Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2023/04085

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2023/04085

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо тоотод оршин суух А овогт О С

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 20 дугаар хороо тоотод оршин суух С овогт Г Б 

 

Зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Намуун

 

Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.С нь хариуцагч Г.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Г.Бтэй зээлийн гэрээг бичгээр байгуулж, 15,000,000 төгрөгийг 15 хувийн хүүтэй буюу 2,250,000 төгрөг нийт 17,250,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай төлөхөөр тохирч зээлсэн. Уг гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлж, 2 хувааж хариуцагчийн дансаар шилжүүлсэн ба хариуцагч нь 8,250,000 төгрөг төлсөн. Иймд үлдэгдэл 9,000,000 төгрөгийг шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбар, нотлох баримт ирүүлээгүй байна.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, дансны хуулга /ХХ-6-11 дүгээр тал/

 

4. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр 15,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаанд 15 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, уг мөнгийг 2 хувааж гэрээнд заасан дансаар нь шилжүүлж өгсөн. Хариуцагч гэрээний үүрэгт 8,250,000 төгрөг төлсөн бөгөөд үлдсэн 9,000,000 төгрөгийг шаардаж байна гэжээ.  

 

3. Хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар, ямар нэг нотлох баримт ирүүлээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Зээлийн гэрээ”-гээр Г.Б нь 15,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай 15 хувийн хүүтэй буюу 2,250,000 төгрөгийг төлөх, уг мөнгийг өдөрт 390,000 төгрөгөөр буцаан төлөх, О.С нь уг мөнгийг Г.Бгийн 5019272253 тоот дансаар шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ.  

 

Дээрх гэрээний агуулга, нөхцөл, талуудын хүлээсэн үүргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Энэхүү гэрээний үүргээ зээлдүүлэгч буюу О.С биелүүлж, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийг зээлдэгч Г.Бгийн 5019272253 тоот дансаар шилжүүлсэн болох нь банкны дансны хуулгаар тогтоогдов. Иймд хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, зээлийн хүү 17,250,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. 

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийг 8,250,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 9,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа болохоо тодорхой тайлбарласан байх ба тухайн нэхэмжлэлийг хариуцагч 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан боловч тайлбар, ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов.  

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан талаар ямар нэг тайлбар, нотлох баримт ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Энэхүү үүргээ биелүүлээгүйн үр дагаврыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ”, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Иймд хариуцагч Г.Б нь тайлбар, нотлох баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 9,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г Бгээс 9,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О Ст олгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1,400 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч Г.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 158,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Ст олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА