгдэгч Ц.Мгийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд яагаад дээрх 3 шүүгдэгчийн үйлдлийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн бэ гэдгийг тодорхой, дэлгэрэнгүй дурдсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор нь эсэргүүцэл бичээгүй байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын зүгээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Мгийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Д.Оросоо нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

1. Шүүгдэгч Ц.М нь үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтанаар буюу Нийслэлийн ерөнхий боловсролын ....дугаар сургуулийн захирлаар ажиллаж байхдаа:

- бага ангийн багшаар ажиллаж байсан Ц.Цийн “дунд сургуульд багшаар ажилд томилогдон ажиллах” ашиг сонирхлын үүднээс Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх”, 20.2.3 дахь хэсэгт заасан “сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх” гэх заалтуудын хүрээнд Ц.Цийг тус сургуульд багшаар сонгон ажиллуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд “шинээр нээгдэж буй ангид таныг багшаар ажилд авна, та харин дэмжлэг үзүүлээрэй” гэж хахууль өгөхийг шаардан, түүнээс 2017 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын ....дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор биет 1.000.000 төгрөг, хэтэвч, набор зэргийг авсан,

- бага ангийн багшаар ажиллаж буй М.Гын “2017-2018 оны хичээлийн жилд бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” ашиг сонирхлын үүднээс Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт заасан “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт заасан “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах” гэх заалтуудын хүрээнд бага ангийн багш М.Гын ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж хэлж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ....дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор тус сургуулийн номын санч Л.Өоор дамжуулан өгсөн 1.000.000 төгрөгийг авсан,

2. Шүүгдэгч Ц.Ц нь өөртөө “дунд сургуульд багшаар ажилд томилогдон ажиллах” давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын ....дугаар дунд сургуулийн захирал Ц.Мгийн Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт заасан “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх”, 20.2.3 дахь хэсэгт заасан “сургуулийг багш, ажилтнаар хангах, хамт олныг төлөвшүүлэх, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшлийг дээшлүүлэх” гэх заалтуудад заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийг нь тус сургуульд багшаар сонгон ажиллуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээр “шинээр нээгдэж буй ангид таныг багшаар ажилд авна, та харин дэмжлэг үзүүлээрэй” гэх хууль бус тавьсан шаардлагын дагуу түүнд 2017 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын ....дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор биет 1.000.000 төгрөг, хэтэвч, набор зэргийг өгсөн,

3. Шүүгдэгч М.Г нь өөртөө “2017-2018 оны хичээлийн жилд бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Ерөнхий боловсролын ....дугаар дунд сургуулийн захирал Ц.Мгийн Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт заасан “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт заасан “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах” гэх заалтуудад заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийнх нь ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж хэлж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүнд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ....дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор тус сургуулийн номын санч Л.Өтой хамтарч буюу түүгээр дамжуулан 1.000.000 төгрөгийг өгсөн,

4. Шүүгдэгч Л.Ө нь тус сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байгаа М.Гын өөртөө “2017-2018 оны хичээлийн жилд бага ангийн багшаар ажиллах ажлын байраа хадгалж үлдэх” давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Ерөнхий боловсролын ....дугаар дунд сургуулийн захирал Ц.Мд Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт заасан “багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох”, 20.2.12 дахь хэсэгт заасан “сургууль, багшийн үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг арга зүйн удирдамжаар хангах” гэх заалтуудад заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “өөрийнх нь ажлын туршлага, ур чадварын талаар тодорхой үнэлэмж хэлж” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд түүнд 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ....дугаар дунд сургуулийн хичээлийн байран дотор 1.000.000 төгрөгийг захирал Ц.Мд өгсөн үйлдэлд хамтран оролцсон буюу дамжуулан өгч дэмжлэг үзүүлсэн болох нь:

гэрч Ц.Шын “...Би ээж Цт 2017 оны 8 дугаар сарын эхээр “Майкл Корсс” брендийн, үзмэн ягаан гэх юм уу чернилэн ягаан гэх юм уу тиймэрхүү өнгөтэй, Мөий дэвсгэртийн хэмжээтэй тодруулж хэлбэл мөнгийг нугалахгүй бүтнээр нь хийчихдэг цахилгаантай түрүүвч явуулсан. ...Ээж надад хэлэхдээ миний явуулсан “Майкл Корсс” брендийн түрүүвчийг сургуулийнхаа захиралд өгчихсөн гэж хэлж байсан. ...Захиралдаа 1.000.000 төгрөг өгсөн, өгөхдөө миний явуулсан түрүүвчинд хийгээд өгсөн талаар ээж надад хэлж байсан. Би тэр түрүүвчийг Чикаго хотын худалдааны төвөөс 200 ам.доллароор худалдан авч байсан...” /хх 36-37/,

гэрч С.Мгийн “...М захирлыг энэ сургуулийн захирлаар томилогдож ирснээс хойш 50 гаран багш нар ямар нэгэн шалтгаанаар ажлаасаа халагдсан. Голдуу гэрээний хугацаа дуусгавар болсон гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлдөг. Тэгээд оронд нь ямар ч багшийн мэргэжилгүй хүн ажилд ороод ирчихсэн байх жишээтэй. ...М захирал нь манай сургуульд шинээр багшаар ажилд орсон Ц, Г нарыг ажилд авахдаа хоёулангаас нь 1.000.000, 1.000.000 төгрөг авсан байна лээ, хахууль өгсөн гэх хоёр багш өөрсдөө хэлж байсан. Ц багшийн захирал Мд 1 сая төгрөгийн хахууль өгсөн талаар хурал дээр ярьж байсан бичлэг нь миний утсан дээр хадгалаастай байгаа. Гаас тухайн үед чи өөрөө захирал Мд 1 сая төгрөгийг оруулж өгсөн юм уу гэж асуухад хүнээр дамжуулж өгсөн гэдгээ хэлж байсан...” /хх 39/,

гэрч З.Цын “...Манай секцийн Ц багш 2017 онд анх манай сургуульд багшаар ажилд орсон. Сүүлд нь Ц багш надад аминчилж хэлэхдээ захирал Мд 1.000.000 төгрөг өгч ажилд орсон талаар хэлж байсан. Мөн багш нарын хурал дээр хүртэл өөрөө тэрийгээ хэлсэн. ...Ц багш надад аминчилж ярихдаа багшид нь хэцүү байна, захирал дарамтлаад байх юм аа, болохгүй бол багш нь шилжихээс гэж хэлэхэд нь та ийм настай хүн байж дахиад л нэг шинэ газар очвол шинэ хамт олонтой танилцах, хамтран ажиллахад хэцүү шүү дээ багшаа, шилжинэ гэж юу байх вэ дээ гэдгийг хэлж байсан...” /хх 48-49/,

гэрч Д.Огийн “...бага ангийн багш Ц нь манай сургуульд ажилд орохдоо захирал Мд 1.000.000 төгрөгийн хахууль өгч ажилд орсон талаараа өөрөө ярьсан, хамт олны хурал дээр хэлж байсныг би өөрийн биеэр сонссон...” /хх 51/,

гэрч С.Угийн “...М захирал шинээр томилогдож ирснээсээ хойш 20 орчим багшийг шинээр ажилд авсан. Энэ багш нар ямар шалгуураар ажилд орсон нь тодорхой бус байна. ...багш Цийг ажилд авахдаа 1.000.000 төгрөгийн хахууль авсан юм билээ, үүнийг нь Ц багш өөрөө надад хувийн шугамаар ярихдаа болон багш нарын хурал дээр ярьсан...” /хх 53/,

гэрч Ж.Эийн “...М захирал анх багш ажилд авахдаа 500.000-1.000.000 төгрөгийн хахууль авсан гэдгийг мөнгө төгрөг өгсөн гэх Ц багш, Г багш нар өөрсдөө багш нарын хурал дээр хэлсэн. Би тэр хоёр хүний хэлсэн ярьсан зүйлийг өөрийн чихээр сонссон учраас хэлж байгаа юм. ...Захирал М нь зан харилцаа, ёс зүйн хувьд удирдах албан тушаалд тэнцэхгүй, мөн Мөий асар их сонирхолтой хүн юм уу гэж би хувьдаа дүгнэж байгаа...” /хх 59/,

гэрч Х.Гийн “...М захирал Цийн талаар нэг л удаа надтай холбогдож ярьсан, ярихдаа ...таныг ярихаар л би тус болчих санаатай Ц гэдэг хүнийг ажилд авсан. Тэгээд надад нэг чихрийн цуглуулга, нэг хэтэвч гэл үү ямар ч байсан 2 зүйл өгсөн талаар хэлсэн... М хэлэхдээ Ц нь хүн ёсны хувьд баярласан сэтгэлээ илэрхийлээд чихрийн цуглуулга зэргийг өгсөн юм байх гэж бодсон. Тэгтэл энэ талаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан байна. Би Цийн өгсөн юмыг танд өгчихье, та ээжид нь дамжуулаад өгчих үү гэж хэлэхээр нь би за ээжтэй нь уулзаадахъя гэж хэлээд утсаа салгасан. Тэрнээс хойш дахин холбогдоогүй. ...Гарын бэлэг өгсөн гэдгийг захирал Мгээс өөрөөс нь сонссон...” /хх 65-66/,

шүүгдэгч Ц.Цийн “...Намайг ажилд авахын өмнөхөн М захирал надтай уулзаад за би таныг ямар ч байсан ажилд авахаар боллоо, та надад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Би тэрийг нь ойлгохдоо мөнгө төгрөг өгөөрэй гэдэг санаагаа хэлж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд ээжтэйгээ ярилцаж байгаад 1.000.000 төгрөг өгье гэдэг шийдвэрт хүрээд М захиралд би өөрөө өрөөнд нь орж бэлнээр 1.000.000 төгрөгийг өгсөн. Намайг захиралд 1.000.000 төгрөг өгөх үед бид хоёроос өөр хүн байгаагүй. ...Би тухайн үед хүнсний дэлгүүрээс “Жако” нэртэй чихрийн цуглуулгыг авч, түрүүвч, 1.000.000 төгрөгийн хамтаар захирал Ц.Мд өгсөн...” /7 хх 123, 195/,

шүүгдэгч М.Гын “... Би Нийслэлийн ....дугаар лаборатори сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд анх ажилд орсон. Тэгээд 1 жил ажилласны хавар нь буюу хичээл тарах үед захирал Мгийн зүгээс намайг бичгийн хэв тааруу, ур чадварын тал дээр дутагдалтай байна гэдэг байдлаар шүүмжилж эхэлсэн учраас 2017-2018 оны хичээлийн жилийн намар ажиллуулахгүй байх талаар яриа хүртэл гарсан. Миний хувьд тэр үед 3 настай жаахан хүүхэдтэй, өрх толгойлсон ганц бие эмэгтэй байсан хүний хувьд ажил, орлоготой байх нь хамгийн чухал зүйл байсан болохоор ажилтай үлдэхийн тулд арга буюу сургуулийн номын санч Өод өөрт учраад байгаа асуудлыг хэлсэн. Би Өод хэлэхдээ М захирал найзыг нь ажлаас чөлөөлөх гээд байх шиг байна. Миний бичгийн хэв тааруу, ур чадварын тал дээр дутагдалтай гээд шүүмжлээд байна, чи найздаа туслаач захиралд намайг ажилтай байлгах тал дээр хэлж өгөөч гээд гуйсан юм. ...2017 оны хичээлийн жил эхлээд 9 сард билүү 10 дугаар сард би өөрөө 1.000.000 төгрөгийг бэлнээр цаасанд боогоод Өтой уулзаад М захиралд өгүүлэхээр өгсөн. Ө ч миний өгсөн цаасанд боосон мөнгийг аваад захирлын өрөө рүү явчихаад удалгүй 10 орчим минутын дараа захиралд өгчихсөн, одоо гайгүй байхаа гэж хэлсэн. Тэр асуудлаас хойш М захирлын зүгээс намайг бичгийн чадвар муу, ур чадварын тал дээр дутагдалтай гэж шүүмжлэхээ больсон. ...Тодруулж хэлэхэд дахин миний талаар нэг ч удаа тийм яриаг захирлын зүгээс гаргаагүй болохоор би мөнгийг маань авсан юм байна даа гэж дотроо ойлгосон...” /7 хх 129/,

шүүгдэгч Л.Өын “...Г мөнгө гэдгийг хэлсэн. ...Г танд өгүүлж байна гэж хэлээд өгөхөд захирал юу юм бэ гэж асуухаар нь мөнгө гэдгийг хэлсэн. Тэгэхэд захирал Ц.М авахгүй гэж хэлэхээр нь Г танд өгчихөөрэй гэсэн юм аа гэж хэлээд цаасанд боодолтой Гын өгсөн мөнгийг нь захирлын суудаг ширээнийх нь буланд тавьчихаад гараад явсан. Захирлын өрөөнөөс гараад өөрийнхөө өрөө рүү очиход Г хүлээгээд сууж байсан болохоор захиралд өгчихлөө гэдгийг хэлсэн...” /7 хх 223/ гэх мэдүүлгүүд,

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 434 дугаартай “...“Michael Kors Bedford” загварын хүрэн улаан өнгөтэй, эмэгтэй түрийвчийг 279.000 төгрөг...” /7 хх 105-110/,

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 488 дугаартай “...ОХУ-д үйлдвэрлэсэн “Жако” нэртэй чихрийн цуглуулга 10.000 төгрөг...” /7 хх 208-209/ гэх хөрөнгийн үнэлгээний тайлангууд,

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Б/200 дугаартай тушаалын хуулбар /6 хх 69/,

шүүгдэгч Ц.Цийн Хаан банкны 5913147442 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 34-35/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудад үндэслэн:

шүүгдэгч Ц.Мг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийг 2 дэх хэсэгт заасан хүндрүүлэх шинжээр буюу “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан...” үйлдсэн,

шүүгдэгч Ц.Ц, М.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэргийг 1 дэх хэсэгт заасан “...Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн...” шинжээр үйлдсэн,

шүүгдэгч Л.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн...” гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” үндэслэлээр шүүгдэгч Ц.Ц, М.Г, Л.Ө нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Ц, М.Г, Л.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Ц.Мгийн үргэлжилсэн үйлдлээр “Хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон төдийгүй Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Ц.Мгийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Д.Оросоо нарын “...хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдоогүй, ...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Ц.Ц, М.Г, Л.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд хэргийн байдлыг эргэлзээгүй тогтоосон байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл нотлогдон тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Ц.М нь “...надад мөнгө өгөх гэж оролдсон, буцаагаад өгсөн...” гэх тайлбарыг гаргаж байх боловч түүний энэхүү тайлбар нь шүүгдэгч Ц.Цийн Хаан банкны 5913147442 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 34-35/, гэрч Ц.Шын “...Ээж надад хэлэхдээ миний явуулсан “Майкл Корсс” брендийн түрүүвчийг сургуулийнхаа захиралд өгчихсөн гэж хэлж байсан. ...Захиралдаа 1.000.000 төгрөг өгсөн, өгөхдөө миний явуулсан түрүүвчинд хийгээд өгсөн талаар ээж надад хэлж байсан...” /хх 36-37/, гэрч Х.Гийн “...Гарын бэлэг өгсөн гэдгийг захирал Мгээс өөрөөс нь сонссон...” /хх 65-66/, шүүгдэгч Ц.Цийн “...таныг ямар ч байсан ажилд авахаар боллоо, та надад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. ...“Жако” нэртэй чихрийн цуглуулгыг авч, түрүүвч, 1.000.000 төгрөгийн хамтаар захирал Ц.Мд өгсөн...” /7 хх 123, 195/, шүүгдэгч М.Гын “...Миний бичгийн хэв тааруу, ур чадварын тал дээр дутагдалтай гээд шүүмжлээд байна, чи найздаа туслаач захиралд намайг ажилтай байлгах тал дээр хэлж өгөөч гээд гуйсан юм. ...1.000.000 төгрөгийг бэлнээр цаасанд боогоод Өтой уулзаад М захиралд өгүүлэхээр өгсөн. Ө ч миний өгсөн цаасанд боосон мөнгийг аваад захирлын өрөө рүү явчихаад удалгүй 10 орчим минутын дараа захиралд өгчихсөн, одоо гайгүй байхаа гэж хэлсэн...” /7 хх 129/, шүүгдэгч Л.Өын “...Г танд өгүүлж байна гэж хэлээд өгөхөд захирал юу юм бэ гэж асуухаар нь мөнгө гэдгийг хэлсэн. Тэгэхэд захирал Ц.М авахгүй гэж хэлэхээр нь Г танд өгчихөөрэй гэсэн юм аа гэж хэлээд цаасанд боодолтой Гын өгсөн мөнгийг нь захирлын суудаг ширээнийх нь буланд тавьчихаад гараад явсан. Захирлын өрөөнөөс гараад өөрийнхөө өрөө рүү очиход Г хүлээгээд сууж байсан болохоор захиралд өгчихлөө гэдгийг хэлсэн...” /7 хх 223/ гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Мгийн өмгөөлөгч нарын “...тус сургуулийн багш нар үгсэн хуйвалдаж, Ц.Мг тус сургуулиас гаргах зорилгоор удаа дараа хахууль, мөнгө төгрөг авсан мэтээр худал гүтгэсээр ирснийг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг уг хууль хүчин төгөлдөр болохын өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх үйл ажиллагаа юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилсөн бөгөөд анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасан өмнөх хуулийн зохицуулалтыг хэрэглэж, шүүгдэгч Ц.Ц, М.Г, Л.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтад нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Мгийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Д.Оросоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхээс Л.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заасан нөхцөлийг хангаж байх тул шүүгдэгч Л.Өыг бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн үйлдлээр нь түүнийг уг хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх хэдий ч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт...” гэж алдаатай бичсэнийг цаашид анхаарвал зохино.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/571 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Мгийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Д.Оросоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОЧМАНДАХ                      

           

 

                        ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ