| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2023/02815/И |
| Дугаар | 102/ШШ2023/04726 |
| Огноо | 2023-12-20 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2023/04726
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо тоот “Х т” ХХК /РД: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 23 дугаар хороо тоотод оршин суух Н овогт Ж О /РД: /
Түрээсийн гэрээний үүрэг болон алданги 74,980,430 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 18,950,000 төгрөгийн үнэ бүхий 29 төрлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Э, хариуцагчийн төлөөлөгч Х.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Намуун
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х т” ХХК нь хариуцагч Ж.От холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг, алданги болон ашиглалтын зардалд 74,980,430 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хариуцагч Ж.Отэй 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Түрээсийн гэрээ” байгуулсан ба уг гэрээгээр Баянгол дүүрэг 8 дугаар хороо * тоотод байршилтай 217,49 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэг сарын 2,750,000 төгрөгөөр, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэг сарын 5,500,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулсан.
1.2. Хариуцагч нь 2022 оны 6, 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөрт 7,700,000 төгрөг төлж, 550,000 төгрөгийг дутуу төлсөн. Гэрээний 3.2.1 дүгээр зүйлд түрээсийн төлбөрийг сар бүрийн 28-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон боловч 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш гэрээний үүргээ зөрчиж түрээсийн төлбөрөө огт төлөөгүй.
1.3. 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар түрээсийн төлбөрт 28,050,000 төгрөг, 126 хоног хэтрүүлсэн алдангид 12,281,500 төгрөг төлөхөөс 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 10,000,000 төгрөгийг алдангид суутгасан ба гэрээ дуусгавар болсон 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөр 47,033,870 төгрөг, алданги 25,357,806 төгрөг болсон. Алдангийн хэмжээ нь хуульд зааснаас хэтэрсэн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 23,516,935 төгрөг, түрээсийн төлбөр 47,033,870 төгрөг нийт 70,550,805 төгрөг төлөх үүрэгтэй байна.
1.4. Түрээсийн гэрээний 7.4-т зааснаар ашиглалтын зардал болох дулаан, цэвэр, бохир усны төлбөрийг түрээслэгч тал хариуцахаар тохирсон ба ашигласан хугацааны зардлыг огт төлөөгүй байна. “Т” ХХК-иас манайд ирүүлсэн нэхэмжлэхээс 2022 оны 3, 4 сарын төлбөрийг хасаж тооцон 4,429,625.95 төгрөгийг шаардаж байна гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул уг гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болсон байна.
2.2. Хүчин төгөлдөр бус хэлцлээр алданги төлөх үндэслэлгүй, дулаан, цэвэр, бохир усны зардлыг төлөөгүй байгаа боловч нэхэмжлэх эрх бүхий байгууллагаас манайхаас давхардуулан шаардах эрсдэлтэй тул нэхэмжлэгч шаардлага гаргах эрхгүй.
2.3. Иймд гэрээний дагуу түрээсийн төлбөрт 54,733,870 төгрөг төлөхөөс 17,804,000 төгрөгийг төлсөн үлдэх 36,929,870 төгрөг байгааг зөвшөөрнө. Алданги, ашиглалтын зардлыг төлөхөөс татгалзаж байна гэжээ.
3. Хариуцагч Ж.О нь нэхэмжлэгч “Х т” ХХК-д холбогдуулан 29 төрлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч тал гэрээг дангаар цуцлаж, 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн үед түрээсийн эд хөрөнгийг чөлөөлүүлсэн ба энэ үедээ цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, бусад бичиг баримт, гал тогооны хэрэгсэл, ширээ, сандал, эмчилгээний хэрэгслүүд гэх мэт 36 нэр төрлийн эд хөрөнгүүдийг түрээсийн төлбөрийн барьцаанд авч үлдсэн.
3.2. Талууд түрээсийн гэрээнд барьцааны нөхцөл тусгаагүй, тусдаа барьцааны гэрээ байгуулагдаагүй байхад дээрх хөрөнгүүдийг барьцаанд авсан нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ авч өмчлөгчийн эрхийг зөрчиж байна. Нэхэмжлэгч нь тайлбартаа 7 нэр төрлийн эд хөрөнгийг байхгүй гэсэн байх тул байгаа болохыг зөвшөөрсөн 29 нэр төрлийн эд хөрөнгүүдийг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.
4. Сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
4.1. Түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх үед хариуцагчийг эд хөрөнгөө авахыг сануулж мэдэгдсэн бөгөөд хөрөнгөө аваагүй болно.
4.2. Хариуцагч нь түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлаа төлөөгүй, төлөх талаар удаа дараа сануулсаар байхад төлөөгүй тул түрээсийн байранд үлдсэн хөрөнгийг төлбөр төлөгдөх хүртэл хадгалах шийдвэрт хүрсэн бөгөөд энэ төлбөрийг төлөх хүртэл барьцаалах эрхтэй гэж үзэж байна.
4.3. Хариуцагчийн шаардсан хөрөнгөөс тоглоомууд, ахлах болон бага ангийн тавиурууд гэсэн 3 нэр төрлийн хөрөнгийг хүлээлгэж өгсөн, 4 нэр төрлийн эд хөрөнгийг дараагийн түрээслэгч хаясан гэдэг. Бусад шаардаж буй эд хөрөнгө болон бичиг баримтууд байгаа гэжээ.
5. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: “Х т” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээ, 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 123/23 дугаартай түрээсийн төлбөр төлөх мэдэгдэл, “Т” ХХК-ийн ашиглалтын зардлын нэхэмжлэхүүд, CD-2 ширхэг /ХХ-5-13, 33-49 дүгээр тал/
6. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /ХХ-ийн 128-133 дугаар тал/
7. Хариуцагч талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн. Үүнд: үзлэгийн тэмдэглэл, холбогдох зургууд, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /ХХ-ийн 79-80, 88-97 дугаар тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 41,783,870 төгрөг, алданги 20,891,935 төгрөг нийт 62,675,805 төгрөгийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ихэсгэж, түрээсийн төлбөрт 54,733,870 төгрөг төлөхөөс 7,700,000 төгрөг төлсөн үлдсэн 47,033,870 төгрөг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 23,516,935 төгрөг, 2022 оны 5 дугаар сараас 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны ашиглалтын зардал 4,429,625 төгрөг нийт 74,980,430 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу түрээсийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ хариуцагч зохих ёсоор биелүүлээгүйгээс хариуцагчийн төлсөн төлбөрөөс 7,700,000 төгрөгийг үндсэн төлбөрт, 10,000,000 төгрөгийг алдангид суутгаж тооцсон. Түрээсийн хөрөнгийг ашигласан хугацааны дулаан, цэвэр, бохир усны төлбөрийг огт төлөөгүй байна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус тул алданги төлөх үндэслэлгүй, нийт төлбөр болох 54,733,870 төгрөгөөс төлсөн 17,804,000 төгрөгийг хасаж үлдэгдэл нь 36,929,870 төгрөг байгааг зөвшөөрнө. Дулаан, цэвэр, бохир усны төлбөрийг төлөөгүй нь үнэн боловч нэхэмжлэгч төлөөгүй байгаагаас нэхэмжлэх эрх бүхий байгууллага нь манайхаас давхар шаардах эрсдэлтэй тул нэхэмжлэгч шаардах эрхгүй этгээд гэж үзэж байна.
4. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Х” ХХК, Ж.О нарын хооронд байгуулагдсан “түрээсийн гэрээ”-гээр “Х” ХХК нь Баянгол дүүрэг 8 дугаар хороо *тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205080171 дугаарт бүртгэлтэй 217.49м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар Ж.Оийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, Ж.О нь үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласан төлбөрт 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэг сарын 2,750,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нэг сарын 5,500,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээг 5 жилийн хугацаатай байгуулжээ.
Талууд 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөр гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн эзэмшилд буцаан шилжүүлсэн, хариуцагч нь гэрээний төлбөрт нийт 54,733,870 төгрөг төлөх үүрэгтэй, дээрх хугацаанд 17,804,000 төгрөг төлсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байх хугацааны дулаан, цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээний төлбөр төлөгдөөгүй үйл баримт тогтоогдсон, энэ асуудлаар талууд маргаагүй. Харин гэрээ хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч нь 10,000,000 төгрөгийг алдангид суутгасан нь үндэслэлтэй эсэх, дулаан, цэвэр, бохир усны үйлчилгээний үнийг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх асуудлаар маргав.
Дээрх гэрээний агуулга, шинж, нөхцөл, талуудын хүлээсэн үүргээс дүгнэвэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүсгэх хүсэл зориг бүхий гэрээ байна. Энэ гэрээг байгуулах хэлбэрийн шаардлагыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан. Хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зохицуулсан байна. Иймд талууд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул хуульд заасан шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна.
Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар нь өгсөн, авснаа буцаах, боломжгүй бол үнийг төлөх үүргийн харилцаагаар солигдох тул нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэг шаардах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ “хүчин төгөлдөр бус байх” нь гэрээний үүрэг хүлээхгүй гэсэн агуулгатай бөгөөд нэгэнт хэрэгжсэн гэрээний хувьд гэрээний бус үүргийн харилцаа буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой үүргийн харилцаа үүснэ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь уг зүйлийг олж авсан этгээдээс “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тухайн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Иймд хариуцагч нь эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан байдлыг биет байдлаар буцаах боломжгүй тул уг хөрөнгийг эзэмшил, ашиглалтандаа байх хугацааны төлбөрийг нэхэмжлэгчтэй тохирсон хэмжээгээр түүнд өгөх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт нийцнэ.
Нэхэмжлэгчийн алданги шаардах үндэслэл болсон гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсноор уг гэрээний дагуу алданги шаардах эрх зүйн үндэслэл үгүйсгэгдэнэ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн төлбөрөөс алдангид тооцож суутгах, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож алданги шаардах эрхгүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшиж, ашиглаж байсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул уг хөрөнгийг эрчим хүчээр хангах, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээний үнийг төлөх үүргийг хуулиар хүлээсэн байна. Иймд дээрх үйлчилгээний төлбөрийг эрх бүхий байгууллагаас шаардсан хэмжээгээр хариуцагчаас шаардах эрх бүхий этгээд нь нэхэмжлэгчийг гэж үзнэ. Дээрх төлбөрт эрх бүхий байгууллагаас 2022 оны 3 дугаар сараас 2023 оны 5 дугаар сарыг хамааруулан 4,856,806.79 төгрөг шаардсан байх ба үүнээс хариуцагчийн эзэмшилд байгаагүй хугацааны 2022 оны 3, 4 дүгээр сарын төлбөрийг хасвал 4,026,932 төгрөг болж байна. Иймд хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласны төлбөрт төлөх 58,760,802 /54,733,870 + 4,026,932/ төгрөгөөс төлсөн 17,804,000 төгрөгийг хасаж 40,956,802 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Иймд нэхэмжлэлээс 34,023,628 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Зохигчийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнд барьцааны нөхцөл заагаагүй, тусдаа барьцааны гэрээ байгуулаагүй атлаа нэхэмжлэгч нь цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл, холбогдох бусад бичиг баримт, гал тогооны хэрэгсэл, ширээ, сандал зэрэг 24,300,000 төгрөгийн үнэ бүхий 36 нэр төрлийн эд хөрөнгийг түрээсийн төлбөрийн барьцаанд авч үлдэж эд хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ авсан үндэслэлээр дээрх бичиг баримт, хөрөнгүүдийг гаргуулахаар шаардсан. Дээрх эд хөрөнгүүдээс нэхэмжлэгч нь 3 нэр төрлийн хөрөнгүүд болох тоглоом, ахлах болон бага ангийн тавиуруудыг хариуцагчид хүлээлгэн өгсөн, 4 нэр төрлийн эд хөрөнгийг байхгүй, үлдсэн эд хөрөнгө болон бичиг баримтуудыг эзэмшилдээ байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Харин хариуцагч нь нэхэмжлэгчийн хүлээлгэж өгсөн гэх 3 нэр төрлийн эд хөрөнгийг хүлээж аваагүй, 4 нэр төрлийн хөрөнгийг хаясан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн тухайн 7 нэр төрлийн эд хөрөнгийн үнийг 5,350,000 төгрөгөөр тогтоож, уг мөнгийг гаргуулах, 29 нэр төрлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс авах гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнээс шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2023/20909 дугаар захирамжаар “шаардаж буй эд хөрөнгийн нэр төрөл, тоо ширхэг тодорхойгүй”-гээс нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан ба хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 29 нэр төрлийн эд хөрөнгө, цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, бусад бичиг баримтууд гаргуулах гэж тодорхойлсны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Энэ шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн үзлэг хийлгэхийг хүссэн CD-д буулгасан бичлэгт үзлэг хийгээгүй болохыг дурдав. Иймд бусад шаардаагүй эд хөрөнгийн асуудлаар талуудын хооронд гарсан маргаанд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт “Газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй” гэж зааснаар хөлслүүлэгч /түрээслүүлэгч/ нь түрээсийн гэрээний дагуу төлбөр шаардах эрхтэй байвал түрээсийн байранд байгаа хөлслөгч /түрээслэгч/-ийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй. Өөрөөр хэлбэл саатуулан барих эрх нь түрээсийн гэрээний харилцаанаас үүсэх бүхий л эрхийг баталгаажуулах зорилготой бөгөөд тухайн гэрээний дагуу түрээслэгчийн эсрэг шаардлага гаргах эрхтэй байвал үүснэ. Энэхүү эрх нь барьцааны гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран хуулийн дагуу үүсдэг үүргийн гүйцэтгэлийг хангах аргад хамаардаг байна. Харин талуудын байгуулсан “түрээсийн гэрээ” нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул дээрх саатуулан барих эрхийн эрх зүйн үндэслэл үгүйсгэгдэж хариуцагчийн эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшилд байгаа гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч 29 нэр төрлийн эд хөрөнгийг шаардах эрхтэй байна. Тухайн шаардаж буй хөрөнгө болон бичиг баримтууд нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа болохыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчид шилжүүлж өгөхийг даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж Оээс 40,956,802 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 34,023,628 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан төмөр тавиур, төмөр угаалтуур, тосгуур, төмпөн, бэлтгэлийн төмөр ширээ, будаа агшаагч, хөлдөөгч, дээжний хөргөгч, 5 үетэй тавиур, аяганы ком, лисва плитка, ширээ, бор хүрэн шкаф, принтер, компьютер, сандал, жижиг шкаф, цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон бусад бичиг баримтууд, жингийн хил, шарлагын аппарат, эмчилгээний хэрэгслүүд, хүүхдийн 00, хүүхдийн угаалтуур, хүүхдийн ванн, хүүхдийн шүршүүр, ангийн дрож, хөшиг тогтоогч, 3 ангийн хөшигийг Ж.От шилжүүлэхийг “Х” ХХК-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 698,105 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,450 төгрөгөөс 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 362,734 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д, “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 209,250 төгрөгийг тус тус гаргуулж Ж.От олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА