Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2023/04316

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2023/04316

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо “Х Б” ХХК

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 9 дүгээр хороо тоотод оршин суух Б Б

 

Зээлийн гэрээний үүрэгт 15,551,674 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О, хариуцагч Б.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Намуун

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х Б” ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Кредит карт эзэмших гэрээгээр 10,000,000 төгрөгийн зээлийн эрх бүхий картыг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд бэлэн мөнгөний гүйлгээгээр ашигласан зээлийн жилийн хүүг 24%-иар, бэлэн бус мөнгөний гүйлгээгээр ашигласан зээлийн жилийн хүүг 20.4%-иар ашиглуулахаар Б.Б-д шилжүүлсэн.

 

1.2. Дээрх гэрээгээр хариуцагч нь бэлэн мөнгөний гүйлгээгээр 7,793,340 төгрөг, бэлэн бус мөнгөний гүйлгээгээр 861,091 төгрөгийг ашигласан бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй үүрэг зөрчиж, нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд 1231 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.

 

1.3. Тухайн гэрээгээр хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 8,654,431 төгрөг, бэлэн мөнгөний гүйлгээний хүү 6,304,812 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 592,431 төгрөг нийт 15,551,674 төгрөг шаардаж байна. Хугацаа хэтрүүлсний шимтгэл болох 1,856,993 төгрөгийг анхны нэхэмжлэлийн шаардлага 17,408,667 төгрөгөөс хасаж, нэхэмжлэлийн үнийг 15,551,674 төгрөгөөр тодорхойлж байна гэжээ. 

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. “Х Б” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгийг ашигласан боловч ковид-19 цар тахал болон бусдад залилуулж бараагаа алдсаны улмаас зээлийг төлөх боломжгүй болсон.

 

2.2. Дээрх нөхцөл байдлыг нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, мөн гэрээний хугацаа 2021 онд дууссан байхад нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хүү тооцож нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Иймд 2022, 2023 оны хүүг хүлээн зөвшөөрөхгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Кредит карт эзэмших гэрээ, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын баримт /ХХ-9-11, 13-16, 8, 46-47 дугаар тал/

 

4. Хариуцагч нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Кредит карт эзэмших гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу 10,000,000 төгрөгийн эрхийг зээлийн дансанд нээж нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн. Уг гэрээгээр хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр 8,654,430.91 төгрөг, хүү 6,897,242.6 төгрөг нийт 15,551,674 төгрөг төлөх үүрэгтэй байна. Хугацаа хэтрүүлсний шимтгэл 1,856,993 төгрөгийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн үнийн дүнг 15,551,674 төгрөгөөр тодорхойлж байна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: 2021 онд гэрээний хугацаа дууссан байхад энэ асуудлыг шийдвэрлэхгүй нэхэмжлэл гаргах хүртэл хүү тооцсоныг зөвшөөрөхгүй, мөн ковид-19 цар тахал болон бусдад залилуулж бараагаа алдсан гэх мэт шалтгааны улмаас зээлээ төлөх боломжгүй болсон, энэ талаар банкинд хэлж төлөх боломжгүйгээ мэдэгдэж байсан. Иймд 2022, 2023 оны хүүг зөвшөөрөхгүй гэжээ.

4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Х Б” ХХК, Б.Бнар “кредит карт эзэмших гэрээ” байгуулсан байх ба уг гэрээгээр “Х Б” ХХК нь  10,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картыг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд бэлэн мөнгөний гүйлгээгээр ашигласан зээлийн жилийн хүүг 24%-иар, бэлэн бус мөнгөний гүйлгээгээр ашигласан зээлийн жилийн хүүг 20.4%-иар ашиглуулах, Б.Бнь кредит картад үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүүг кредит картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл, хураамжийн хамт гэрээнд заасан хугацаа, нөхцөлийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. /ХХ-ийн 9-11 дүгээр тал/

 

Дээрх гэрээний агуулга, шинж, талуудын эрх, үүргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээ хуульд заасан шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь 10,000,000 төгрөгийн зээлийн эрх бүхий кредит картыг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь зээлийг ашигласан байх тул зээл, түүний хүүг төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч нь 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 9,997,860.33 төгрөгийн зээлийг ашигласан байх ба 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд бэлэн мөнгөний гүйлгээгээр ашигласан зээлийн хүүд 998,807.25 төгрөг, бэлэн бус гүйлгээгээр ашигласан зээлийн хүүд 916,623.60 төгрөг, хугацаа хэтэрсэн шимтгэлд 23,345.99 төгрөг нийт 1,938,776.84 төгрөг төлж, үүнээс хойш зээлийн төлбөр төлөөгүй байна. Иймд зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээгээр хэсэгчлэн тогтоосон хугацаанд, тохирсон хэмжээгээр төлөөгүйг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн, үүргийг зохих ёсоор биелүүлэх үүргээ зөрчсөн гэж үзнэ. 

 

Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үйл баримтад хариуцагч маргаагүй, харин зээлийн гэрээний хугацаа дууссан, ковид-19 цар тахал болон бусад шалтгаанаар зээлийг төлөх боломжгүй байдлаа мэдэгдсээр байтал зээлээ буцаан төлүүлэхээр шаардаагүйд гомдолтой, 2022, 2023 оны хүүг төлөх үндэслэлгүй гэж маргав. Иймд зээлдүүлэгч нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн эсэх буюу хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхтэй эсэхийг тогтоох нь ач холбогдолтой.  

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх зарчмыг тодорхойлсон бөгөөд энэ нь үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хэн алинд нь хамааралтайгаас гадна үндсэн болон нэмэлт үүргийн аль алинд нь хамааралтай. Иймд үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн аль аль нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн нөхцөлд хэн алинаасаа үүрэг зөрчсөн хариуцлагыг шаардах эрх үүсэх нь тодорхой байна. 

 

Банк, эрх бүхий хуулийн этгээд нь зээлийн үйл ажиллагаандаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зарчмыг баримтлах үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас хэзээ, хэрхэн шаардах нь нэхэмжлэгчийн эрхэд хамаарах боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэхээс үндэслэлгүйгээр хойшлуулах эрхгүй гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл хууль болон гэрээнд заасан гэрээ цуцлах болон зээлээ буцаан шаардах нөхцөл бүрдсэн байхад ямар нэг үндэслэлгүйгээр эрхээ хэрэгжүүлээгүйг зээлийн үйл ажиллагаанд баримтлах хуульд заасан зарчмыг /үүрэг/ зөрчсөн гэж үзнэ.  

 

Зээлдэгч нь 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс хойш үүргээ гүйцэтгэлгүй гэрээний хугацаа дууссан байх ба ийнхүү дууссанаас хойш 2 жилийн дараа нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардсан байна. Хариуцагч нь гэрээний үүргээ гэрээгээр тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлээгүй, мөн гэрээний хугацаа дууссан байхад нэхэмжлэгч нь зээлийг буцаан төлөхийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь үндэслэлтэй болох талаар ямар нэг баримт гаргаж өгөөгүй, энэ талаарх хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй байна. Иймд Банк, эрх бүхий хуулийн этгээд нь зээлийн үйл ажиллагаандаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4 дэх хэсэгт заасан зарчмыг зөрчсөн гэж үзэв. Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлээгүй гэж үзэн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны нэг жилийн хүүг шаардах эрхгүй гэж үзлээ. Хариуцагч нь ковид-19 цар тахал болон бусдад хөрөнгөө алдсаны улмаас зээлээ төлөх боломжгүй байдлаа мэдэгдсэн гэх боловч хугацаа тодорхойгүйгээс гадна үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалтайгаа холбогдуулан гэрээг өөрчлөхийг шаардах, гэрээг хугацааны өмнө цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гэм буруу болон хариуцагчийн эрхээ хэрэгжүүлээгүй зэрэг нөхцөл байдлыг харьцуулан үзэж нэг жилийн хугацааны хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Талуудын байгуулсан гэрээний 2.1-д “хугацаа хэтрүүлсний шимтгэлийг хугацаа хэтэрсэн төлбөрийн 1 хувиар тооцож төлөх”-өөр заасан байх ба энэхүү заалт нь хуульд нийцээгүй боловч дээрх шимтгэл гэх 1,856,993.13 төгрөгийг шаардахаас нэхэмжлэгч тал татгалзаж, нэхэмжлэлийн үнийг 15,551,674 төгрөгөөр тодорхойлсон болно. Иймд хариуцагчаас бэлэн мөнгөний гүйлгээгээр ашигласан зээлийн төлбөр 7,793,340 төгрөг, бэлэн бус мөнгөний гүйлгээгээр ашигласан зээлийн төлбөр 861,091 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл бодогдсон нийт хүү 6,897,243 төгрөг нийт 15,551,674 төгрөгөөс нэг жилийн хугацааны хүү болох 2,259,157 төгрөгийг хасаж 13,292,517 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-гийн Б-с 13,292,517 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,259,157 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,994 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 224,411 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА