Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/04410

 

 

 

     

 

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/04410

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо  тоот “Г” СӨХ

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо тоотод оршин суух Б овогт Б Б /РД:

 

Дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний төлбөр 1,606,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, хариуцагч Б.Б 

       

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Намуун

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Г” СӨХ нь хариуцагч Б.Бт холбогдуулан 2021 оны 10 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл хугацааны дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 1,606,250 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

 

1.1. Хариуцагч нь дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрийг хуульд зааснаар төлөх үүрэгтэй, энэ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс орон сууцны дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний 2021 оны 10 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл хугацааны төлбөр 1,381,250 төгрөг,  2020 оны 10 дугаар сараас 2021 оны 6 дугаар сар хүртэл хугацааны автозогсоолын ашиглалтын төлбөр 225,000 төгрөг нийт 1,606,250 төлөх үүрэгтэй байна. 

 

2. Хариуцагч Б.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. “Г” СӨХ нь хогийн цэггүй, байрныхаа В1 давхарт хогийн сав байршуулдаг бөгөөд үүний улмаас хорхой, шавьж үржих, хогны үнэр байнга үнэртэх зэрэг асуудал үүссэн, хог ачилт хийхдээ В1 давхарт 30-40 минут тасралтгүй машин асаалттай байдгийн улмаас угаарын хий орж ирдэг. Үүний улмаас манай гэр бүл болон бусад оршин суугчдын эрүүл мэндэд хохирол учирч байгаа бөгөөд бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх байнга зөрчигдөж байна.

 

2.2. Дээрх нөхцөл байдлыг сууц өмчлөгчдийн холбоонд байнга мэдэгдэж, хогийн цэгтэй болох ажлыг зохион байгуулж оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахыг шаарддаг боловч ямар нэг арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Энэхүү асуудлаас шалтгаалан сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа ба тухайн асуудлыг шийдвэрлэсэн нөхцөлд төлбөр төлөхөд татгалзахгүй гэжээ. 

 

3. Нэхэмжлэгчээс гэрчилгээ, Төрийн банкны баримт, 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Г” СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын тогтоол, тогтоолын хавсралт, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Г” СӨХ-ны удирдах зөвлөлийн хурлын тогтоол, Бянгол дүүргийн Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-ын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 284 дугаар албан бичиг, “Г” СӨХ-ны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаартай албан бичиг, 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаартай албан бичиг /ХХ-4-13, 30-33 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас эмнэлгийн магадлагаа, гэрэл зургуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. /ХХ-17-26 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нь дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөр төлөх хуульд заасан үүргээ 2021 оны 10 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд биелүүлээгүй. Энэ хугацааны төлбөрт 1,606,250 төгрөг хуримтлагдсан байна.    

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Байрны В1 давхарт хогийн сав байршуулдагийн улмаас хорхой, шавьж үржиж, хогийн үнэр байнга үнэртдэг бөгөөд хог ачилт хийхдээ 30-40 минут тасралтгүй машин асаалттай байдгийн улмаас угаарын хий үнэртэж эрүүл мэндэд хохирол учирч эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Хогийн цэгийн асуудлаа шийдвэрлэхгүй байгаа тул дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа, энэ асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд төлбөрийг төлөхөд татгалзахгүй.  

4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон.

 

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 14 дүгээр байрны дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээг “Г” СӨХ-нд хариуцуулж 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 151 дугаартай гэрчилгээ олгосон байна. Иймд дээрх орон сууцны өмчлөгч нараас тухайн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрх бүхий этгээд байна.

 

Хариуцагч нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 2021 оны 10 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын төлбөр 1,606,250 төгрөгиийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй. 

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “сууц өмчлөгчдийн холбоо” гэдгийг нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоо” гэж тодорхойлсон бөгөөд “заавал гишүүнчлэлтэй” гэдгийг Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж зааснаар ойлгоно. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан бол тухайн орон сууцны байшингийн орон сууц өмчлөгч бүр хуулийн дагуу сууц өмчлөгчдийн холбооны гишүүн болно. Иймд хариуцагч нь “Г” СӨХ-ны гишүүн, хуулийн дагуу төлбөр төлөх үүрэг бүхий этгээд байна.

 

Сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцахдаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасны дагуу холбооны сангийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулна. Уг хөрөнгө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-15.2.6 дахь хэсэгт заасан эх үүсвэрээс бүрдэнэ. Хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх буюу санхүүжүүлэхэд орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-147.4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсэгт заасны дагуу оролцож, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл сууц өмчлөгч нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хангахад төлбөр төлөх хэлбэрээр оролцож өөрийн амьдарч буй орон сууцны байшингийн дангаар болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн ашиглалтын хэвийн байдлыг хангах үүрэгтэй.

 

Дээрх үүргийг орон сууц өмчлөгч биелүүлээгүй тохиолдолд дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээнд зориулах мөнгөн хөрөнгө хуримтлагдах боломжгүй бөгөөд аливаа засвар, үйлчилгээ хийх нөхцөл бүрдэхгүй юм. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 7.2.3, 7.2.4, 7.2.5, 7.2.10, 7.2.11 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь сууц өмчлөгчдийн холбооны сангийн хөрөнгийн бүрдүүлэлт буюу дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилахад бүх гишүүдийн хуралд оролцох, сууц өмчлөгчдийн холбоог өөрчлөн байгуулах, холбоо нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй /сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах/ гэж үзвэл эрх бүхий этгээдэд гомдол болон шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр эрхээ хэрэгжүүлнэ. Иймд сууц өмчлөгчдийн холбоо хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь сууц өмчлөгчийг төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй бөгөөд хэн аль нь хуульд заасан үүргээ хуульд заасан арга, журмын дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй болно. Өөрөөр хэлбэл дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөр төлөх үүрэг нь сууц өмчлөгчдийн холбоо үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд гүйцэтгэдэг хариу үүрэг биш юм. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй тул  Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 1,606,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б овогт Б Бээс 1,606,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 40,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” СӨХ-нд олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Т.ГАНДИЙМАА