| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2022/01203/И |
| Дугаар | 155/ШШ2023/00210 |
| Огноо | 2023-02-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2023/00210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг Прокурорын байр, Хөвсгөл аймгийн Прокурорын газар,
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Прокурорын газрын шүүхэд төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор ажилтай Шарга морьт Лгийн О ,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт оршин суух, Б Ргийн Эд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 18,266,832 (арван найман сая хоёр зуун жаран зургаан мянга найман зуун гучин хоёр) төгрөг гаргуулах тухай 155/2022/01203/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Иргэдийн төлөөлөгч: Ш.Х,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.О,
Хариуцагч Р.Э,
Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Д, Б.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О нь хариуцагч Р.Э-д холбогдуулан гэм хорын хохирол 18,266,832 (арван найман сая хоёр зуун жаран зургаан мянга найман зуун гучин хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:..-ийнгийн Э нь 2021 оны 01 дүгээр сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх 2 дугаар багийн нутаг Нарийн гачуурт гэх газарт зөвшөөрөлгүй, хууль бусаар З,6 метр куб хуш модыг бэлтгэж, экологи эдийн засагт 6,088,944 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой Ц.Т нь Эрүүгийн 2238000850637 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Ргийн Э холбогдох Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг 2021 оны 8 дугаар сард үйлдсэн ба 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 22 дугаартай тогтоолоор Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.У нь хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна гэж заасан, иргэн Р.Э-ийн хууль бус үйлдлийн улмаас Байгаль орчин, уур амьсгалын санд хохирол учирсан, уг хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу прокурор өөрийн санаачилгаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Р.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 6,088,944 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэн буюу 18,266,832 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй нь төрийн ашиг сонирхолд хохирол учруулсан хэвээр байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Р.Э нь 2021 онд хууль бус санаатай үйлдлээр төрд учруулсан гэм хорын хохирлоо хариуцан арилгах үүрэгтэй болно.
Иймд Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна.
Иргэн Р.Эаас гэм хорын хохирол 6.088.944 (зургаан сая наян найман мянга есөн зуун дөчин дөрөв) төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж 18,266,832 (арван найман сая хоёр зуун жаран зургаан мянга найман зуун гучин хоёр) төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж өгнө үү... гэжээ.
2.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа:...Р.Э нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэж экологи эдийн засагт хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон. Мод бэлтгэх гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан учир Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тиймээс энэ хохирлыг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Р.Э нь хууль бусаар мод бэлтгэснээ хүлээн зөвшөөрч байгаа боловч төлбөрийн чадваргүй учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна. Төлбөр төлөх төлбөрийн чадваргүй байх нь гэм хорын хохирлыг арилгуулахад хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.
Нэхэмжлэлээ дэмжиж байна. Шүүх хуралдаанд хариуцагч гэм хорын хохирлыг төлөхгүй гэж маргаж байгаа боловч энэ үндэслэлээ тодорхойлж чадахгүй байна гэж харж байна. Яагаад төлөхгүй байгаа талаараа нотлох баримтуудаа гаргаж өгөхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ нь намайг гэм буруугүй гэдгийг нотолж байна гэж ярихгүй байна. Ярьж байгаа тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаад эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэж, гэм хор учруулсан. Үүнийгээ эрүүгийн хэрэгт гэрч яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хүлээсэн. Ганцхан түүний мэдүүлгээр тогтоогоогүй бусад нотлох баримтаар тогтоогдсон. Хууль бусаар бэлтгэсэн мод нь хураагдсан.
Дээрх нөхцөл байдлуудаар гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдлыг хуульчилан заагаад өгсөн нөхцөл байдал үүссэн учир хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн. Гэтэл шүүх хуралдаанд ойн мэргэжлийн байгууллагатай байсан, тусгаарласан тайлбайгаас бэлтгэсэн гэж худал хэлж байна.
Мөн өөр хүний эрхийн бичиг өгч хууль хяналтын байгууллагыг хууран мэхлэх гэсэн ийм худал хуурмаг, дээрээс нь гэмт хэрэг үйлдсэн байгаа нь таарамжгүй байна. Мэргэжлийн хуульч хүмүүс хууль зүйн зөвлөгөө өгөх мэдээ мэдээлэл өгөхдөө хууль бус мэдээ мэдээлээр хангаад явж байх ёсгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Р.Э нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж буй татгалзлаа:
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн тайлбартаа:...Гэм хорын хохирол гаргуулах тухай Хөвсгөл аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Хөвсгөл аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг Хангайн хишиг ойн нөхөрлөлийн гишүүн бөгөөд манай нөхөрлөл 2008 онд 11 гишүүнтэй байгуулагдан Жаргалант сумын ойн ангийн 73, 74, 75 дугаар хэсэглэлийн 1043 га талбайг гэрээгээр эзэмшиж, ойг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах үйл ажиллагаа явуулж ирсэн юм. Тус ойн нөхөрлөлийн ахлагчаар миний төрсөн ах Р.Энхбат ажилладаг. Манай нөхөрлөл 2021 оны 11 дүгээр сард Жаргалант сумын Цэцүүх багийн нутаг нарийн гачууртын Хуст гэх газраас хэрэглээний болон түлшний мод бэлтгэхээр 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 21-094094 тоот эрхийн бичгээр хэрэглээний мод 6840м2 , 21-094095 тоот эрхийн бичгээр хэрэглээний мод 5701 м3 21094096 тоот эрхийн бичгээр хэрэглээний мод 4560м3-ыг бэлтгэхээр хураамжаа төлөөд зөвшөөрлийн бичгээ авсан боловч тэр өвөл цас их орсон, машин тэрэг явахгүй, мал аж ахуй, өвөлжилт хүндрэлтэй байсны улмаас ажиллах хүч, техникийн боломжгүй болж эрхийн бичиг авсан хугацаандаа модоо бэлтгэж чадаагүй юм.
Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр модыг чинь үзэж дүгнэлт гаргана гэж үзлэг хийсэн. Манай нөхөрлөл хууль бусаар мод бэлтгээгүй, хууль дүрмийн дагуу хураамжаа төлж, эрхийн бичгээ авч хэрэглээний зориулалтаар хуурай шинэс мод бэлтгэсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
2.Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...2021 онд авсан эрхийн бичгээрээ мод бэлтгэсэн боловч тэр үед цас зуд болоод бэлтгэсэн модоо авч чадаагүй. Тэгээд 2022 оны 10 дугаар сард бэлтгэсэн модоо битүүмжлүүл гэхээр нь яваад очсон чинь бүгд байхгүй болсон байсан. Би төлбөр төлөх боломжгүй. Зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй. Би мод бэлтгэх зөвшөөрөлтэй байсан. Хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолтой би сая л танилцсан...гэв.
3.Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шатнаас хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хууль зүйн зөвлөгөөг буруу өгсөн зүйл байхгүй. Энэ хэргийг анхнаасаа хольж хутгаж шалгасан байдаг. Нотлох баримтуудын огноо тэнд бичигдсэн зүйл зөрүүтэй байдаг.
Эы гарын үсэг байдаггүй гэх мэт зөрүүтэй зүйл олон байдаг. Хүний хувь заяаны асуудал шийдэх гэж байгаа цагдаа, прокурор хэргийг бодитой тогтоох ёстой. Заавал гэм буруутай болгох гээд зүтгээд байх биш нотлох баримтаар тогтоох ёстой. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар Н.Л гэдэг хүнийг татсан байдаг.
Р.Эыг яллагдагчаар татсан тухай тогтоол энэ хэрэгт байдаггүй.
Сүүлд хэрэгт нэхэмжлэгч тал баримтуудыг нотариатчаар гэрчлүүлж өгсөн байдаг. Тэгэхдээ ч яллагдагчаар татсан тогтоолыг гаргаж өгөөгүй. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол бий. Уг тогтоолд Р.Э нь 2022 оны 01 дүгээр сард Жаргалант сумын Цэцүүх 01 дүгээр баг, Нарийн гачуурт гэх газраас зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 3,6м3 хуш мод бэлтгэж экологи эдийн засагт 6,888,944 төгрөгийн хохирол учруулсан хэргийг хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчүүдийн мэдүүлэг, Эрчимт Идэр сум дундын ойн ангийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хууль бусаар мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон тул 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Р.Э Н.Л нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Гэвч хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг 2021 оны 01 дүгээр сар болон 8 дугаар саруудад үйлдсэн ба 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болголоо гэж бичсэн байдаг. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар татсан тогтоолд нь Р.Эыг яллагдагчаар татсан заалт байдаггүй. Энэ хүн хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэж яллагдагчаар татагдаагүй атлаа хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд нэр нь ороод ирсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул иргэний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2238000850637 дугаартай прокурорын тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 22 дугаартай тоотуудыг нотлох баримтаас хасуулах саналтай байна.
Хариуцагч Р.Э нь хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг 2023 оны 2 дугаар сарын 6,7-ны үед гардаж авсан байдаг. Шүүх хуралдаан зарласан үед тухайн тогтоолоо авсан талаар надад хэлсэн. Тухайн тогтоолоо явуулаач гэхэд Н.Лгийн тогтоолын зургийг дарж явуулсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй учир гэм хорын хохирол нэхэмжлэх болон төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэн нэгнийг гэм буруутайг шүүх тогтоодог байтал иргэн Р.Эыг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм хорын хохирол гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хэрэгт цугларсан нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Тухайлбал 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан байхад хэргийн газрын үзлэгийг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хийсэн...гэх мэтчилэн дотор нь бичигдсэн зүйлүүд хүн ойлгоход хэцүү огноо болоод утга агуулгын хувьд ойлгомжгүй байгаа.
Энгийн хүн байтугай хуульч нар уншихад ойлгомжгүй байгаа учир үүнээс болж сая мэтгэлцээн болох шиг боллоо. Үүнд анхаарлаа хандуулж өгөөсэй гэж хүсэж байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэмээд хэлэхэд хэргийн газрын үзлэг хийгээд урт өргөнийг нь бичээд цуваадаад явсан байдаг. Тухайн мод нь босоо мод юм уу унаанги мод юм уу, хожуул юм уу, шинэс юм уу, хуш юм уу гэдэг нь тодорхой бус мөн унаанги мод тайрсан юм уу, хуш мод тайрсан юм уу гэдэг нь ч тодорхой бус байдаг. 77 ширхэг хуурай банзыг 77 ширхэг хуш банз гэж шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Энэ нь хуурай хэрэглээний модондоо ордог юм байна. Үүнийг бас баталгаажуулаагүй байдаг. Р.Э шинэс мод бэлтгэсэн юм уу, хуш мод бэлтгэсэн юм уу гэсэн асуултад прокурор хуш мод бэлтгэсэн гэж хариулсан. Шууд ба шууд бус үр ашгийн үнэлгээнд 77 ширхэг хуш банз чинь хэдэн метрийн урттай юм бэ, хэдэн сантиметрийн өргөнтэй юм бэ гэсэн эзэлхүүнийг нь олж байгаад эзлэхүүнийг нь 100-д хуваагаад гаргадаг аргачлал байдаг юм билээ. Энэ аргачлалаар бодоход тухайн мэргэжлийн байгууллага задаргааг нь хийж өгөх ёстой. Тухайлбал тооллогын хэмжилтийн хүснэгт гэдэг зүйлийг гаргаж өгөх ёстой. Гэтэл энэ баримт хавтаст хэрэгт харагддаггүй гэх мэтчилэн буруу бодогдсон асуудлууд энэ хэрэг дээр байгаа юм. Хүний хувь заяатай холбоотой асуудал байхад н.У прокурор хяналтаа сайн тавиад зөв шалгаад явж болохгүй байсан юм болов уу гэж харж байна. Аль аль тал нь анхаармаар асуудал байна. Энэ хүний ард түүний үр хүүхэд бий. Энэ хүн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, нэн ядуу өрх гэдэг утгаар улсын өмгөөлөгч авч байсан юм билээ. Тийм учраас би энэ хүнд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа гэдгээ хэлье гэв.
4.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас Р.Эыг 2021 оны 01 дүгээр сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг Цэцүүх гэх газраас хууль бусаар зөвшөөрөлгүй хуш мод бэлтгэж экологи эдийн засагт хохирол учруулсан гэж үзэж байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нараас 2021 оны 01 дүгээр сард гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх талаар асуусан. Хариуцагч тухайн цаг хугацаанд мод бэлтгэсэн зүйл байхгүй гэж хариулсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхээр 2021 оны 01 дүгээр сард энэ хүн хууль бусаар мод бэлтгэсэн гэсэн нэг ч үг, өгүүлбэр байдаггүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад бүгд 2022 он гэж бичигдсэн байдаг.
Тиймээс Р.Э нь 2021 оны 01 дүгээр сард хууль бусаар мод бэлтгээгүй болох нь харагдаж байна. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
Прокурорыг цаг хугацааны хувьд андуураад байгаа юм болов уу гээд асууж тодруулахаар үгүй ээ, 2021 оны 01 дүгээр сард гэмт хэрэг үйлдэгдсэн гэж хариулж байна. Нэхэмжлэгч талаас бариад байгаа гол нотлох баримт нь бол хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол байдаг. Энэ тогтоолыг нарийн уншаад үзэхээр Р.Э хууль бусаар мод бэлтгэсэн гэдгийг тогтоож өгөөгүй. Прокурор гэмт хэрэг үйлдсэнийг нь тогтоогоод хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон гэж тайлбарлаад байгаа. Гэвч яаж тогтоосон юм бэ гэхээр энэ талаар тогтоосон баримт байдаггүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд прокурор ...Р.Э нь хууль бусаар мод бэлтгэсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон учир Р.Э, Н.Л нарыг яллагдагчаар татсан... гэдэг өгүүлбэрийг уншсан. Уг өгүүлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нь тогоогдсон гэж тайлбарлаад байна. Гэтэл яллагдагчаар татах гэдэг үйл ажиллагаа чинь тусдаа, гэмт хэрэг үйлдсэнийг тогтооно гэдэг чинь тусдаа, хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа үйл ажиллагаа чинь ч тусдаа шүү дээ. Хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тогтоолд Р.Эыг хууль бусаар мод бэлтгэсэн гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Тиймээс Р.Эыг тухайн гэмт хэргийг үйлдсэн юм байна гээд гэм хорын хохирлыг нэхэмжлэх нь үндэслэлгүй. Гэм буруутай эсэхийг шүүх тогтоодог. Хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд хэргийг гэмт хэрэг үйлдсэнийг тогтоогоогүй. Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолд хохирол хор уршгийг яаж шийдвэрлэх талаараа дурдаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Иргэдийн төлөөлөгч Ш.Х нь хэргийг хэрэгсэхгүй болгоё гэсэн дүгнэлт гаргажээ.
Нотлох баримт:
Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1502 дугаартай албан бичиг 01 хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаартай Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл 01 хуудас, Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн инженер Р.Отгонжаргалын дүгнэлт 2 хуудас, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 96 дугаартай Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл 02 хуудас, Экологийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Болдсайхны 2022.02.10-ны өдрийн Р.Э, 2022 оны 5 сарын 09-ний өдөр Т.Сумандадар, 2022 оны 5 сарын 06-ны өдөр Р.Энхбатаас авсан гэрчийн мэдүүлэг 4 хуудас, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоолын хуулбар 3 хуудас, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №2238000850637 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол 3 хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай Мөрдөгчийн тогтоол 01 хуудас, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа 02 хуудас, Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт 02 хуудас, Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Тгийн 2022 оны 11 дүгээр сарын 01, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Р.Эаас авсан яллагдагчийн мэдүүлэг 5 хуудас,
Хариуцагчаас Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2/48 дугаартай албан бичиг 01 хуудас, Мод бэлтгэх 21-094094, 21-094095, 21-094096 дугаартай эрхийн бичиг 02 хуудас, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ 01 хуудас, Мод бэлтгэлийн талбай сонгосон тухай акт, мод бэлтгэх талбай сонгосон ойн үндсэн үзүүлэлт 01 хуудас, Дээж талбайн тооллогын хүснэгт, Нийт талбайн тооллогын хүснэгт 01 хуудас, Амьдрах чадвартай өсвөр модны тооллогын хүснэгт, Тусгаарласан талбайн мөнгөн үнэлгээ 01 хуудас, Тусгаарласан талбайг хүлээлгэн өгөх акт 01 хуудас, Бэлтгэх талбайн тойм зураг 01 хуудас зэргийн хуулбаруудыг гарган өгсөн ба талууд хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ. Учир нь:
1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Р.Э нь 2021 оны 01 дүгээр сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх 2 дугаар багийн нутаг Нарийн гачуурт гэх газраас зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 3,6м3 хуш мод бэлтгэсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Р.Эы үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас экологи, эдийн засагт 6,088,944 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлсэн буюу 18,266,832 төгрөгийг хариуцагч нь төлж барагдуулаагүй тул хохирлыг гаргуулна...гэж тайлбарлав.
2. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Хариуцагч Р.Э...Би мод бэлтгэх зөвшөөрөлтэй байсан учир зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй....гэж,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д...хэргийг анхнаасаа хольж хутгаж шалгасан, хүний хувь заяаны асуудал шийдэх гэж байгаа цагдаа, прокурор хэргийг бодитой тогтоох ёстой. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар Н.Л гэдэг хүнийг татсан байдаг. Харин Р.Эыг яллагдагчаар татсан тухай тогтоол хэрэгт байдаггүй. Энэ хүн хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэж яллагдагчаар татагдаагүй атлаа хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд нэр нь ороод ирсэн. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй учир гэм хорын хохирол нэхэмжлэх болон төлөх хууль зүйн үндэслэлгүй. Хэн нэгнийг гэм буруутайг шүүх тогтоодог бөгөөд Р.Эыг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм хорын хохирол гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэж,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э...хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхээр 2021 оны 01 дүгээр сард энэ хүн хууль бусаар мод бэлтгэсэн гэсэн нэг ч үг, өгүүлбэр байдаггүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад бүгд 2022 он гэж бичигдсэн байдаг. Тиймээс Р.Э нь 2021 оны 01 дүгээр сард хууль бусаар мод бэлтгээгүй болох нь харагдаж байна. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэгч талаас бариад байгаа гол нотлох баримт бол хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол. Тус тогтоолоор Р.Эыг хууль бусаар мод бэлтгэсэн гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Тиймээс Р.Эыг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж гэм хорын хохирлыг нэхэмжлэх үндэслэлгүй. Гэм буруутай эсэхийг шүүх тогтоодог. Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолд хохирол, хор уршгийг яаж шийдвэрлэх талаараа дурдаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...гэж тус тус байр сууриа илэрхийлж, мэтгэлцэж байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Үүнд: Нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх 2 дугаар багийн Нарийн гачуурт гэх газарт зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн хэргийг шалгах явцад Р.Э, П.Л нар зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн ба эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах явцад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан учир хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх, хариуцагч Р.Эы...би бичиг үсэг мэдэхгүй. Байцаагч өөрөө өмгөөлөгч чамд олж өгнө гээд нэг өмгөөлөгчтэй байцаалт өгч байсан, ... тэр мод хийсэн гэх газарт үзлэг хийхэд би байгаагүй...гэх тайлбаруудаар Р.Э нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутгаас зөвшөөрөлгүй, хууль бусаар мод бэлтгэсэн гэх хэрэгт Р.Эаас мэдүүлэг авсан,
Мөн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2238000850637 дугаар тогтоолоор эрүүгийн 223800085 дугаартай хэрэгт Хөвсгөл аймаг Жаргалант сум 2 дугаар багт оршин суух хаягтай Цэрэнжавынхан овогт Пүрэвжавын Лг яллагдагчаар татсан болох нь тогтоогдлоо.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр хариуцагч гэм буруутай нь тогтоогдсон эсэх талаар маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж хуульчилсны дагуу прокурор нэхэмжлэл гаргах эрхтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүн, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ -ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан ба учруулсан хохирол, гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас үүссэн, энэ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгчид шаардах эрхтэй.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр, хариуцагч Р.Эы буруутай үйлдлийн улмаас байгаль экологид хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал нэхэмжлэгчийн төлөөлөгч...Р.Э нь 2021 оны 01 дүгээр сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх 2 дугаар багийн нутаг Нарийн гачуурт гэх газарт зөвшөөрөлгүй, хууль бусаар 3,6м3 хуш мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэж байгаль экологид хохирол учруулсан болох нь Хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолоор тогтоогдож байгаа...хэмээн тайлбарлаж, нотлох баримтаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоолын хуулбарыг гарган мэтгэлцэж байгаа боловч дээрх баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн түүнийг буюу Р.Эыг яллагдагчаар татсан тогтоол хэрэгт авагдаагүй болно.
Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ эрүүгийн 2238000850637 дугаартай хэрэгт Р.Эыг яллагдагчаар татаж шалгасан гэх боловч дээрх хэрэгт П.Лг яллагдагчаар татсугай гэсэн тогтоолыг ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй.
Гэвч нэхэмжлэгч тал хэрэгт ач холбогдол бүхий баримтаа ирүүлээгүйгээс шаардлагаа нотлож чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Р.Эы гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид хохирол үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдоогүй болно.
Нөгөө талаар гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болох ба гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэх, гэмт хэргийн улмаас хохирол учирсан эсэхийг шүүх шийдвэрлэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-д шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж хуульчилсан.
Иймд дээрх үндэслэлээр Хөвсгөл аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй Р.Эд холбогдох гэм хорын хохирол 18,266,832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэдийн төлөөлөгч Ш.Х нь шүүх хуралдаанд...хэрэгсэхгүй болгоё... гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд энэхүү дүгнэлт нь шүүхээс өгсөн эрх зүйн дүгнэлттэй тохирч байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Эд холбогдох гэм хорын хохирол 18,266,832 (арван найман сая хоёр зуун жаран зургаан мянга найман зуун гучин хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
Р.САРАНТУЯА