Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/04066

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороо   тоотод оршин суух М овогт Д А

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо   тоотод оршин суух Б овогт Д А

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Намуун

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Д.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Д.Аийн хүсэлтээр 25,000,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлж зээлсэн. Үүнээс хариуцагч нь 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 1,250,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 1,250,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 1,250,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 5,250,000 төгрөгийг тус тус төлсөн. Нэхэмжлэл гаргах үед зээлийн үлдэгдэл 19,750,000 төгрөг байна.

 

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн 1,250,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, зээлийн гэрээний үүрэгт 18,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

 

2. Хариуцагч Д.А нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 18,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ-3-19 дугаар тал/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ-43 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр 25,000,000 төгрөг зээлсэн, уг мөнгийг дансаар нь шилжүүлж өгсөн. Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зээлийн үлдэгдэл төлбөр 19,750,000 төгрөгийг шаардаж нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн дансны хуулгаар сүүлд шилжүүлсэн 1,250,000 төгрөгийг хасаж 18,500,000 төгрөг шаардаж байна.  

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 18,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Хариуцагч Д.А нь нэхэмжлэгч Д.Агаас 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 25,000,000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлөөр авсан болох нь талуудын тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон, энэ асуудлаар зохигч маргаагүй байна. /ХХ-ийн 3 дугаар тал/

 

Дээрх гэрээний агуулга, нөхцөл, талуудын хүлээсэн үүргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Үүнээс үзвэл зээлэх эд хөрөнгө болон түүнийг буцааж өгөх талаар тохиролцсон бол зээлийн гэрээний гол нөхцөлийн тохиролцоо хийгдсэн гэж үзнэ. 

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд амаар хийх хэлцэл хийгдсэн гэж үзнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл хуульд заавал бичгээр хийх хэлбэрийн шаардлага тавигдаагүй бол хэлцлийн гол нөхцөлийн талаар амаар хэлэлцэн тохирсон бол тухайн хэлцлийг хийсэн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан байна.

 

Зээлийн гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн байх ба хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 1,250,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 1,250,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 1,250,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,250,000 төгрөг нийт 6,500,000 төгрөг төлсөн, зээлийн гэрээний үүрэгт 18,500,000 төгрөг төлөх үүрэгтэй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргахгүй байна. 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний үүрэгт 5,250,000 төгрөг төлсөн гэсэн тайлбарыг гаргаж, гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн мөнгөний хэмжээнд маргаж байсан ба шүүх хуралдааны өмнө хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,250,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож, зээлийн гэрээний үүргийн үлдэгдлийн хэмжээ тогтоогдсон. Энэ талаар зохигч маргаагүй хэдий боловч хариуцагч талын эвлэрэх санал буюу зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг нэхэмжлэгч хүлээн аваагүй эвлэрэх эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй. Хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгыг үндэслэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 18,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 18,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц.Бг оролцуулж, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д Аөөс 18,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П Ад олгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,700 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Аөөс улсын тэмдэгтийн хураамжид 250,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА