| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2023/02012/И |
| Дугаар | 102/ШШ2023/04402 |
| Огноо | 2023-12-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2023/04402
| 2023 оны 12 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2023/04402 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ш.Оюунтуул, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 12 дугаар хороо тоотод оршин суух Б овогт М Э /РД: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 14 дүгээр хороо тоотод оршин суух О овогт Б Б/РД: /
Гэм хорын хохиролд 1,855,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч М.Э, хариуцагчийн төлөөлөгч М.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Намуун
Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүйгээ мэдэгдсэн ба түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч Б.Бд холбогдуулан гэм хорын хохиролд 1,855,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1.1. Хариуцагч нь 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр автомашин жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас намайг мөргөж осол гаргасан ба уг ослын улмаас биед гэмтэл учирч эрүүл мэндэд хохирол учирсан, хөдөлмөрийн чадвараа алдаж олох байсан орлогоо алдсан.
1.2. Тухайн үед хариуцагч нь хохирол төлнө гэж байсан тул эмчилгээтэй холбоотой баримтуудаа бүрдүүлээгүй орхисон. Иймд хариуцагчаас хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны цалин 1,135,000 төгрөг, компьютер томографи зургийн төлбөр 120,000 төгрөг, эм, тарианы зардал 250,000 төгрөг, тархины MRI шинжилгээ хийлгэх 350,000 төгрөг нийт 1,855,000 төгрөг шаардаж байна гэжээ.
2. Хариуцагч Б.Бдараах тайлбарыг гаргасан байна. Үүнд:
2.1. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гарган нэхэмжлэгчийг мөргөсөн нь үнэн, шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтээр зүүн гуянд цус хуралт, баруун шагайнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Иймд тархины суурь, амны хөндийн тодосгогчтой шинжилгээ хийлгэж гарсан зардал нь хохиролд хамааралгүй байна. Бусад гарсан гэх зардал нь баримтгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, харин нэхэмжлэгчид учирсан хохиролд 500,000 төгрөг өгч эвлэрэх саналтай гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн лавлагаа, эмнэлгийн магадлагаа, АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн НӨАТ-ын баримт, Монгол-Японы эмнэлгийн согог заслын эмчийн үзлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3771 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн прокурорын газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 331 дугаартай прокурорын тогтоол, Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 0000867 дугаартай зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Д п” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 23/52 дугаартай ажлын байрны тодорхойлолт, 23/51 дугаартай цалингийн тодорхойлолт, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 4-19 дугаар тал/
5. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
6. Хариуцагчийн хүсэлтээр шүүх дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: М.Эгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /ХХ-ийн 44, 45 дугаар тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Б.Б-ийнзамын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас биед гэмтэл учирч, эрүүл мэндэд учирсан хохирол, хөдөлмөрийн чадвар алдсан хугацааны 14 өдрийн цалин нийт 1,855,000 төгрөгийг шаардаж байна.
3. Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас осол гаргаж, нэхэмжлэгчийг мөргөсөн үйл баримтад маргахгүй. Шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтээр зүүн гуянд цус хуралт, баруун шагайнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон тул тархины суурь, амны хөндийн тодосгогчтой шинжилгээ хийлгэж гарсан зардал хохиролд хамааралгүй. Нэхэмжлэгч нь өөрт учирсан гэж буй хохирлын баримтыг гаргаж өгөөгүй тул түүнд учирсан хохиролд 500,000 төгрөг өгч эвлэрэх саналтай, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
Хариуцагч Б.Бнь 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 00 минутын орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сансарын туслах замд Mitsubishi Colt маркийн *улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, 3.4.а-д “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Эг мөргөж, түүний биед зүүн гуянд цус хуралт, баруун шагайнд зөөлөн эдийн гэмтэл учруулсан болох нь талуудын тайлбар, Тээврийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 331 дугаар тогтоол, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3771 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. Дээрх үйл баримтын улмаас нэхэмжлэгчийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй байх тул Б.Б-ийнгэм буруутай үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй, харин Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжийг агуулж байгаа үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна.
Хариуцагч нь хууль зөрчсөн гэм буруутай үйлдлээрээ нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэмтэл /хохирол/ учруулж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан эрхийг зөрчсөн байх тул үүнээс гарах үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй буюу гэмт хэрэг гэж үзэх нөхцөлд хамаарахгүй ба харин эрүүл мэндэд хохирол учраагүй, эрүүл мэндээ хамгаалахтай холбоотой зардал гараагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгах үүрэг хүлээнэ.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах гэдгийг хохирогчийн эд хөрөнгийг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг ойлгоно. Эрүүл мэндэд учирсан хохирол гэдэгт хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардал хамаарахыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан.
Нэхэмжлэгч нь 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 1,135,000 төгрөг, тархины суурь-амны хөндийн компьютер томографийн зураг авахуулсаны төлбөр 120,000, эм тарианы төлбөр 250,000 төгрөг, тархины MRI шинжилгээ хийлгэх төлбөр 350,000 төгрөг нийт 1,855,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Дээрх шаардлагаас тархины суурь-амны хөндийн компьютер томографийн зургийн төлбөр 120,000 төгрөг төлсөн баримт байх ба үүнээс 84,000 төгрөг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн, 36,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн байна. Иймд тархины суурь-амны хөндийн компьютер томографийн зургийн төлбөрт нэхэмжлэгчээс 36,000 төгрөгийг бодитоор гарсан зардал гэж үзнэ.
Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эрүүл мэнд” гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлнэ гэсэн байх ба ийм нөхцөлийг бүрдүүлэхийн тулд аливаа этгээд эрүүл мэндээ хамгаалж эмнэлгийн тусламж, үйлчилгээг авах эрхтэй. Иймд зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч нь эрүүл мэндээ хамгаалах шаардлагаар компьютер томографи зураг авахуулсныг буруутгах үндэслэлгүй, мөн уг шинжилгээг эмчийн зөвлөгөөгөөр хийлгэсэн байх тул түүнтэй холбоотой гарсан зардлыг хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй. Иймд тархины суурь-амны хөндийн компьютер томографийн зургийн төлбөрийг хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас үүссэн хохиролд хамааралгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлгийн эмчийн үзлэгийн тэмдэглэлд зааснаар нэхэмжлэгч нь 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд согог заслын эмчийн үзлэг, рентген шинжилгээ, тархины суурь-амны хөндийн компьютер томографи зургийн шинжилгээ хийлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч тодорхой хэмжээний зардал гарсан, эмнэлгийн магадлагаагаар 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ажлаас чөлөөлөгдөж тухайн хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан байсан болох нь тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нь цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг төлөх үүрэгтэй байна. Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан. Иймд осол болох үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан нь гэм буруутай этгээд хохирол төлөхгүй байх үндэслэл болохгүйг хуульд зохицуулсан байна. Иймд дээрх зардал, төлбөрт 500,000 төгрөг төлөх санал хариуцагч гаргасныг энэ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Харин нэхэмжлэгч нь эмчилгээний зардалд 250,000 төгрөг, тархины MRI шинжилгээ хийх төлбөрт 350,000 төгрөг шаардсан боловч энэ талаар ямар нэг баримт гаргаж өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэв.
Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 1,355,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б Б-с 500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М Эд олгож, нэхэмжлэлээс 1,355,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,630 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 15,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Ш.ОЮУНТУУЛ
А.САРАНТУЯА