| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2023/00307/И |
| Дугаар | 155/ШШ2023/00517 |
| Огноо | 2023-05-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2023/00517
| 2023 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 155/ШШ2023/00517 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багт оршин суух, Д.Б (...),
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар багт оршин суух, Д.Ц (..............),
Нэхэмжлэлийн шаардлага: 3,260,000 (гурван сая хоёр зуун жаран мянга) төгрөг гаргуулах тухай 155/2023/00307/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь Д.Цд холбогдуулан 3,260,000 (гурван сая хоёр зуун жаран мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.Б нь 2022 оны 02 дугаар сард М.Ггээр дамжуулж Д.Цд 8,400,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сард 12 тооны шүдлэн, хязаалан үхэр авахаар мөнгөө урьдчилж өгсөн байдаг. Гэтэл Д.Ц мөнгөө авсан мөртлөө товлосон хугацаандаа буюу 5 дугаар сард үхрээ өгөөгүй. 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дахин уулзаж мал авахаа больж мөнгөө авахаар болж ингэхдээ өмнө нь хэрэглүүлсэн хугацаандаа буюу 2022 оны 2 дугаар сараас 6 дугаар сар хүртэл нийт 4 сарын хугацааны хүүг 1 сарын 10 хувийн хүүтэй тохирч нийт 3,360,000 төгрөгийн хүү тохирч Д.Ц нь баталгаа бичиж өгсөн байдаг. Д.Ц 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 3,360,000 төгрөг, 8 дугаар сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөг, 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,640,000 төгрөгийг тус тус төлж нийт 8,500,000 төгрөгийг Д.Бэд өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл үндсэн зээлээсээ 100,000 төгрөгөөр илүү мөнгө төлсөн байгаа. Ийм учраас одоо үндсэн мөнгө 3,260,000 төгрөгийг Д.Ц гаргуулж өгнө үү гэж хүсэж байна.
...Малын үнэлгээн дээр тохироогүй биш яг өгөх болтол хариуцагч Д.Ц шалтгаан хэлээд хойшлуулаад байсан юм байна лээ. Энэ хоёр хүн нэг нь Улаан-Уул суманд байдаг, нөгөөх нь Цагааннуур суманд байдаг юм байна лээ. Тэгээд 2022 оны 5 дугаар сард малаа авах болсон чинь Д.Ц би мал өгөхгүй. Манай охин хотод байр авах гэж байгаа учраас би малаа зарж байрны мөнгө өгнө. Тийм учраас мөнгийг чинь зээлье гэж тохирсон байдаг. Өмнө нь зөндөө очиж уулзсан боловч хамгийн сүүлд байрны мөнгө хэрэгтэй байгаа учраас таны мөнгийг боломжоороо өгье гэхээр нь 1 сарын 10 хувийн хүү тохирсон байдаг.
2022 оны 02 дугаар сараас 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хүү тооцохоор болж 6 дугаар сарын 27-ны өдөр мөнгөө өгье гэж хэлсэн байдаг. Тэгээд эхлээд 2022 оны 7 дугаар сард бүх хүүгээ урьдчилж төлсөн байдаг.
8,400,000 төгрөг өгөөд үүнээс сарын 10 хувийн хүү тооцоод 3,360,000 төгрөгийг төлсөн. Бөөнөөр нь авах гэтэл анх хүүгээ өгье. Байр авах гэж байгаа болохоор мөнгө хэрэгтэй байна гээд өгсөн байдаг. Тэрнээс хойш нэлээн хөөцөлдүүлж байж цувуулж өгөөд одоо үндсэн зээлээс 3,260,000 төгрөг өгөөгүй байгаа....гэв.
Хариуцагч Д.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Хариуцагч Д.Цгийн тухайд 2022 оны 02 дугаар сард М.Г гэдэг нутгийн хүнээс 8,400,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сард 12 шүдлэн, хязаалан үхэр заръя гэж тохирч мөнгө авсан байсан.
Сүүлд мэдэхэд Д.Б гэдэг хүний мөнгө байсан юм байна лээ гэдэг. Ярьсан хугацаандаа үхрээ нэхэмжлэгчид өгөх гэсэн боловч үхрийн үнэ ханш дээр тохиролцоогүй учраас наймаа буцахаар болсон. Үүнээс болж мал өгөхөөргүй болж авсан 8,400,000 төгрөгийг мөнгөөр нь буцааж өгөхөөр болсон. Тэр үедээ боломжгүй байсан учраас цувуулж өгөхөөр тохирсон байсан. Анх авсан 8,400,000 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 3,360,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сард үлдэгдэл мөнгөө нэхэж ирэхэд нь 2,600,000 төгрөгийг нийт 8,460,000 төгрөгийг төлсөн байдаг. Нэхэмжлэгч өөрөө 2022 оны 11 дүгээр сард үлдэгдлээ ирж авахдаа одоо мөнгөө аваад болсон гэж хэлсэн болохоос биш хүү өгөөрэй, үндсэн мөнгөө авлаа ч гэх зүйл хэлээгүй гэдэг.
Ийм учраас үндсэн 8,400,000 төгрөгөөр өгсөн учраас зээл гээд байгаа 3,260,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.
Үндэслэл нь анхнаасаа 8,400,000 төгрөг дээр мал худалдаж худалдан авахаар тохирсон. Зээлийн гэрээ рүү шилжүүлээд хүү тохирсон зүйл байхгүй. Д.Ц нь нэхэмжлэгчийг сүүлд ирээд надаас мөнгө аваад явахдаа ч надаас хүү авна шүү, тэд үлдсэн гэж ярьж байгаагүй. Мөн өнгөрсөн хугацаанд авч байсан мөнгөө чиний энийг хүүндээ авлаа гэж ярьж байгаагүй гэдэг.
Надад тэдийг өгнө гэж зөвшөөрөөд эвлэрнэ гэсэн зүйл огт байхгүй гэж хэлсэн боловч надад итгэмжлэлээр эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөх эрх өгсөн учраас 3,260,000 төгрөгөөс 260,000 төгрөгийг нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна....гэв.
Нэхэмжлэгч Д.Бээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Д.Бийн депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбарууд, 2022 оны 6 дугаар сарын 25-нд үйлдсэн гар бичмэлийн хуулбар, эх хувь, 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн №0059 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрч асуулгах тухай хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Хариуцагч Д.Ц 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 24 дугаартай итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай хүсэлт, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №17 бүртгэлийн дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Д.Б нь М.Ггээр дамжуулан 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мал авах зорилгоор Д.Цд 8,400,000 төгрөгийг шилжүүлж, 2022 оны 5 дугаар сард 12 шүдлэн, хязаалан үхэр авахаар тохиролцсон боловч үхрүүдээ өгөөгүй тул 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр мал авахаа больж, мөнгөө хэрэглүүлсэн хугацаа буюу 2022 оны 2 дугаар сараас 6 дугаар сар хүртэл нийт 4 сарын хугацааны хүүг 1 сарын 10 хувийн хүүтэйгээр нийт 3,360,000 төгрөгийн хүү тохирсон. Хариуцагч нь зээлийн хүү 3,360,000 төгрөг, үндсэн мөнгө болох 8,400,000 төгрөгөөс 5,140,000 төгрөгийг төлсөн. Одоо үндсэн зээлээс төлөөгүй 3,260,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
3.Хариуцагч Д.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Худалдах, худалдан авах гэрээг зээлийн гэрээ рүү шилжүүлж хүү төлнө гэж тохиролцоогүй. Мал худалдахаар авсан мөнгөө бүрэн төлсөн. Надад итгэмжлэлээр эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөх эрх өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагаас 260,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Цд холбогдуулан 3,300,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нь нэхэмжлэл гаргахдаа тооцооллын алдаа гарсан гэх үндэслэлээр 3,260,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
Нэхэмжлэгч Д.Б нь иргэн М.Ггээр дамжуулан 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2022 оны 5 дугаар сард 12 толгой шүдлэн, хязаалан насны үхрүүдийг 2022 оны 5 дугаар сард хүлээж авахаар тохиролцон 8,400,000 төгрөгийг хариуцагч Д.Цд шилжүүлж, улмаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 12 толгой шүдлэн, хязаалан насны үхрүүдийг хүлээн аваагүй үйл баримт шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй болно.
Мөн хариуцагч Д.Ц нь нэхэмжлэгч Д.Бэд 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 3,360,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,640,000 төгрөг, нийт 8,500,000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгч Д.Бийн ХААН банк дахь 5904018392 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдлоо. (хх-ийн 7-11 дүгээр тал) Энэ талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нэхэмжлэгч Д.Б нь М.Ггээр дамжуулан 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мал авах зорилгоор Д.Цд 8,400,000 төгрөгийг шилжүүлж, 2022 оны 5 дугаар сард 12 шүдлэн, хязаалан үхэр авахаар тохиролцсон боловч үхэрүүдээ өгөөгүй тул 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр мал авахаа больж, мөнгөө хэрэглүүлсэн хугацаа буюу 2022 оны 2 дугаар сараас 6 дугаар сар хүртэл нийт 4 сарын хугацааны хүүг 1 сарын 10 хувийн хүүтэйгээр нийт 3,360,000 төгрөгийн хүү тохирсон. Хариуцагч нь зээлийн хүү 3,360,000 төгрөг, үндсэн мөнгө болох 8,400,000 төгрөгөөс 5,140,000 төгрөгийг төлсөн. Одоо үндсэн зээлээс төлөөгүй 3,260,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлав.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд Худалдах, худалдан авах гэрээг зээлийн гэрээ рүү шилжүүлж хүү төлнө гэж тохиролцоогүй. Мал худалдахаар авсан мөнгөө бүрэн төлсөн. Надад итгэмжлэлээр эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөх эрх өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагаас 260,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэж маргасан болно.
Зохигчийн хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нь хариуцагч нь нэхэмжлэгчид тохирсон хугацаандаа малаа өгөөгүй учир 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар нь 8,400,000 төгрөгийг ашигласан хугацаанд буюу 4 сарын хугацаанд нэг сарын 10 хувийн хүү тооцохоор тохирч хариуцагч Д.Ц нь бичиг хийж өгсөн гэж мэтгэлцэв.
Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзжээ.
Зохигч хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ хуулинд заасан шаардлагыг хангах ёстой.
Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульчилсан.
Талуудын хооронд анх мөнгө шилжүүлэхдээ бичгээр гэрээ хийгээгүй байх тул нэхэмжлэгч нь хүү авах эрхээ алдсан байна.
Хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан баримт нь хуулинд заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нь нэхэмжлэлийн шаардлагаас 260,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээ болох 260,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бэд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Д.Ц 260,000 (хоёр зуун жаран мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,000,000 (гурван сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 (жаран долоон мянга долоон зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц 260,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 8,450 (найман мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бэд олгох нь зүйтэй.
Хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Д.Ц 260,000 (хоёр зуун жаран мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэж 3,000,000 (гурван сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,750 (жаран долоон мянга долоон зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц улсын тэмдэгтийн хураамж 8,450 (найман мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бэд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.О