Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/04225

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 13 өдөр           Дугаар 183/ШШ2023/04225                Улаанбаатар хот

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, С ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт байрлах, С ХХК/РД: /-д холбогдох,

 

Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт 45 579 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн төлөөлөгч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Г нар оролцов.

           

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 2021/SM-0012 дугаартай Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг С ХХК-тай байгуулсан. Уг гэрээний дагуу хариуцагчид 60 386 000 төгрөгийг тээвэрлэлт хийж өгсөн. Талууд тээврийн төлбөр 60 386 000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 22 600 000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 27 798 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 9 988 000 төгрөг бүхий үнийн саналуудаар тус тус тохиролцсон. Тээврийн төлбөрийг нэхэмжлэн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 22 600 000 төгрөгийн, 27 798 000 төгрөгийн, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 9 988 000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хүргүүлсэн. Хариуцагч тээврийн төлбөрт 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 2 500 000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2 500 000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5 000 000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 4 500 000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 5 500 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 30 386 000 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээнд заасны дагуу алданги 15 193 000 төгрөгийн хамт нийт 45 579 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Өмнөх үнийн санал дагуу хийгдсэн тээврийг нэгтгэн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нөхөн гэрээ байгуулсан...” гэв.

 

            2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч С ХХК-иар 9 988 000 төгрөгийн нэг удаагийн тээвэрлэлт хийлгүүлсэн бөгөөд уг гэрээний дагуу хийгдсэн тээврийн хөлсийг 2022 оны 03 дугаар сард бүрэн төлсөн. Харин 22 600 000 төгрөг, 27 798 000 төгрөгийн тээвэрлэлтийг бичгээр гэрээ байгуулаагүй тээврийн үнийн саналаар тээвэрлэлт хийгдсэн тул өмнөх тээвэрлэлтийн үлдэгдэл төлбөрт алданги тооцох үндэслэлгүй. Бичгээр байгуулагдаагүй хоёр удаагийн тээвэрлэлтийн үлдэгдэл төлбөр байгаа, үүнд алданги төлөхгүй...” гэв.

 

            3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/SM-0012 дугаар тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ, тээврийн үнийн санал, нэхэмжлэх, ачаа хүлээлцсэн баримт, авлагын тооцоо, хариуцагчийн хаягийн мэдээлэлтэй холбоотой баримт, мэдэгдэл, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөнгөн шилжүүлгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            2. Нэхэмжлэг шаардлагын үндэслэлээ “...2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн бичгээр байгуулсан гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 30 386 000 төгрөг, алданги 15 193 000 төгрөг, нийт 45 579 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй...” гэж тайлбарласан.

 

            3. Хариуцагч нь “...нэхэмжлэгч хуулийн этгээдээр гурван удаагийн тээвэрлэлт хийлгэсэн, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн бичгээр байгуулсан гэрээний дагуу нэг удаагийн тээвэрлэлт хийлгэн төлбөрийг бүрэн төлсөн. Харин өмнөх хоёр удаагийн тээвэрлэлтийг хийлгэхдээ бичгээр гэрээ байгуулаагүй тул үлдэгдэл төлбөр 30 386 000 төгрөгт алданги тооцох эрхгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч маргав.  

 

            4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

            4.1. Нэхэмжлэгч С ХХКнь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 27 798 000 төгрөгийн, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 22 600 000 төгрөгийн, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 9 988 000 төгрөгийн гадаад тээврийн үйлчилгээний үнийн саналын дагуу хариуцагч С ХХК-д тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

4.2. Талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/SM-0012 дугаартай, Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр зуучлагч С ХХКнь С ХХК-ийг төлөөлөн улс хоорондын болон орон нутгийн ачаа тээврийг зохион байгуулах, түүнтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгч буюу С ХХКнь төлбөр төлөх үүргийг хүлээсэн.

 

4.3. Бичгээр байгуулагдсан дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 9 988 000 төгрөгийн  үнийн саналаар хариуцагчид тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлсэн.

 

4.4. Харин 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 27 798 000 төгрөгийн, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 22 600 000 төгрөгийн үнийн саналын дагуу нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн үйлчилгээ нь талуудын хооронд бичгээр байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/SM-0012 дугаартай гэрээний зохицуулалтад хамаарахгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

4.5. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тус тусдаа гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

 

4.6. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт зааснаар талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлсэн бол хэлцэл хийгдсэн гэж үзнэ. Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.3-т гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаатайгаар илгээсэн бөгөөд дурдсан хугацаанд нөгөө талаас зөвшөөрсөн хариу авснаар гэрээ байгуулсанд тооцно гэж заасан.

 

4.7. Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хариуцагчийн бараа бүтээгдэхүүнийг Монгол Улс руу тээвэрлэх үйл ажиллагаанд нэхэмжлэг тээврийн зуучлагч хийж, худалдааны зуучлагчийн эрх эдэлж, үүрэг хүлээсэн байх тул эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 413 дугаар зүйлд заасан худалдааны зуучлагчийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.  

 

4.8. Талуудын хооронд бичгээр байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/SM-0012 дугаар тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгчээс  2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 9 988 000 төгрөгийн үнийн саналыг хүргүүлж, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулжээ. Уг үнийн санал дахь 9 988 000 төгрөгийг хариуцагч гэрээний 3.1-д зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн.

 

4.9. Хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар хариуцагч нь  2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 4 500 000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 5 500 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид шилжүүлсэн нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар хариуцагч С ХХКнь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, төлбөр төлөх үүргээ 45 хоног хожимдож биелүүлсэн байна.

 

4.10. Гэрээний 3.5-д “зуучлагчийн нэхэмжилсэн тээврийн хөлс болон бусад нэмэлт зардлыг энэхүү гэрээний 3.1-д заасан хугацаанд төлөх ба заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой үнийн мөнгөн дүнгийн 0,5 хувиар зуучлагчид алданги төлнө.” гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэх тул хариуцагчийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн 45 хоногийн алданги 2 247 300 төгрөгийг нэхэмжлэгч С ХХКхариуцагчаас шаардах эрхтэй.

 

5. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаас үзэхэд 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 27 798 000 төгрөгийн, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 22 600 000 төгрөгийн үнийн саналын дагуу нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн үйлчилгээний хөлснөөс хариуцагч 30 386 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

 

5.1. Дээрх хоёр тээврийн үнийн санал дахь нэмэлт мэдээлэл болон нөхцөл гэх хэсэгт “...төлбөрийн 50 хувийг ачааг хүлээн авсан өдөр төлөх ба үлдсэн 50 хувийг ачаа хүлээж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор бүрэн төлж барагдуулах, уг хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй бол өдөрт нийт төлбөрийн 0,5 хувиар алданги тооцон нэхэмжлэх болно.” гэжээ.

 

5.2. Уг нэмэлт нөхцөлийн дагуу нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй. Тодруулбал, Иргэний хуулийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага хангаагүй нь дээр үнийн санал дахь нийт төлбөрөөс алданги тооцно гэсэн нь мөн зүйлийн 232.6-д “...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй...” гэж заасантай нийцээгүй юм.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагч С ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/SM-0012 дугаар гэрээний үүрэгт буюу алданги 2 247 300 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн үнийн саналын дагуу нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн үйлчилгээний хөлсний үлдэгдэл төлбөрт 30 386 000  төгрөг, нийт 32 633 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 945 700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь  хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С ХХК-иас 32 633 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 945 700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 385 845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 321 117 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ