Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1671

 

 

“БГДЦНХ”

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02206 дугаар шийдвэртэй, “БГДЦНХ” нь Ж.Н-г архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Хүсэлт гаргагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон 27-7 тоотод оршин суух бүртгэлтэй Ж.Н нь тус дүүргийн нутаг дэвсгэрт байнга архидан согтуурч, эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн, гудамж талбай олон нийтийн газарт болон гэр бүлдээ агсам согтуу тавиж иргэдийн амгалан тайван байдал алдагдуулдаг оршин суугчдад түгшүүр төрүүлэн архаг архичдын бүртгэл судалгаанд авагдсан тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд тайлбартаа: Манай эхнэр өөр бусад хүний өр төлбөрийг барагдуулахаар орон сууцаа барьцаалсан гэдгийг мэдээд архи уусан. Энэ талаар 2 дүүд нь хэлсэн. Гэтэл эхнэр дүү нартай нь утсаар ярьлаа гэж намайг цагдаад өгч, би эрүүлжүүлэгдсэн. Архины эмчилгээнд явмааргүй байна. Өмнө нь эрүүлжүүлэгдэж, амлалт өгч байсан. Түүнээс хойш нэг л удаа уусан гэжээ.

 

            Шүүх:  Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт зааснаар Ж.Н-г архины албадан эмчилгээнд явуулж, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дах хэсэгт зааснаар Ж.Н-г албадан эмчилгээ хийлгэх газарт хүргэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: Миний бие нь эхнэр Н.Т-тай гэр бүл болж, 15 жил хамт амьдарч байна. Одоо бид 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон 27 дугаар байр 4 тоотод амьдарч байгаа. 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээний газарт ирж эмчлүүлж байна. Энэ хугацаанд архины хор хөнөөлийг сайн ойлгож, цаашид архийг олж хэрэглэхгүй байх тал дээр анхаарна. Түүнчлэн, миний бие “ХК” ХХК-д гэрээгээр ажилладаг байсан, одоо ажил эхэлсэн тул яаралтай ажлаа хийх шаардлагатай байгаа. Үүнээс гадна, миний эхнэр Н.Т нь 9 дүгээр сарын 15-ны өдөр Солонгос Улсад гэрээгээр ажил хийхээр явж байгаа тул би 3 хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх, харж хандах шаардлагатай тул гомдлыг хүлээн авч архины албадан эмчилгээнээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Хэргийн баримтаас үзвэл, “БГДЦНХ” нь Ж.Н-г архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ, Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заасныг баримталж, гуравдагч этгээд Ж.Н-г байнга архидан согтуурдаг, архинд донтох эмгэгтэй нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Поликлиникийн эмч нарын 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэсэн байна.

 

Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсэгт согтуурах, мансуурах донтой эсэхийг тодорхойлох эрүүл мэндийн дүгнэлт гаргахдаа төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээ хийж, онош, хүндрэл, албадан эмчилгээний хориглох заалт, гаж нөлөөг дүгнэлтэд тусгаж, албадан эмчилгээнд явуулах эсэх тухай жагсаалтыг үндэслэн тодорхой бичигдсэн байх гэж заажээ. Гэтэл хэргийн 27,29,30 дугаар талд авагдсан “Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт” нь дээрх шаардлагыг хангаагүй, бичвэрийн хувьд дутуу, уг дүгнэлтийг гаргахад үндэслэсэн үзлэг, шинжилгээ хийсэн гэх баримтууд нь тухайн иргэнд хийгдсэн эсэх нь тодорхой бус, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлэх шаардлагыг хангаагүй, хуулбар баримтууд байна. Иймд шүүх нотлох баримтад тавигдах хуулиар тогтоосон шаардлага хангаагүй баримтыг үнэлж дүгнэлт хийсэн нь буруу гэж үзнэ.

 

Түүнчлэн, гуравдагч этгээд Ж.Н нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, 27-4 тоотод эхнэр Н.Т, насанд хүрээгүй 3 хүүхдийн хамт амьдардаг нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор /хх11,12/ тогтоогдсон бөгөөд тэрээр давж заалдах гомдолдоо “эхнэр Н.Т-г БНСУ-д гэрээгээр ажиллахаар явах гэж байгаа, хүүхдүүдээ асран халамжлах шаардлагатай” гэжээ. Хэрэгт авагдсан “ПТ” ХХК-ийн 08 тоот Тодорхойлолтод Н.Т-г тус компанийн гадаад худалдаа эрхэлсэн менежерээр ажилладаг, БНСУ явах гэж байгаа талаар тусгасан байна.

 

Давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл,  гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, “БГДЦНХ”гаргасан Ж.Н-г албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/02206 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлт гаргагч “БГДЦНХ” Ж.Н-г архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу гуравдагч этгээд Ж.Н-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                                                              Т.ТУЯА