Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 328

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.У,

улсын яллагч Г.Б,

хохирогч Д.Т,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б,

гэрч М.Г,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон Н.Б яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 0107 дугаартай хэргийг хянан хэлэцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын 2 дугаар баг Хөнөгт оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 203 дугаар байны 15 тоотод түр оршин суух, регистрийн АА81022716 дугаартай, Боржигон овогт Н.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Н.Б нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Касабланка” бааран дотор бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Д.Т-г зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

 Хохирогч Д.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн “Касабланка” гэх бааранд багын найз нартайгаа дөрвүүлээ байсан. Бүгд тус бүр 1 ширхэг пиво, 1 шил архи аваад ууж байхад манай нэг найз өмнө нь уучихсан байсан тул гарч бүжиглэе гээд бүжгийн талбай руу гарсан. Гэтэл манай найз шүүгдэгчийн найзтай муудалцаад түлхсэн гэсэн. Тэр 2 нэгнийхээ хөлөнд тээглэсэн эсэхийг бүү мэд, хоёулаа газарт унасан. Би найзыгаа татаад босгоход л нүд харанхуйлсан.” гэх мэдүүлэг,

 

Н.Б мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажлынхаа хамт олонтой шинэ жилээ тэмдэглэж байсан. Манай шинэ жил Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Касабланка бааранд 20 цагаас эхэлсэн. Тэгээд шинэ жилээ тэмдэглэж байтал манай Ганболд гэдэг ахыг 2-3 үл таних залуучууд энгэрээс нь заамдаж байгаад дараад унагачихсан. Тэгэхээр нь би очоод “та нар хөгшин настай хүнийг ингэж болохгүй” гэж хэлтэл жижгэвтэр биетэй тарган залуу, өндөр биетэй тарган залуу 2 надтай маргалдаад байхаар нь жижгэвтэр биетэй тарган залууг нь нэг удаа гараараа хацранд нь цохьсон, тэгээд бид нар салцгаасан. Өөр асуудал бол болоогүй. Намайг өндөр бүдүүн залуу нь боож татсан. Гэхдээ цохьсон асуудал бол байхгүй. Ганболд гэдэг хүнтэй хамт ажилладаг болохоор танил болсон. Танидаг болоод 10 жил болж байна. Ганболд гэдэг хүнийг дараад унчихсан болхоор нь очиж салгах гэтэл надтай маргалдсан, өөр шалтгаан бол байхгүй.” гэх мэдүүлэг,  

/хх-ийн 7-8 дугаар тал/

 

Хохирогч Д.Тын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр багын найз Очироо, Ганбаяр нартай уулзаад орой 23 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Касабланка бааранд орсон. Тэгээд тэндээ 30 гаруй минут сууж байгаад бүжиглэх гээд босоод талбай дээр гараад бүжиглэж байтал өндөр биетэй сахалтай залуу намайг шалтгаангүй цохьсон. Тэгээд хамгаалагч нар нь салгаад гартал намайг цохьсон залуу нэг найзтайгаа хамт гараад зугтсан. Тэгээд би найз Ганбаяртай араас нь хөөж очин барьж аваад зогсож байтал баарны хамгаалагч нар цагдаа дуудсан байсан учраас Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн машин ирж авч явсан. Тэр залуу согтуу байсан. Тухайн үед би бага зэрэг уучихсан байсан. Миний хамарны яс цөмөрсөн, тархи хавантай байна гэсэн. Одоо надад гомдол санал гэх зүйл байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 10-14 дүгээр тал/

 

Гэрч М.Гын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед найз Баасанжав намайг дуудсан. Тэгээд кино үйлдвэрийн Касабланка бааранд уулзсан. Тэнд очиход Баасанжав, мөн Архангай аймгийн 2 залуучууд байсан. Тэнд очихдоо би эрүүл очсон. Тэгээд тэндээ бид нар 3-4 шил архи хуваан уусан. Тэгээд би нилээн согтсон байсан. Тэгээд талбай дээр гараад бүжиглэж байхад нэг залуу хажууд бүжиглэж байгаад санамсаргүй надтай шүргэлцсэн юм. Тэгээд би согтуудаа дайваад уначихсан. Тэгтэл Баасанжав сандал дээр сууж байгаад  намайг зодуулаад уначихлаа гэж андуураад тэр залууг барьж аваад цохьчихсон юм шиг байсан. Би өөрөө бол нилээд согтуу бараг тасарчихсан байсан. Намайг цохьсон асуудал бол байхгүй. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй.” гэх мэдүүлэг,

/хх-25-26 дугаар тал/

 

Гэрч И.Бн мөрдөн байцаалтад өгсөн: “…Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Касабланка бааранд зодуулчихлаа, зодсон хүмүүс нь байна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд удалгүй, Касабланка бааранд яваад очиход нэг залуу зодуулсан бололтой толгойноос нь бага зэрэг цус гарсан байдалтай зогсож байсан ба зодсон хүнийг нь асуухад тэр байна гэж өндөр биетэй махлагдуу бор царайтай, сахалтай хүн заасан ба уг хүнийг шалгахад Н.Б гэсэн хүн байсан. Тэгээд зодуулсан залууг түргэн дуудаж эмнэлгийн машинд суулгаж өгөөд зодсон гэх залууг нь эрүүлжүүлэх байранд хүргэсэн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 27-28 дугаар тал/

 

Гэрч Д.Д-н мөрдөн байцаалтад өгсөн: “…ер нь энгийн байдаг. Би тийм зүйл анзаарч байгаагүй юм байна. Надтай цуг байхаараа их л даруу төлөв байдаг юм. Одоо бол амьдрал ахуйгаа ажил төрлөө ярилцаж л сууцгаадаг болсон. Мөн хамт байхад их тогтвортой юм шиг санагддаг. …их мундаг байдаг. Эхнэр хүүхдийнхээ үгэнд ордог. Эхнэр хүүхдийнхээ үгнээс зөрөөд байдаггүй хүн дээ.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 19-20 дугаар тал/  

 

Гэрч Г.Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “…ер нь энгийн байдаг. Би тийм зүйл анзаарч байгаагүй юм байна. Надтай цуг байхаараа их л даруу төлөв байдаг юм. Одоо бол амьдрал ахуйгаа ажил төрлөө ярилцаж л сууцгаадаг болсон. …энгийн харилцаатай байдаг, маргалдаж байсан удаа байхгүй байх, би гэрт нь их ховорхон байсан. Тэр үед их л сайхан байдаг. Маргалдаж байсан удаа байхгүй байх.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 22-23 дугаар тал/

 

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 623 дугаар:

1. Д.Тын биед хамар ясны цөмөрсөн далд хугарал, зүүн нүдний салст, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 31 дүгээр тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 47 дугаар тал/

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 46 дугаар тал/

 

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар,

/хх-ийн 48 дугаар тал/

 

Хохирогчийн хүсэлт,

/хх-ийн 57 дугар тал/

 

Хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 58 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Н.Б нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Касабланка” бааран дотор бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Д.Т-ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Т-ын өгсөн …манай нэг найз өмнө нь уучихсан байсан тул гарч бүжиглэе гээд бүжгийн талбай руу гарсан. Гэтэл манай найз шүүгдэгчийн найзтай муудалцаад түлхсэн гэсэн. Тэр 2 нэгнийхээ хөлөнд тээглэсэн эсэхийг бүү мэд, хоёулаа газарт унасан. Би найзыгаа татаад босгоход л нүд харанхуйлсан.” гэх,

            мөрдөн байцаалтад яллагдагч Н.Б-н өгсөн “...Тэгэхээр нь би очоод “та нар хөгшин настай хүнийг ингэж болохгүй” гэж хэлтэл жижгэвтэр биетэй тарган залууг нэг удаа гараараа хацранд нь цохьсон.” гэх,

мөн гэрч И.Б-н өгсөн “…Касабланка бааранд яваад очиход нэг залуу зодуулсан бололтой толгойноос нь бага зэрэг цус гарсан байдалтай зогсож байсан ба зодсон хүнийг нь асуухад тэр байна гэж өндөр биетэй махлагдуу бор царайтай, сахалтай хүн заасан ба уг хүнийг шалгахад Н.Баасанжав гэсэн хүн байсан.” гэх мэдүүлгүүд,

хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 623 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Нинжээгийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан “Танхайрах” гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

           Шүүгдэгч Н.Б-т ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Хохирогч Д.Т мөрдөн байцаалтад гэм хорын хохиролд 317.250 төгрөгийн зардал гарсан талаарх баримтыг гарган өгсөн, тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “Би эмчилгээний зардалд 600.000 төгрөгийг Н.Баасанжаваас авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Н.Б-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1, 298.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Н.Б-г танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Н.Б-т 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Б-т оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Б урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Н.Б-т оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн  хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол,

эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б-т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Н.ОДОНТУУЛ